| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0019/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 1922003320005 тоот хэргийг 2019 оны 1 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн .................... төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй гэх, сантехникийн слесарь мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ............. тоотод оршин суух, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Ц.Б нь хоёр удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн Н.Үүрцайхтай зодолдож, харилцан бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтанговь” зочид буудалд 2019 оны 10 сарын 6-наас 7-нд шилжих шөнө буудлын рецепшн П.Биндэръяагаас өрөө өгөхийг шаардаж, зүй бус үг хэллэгээр доромжлон, хүч хэрэглэхээр заналхийлэн танхайрсан үйлдлийг зогсоох зүй ёсны шаардлага тавьсан Н.Үүрцайхын зүүн гарын долоовор хурууг хазаж зуусан, Н.Ү нь Ц.Б-ыг өөрөөсөө салгахын тулд шилэн аягаар цохисны улмаас хэн алиныхаа бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор “Н.Ү-ын үйлдэл нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл “гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Н.Ү-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-164-165/ Уг тогтоолд яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нарын хэн аль нь гомдол гаргаагүй байх тул тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Б нь зүй ёсны шаардлага тавьсанд нь дургүйцэж, иргэн Н.Ү-ын зүүн гарын долоовор хурууг хазаж зуусны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-ын биед “зүүн доод 2, 3-р шүдний уналт, зүүн чамархайнд шарх, зүүн хацар, зовхи, духанд зулгаралт, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн доод 2, 3-р шүдний уналт, зүүн чамархайд шарх, зүүн 1-р шүдний сулрал, зүүн хацар, зовхины зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Духны зулгаралт нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна, зүүн доод 2, 3-р шүдний уналт, зүүн чамархайн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлттэй /хх-137/ Н.Үүрцайх нь 2019 оны 10 сарын 15-ны өдөр танилцаад “энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ /хх-140/
Гэвч хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Н.Ү-аас уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ зааж нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинжилгээний талаар иргэн, байгууллагаас гаргасан гомдол, хүсэлт нь дахин шинжилгээ хийх шууд үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 253 дугаартай дүгнэлт нь хэлбэр, агуулгын хувьд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16, 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гарсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Б-ын зүүн чамархайд үүссэн хөнгөн зэргийн шарх гэмтлүүд нь Н.Ү-ын аягаар цохьсон үйлдэлтэй шалтгаант холбоотой, харин зүүн доод 2, 3-р шүдний уналт, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл нь Н.Ү-ын зүүн гарын долоовор хурууг хазаж зуусан үйдэлтэй шалтгаант холбоотой үүссэн болох нь өөрсдийнх нь хохирогчоор өгсөн мэдүүлэг, тухайн зодооныг харсан гэрч Ц.Ганхавхын мэдүүлэг, шинжээчийн 2019.10.11-ний өдрийн 253 дугаар дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ц.Б-ын гар утсанд хийсэн гэх бичлэгийг судалж үзсэн боловч зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бэхжүүлсэн баримт байх тул шүүх нотлох баримтаар тооцсонгүй.
2. Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө иргэн М.А-ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө 1 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихын 8-12 тоотод оршин суух Д.Лувсандоржийн гэрт Н.Найданбат, Д.Цэдэндамбаа, Д.Лувсандорж, М.Адъяабазар нартай архидан согтуурч, “нохой шиг муухай харлаа” гэх шалтаг хэлж М.Адъяабазарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.
Тухайн зодоонд оролцож, М.Адъяабазарыг мөн зодсон Д.Цэдэндамба, Д.Лувсандорж нарын үйлдлийн улмаас М.Адъяабазарын бие махбодид гэмтэл учраагүй байх бөгөөд хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Цэдэндамба, Д.Лувсандорж нарт тус бүр 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь мөрдөгчийн 2019 оны 1 сарын 14-ний өдрийн 0595575, 0595574 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна. /хх-68, 70/ Хохирогч М.Адъяабазар мөн өдөр хэргийн материалтай танилцаад санал хүсэлт гаргаагүй /хх-31/, дээрх шийтгэлийн хуудсууд хүчин төгөлдөр болсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь үл ялиг шалтгаанаар хохирогч М.А-ыг зодсон нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байна. Иймд Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Бын үйлдлийн улмас хохирогч Н.Үүрцайхын биед зүүн гарын долоовор хуруунд шарх, зулгаралт гэмтэл учирсан, хохирогч М.Адъяабазарын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, дух, хамар, хацарт зулгаралт гэмтэл учирсан нь шинжээчийн 2019.10.11-ний өдрийн 253 дугаар дүгнэлт, шинжээчийн 2019.12.02-ны өдрийн 301 дүгээр дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Н.Ү нь Ц.Б-той эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа цагдаагийн байгууллагад бичгээр илэрхийлсэн /хх-73/, хохирогч М.А 2019 оны 12 сарын 4-ний өдөр, мөн 2020 оны 1 сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх6-8/, хэргийн материалтай 2020 оны 1 сарын 14-ний өдөр танилцаад санал хүсэлт гаргаагүй /хх-31/ ба хохирогч нарын хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Н.Ү, М.А нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэйг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.
3/ Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Прокурорын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 1922003320005 дугаар тогтоол /хх-73/, прокурорын 2020 оны 1 сарын 13-ны өдрийн 1922002720008 дугаар тогтоол /хх-152-153/, прокурорын 2020 оны 1 сарын 16-ны өдрийн 06 дугаар яллах дүгнэлтээр Ц.Бын үйлдэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, тус тусд нь зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ц.Бын хохирогч Н.Үүрцайх, М.Адъяабазар нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд тусдаа эхэлж, тусдаа төгсгөлтэй, хоёр удаагийн үйлдэл болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь урьд нь шүүхээр шийтгүүлж байсан болох нь :
Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1998.04.24-ний 79 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор /хх49-52/ Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-ийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг бүгдийг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 1999.05.31-ний 94 дүгээр шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 9 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /хх53-54/;
Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000.08.15-ны өдрийн 123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар /хх46-47/ шийтгүүлж, Хэнтий аймгийн шүүхийн 2000.10.20-ны 155 дугаар шүүгчийн захирамжаар 2 сар 8 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,/хх-49 ар тал/;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002.07.02-ны 554 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор /хх-43/ Эрүүгийн хуулийн /1987/оны/ 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002.11.08-ны 326 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн /2002 оны/ 146 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сар баривчлах ялаар өөрчилж, Ц.Б нь 6 сар 6 хоногийн ялыг биеэр эдэлсэн тул ялыг бүрэн эдэлсэнд тооцож, суллагдсан,/хх-45/;
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004.11.24-ний 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, биеэр 4 жил 4 сар 25 хоног, 8 сар 5 хоногийн хугацаагаар шагнагдаж 2009.01.08-ны өдөр ялын хугацаа дууссан. /хх-41 ар тал/;
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2009.11.30-ны 341 дүгээр шийтгэх тогтоолоор /хх37-38/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн 2015.11.06-ны 458 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 22 хоногийн ялаас өршөөн хассан. /хх-39/;
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.03-ны 114 дүгээр шийтгэх тогтоолоор /хх56-62/ Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар үйлдэл тус бүрт нь 240 цагийн хугацаагаар буюу 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн хорих ялд шилжүүлэн 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019.09.04-ний өдрийн 2019/ХМШЗ/130 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон /хх65-68/ болох нь шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл тус бүрт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Бод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 удаагийн үйлдэл тус бүрт нийтэд тустай ажил хийлгэх ялыг прокурорын санал болгосон хэмжээгээр буюу 360 цагийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоон, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон, энэхүү ял дээр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.03-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, Ц.Бод 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь хорих ялаас хугацааны өмнө суллагдаж 2 сар 14 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019.09.04-ний өдрийн 2019/ХМШЗ/130 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул уг ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй.
Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэх зохицуулалтгүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ц.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэхүү тогтоолоор цагдан хорих хугацааг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Б-г 2019 оны 10 сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн Н.Ү-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Б 2019.11.28-наас 29-нд шилжих шөнө иргэн М.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор Ц.Б-д оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.03-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хугацагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Б-д 5 /таван/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч М.А, Н.Ү нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч М.А, Н.Ү нар нь өөрт болон эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ц.Б-с нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шүүгдэгч Ц.Б-ыг цагдан хорьсон талаар энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор ар гэр, өмгөөлөгчид нь мэдэгдэж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бын цагдан хорьсонхугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын гар утсанд бичсэн дуу дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцоогүйг дурьдсугай.
13. Шүүгдэгч Ц.Б-ын гар утсанд бичигдсэн дуу, дүрсний бичлэгийг буулгасан дискийг Ц.Б-д холбогдох эрүүгийн 1922003320005 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ