Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00620

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02804 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.М-ид холбогдох,

Хүүхдийн сургалтын төлбөрт 24 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.М- бидний хамтын амьдралын хугацаанд буюу 2009 оны 04 дүгээр сарын 10-нд охин М.Сувданчимэг төрсөн. Гэтэл Б.Оюун-Эрдэнэ гэх хүүхэн манай гэр бүлд маш их асуудал үүсгэж, охин бид 2-т маш их дарамт, доромжлол ирж байсан учраас арга буюу шүүхэд нэхэмжлэл гарган албан ёсоор салж, 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 677 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.М- нь охин М.Сувданчимэгийг насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар сар бүр тэтгэлэг төлөхөөр болсон. Тэр цагаас хойш охин минь миний асрамжид өсөж торниж байгаа бөгөөд 2015 оны 9 сард Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуульд элсэн орж суралцаж эхэлсэн. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хурлаар сургуулийн тухайн жилийн төлбөрөөс хамаарч тухайн он, онд нь сургалтын төлбөрийг жич нэхэмжилж байхаар талууд харилцан зөвшилцөлд хүрч эвлэрсэн бөгөөд Д.М- нь охин М.Сувданчимэгийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тодорхой хувь болох 1 000 000 төгрөгийг төлсөн. 2016-2017 оны хичээлийн жилд М.Сувданчимэг нь Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 2 ангид үргэлжлүүлэн суралцсан бөгөөд 2016 оны 9 сард Ц.М- миний бие сургалтын төлбөр болох 4 000 000 төгрөгийг бүрэн төлсөн тул эвлэрлийн гэрээний дагуу 50 хувь болох 2 000 000 төгрөгийг Д.М-оос нэхэмжлэн авах эрхтэй. Иймд охин М.Сувданчимэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Д.М- нь хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэйгээ мэдэж байсан, тэр ч байтугай сургалтын төлбөрөөс гадна нэмэгдэл бусад төлбөрийг ч төлөх үүрэгтэйгээ маш сайн мэдэж байгаа атлаа цаг тухайд нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийн өөрт ногдох хэсгийг шилжүүлэхгүй байгаа нь хүндрэлтэй байна. Хариуцагч талаас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахдаа төлбөрийг бөөнд нь төлөх нөхцлөөр эвлэрэх санал гаргасны дагуу охин М.Сувданчимэгийн сургалтын төлбөрт 2017 оны хичээлийн жилээс 2027 оны хичээлийн жилийг дуусах хүртэлх хугацааны нийт төлбөр 45 000 000 төгрөгөөс 50 хувь болох 22 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд нийт 24 500 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.М-тэй огт хамтран амьдарч байгаагүй бөгөөд гэр бүлийн баталгаа болон гэр бүл салгуулсан шүүхийн шийдвэр байхгүй байхад нэхэмжлэлдээ худал зүйл бичээд байгааг гайхаж байна. Ц.М- нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 677 тоот Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч одоог хүртэл хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж байна. Суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Гэтэл нэхэмжлэгч Ц.М- нь охин М.Сувданчимэгийг анх сургуульд оруулахдаа надтай ярилцаж зөвлөлдөөгүй, миний санхүүгийн боломж бололцоо хэр байгаа талаар асуугаагүй өөрөө дур мэдэж өндөр төлбөртэй сургуульд оруулчихаад одоо намайг заавал сургуулийн төлбөрийн 50 хувийг төлж, хариуцлага хүлээх ёстой мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд одоо ам бүл дөрвүүлээ эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд сард олсон орлогоороо байрны лизингийн төлбөрөө төлж, мөн хүүхдийн тэтгэмжээ өгөөд үлдсэнийг нь ахуй хэрэгцээндээ зарцуулж заримдаа хүрэлцэхгүй үе ч их байдаг.

2014 онд 20 жилийн хугацаатай зээл авсан бөгөөд 2034 онд зээлийн эргэн төлөлт нь дуусна. Өөрөө тогтсон ажилгүй, эхнэр нь 2 хүүхдээ хараад гэртээ байдаг тогтсон ажилгүй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.7, 40.2-т заасныг харгалзан үзнэ үү. Гэр бүлийн тухай хуулийн 48-д зааснаар нэхэмжилж байгаа боловч яг энэ төлбөрийг гарга гэж зааж өгөөгүй, гаргаж болно гэсэн заалт байгаа. Хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх төлөхгүй асуудалд маргаагүй. Бид ор тас сургалтын төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй. Гэхдээ хүүхдийн тэтгэмжээс гадна 1 000 000 төгрөгийг өгнө гэж байгаа нь хэн хэнийгээ бодолцсон, хүүхдийн ирээдүйг харсан явдал болохыг бодолцож өгнө үү. Үндсэн хуулиар олгогдсон бага дунд боловсролын тухайд төрөөс үнэ төлбөргүй суралцах эрхтэй гэж заасан байдаг. Манай талын зүгээс 2 жилийн сургалтын төлбөрийг нэг жилийн 1 000 000 төгрөг, 2 жилийн сургалтын төлбөрөөс нийт 2 000 000 төгрөг өгөхийг зөвшөөрч, цаашид жил бүр 1 000 000 төгрөгийг өгч явах боломжтой. Нэг дор бүгдийг нь төлөх боломжгүй байгаа тул бидний саналыг харгалзан үзнэ үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02804 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.М-оос 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317 550 төгрөгөөс 280 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 37 100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Мижжидоржоос 46 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02804 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М-оос 4 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтад “46 950” гэснийг “82 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж зааж өгсөн ч заавал хариуцагчаас нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувийг гаргуул гэсэн хуулийн зүйл, заалт биш гэж үзэж байна.

Магадлалд нэхэмжлэгч охин М.Сувданчимэгийн сургалтын төлбөрт 2016-2017 оны хичээлийн жилийн 4 000 000, 2017-2018 оны хичээлийн жилд 4 500 000 төгрөг тус тус төлсөн байх тул уг төлбөрийн 50 хувийг хариуцагч Д.М-ид хариуцуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасантай нийцнэ гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч Д.М- нь тус хуулинд заасан үүргээ ухамсарлан жил болгон хүүхдийн тэтгэлэг төлөхөөс гадна, сургалтын төлбөрийн 1 000 000 төгрөгийг өөрийн санхүүгийн чадавхи боломжийн хэрээр хариуцахаа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанууд дээр илэрхийлсэн.

Д.М- нь ам бүл дөрвүүлээ эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ ажилгүй байдаг. Мөн Мижиддорж нь хувиараа ажил эрхэлдэг, сарын орлого тогтмол бус бөгөөд сард олсон орлогоороо байрны лизингийн төлбөр төлдөг, мөн хүүхдийн тэтгэмж төлөөд үлдсэн орлогоороо ам бүлээ тэжээн тэтгэдэг. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн хувийн байдал, амьдралын боломж бололцоог нь харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн үнийн 50 хувийг төлүүлэхээр тогтоон шийдвэрлэсэн нь Д.М-ийн бага насны 2 хүүхдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг харгалзан үзэлгүй орхигдуулан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.                 

         ХЯНАВАЛ:            

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаарддлагыг нэмж хангасан өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Д.М-оос хүүхдийн сургалтын төлбөрт 24 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Д.М- нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь хамтын амьдралтай байж, тэдний дундаас охин М.Сувданчимэг 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн байна. Д.М- хүүхдийн эцэг мөн болох талаар маргаагүй байна.

Чингэлтэй дүүргийн шүүх 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 677 дугаар шийдвэрээр охин М.Сувданчимэгт хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцэг Д.М-оос гаргуулахаар шийдвэрлэжээ.

Ц.М- нь хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02777 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталжээ. Тухайн үед хариуцагч Д.М- нь охин М.Сувданчимэгийн “Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд суралцах жилийн 4 000 000 төгрөгийн төлбөрийн тал хувь болох 2 000 000 төгрөгөөөс 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.М- нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, харин дараа жилүүдийн сургалтын төлбөрийг тухай бүрт нь жич нэхэмжлэх эрхтэйгээр талууд тохиролцсон байна.

Хариуцагч Д.М- нь нэхэмжлэгч Ц.М-ийг охин М.Сувданчимэгийг анх сургуульд оруулахдаа ярилцаж зөвлөлдөөгүй, өөрөө дур мэдэж өндөр төлбөртэй сургуульд оруулсан тул сургуулийн төлбөрийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлынхаа үндэслэлийг тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байхад анхан шатны шүүх тэжээн тэтгүүлэгч хүүхдийг төлбөртэй сургуульд суралцуулах талаар нэхэмжлэгч хариуцагчтай тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хангасан нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, нотолгооны зүйлийн талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН