Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

С.Телухаанд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч С.Телухаан, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолтой, С.Телухаанд холбогдох эрүүгийн 201721000131 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын  нэгдүгээр шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2011 оны 3 дугаар сарын 21-ний 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Багахангай налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сар 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Шыбарайгыр овогт Солтхааны Телухаан нь ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнхцагаан сувд” ХХК-ны “Угалз” нэртэй зайрмагны цехийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар агуулах саванд нэвтэрч Орех, Пону нэртэй жимстэй зайрмагнууд, тарагны сүү, голден милк сүү, марожин холигч дрилл зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч З.Дэлгэрмаад 416000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр буюу 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-02 тоотод оршин суух иргэн Ц.Бөхсүрэнгийн байшинд буюу орон байранд нэвтэрч мөнгөн аяга, савхин куртика, гутал, түрүүвч 13000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.Ганчимэгт 673000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шыбарайгыр овогт Солтхааны Телухаанд ялтай байхдаа, давтан үйлдлээр ял сонсгож ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Шыбарайгыр овогт Солтхааны Телухаанд Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй. Шүүгдэгч С.Телухааныг  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Телухааныг 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Телухаанд 2 жил 10 хоногийн хорих ял шийтгэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Телухааныг баривчлагдсан цагдан хоригдсон 86 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Телухаанаас 123000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганчимэгт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Телухааны өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч С.Телухаан нь хохирогч нарт учруулсан бөгөөд хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь буцааж өгсөн хохирогч Б.Ганчимэгт 123000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа юм.

Шүүгдэгч С.Телухаан шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хорих ял оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн С.Телухаанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэх хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах, цаашид засарч хүмүүжихийг даалгах, үүрэг хариуцлага хүлээлгэж цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.Телухаан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би хохирогч Б.Ганчимэгт учирсан 123000 төгрөгийг төлж хохиролгүй болгож өгнө. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид архи уухгүй ажил хөдөлмөр хийж амьдралаа авч явж чадна гэдэгтээ итгэж байна. Миний аав Солтхаан нь 94 настай хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргаанд байдаг. Хэдийгээр дүү, бэр хоёр байдаг боловч өглөө ажилдаа явахдаа аавыг минь гэрт нь ганцааранг нь орхиж ажилдаа явдаг. Миний бие аавыгаа сэтгэл санааг нь тайван байлгаж, асарч халамжлах хэрэгтэй байна. Иймд миний ар гэр, амьдрал ахуйг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: С.Телухаан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С.Телухаан нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнхцагаан сувд “ ХХК-ны “ Угалз “ нэртэй зайрмагны цехийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж Орех, Пону нэртэй жимстэй зайрмагнууд, тарагны сүү, голден милк сүү, марожин холигч дрилл зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хохирогч З.Дэлгэрмаад 416000 төгрөгийн хохирол учруулсан.

            Мөн давтан үйлдлээр буюу 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-02 тоотод оршин суух иргэн Ц.Бөхсүрэнгийн байшинд буюу орон байранд нэвтэрч мөнгөн аяга, савхин куртик, гутал, түрүүвч 13000 төгрөг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хохирогч Б.Ганчимэгт 673000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн,хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.         

            Шүүгдэгч С.Телухааны “ . . .Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Би иргэн Б.Ганчимэгт учирсан 123000 төгрөгийн хохирлыг төлж өгнө.Миний аав Солтхаан 94 настай, бусдын асаргаанд байдаг. Би аавыгаа асрах шаардлагатай байгаа учир миний амьдралын энэ байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү “ гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь :

     Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны хувийн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсоны зэрэгцээ төлбөр хохирлоо төлж барагдуулаагүй байна.

       Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгч С.Телухаан нь  2017 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч С.Телухааны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 86 хоног, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 56 хоног нийт 142 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

                                                   ШҮҮГЧИД                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                      Б.ДАМБА