Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 03

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

           

         

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч: Н.Б, Ч.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан , мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Б, Ч.Х  нарт холбогдох 1922001670122 тоот хэргийг 2019 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................... төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..................................... оршин суудаг гэх, Монгол Улсын “Онц хилчин” цол тэмдгээр шагнуулж байсан гэх, урьд ял шийтгэлгүй, Н.Б

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............................. төрсөн, эрэгтэй, барилгын техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 2, ..................  тоотод оршин суух, “Алтан гадас” одон, БНМАУ-ын “Аварга барилгачин” цол тэмдэг, Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медалиар шагнуулж байсан гэх, урьд ял шийтгэлгүй, Ч.Х нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлж 8 сая төгрөгийн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлахад эдгээр баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь 2019 оны 6 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэвшийн говь ХХК-ийн 2 дугаар уурын зуухны хашааны зүүн талд байрлуулсан байсан 25 тонн багтаамж бүхий 2 ширхэг шатахууны агуулах савыг /цаашид “сав” гэх/ тус бүрийг нь 2 сая төгрөгөөр Т.Өлзий-Оршиход худалдаж, Т.Өлзий-Орших нь уг савнуудыг Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу ачиж авч явсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

            - Гэрч Т.Өлзий-Оршихын: “Төмөрсүх 6 сарын 10-даар над руу утсаар яриад Дунговьд зарах 25 тонны 2 ширхэг ёмкость байна гэж яриад тэгээд би авъя хэзээ очихоо ярьж байгаад болоё гэсэн. 2019 оны 6 сарын дундуур Төмөрсүхтэй яриад маргааш очиж авбал болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд Өмнөговиос гараад Дундговьд шөнө очоод ачаад буцаад Өмнөговь аймагт ирсэн. 1 ширхэгийг нь 2 сая төгрөгөөр худалдаж авсан 3700000 төгрөгийг дансаар, 300000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо тус ёмкость анх худалдаж авсан чигээрээ Өмнөговь аймгийн 6-р баг Жаал уулын 3-15 тоот миний эзэмшлийн хашаанд байгаа” гэх мэдүүлэг /хх-41/

          - Гэрч Г.Галбадрахын: “2019 оны 6 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед над руу Төмөрсүх гэх хүн утсаар яриад 2-р сургуулийн зүүн талд байгаа 2 ширхэг ёмкость ачуулна, ачих болохоороо хэлье гэсэн. Тэр шөнөө 2 цагийн үед над руу утсаар яриад та ирээд ачаад өгөөч гэсэн. Тэгээд би 2-р сургуулийн уурын зуухны зүүн талд байх 3 ширхэг ёмкостьноос 2 ширхэгийг нь ачиж өгсөн. Тэгэхэд Хишигтогтох, Бямбасүрэн нар нь ирчихсэн байсан. Надад 120000 төгрөг бэлнээр нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-37/

          - Гэрч Ч.Төмөрсүхийн: “Анх 2019 оны 6 сард намайг Өмнөговь аймагт байж байхад өмнө нь надтай хамт ажиллаж байсан Өлзий гэж хүн надаас 50 тонны ёмкость зарах хүн байна уу гэж асуухаар нь сураглаж байя гэсэн. Тэгээд хадам аав Хишигтогтохоос ёмкость зарах хүн байна уу гэж асуухад эхлээд мэдэхгүй байна гэж байсан. 2-3 хоногийн дараа над руу хадам аав залгаад аймагт зарах хүн байна гэхээр нь хадам аав Хишигтогтохын утсыг Өлзий гэж хүнд өгсөн. Тэгээд тэр хоёр ярилцсан байх. 6 сарын дундуур Өлзий над руу яриад нөгөө ёмкостийг авахаар боллоо Дундговьд хүрээд ир, ямар нэгэн асуудал байхгүй, өөрийнх нь гэж байна гэсэн. Тэгээд би Дундговь аймаг руу ярьж ачих кран олчихоод Өлзийтэй хамт Дундговь аймагт ирж, 2 ширхэг ёмкость ачилцаж өгөөд Дундговь аймагт үлдсэн. Би зуучилж л өгсөн, мөн кран олсон, ёмкость зарсан мөнгөнөөс авсан зүйл байхгүй. Хадам аав надад хэлэхдээ Бямбасүрэн гэх хүний ёмкость байгаа юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-39/

          - Яллагдагч Н.Б-гийн: 2019 оны 6 сарын 10-дын үеэр Холбооны газрын өмнө зогсож байтал Хишигтогтох ах, эхнэр Бямбаагийнхаа хамт ирээд юм ярьж байснаа ёмкость олдох газар байна уу гэж асуухаад нь би манай хашааны ард 10 гаран жил болж байгаа 3 ширхэг ёмкость байдаг юм, хэнийх болохыг нь мэдэхгүй байна, тэрийг авбал авахгүй юу гэж хэлсэн, тэгээд салсан. 1-2 хоногийн дараа Хишигтогтох ах над руу утсаар яриад Өмнговь аймгаас ёмкость авах хүмүүс гарсан, ирж байгаа гэж хэлсэн. 6 сарын 15-ны 3 цагийн үед Өмнөговь аймгаас хүмүүс ирж 2 ёмкостийг ачаад явсан. Ачих үед Хишигтотох ах, эхнэр Бямбаагийнхаа хамт ирсэн байсан. 6 сарын 15-ны 11 цагийн үед Хишигтогтох гуай намайг гэрийнхээ үүдэнд дуудаж 2 сая төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хх-57/

          - Яллагдагч Ч.Х-ын: Манай хүргэн Төмөрсүх над руу яриад танд ёмкость олдох уу гэж асуухаар нь миний таньдаг айлын гадаа хэдэн ёмкость байдаг юм асуугаад хариу хэлье гэсэн. 10 гаран хоногийн дараа Бямбасүрэнтэй тааралдсан. Бямбасүрэнгээс танай гадаа байдаг ёмкостууд хэнийх юм бэ, зарах уу гэж асуухад зарна, миний юм биш байгаа юм, манай гадаа 6-7 жил болж байгаа юм гэж хэлсэн...Ёмкость худалдаж авсан хүн надад бэлнээр болон дансаар 4 сая төгрөг өгсөн шиг санагдаж байна. Маргааш нь Бямбасүрэнд бэлнээр 2 сая төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь би өөрөө авсан гэх мэдүүлэг /хх-61/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б, Ч.Х нарын бусдад зарж борлуулсан савнууд нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлах “Магнай трейд” ХХК-ийн Дундговь аймаг дахь салбар Шатахуун түгээх станцын өмч болох нь:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2006.10.24-ний өдрийн 00135076 тоот гэрчилгээ, салбарын гэрчилгээ /хх-96-97/
  • “Магнай трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.06.19-ний өдрийн 2704/19 тоот “Тус компанийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт байрлах ШТС-66 гадна талбайгаас 2 ширхэг ёмкость хулгайд алдагдсан. Дээрх үйлдлийг шалган тогтоож компанийг хохиролгүй болгож өгнө үү. Бид 2 ширхэг ёмкостийн үнэ 8800000 төгрөгийг төлүүлэх, эсвэл тус 2 ширхэг ёмкостийг ШТС-66-д буцаан байршуулах хүсэлтэй байна” гэх албан бичиг /хх-17/
  • Хохирогч байгууллагын төлөөлөгч С.Долзоднямын: Манай МТ ШТС-ын эзэмшлийн 25 тонны багтаамжтай 3 ширхэг ёмкость “Тэвшийн говь” уурын зуухны зүүн талд байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өглөө ажилдаа ирэхэд 2 ширхэг нь алга болсон байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Өмнө нь манай ШТС-ын шатахууны сав байсан. 2014 онд сольж гаргаж тавьсан бөгөөд Өмнөговь аймгийн салбарт нөөцийн сав хийхээр байлгаж байсан гэх мэдүүлэг /хх-21/
  • ШТС-66 гэх Шатахуун түгээх станцын хөрөнгөд 2019 оны 3 сарын 31-ний өдөр хийсэн тооллогын бүртгэлийн 13 дугаарт 25м3 ёмкость-3 ширхэг, ашигладаггүй“ гэсэн /хх-98/ баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь тухайн савнууд хэнийх гэдэг нь тодорхойгүй боловч бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг баттай мэдэж байсан болох нь өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь тухайн  хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атлаа хувьдаа ашиг олох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авч бусдад зарж борлуулсан нь шууд санаатай  үйлдэл байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б, Ч.Х нарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна.

Учир нь: хэрэгт авагдсан үйл баримтад дүгнэлт хийж үзэхэд хохирогч байгууллагын хайнга хайхрамжгүй, сэрэмжгүй байдал гэмт халдлагад өртөж хохирох шалтгаан нөхцөл болсон байх ба шүүгдэгч нар нь уг эд хөрөнгө хэнийх болохыг мэдээгүй байна. 

Тухайлбал: шүүгдэгч Н.Б “тухайн савнууд хэнийх болох нь мэдэгдэхгүй, 10 гаран жил манай хашааны гадна байсан. Мэргэжлийн хяналт, газрын албанаас “энэ газрыг чөлөөл” гэсэн шаардлага наасан харагддаг байсан. Эзнийг нь мэдээгүй” гэж мэдүүлсэн, хохирогчийн төлөөлөгч С.Долзоднямын “Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ уг 3 савыг 2014 онд гаргаж тавьсан гэж мэдүүлсэн. Би тэгж бодож байсан юм. Баримтаас үзэхэд уг 3 ширхэг савыг 2011 онд гаргаж “Говийн гал” ХХК-ийн уурын зуухны хажууд тавьсан юм. Уг 3 савыг байрлуулсан газар нь манай байгууллагын эзэмшлийн газар биш байсан. Уг савнууд дээр “Магнай трейд” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг тодорхойлсон ямар нэгэн таних тэмдэг, хаяг нэршил байгаагүй, байгаагаараа л байсан.  Манай байгууллагын ажилчид л байгаа эсэхийг нь зайнаас харж ханддаг байсан. Өөр хэн нэгэнд болон ойр орчимд нь байгаа албан байгууллага, айл өрхөд энэ савнууд нь манай байгууллагын эд хөрөнгө байгаа юм гэж хэлж анхааруулсан, харж хандаж байгаарай гэж захисан зүйл байхгүй. 2019 оны хавар ёмкостууд дээр “ёмкостийг холдуулж газрыг чөлөөлж өгнө үү” гэсэн бичиг наасан байсан. Хаанаас наасан болохыг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай байгууллагад албан ёсоор хандсан зүйл байхгүй. Манай байгууллагаас уг бичгийн хариуг албан ёсоор өгсөн үгүйг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн /хх-112/ зэргээр хохирогч нь хэнийх гэдгийг тодорхойлох таних тэмдэггүй тухайн савнуудыг өөрсдийн эзэмшлийн бус газар дээр 8 жилийн туршид ямар нэг харуул хамгаалалтгүйгээр байлгасан болох нь тогтоогдож байна.

          Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь эзэн нь хэн болохыг нь мэдээгүй боловч бусдын өмчлөлийн эд хөрөнгийг харуул хамгаалалтгүй газраас бүлэглэн авч, бусдад зарж борлуулан ашиг олсон нь эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

          Иймд прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамланн мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Н.Б, Ч.Х нарыг эд хөрөнгө завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу 8 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө ” гэж  тус тус заасан байна.

        Дээрхи хуулийн заалтаар өөрсдийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч “Магнай трейд” компани, иргэний нэхэмжлэгч Т.Өлзийтогтох нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгаж, гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхийг Н.Б, Ч.Х нараас шаардах эрхтэй байна.

          Хэргээс үзэхэд хохирогч “25 м3 багтаамжтай ёмкостийн нэг бүрийн зах зээлийн дундаж үнэлгээг 4400000 төгрөгөөр тооцон худалдан борлуулдаг. 2 ширхэг ёмкостийн төлбөрт 8800000 төгрөг, эсвэл тухайн 2 ширхэг савыг ШТС-66-д буцаан байршуулах” шаардлага /хх-17/, иргэний нэхэмжлэгч Т.Өлзий-Орших “2 ёмкость худалдаж авсан 4 сая төгрөг, унааны зардал 1700000 төгрөг, кран хөлсөлсөн 300000 төгрөг, нийт 6 сая төгрөг” нэхэмжилсэн нэхэмжлэл /хх-24/  тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь “2 ширхэг савыг өөрсдийн зардлаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Цогтцэций сум хүртэл тээвэрлэн Цогтцэций суманд байрлах Магнай трейд компанийн агуулахад аваачиж хүлээлгэн өгсөн, Т.Ө-д 6 сая өгрөгийг төлж барагдуулсан”  гэж мэдүүллээ.

          Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хэн аль нь хүрэлцэн ирж оролцоогүй бөгөөд хохирогч компани 2019.11.28-ны өдрийн 3977/19 тоот албан бичгээрээ ”Тус хэргийн эзэн холбогдогчид тогтоогдож, алдагдсан 2 ёмкостийг манай компанид шилжүүлэн өгсөн тул цаашид бидний зүгээс нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдэгдсэн /хх-114/, иргэний нэхэмжлэгч Т.Ө цагдаагийн байгууллагад ирүүлсэн тодорхойлолтдоо “Дундговь аймгийн иргэн Х, Б нараас нэхэмжилсэн 6 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан тул дээрхи хариуцагчидтай холбоотой ямар нэгэн гомдолгүй болно” гэжээ. /хх-113/

          Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь хохирогчийн шаардсаны дагуу завшсан эд хөрөнгөө тоо ёсоор нь өөрсдийн зардлаар тээвэрлэн, заасан газарт нь байрлуулан хохирогч талд хүлээлгэн өгсөн, мөн иргэний нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч барагдуулсан нь дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцвал зохих этгээд хохирлоо бүрэн нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

          Шүүгдэгч Н.Б,Ч.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62, 63/ хуудсаар тогтоогдож байна.  

          Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч “Магнай трейд” компани иргэний нэхэмжлэгч Т.Ө нарт учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нөхөн төлж, гэм хорыг хариуцан арилгасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлсэн, тэдний хувийн болон эд хөрөнгийн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн, бусдад төлөх төлбөргүй болон дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь шүүхээс оногдуулах торгох ялыг биелүүлэх боломжтой болох нь харъяа багийн Засаг даргын тодорхойлолт /хх-90/, Хаан банкны лавлагаа /хх-85/, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн талаархи лавлагаа /хх-95/ зэрэг баримтаар тогтоогдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Н.Б, Ч.Х нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон  өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Н.Б, Ч.Х нарыг эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 8000000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б, Ч.Х нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэснийг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч “Магнай трейд” компани,  иргэний нэхэмжлэгч Ө нарын эд хөрөнгөд учруулсан гэм хороо арилгасан, хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Б, Ч.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Н.Б, Ч.Х нарт анхааруулсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ