Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 13

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

           

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Цэрэннадмид

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох 1922003100148 тоот хэргийг 2020 оны 1 сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод .............. төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “Жаргалант” худалдааны төвд туслах ажилтан ажилтай гэх, ам бүл-...., эхийн хамт ........................ тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Д.О нь бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 сарын 31-нээс 2019 оны 11 сарын 4-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Их газарын чулуу”-ны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажлын байрнаас гагнуурын аппарат, гар дрилл, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогчийн төлөөлөгч Г.Б-ны: Д.О гэж хүнийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр жолооч-жижүүрийн ажилд авсан. Түүнээс хойш Д.О нь 1-2 удаа жижүүрт гараад дундуур нь чөлөө авч байгаад 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ажлаа хаяад явсан байсан. Би тэр өдөр ажилдаа ирэхдээ Д.Оыг жижүүр дээрээ байхгүй болохоор нь хаашаа явсныг нь асуухад эмнэлэг явсан гэж байсан. Түүнээс хойш ажилдаа ирээгүй. Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгууллагаас гагнуурын аппарат аваад гарч явахад нь жижүүр Батхуяг таарсан байсан. Манай байгууллагын агуулахын өрөөнөөс цохилттой дрилл 1 ширхэг, энгийн гар дрилл 1 ширхэг, гагнуурын аппарат /цахилгааны утастайгаа/ зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд Д.Оаас гар дрилл, цохилттой дрилл, гагнуурын аппаратаа авах гээд утсаар ярьтал маргааш авчирч өгнө гээд алга болсон. Гар дрилл, цохилттой дрилл нь “Кеп” нэртэй, улаан шар өнгийн цохилттой дрилл нь бараг хэрэглээгүй шинээрээ, гар дрилл нь 3 жил болсон хуучирсан, гэхдээ эвдрэл гэмтэлгүй, гагнуурын аппарат нь цэнхэр өнгийн 220\/-ийн шинээрээ байсан. Гар дриллийг 75,000 төгрөгөөр, цохилттой дриллийг 175,000 төгрөгөөр, гагнуурын аппаратыг 280,000 төгрөгөөр үнэлж байна. Д.От байгууллагын эд зүйлсийг захиран зарцуулах, итгэмжлэн хариуцуулсан асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-16/
  • Алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн  авсан тул ямар нэгэн санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-17/
  • Гэрч С.Батхуягийн: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр намайг жижүүрт гарч байхад 18 цагийн орчим Д.О орж ирээд агуулахаас гагнуурын аппарат аваад гарч байсан. Тэгэхээр нь би харчихаад даргад утсаар хэлээд ав, хамаагүй авч явдаггүй юм гэж хэлтэл Д.О утсаар яриад хэлье гэж надад хэлээд явсан. Д.О нь 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр намайг гэрт байхад ирж уулзсан бөгөөд байгууллагын гар дриллийг бариад явж байсан. Би Д.От дриллээр яах гэж байгааг асуутал хэрэглэчихээд буцаагаад аваачиж тавина гэж байсан. Д.О нь байгууллагын агуулахаас 2 удаа багаж авч яваад надад харагдсан учир би дахиад дутсан байж магадгүй гэж бодоод 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр агуулахад байгаа эд зүйлийг бүртгэсэн ба бүртгэлээр цохилттой дрилл дутсан. Цохилттой дрилл дутсан талаар би аж ахуй-бичиг хэрэг хариуцсан ажилтан Г.Баярсайханд мэдэгдсэн бөгөөд Д.Отай утсаар ярьтал хэрэглэж байгаад буцаагаад өгье гэж байсан. Д.О нь байгууллагын эд зүйлсийг авахдаа зөвшөөрөл авч байгаагүй, тохиолдлоор надтай 2 удаа тааралдаж харагдсан юм. Манай байгууллагын агуулах цоожтой байдаг. Д.Оыг гагнуурын аппарат авах өдөр би жижүүртэй байсан бөгөөд цоожлоогүй онгорхой байсан” гэх мэдүүлэг /хх-19/
  • Гэрч Р.Баттүвшингийн: “Би Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга ажилтай. Манайх галч, жолооч ажилд авах гээд нийтэд зарласан. Зарын дагуу 3 хүний материал ирсэнээс Д.О гэж хүнийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ажилд авсан. Түүнээс хойш Д.О нь 1-2 удаа жижүүрт гараад дундуур нь чөлөө авч байгаад 2019 оны 11 дүгээр сарын 4-ний ны өдөр жижүүрт гарч байгаад ажлаа хаяад явсан. Түүнээс хойш ажилдаа ирээгүй. Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр байгууллагаас гагнуурын аппарат аваад гарч явахад нь жижүүр Батхуяг таарсан байсан. Манай байгууллагын агуулахын өрөөнөөс цохилттой дрилл 1 ширхэг, энгийн гар дрилл 1 ширхэг, гагнуурын аппарат /цахилгааны утастайгаа/ зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд Д.Оаас гар дрилл, цохилттой дрилл, гагнуурын аппаратаа авах гээд утсаар ярьтал маргааш авчирч өгнө гээд алга болсон. Манай агуулах цоожтой байдаг. Бүх өрөөний түлхүүрийн 1 хувь жижүүрт байдаг. Д.О нь ус алдсан, халаалт шалгах зорилгоор агуулах руу орох эрхтэй бөгөөд өөрөөр тийшээгээ орох эрх байхгүй. Агуулахад байгаа эд зүйлсийг Д.О нь хэрэглэх, захиран зарцуулах, авч явах эрх байхгүй. Надад болон нярав, манай байгууллагын ажилчдад гагнуурын аппарат, гар дрилл, цохилттой дрилл авлаа гэж хэнд нь ч хэлээгүй байсан гэх мэдүүлэг /хх-20-21/
  • Гэрч Ч.Энхбаатарын: “Хэдний өдрөө сайн мэдэхгүй байна одоогоос cap гарангийн өмнө нь би таксинд явж байхад намайг байнга дуудаж таксиддаг Отгоо гэж залуу дуудаад би Боржигоны 2-5 тоот хашаанаас очиж авсан. Тэгсэн надад гагнуурын аппарат хямдхан авах уу миний хувийн аппарат байгаа юм 60,000 төгрөгөнд зарна гэсэн. Тэгэхээр нь би хулгайн эд зүйл биш биздээ яагаад ийм хямдхан зарж байгаа юм гэхэд мөнгөний хэрэг болоод байна гэж байсан. Тэгээд Их газрын чулууны тусгай хамгаалалтай газрын байрны гадна очоод Отгоо тус байр луу ороод гагнуурын аппарат аваад гарч ирсэн. Тэгээд би эхнэр Оюунзулын ажил дээр очин бэлэн 60,000 төгрөг авч өгсөн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй.  Би 60,000 төгрөгөө буцаан авсан тул надад ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-24/
  • Иргэн Ч.Энхбаатараас 2019.12.12-ны өдөр KIVCEN гэсэн бичигтэй хөх өнгийн утастайгаа ажиллагаа хэвийн гагнуурын аппарат хураан авсан тэмдэглэл /хх-7/
  • Гэрч Б.Батсүхийн: “Одоогоос 1 cap гарангийн өмнө зүс таньдаг Отгоо гэх залуу таараад 1 ширхэг цахилгаан дрилл аваад явж байсан. Надад 20,000 төгрөгөөр зарна та авчих гээд байхар нь би 20,000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Надад өмнө нь өөр эд зүйл зарж байгаагүй. Надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-25/
  • Иргэн Б.Батсүхээс 2019 оны 12 сарын 12-ны өдөр  улбар шар өнгийн, ажиллагаа хэвийн гар дриллийг хураан авсан тэмдэглэл /хх-9/
  • Гэрч С.Очирчулууны: “2019 оны 11 сарын эхээр зүс таних залуу над дээр ирээд та юм хийдэг хүн юм чинь энэ цохилттой дрилийг авчих гээд 55,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бэлнээр нь өгсөн. Би худалдаж авахаасаа өмнө нь ямар учиртай дрилл юм бэ гэж асуухад Оч дэлгүүрийн гадна фасадыг хийж байсан юм. Одоо ажил дууссан болохоор зарах гэсэн юм гэж хэлж байсан. Өмнө нь зүс таньдаг л залуу байхаар нь худалдаж авсан юм. Нэрийг нь сайн мэдэхгүй зүс бол танина, ченж Ганбаа дээр хаяа нэг юм тушаах гээд очиход тэнд ажилж байдаг байсан залуу байсан. Урьд өмнө нь өөр эд зүйл зарж борлуулж байгаагүй. Худалдаж авсан мөнгөө буцаан авсан тул надад ямар санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-26/
  • Иргэн С.Очирчулуунаас 2019 оны 12 сарын 12-ны өдөр KEN маркийн хар бариултай, улаан өнгийн хайрцагтай цохилттой дрилл хураан авсан тэмдэглэл /хх-8/
  • Үнэлгээний комиссын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн “ гар дрилл-50,000 төгрөг, цохилттой дрилл-165,000 төгрөг, гагнуурын аппарат-270,000 төгрөг” гэх үнэлгээ /хх-28-31/
  • Д.Оын жолоочийн ажилд орох өргөдөл, төрийн албан хаагчийн анкет, жолоочийн үнэмлэх,  байгуулллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх68-75/зэрэг баримтууд хамаарна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Их газарын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд жижүүр-жолоочийн үүрэг гүйцэтгэж байгаагаа далимдуулан ажлын байрнаас 2019 оны 10 сарын 31-нээс 2019 оны 11 сарын 4-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр гагнуурын аппарат, гар дрилл, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлан бусдад 485000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-39/, хохирогчийн төлөөлөгч Г.Баярсайханы мэдүүлэг /хх16-17/, гэрч С.Батхуягийн /хх-19/, Р.Баттүвшингийн /хх20-21/, Ч.Энхбаатарын /хх-24/, Б.Батсүхийн /хх-25/, С.Очирчулууны /хх-26/ нарын мэдүүлэг эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх7-9/, үнэлгээ /хх-31/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Оын энэхүү үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч байгууллага хулгайд алдсан эд зүйлээ нийт 530000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр нийт 485000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг дүгнэлттэй хохирогчийн төлөөлөгч танилцаад хүлээн зөвшөөрч маргаагүй тул Д.Оын үйлдлийн улмаас бусдад 485000 төгрөгийн хохирол учирсанд тооцсон болно.

Хохирогчийн төлөөлөгч Г.Баярсайхан нь хулгайд алдсан “гагнуурын аппарат, гар дрилл, цохилттой дрилл” зэрэг эд зүйлсээ буцаан авсан  болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-10/, хохирогчийн төлөөлөгч нь 2019.12.12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “алдагдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээн авсан тул ямар нэгэн  санал, гомдол байхгүй гэжээ. /хх-17/

Иймд хохирогчид учирсан эд хөрөнгийн гэм хорыг бүрэн арилсан, хохирогч гомдолгүй гэсэн тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч нь эд зүйлээ биетээр нь буцаан авсан, гомдол саналгүй гэсэн тул Д.Оыг өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэлтэй байна. 

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 сарын 6-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, мөн Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 29-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх51-57/, ял шалгах хуудас /хх-40/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.О нь 2013.09.06-ны өдөр шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ялгүй болсон байна. 

          Харин 2019.04.29-нд торгох ял шийтгүүлж, ялыг 2019.09.30-ны өдөр эдэлж дууссан байх тул тухайн нөхцөл байдлыг Д.О-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

          Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлээ буцаан хүлээлгэж өгсөн, бусдад төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас Д.О-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан боловч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлбөргүй болсон, цаашид засарч хүмүүжих, нийгэмшүүлэх шаардлагатай байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас  нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 36.2.дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйл,

  1. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Д.О-г бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 485.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-д 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй. 

          3. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар сольдог гэдгийг шүүгдэгч Д.О-т анхааруулсугай.

          4. Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч байгууллагад хулгайлсан эд зүйлийг буцааж хүлээлгэж өгсөн, хохирогчийн төлөөлөгч “гомдолгүй” гэсэн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан эд хөрөнгийн гэм хорыг арилсан үндэслэлээр холбогдох иргэний нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

          6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                          

 

 

ДАРГАЛАГЧ                                      С.СЭРЖМЯДАГ