Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 169/2020/0009/Э |
Дугаар | 13 |
Огноо | 2020-01-15 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Цэрэннадмид
Улсын яллагч: Т.Төмөртулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох 1922003100148 тоот хэргийг 2020 оны 1 сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод .............. төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “Жаргалант” худалдааны төвд туслах ажилтан ажилтай гэх, ам бүл-...., эхийн хамт ........................ тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Д.О нь бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 сарын 31-нээс 2019 оны 11 сарын 4-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Их газарын чулуу”-ны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажлын байрнаас гагнуурын аппарат, гар дрилл, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Их газарын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд жижүүр-жолоочийн үүрэг гүйцэтгэж байгаагаа далимдуулан ажлын байрнаас 2019 оны 10 сарын 31-нээс 2019 оны 11 сарын 4-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр гагнуурын аппарат, гар дрилл, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлан бусдад 485000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-39/, хохирогчийн төлөөлөгч Г.Баярсайханы мэдүүлэг /хх16-17/, гэрч С.Батхуягийн /хх-19/, Р.Баттүвшингийн /хх20-21/, Ч.Энхбаатарын /хх-24/, Б.Батсүхийн /хх-25/, С.Очирчулууны /хх-26/ нарын мэдүүлэг эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх7-9/, үнэлгээ /хх-31/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Оын энэхүү үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч байгууллага хулгайд алдсан эд зүйлээ нийт 530000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр нийт 485000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг дүгнэлттэй хохирогчийн төлөөлөгч танилцаад хүлээн зөвшөөрч маргаагүй тул Д.Оын үйлдлийн улмаас бусдад 485000 төгрөгийн хохирол учирсанд тооцсон болно.
Хохирогчийн төлөөлөгч Г.Баярсайхан нь хулгайд алдсан “гагнуурын аппарат, гар дрилл, цохилттой дрилл” зэрэг эд зүйлсээ буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-10/, хохирогчийн төлөөлөгч нь 2019.12.12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “алдагдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээн авсан тул ямар нэгэн санал, гомдол байхгүй гэжээ. /хх-17/
Иймд хохирогчид учирсан эд хөрөнгийн гэм хорыг бүрэн арилсан, хохирогч гомдолгүй гэсэн тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч нь эд зүйлээ биетээр нь буцаан авсан, гомдол саналгүй гэсэн тул Д.Оыг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэлтэй байна.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Д.О нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 сарын 6-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, мөн Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 29-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх51-57/, ял шалгах хуудас /хх-40/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь 2013.09.06-ны өдөр шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ялгүй болсон байна.
Харин 2019.04.29-нд торгох ял шийтгүүлж, ялыг 2019.09.30-ны өдөр эдэлж дууссан байх тул тухайн нөхцөл байдлыг Д.О-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлээ буцаан хүлээлгэж өгсөн, бусдад төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчаас Д.О-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлбөргүй болсон, цаашид засарч хүмүүжих, нийгэмшүүлэх шаардлагатай байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 36.2.дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйл,
1. Шүүгдэгч Д.О-г бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 485.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-д 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар сольдог гэдгийг шүүгдэгч Д.О-т анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч байгууллагад хулгайлсан эд зүйлийг буцааж хүлээлгэж өгсөн, хохирогчийн төлөөлөгч “гомдолгүй” гэсэн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан эд хөрөнгийн гэм хорыг арилсан үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ