| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0004/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Жавзмаа
Улсын яллагч:Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч: Д.Б, Д.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б, Д.С нарт холбогдох 1922003360146 тоот хэргийг 2019 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засварчин хийдэг гэх, ам бүл-1, ....................... тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Д.Б,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Болор супермаркет”-д галч ажилтай гэх, ам бүл-3, .......... тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Д.С нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Б, Д.С нар нь 2019 оны 11 сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ........ баг, ........... тоотод байрлах иргэн М-ийн гэрт архидан согтуурч, харилцан зодолдож, харилцан бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Б, Д.С нар нь архидан согтуурсны улмаас хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, хэн алиных нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дээрхи баримтуудаар нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг Д.Б, Д.С нар нь шүүгдэгчийн хувьд хариуцан арилгах үүрэгтэй, хохирогчийн хувьд өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг харилцан шаардах эрхтэй байна.
Хохирогч Д.Б, Д.С нарт хуульд заасан эрхийг нь тайлбарлан танилцуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, мэдүүлэг авсан баримтаар /хх5-12/ тус тус тогтоогдож байна. Хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах боломжгүй байна. Иймд хохирогч нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шаардсан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэйг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2001.06.21-ний өдрийн 90 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө хутга мэс хэрэглэж танхайрсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба торгох ялаар шийтгүүлснээс хойш 2019 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-52-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-45/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг эдэлж дуусгасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгаа боловч Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “д”-д заасан 2 жилийн хугацаа хангалттай өнгөрсөн тул түүнийг ял шийтгэлгүй болсонд тооцлоо.
Шүүгдэгч Д.С нь Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1998.01.06-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор хутга мэс хэрэглэж танхайрсан үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдэлж, хорих ялаас хугацааны өмнө 1999 оны 10 сарын 9-ний өдөр тэнсэн суллагдсанаас хойш 2019 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-48-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-46/ тус тус тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.С-ын хорих газраас тэнсэн суллагдаж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 7 сарын 7-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өршөөлд хамрагдсан ба энэ өдрөөс хойш гурван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “е”-д зааснаар ял шийтгэлгүй болсон байна.
Шүүгдэгч Д.С, Д.Б нар нь ял шийтгэлгүй болсон, иргэний нэхэмжлэл гаргаагүй, өөрийн санаачилгаар Д.С-т нүдний шил шинээр авч өгсөн, мөн эм тарианы үнэ 30.000 төгрөг өгсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.С, Д.Б нарыг шүүхээс оногдуулах торгох ялыг биелүүлэх боломжтой болох нь Д.С “Жинд болор” ХХК-д галчийн ажил хийдэг гэж “Жиндболор” ХХК-ний захирал Г.Энхжаргалын тодорхойлолтоор, Д.Б нь хувиараа машин засварын ажил хийдэг тогтмол орлоготой иргэн гэж Сайнцагаан сумын 5-р багийн иргэн Д.Тунгаа гэх хүний тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 37.2, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Б, Д.С нарыг харилцан зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Д.С нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. .
3. Шүүгдэгч Д.Б, Д.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.С, Д.Б нар нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Д.Б, Д.С нарт анхааруулсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ