Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1682

 

 

 

 

 

 

 

 

 

“Автоком карс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05385 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Автоком карс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч Ж.Мөнхчулууд холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 372 905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Цэвээнцэцэг

Хариуцагч: Ж.Мөнхчулуу

Хариуцагчийн өмгөөлөгч: Я.Батханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэвээнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Мөнхчулуу нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд цахимаар оролцон үнийн саналыг нь хүлээн зөвшөөрч Тоёота румион маркийн 402 500 иенийн үнэтэй машины захиалгыг хийж Автоком жапан компаниар дамжуулан худалдаж авсан байдаг. Тухайн машины урьдчилгаанд 243 100 иенийг Автоком жапан компанийн данс руу шилжүүлсэн ба Улаанбаатар хот руу чингэлэг ачигдсан өдөр хариуцагч тал нь авто машины үлдэгдэл үнэ буюу 159 400 иен /тухайн үеийн Монгол банкны ханшаар 2 574.310 төгрөг/ төлсөн байхаар харилцан тохиролцсон боловч автомашин гааль дээр буусны дараа хариуцагч үүргээ зөрчин биелүүлээгүйгээр барахгүй гаалийн хяналтын талбайгаас дур мэдэн авч явсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин дуудлага худалдаанд оролцон Тоёота приус маркийн 695 000 иенийн үнэтэй машины захиалгыг хийж Автоком жапан компаниар дамжуулан худалдаж авсан байдаг. Тоёота приус машины урьдчилгаанд 208 500 иенийг Автоком жапан ХХК-д шилжүүлсэн ба үлдэгдэл 486 500 иен /тухайн үеийн Монголбанкны ханшаар 7 798 595 төгрөг/-ийг төлж барагдуулаагүй байхдаа уг машиныг гаалийн хяналтын талбайгаас дур мэдэн авч явсан байдаг. Хариуцагч Ж.Мөнхчулууд машины үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч үр дүнд хүрээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Ж.Мөнхчулуунаас Япон улсаас худалдан авсан автомашинуудын үлдэгдэл төлбөр болох 10 372 905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Мөнхчулуу шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Япон улсад зохион байгууллагдсан хуучин автомашины онлайн дуудлага худалдаанд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд AutocomJapan Cars компанийн борлуулагч О.Сувдын үнэ хаялцан зарсан Тоёота Румион маркийн машиныг худалдан авсан. Уг машины төлбөр болох 402 500 иенийг Хас банкаар дамжуулан AutocomJapan Cars компанийн дансанд шилжүүлсэн. Мөн AutocomJapan Cars компанид ажилдаг О.Сувдын үнэ хаялцан зарсан Тоёото Приус маркийн 695 000 иенийн үнэтэй машиныг худалдан авч 208 500 иенийг Хас банкаар дамжуулан AutocomJapan Cars компанийн ажилтан О.Сувдын хэлсэн дагуу түүний ахад бэлнээр биечлэн аваачиж төлсөн. Энэхүү 2 машиныг Ж.Мөнхчулуу би дур мэдэн гаалиас гаргаж аваагүй бөгөөд AutocomJapan Cars компанид ажилладаг О.Сувд бүх бичиг баримтыг машин буухаас өмнө Монгол руу илгээж байсан болно. Иймээс Autocom Japan Cars компаниас гаргасан нэхэмжлэлийг тус компанийн ажилтан О.Сувдад гаргуулахыг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Мөнхчулуугаас 10 372 905 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Автоком жапан компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 916.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнхчулуугаас 180 926.48 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2611016627 тоот данснаас илүү төлсөн 3,52 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримт болох машины үнэ дансаар О.Сувд руу шилжүүлсэн баримт, бусад нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байсан.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхад хуулийн мэдлэггүйг нь далимдуулан, хөдөө явах ажилтай гэхэд та ирэхгүй байж болно. Ирэхгүй гээд бичээд өгөхөд болно гэж хариуцагчаар бичүүлэн авч хэргийн материалд хавсаргасан.

3. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэн хэргийн материалд хавсаргасан. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Автоком Жапан” ХХК нь О.Сувд гэх ажилтан манай компанид огт ажиллаж байгаагүй гэж үндэслэлгүй худал тодорхойлолт гаргаж хэргийн материалд хавсаргасан гэх мэт хэрэгт авагдвал зохих хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгөх хүсэлтэй байгаа тул уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Автоком карс” ХХК нь хариуцагч Ж.Мөнхчулууд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 372 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ж.Мөнхчулуу нь Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаагаар 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 402 500 иенийн үнэтэй Тоёота румион маркийн автомашин, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 695 000 иенийн үнэтэй Тоёота приус маркийн автомашиныг тус тус “Автоком жапан” ХХК-иар дамжуулан худалдан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь “хариуцагчийг Тоёота румион маркийн автомашины үнээс 243 100 иенийг төлж 159 400 иенийг төлөөгүй, Тоёота приус маркийн автомашины үнээс 208 500 иен төлж 486 500 иенийг төлөөгүй гэж,

хариуцагч нь “Тоёота румион маркийн автомашины үнэ 402 500 иенийг, Тоёота приус маркийн автомашины үнээс 208 500 иенийг Хас банкаар дамжуулан “Автоком жапан карс” ХХК-ийн дансанд тус тус шилжүүлсэн, үлдэх 6 500 000 төгрөгийг “Автоком жапан карс” ХХК-ийн ажилтан О.Сувдын ахад бэлнээр төлсөн” гэж тус тус тайлбарласан байна. /хх 27/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбарыг няцааж уг компанид О.Сувд гэх ажилтан ажиллаж байгаагүй, мөн машины төлбөр тооцоог зөвхөн Япон улсын Mitsubishi UFJ банкны Yokohama салбарын 480-3095827 тоот дансаар хүлээн авдаг тухай тайлбар, нэхэмжлэх, мөн тээврийн хэрэгслийн лавлагааг тус тус шүүхэд гарган Тоёота румион маркийн автомашины үнийн үлдэгдэл 159 400 иен /2 574 310 төгрөг/, Тоёота приус маркийн автомашины үнийн үлдэгдэл 486 500 иен /7 798 595 төгрөг/-ийг тус тус гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны албан ханшийг баримтлан төгрөгөөр тооцож, Монголбанкны лавлагааг хавсаргажээ. /хх-4, 40-45/

 

            Хариуцагч нь эд хөрөнгийг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн тул уг эд хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар бүрэн төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх хариуцагч Ж.Мөнхчулуунаас 10 372 905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

Хэргийн 19-21 дүгээр талд хариуцагч Ж.Мөнхчулуу нь “нэхэмжлэл гардуулсан тухай”, “эрх, үүрэг тайлбарласан тухай”, “нөлөөллийн мэдүүлэг” гэх баримтуудтай танилцаж гарын үсэг зурсан, мөн хэргийн 38 дугаар талд “2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болох шүүх хуралдаанд ажлын улмаас хөдөө явах болсон тул оролцох боломжгүй боллоо. Намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн баримт авагдсан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мөнхчулуун давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН