Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 768

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Н.М 

Нэхэмжлэлийн шаардлага: “... Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Бя**********ход холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н овогтой М-гийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч , хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л , гуравдагч этгээд Н.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гэрч Б.Б , Н.Д , Н.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч оос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1998 оноос Нийслэлийн Засаг даргын А/246 тоот захирамжтай 6004/0015 дугаартай газар эзэмших гэрчилгээтэй газрын эзэмшиж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 164 тоот захирамжаар газар эзэмших хугацааг сунгахдаа манай эзэмшиж байгаа газрын хэмжээгээр бус зөвхөн эмнэлгийн барилгын гадна амралт, ногоон байгууламж, авто зогсоол, зам талбай зэрэг “Газрын тухай хууль”, “Хот байгуулалтын тухай хууль”, “Барилгын тухай хууль”-д заагдсан зайлшгүй хэрэгцээний газар эзэмших иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарлаж ирсэн.

Энэ асуудлаар бид 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 тоот, 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 28 тоот, 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 112 тоот, 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 56 тоот, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 159 тоотоор удаа дараа Нийслэлийн газрын албанд хандсан боловч газар эзэмшүүлэхтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/8749 тоотоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбай”-д хамрагдаж байгаа тул танай эзэмшил газрыг хашааны хэмжээгээр нэмж олгох боломжгүй гэсэн хариу өгч байснаа бидэнд мэдэгдэхгүйгээр манай байгууллагын хүч хөрөнгөөр барьж, хамгаалж тохижуулсан хашаан дотор байрлах 634 м2 газрыг дулааны шугам хоолой болон манай баригдаад 18 жил болсон барилга, агуулах, автограж дээр давхцуулан иргэн От********г овогтой Бя**********х гэх хүнд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, улмаар өмчлүүлж өгсөн байна.

О.Бя**********х нь энэ хаяган дээр хэзээ ч амьдарч оршин сууж байгаагүй бөгөөд бид огт танихгүй, зүс үзээгүй хүн ба энэ 20 орчим жилийн өнгөрсөн хугацаанд энэхүү газрын талаар ямар нэгэн маргаан үүсэж байгаагүй, Газрын албанаас энэ газрыг чөлөөлөх талаар нэг ч шаардлага өгч байсан удаагүй юм. Гэтэл энэ хүнд газар олгосон тухай мэдээллийг анх удаа “Ула*****р Ду*****ы сү***э” ХК-ны шугам шинэчлэн засварлах ажлын зурагтай танилцах явцдаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэж, энэ талаар Баянзүрх дүүргийн Газрын албанаас асууж лавлахад хувь хүний нууц учир танд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгч, хүнд суртал гарган Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмч хувьчлалын газруудаар явуулсан. Эцэст нь Дүнжингарав Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж төлбөртэйгээр “Т” ХХК-ийн эзэмшиж байгаа кадастрын зургийг хэвлүүлж авснаар О.Бя**********хын 428А тоот хашааны зураглалыг олж мэдсэн. Манай кадастрын зураг нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин хэвлүүлж авахад өөрчлөгдсөн байгаа нь ойлгомжгүй ба газрын албаны мэргэжилтэн төрийн албан хаагч нар өөрийн дур зоргоор, эрх мэдлээ ашиглан бусдын кадастрын зургийг өөрт нь мэдэгдэхгүйгээр газрын мэдээллийн санд өөрчлөн гарган өгч газрын маргаан будлиан үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа нь шударга бус байна.

Энэ газар нь “Ула*****р Ду*****ы сү***э” ХК-ны дулаан дамжуулах 5ж магистрал шугамын хамгаалалтын зурвас газар ба 2017 оны 8 дугаар сард уг шугамыг засч, шинэчлэх ажил хийгдэх талаар манай байгууллагад албан мэдэгдэл ирж, бид газар чөлөөлөх тухай гэрээ хийгдсэн болно. Гэрээний үүргээ биелүүлэхэд иргэн О.Бя**********ход хууль зөрчин өмчлүүлсэн газрын чөлөөлөх асуудал бидэнд саад болж байна.

Иргэн О.Бя**********ход газар өмчлүүлж олгосон 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 6.2.3, 13.1, 19.1.8, 21.2.3 дахь заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6.1.1, 28.1.3 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 33.1, 33.4 дүгээр заалт, Засгийн газрын 2011 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын “Дулааны шугамын хамгаалах зурвас тогтоох тухай” 2007 оны 76 тоот захирамжийг тус тус зөрчсөн байх тул энэхүү хууль бус захирамж, газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчигдсөн эрх ашигаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“Т” ХХК-ийн агуулахын зураг нь Нийслэлийн мэдээллийн сангийн зурагт өнөөдөр хүртэл тусгагдсан байгаа нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 84.3, 85.2 дахь заалтуудад нийцүүлэн газрыг орчны газартай нь нийцүүлэн эрүүл мэндийн үйлчилгээний стандарт шаардлага зэргийг харгалзан эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 137.1 дэх заалтын дагуу Нийслэлийн газрын алба нь төрийн өмнөөс төрийн өмч болох газрын асуудлыг эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагын хувьд манай удаа дараагийн хүсэлтэд хариу өгөөгүй, зөвшөөрөлгүй газар эзэмшүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч  нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд О.Бя**********ход Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамж 428А тоот хаягаар газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргаж байна.

Иргэн О.Бя**********ход Баянзүрх дүүргийн 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/144 тоот газрын захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамж 428А тоот халдвартын эмнэлгийн зүүн талд эзэмшүүлсэн байна.

Иргэн О.Бя**********ход тухайн газрын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгснийг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 400 дугаар захирамжаар 633,86 м2 талбай бүхий газрыг өмчилсөн байна.

“Т” ХХК-ийн захирал Г.Ч ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л  шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “Т” ХХК-ийн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 428А тоотод байрлах, 633,86 м.кв талбайтай, 18645310719639 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг мэдүүлэг, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, газрын кадастрын зураг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 400 дугаар захирамжаар олгосон 0029036 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр зэрэг нотлох баримтыг үндэслэн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн О.Бя**********хын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204001837 дугаарт бүртгэн, 00021934 тоот гэрчилгээ олгосон байна.

Мөн Иргэн О.Бя**********х нь 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 184 тоот нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Н.Мд өмчлөх эрхээ шилжүүлсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн Г-2204001837 дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 19 дүгээр гудамж, 428А тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотлох баримтыг үндэслэн холбогдох хууль дүрэм, журмын дагуу бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэргүүд дэх нотлох баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Мгаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Миний бие иргэн Н овогтой М нь 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн От********г овогтой Бя**********х нь өөрийн төрсөн ээж болох Л.От********гт итгэмжлэл олгосны дагуу иргэн Л.От********гээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 19 дүгээр гудамжны 428А тоот хаалганы 633,86 м.кв өмчлөгдсөн газрыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, холбогдох газарт нь бүртгүүлж хуулийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан болно.

Тус газрыг худалдан авснаас хойш хамар хашааны газрыг түр эзэмшигч болох “Т” ХХК-ийн хашааны маань гарц хаалгыг хааж, байшин барьж улмаар орж гарах гарцыг хааснаар Монгол Улсын иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэж, өөрийн өмчлөлийн газрыг маань ашиглаж чадахгүйд хүргэж зориудаар шунаж, хууль ёсны эрх ашгийг маань ноцтой зөрчиж байгаад туйлын их гомдолтой байна.

“Т” ХХК-ийн захирал иргэн Г.Ч т миний нөхөр Б.Б  удаа дараа тус хууль бус үйлдлээ таслан зогсоож газрыг минь чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан боловч иргэн Г.Ч  нь “тус газар миний газар, та нарт хамаагүй, чи надтай юу ярих гээд байгаа юм бэ дэмий шүү...” гэх зэргээр туйлын ёс зүйгүй авирлаж улмаар хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж өдийг хүрсэн билээ.

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Т” ХХК-ийн захирал Гүржав овогтой Ч  нэхэмжлэл гаргасны дагуу миний бие гуравдагч этгээдээр татагдаж, уг нэхэмжлэлтэй танилцсан. Уг нэхэмжлэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, эрх зүйн актад үл нийцэж байна гэж би үзэж байна.

Уг газрын хувьд өмнө нь өмчилж байсан иргэн О.Бя**********х болон түүний эх Л.От********г нарыг иргэн Г.Ч  урьд өмнө нь танидаггүй мэддэггүй байсан гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь худлаа юм. Газар өмчилж авсан тухай мэддэг байсан. Уг газар дээрээс болж хэд хэдэн удаа Л.От********гтэй муудалцаж байсан баримт байдаг. Анх миний хувьд 2009 онд уг газрыг худалдаж авснаар нөхөр маань Г.Ч той газар дээрээ газрынхаа гарц гармыг гаргах тухай утсаар залгаж, газраа ашиглах талаар хэлсэн боловч “Чи надтай тийм юм ярих болоогүй шүү” гээд энэ газар бүхэлдээ миний газар гэж дарамталсан. Зам гарцыг таглаж орох хаалгыг гинжилж дотор оруулахгүй байсаар 2010 оны 07 дугаар сараас миний газар дээр том нүх ухаж, хог хаягдлаа хаян улмаар шороогоор дарж уг хашаан дотор суурь цутгаж сэндвичээр граш барьж эхэлсэн. Энэ үед нь Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанд миний бие болон манай нөхөр болох Б.Б  нь өргөдөл гаргасан. Дүүргийн Газрын харилцааны албаны тухайн хороог хариуцаж байсан мэргэжилтэн Давааням гэдэг хүн газар дээр нь тус хорооны Засаг дарга М.Ганхүрэлтэй хамт очиж үзсэн. Дараа нь хариу өгөхдөө амаар та хоёр тохиролцоод учраа олчих гэсэн. Миний зүгээс тохиролцох боломжгүй учир Даваанямд дахин хандсан. Газрын албанаас шаардлага өгсөн байгаа санаа зоволтгүй гэсэн хариу өгсөн боловч өдий хүртэл шийдэгдээгүй. Ингээд 2017 оны 08 дугаар сард Газрын албаны мэргэжилтэнд дахин хандсан боловч та шүүхээрээ шийдвэрлүүлээрэй, бидний зүгээс дэмжиж албан бичиг болон газартай чинь холбоотой баримт нотолгоог гаргаж өгч тусална гэсэн юм. Г.Ч  1998 оноос газар эзэмшиж эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан гэх боловч зарим баримт нотолгоо болон огноо нь зөрөөд байна. Г.Ч ийн байшин анх захиргааны зориулалттай баригдсан барилга байсан. Уг байшинд хороо захиргаа байрлаж байгаад гарсан юм. 2003-2007 он хүртэл Мангуут гэдэг уламжлалт эмнэлэг түрээсийн хэлбэрээр ажиллаж байгаад гарсан. 2007 оноос өдийг хүртэл 10 жилийн хугацаанд иргэд, оюутнуудад өрөө өрөөгөөр нь хөлсөлж мөнгө олсоор ирсэн. Нэхэмжлэлд дурьдсанаар Бя**********хын нэр дээрх газарт барьсан грашийн барилга 18 жил хэзээ ч болоогүй. Өнөөдрийн байдлаар 6 жил болж байгааг тэр хавийн айлууд нотолно.

Уг газрын хувьд Г.Ч ийн газартай давхцаагүй байгаа нь мэргэжлийн байгууллагаар нотлогдсон. Г.Ч ийн хувьд зориудаар санаатайгаар уг газрыг хашиж газрын байршлын хувьд давуу талыг ашиглан хүний газрын гарц гармыг зориудаар хааж, эртнээс авахаар шунасаар ирсэн нь тодорхой юм. Мөн өөрийн эзэмшиж байгаа газрын урд талын нийтийн эзэмшлийн газрыг хааж, нийтийн орон сууц барьж, түрээсэлж байгаа болно.

О.Бя**********х болон дараагийн өмчлөгч болох бидний хаяган дээрээ амьдрах бололцоог олгоогүй. Иргэнд төрөөс нэг удаа өмчилсөн хувийн өмчид минь халдаж, газрыг барьцаалж аргагүй байдалд оруулж байж тухайн барилга байшинг барьсан.

Иргэн миний хувьд хувь хүнийхээ зүгээс хүндэтгэлтэй хандаж шүүх, цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Газар олгосон тухай мэдээллийг анх удаагаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олж мэдсэн гэдэг нь туйлын худлаа.

Үеийн үед газрыг өмчилж байсан хүмүүстэй газартай холбоотой асуудлаар харилцаанд орж байсан. Тэрнээс өмнө мэддэг байсан нь шүүхийн явцад баримтаар нотлогдож байгаа. Иргэн миний хувьд анх О.Бя**********хоос газар авахад 633,86 м.кв газрыг кадастраар авсан юм. Дараа нь гарц гармыг маань хааж 559 м.кв хэмжээтэй болгосон учир кадастрын нэр солигдохгүй өдийг хүргэсэн. Өөрийн дур зоргоор эрх мэдлээ ашиглан бусдын кадастрын зургийг өөрт нь мэдэгдэлгүйгээр мэдээллийн санд өөрчлөлт оруулсныг шалгуулах хүсэлтэй байна. Энэ газар дээр “Ула*****р Ду*****ы сү***э” ХК-ны дулаан дамжуулах шугамыг солих засаж шинэчлэх ажил явагдахад өмчлөгч надтай газрыг чөлөөлөх асуудлаар хандаагүй. Миний хувьд энэ газар дээр саад учруулах хэмжээний байшин барилга бариагүй. Иргэн Г.Ч ийн байшин барилга байдаг. Биднээс шалтгаалсан зүйл байхгүй билээ. Иймд цаашид өмчилсөн газраа хууль ёсоор эзэмших, өөрийн хашааны хаалгыг гаргуулах, хуулиар олгогдсон эрхээ эдлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч тал болох Г.Ч ийг тус маргаж буй газар нь газар төлөвлөлтөд орсон учир иргэн миний газрын хууль бусаар авах гэж улайран зүтгэж байна гэж хувьдаа ойлгож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гуравдагч этгээдийн газар тодорхой хэмжээгээр давхцалтай....инженерийн шугам сүлжээтэй газарт газар эзэмшүүлсэн нь хууль бус...” хэмээн тайлбарлаж байна.

Газрын давхцалын тухайд:

Анх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/227 дугаар захирамжаар “Анар-8” ХЭАА-д 792 м.кв буюу 0.08 га газрыг үйлдвэрлэл худалдааны зориулалтаар олгож улмаар “Т” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 870 м.кв буюу 0.09 газрыг конторын зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжаар нэхэмжлэгч Т ХХК-д 2 газар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газрыг нэг газар мөн эсэхийг шүүхээс нягтлахад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо буюу 308 м.кв газар нь өөр байршилд эзэмшүүлсэн гэдэг нь тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь өөрийн эзэмшлийн 870 м.кв газартаа нэгж талбарын 6004/0015 дугаар бүхий 0003664 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшиж байгаа бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъянжугийн гудамж, 44 тоотод эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт тодорхойлсноор “Т” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээ нь 870 м.кв хэвээр байгаа буюу кадастрын зураг, нэгж талбарт ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Харин гуравдагч этгээд Н.Мгийн эзэмшиж байгаа 633.86 м.кв талбай бүхий газрын зарим хэсэг болох 300 м.кв газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/144 дугаар захирамжаар иргэн О.Бя**********ход олгож улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 400 дугаар захирамжаар тус газрыг хэмжээг 633.86 м.кв болгож шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбоотойгоор 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гуравдагч этгээд О.Бя**********хын газар өмчилж авах тухай мэдүүлэг, өмчлүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, хянан магадлагааны дүгнэлт, газрын кадастрын зураг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр зэргийг үндэслэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Уг мэдүүлгийг иргэн О.Бя**********х нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ гэрчилгээн дээрх 300м.кв газрын хэмжээг 800 м.кв болгож засварлан бүрдүүлж өгсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/7349 дүгээр албан бичигт хавсарган ирүүлсэн гэрчилгээг нягтлан үзэхэд тогтоогдож байна.

2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн О.Бя**********х болон гуравдагч этгээд Н.М нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус 633.86 м.кв талбай бүхий газрыг гуравдагч этгээд Н.Мгийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хариуцагчийн хариу тайлбараас нотлогдсон, О.Бя**********х нь 2012 онд улсын хилээр гарч буцаж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3-1/6485 дугаар албан бичгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргахгүй гэсэн тул гуравдагч этгээдээр татсан захирамжид өөрчлөлт оруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн 2006 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн болон 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн газрын байршлын кадастрын зурагт тодорхойлсноор нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 870 м.кв талбай бүхий газар нь өөр ямар нэг газартай давхцалгүй байгаа хэдий ч 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн газрын байршлын кадастрын зурагт гуравдагч этгээд Н.Мгийн 633.86 м.кв талбай бүхий газартай давхцаж байна гэж нэхэмжлэгч маргасан нь үндэслэлтэй байна. 

Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1652 дугаар албан бичгээр ирүүлсэн болон Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус шүүхэд ирүүлсэн агаарын болон сансрын зургууд, нэхэмжлэгч Т ХХК-ийн маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн анх баригдсан огноо, кадастрын зураг зэргээс дүгнэхэд нэгж талбарын 18645310719639 дугаар бүхий 633.86 м.кв болон 18645310735653 дугаар бүхий 870 м.кв газруудын сансрын зурагт тус газрууд 74.86 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдож байх бөгөөд иргэн О.Бя**********х өөрийн газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшихээс өмнө /2004.08.25/ нэхэмжлэгч Т ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө /том байшин/ уг газарт баригдсан байна.

Түүнчлэн иргэн О.Бя**********х болон гуравдагч этгээд Н.Мгийн зүгээс өөрийн эзэмшлийн газрын кадастрын зургаа мэдээллийн санд бүртгүүлээгүй, газрын албанаас нэгдсэн журмаар мэдээллийн санд бүртгэх үедээ гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын давхцлыг арилгаж 559 м.кв болгосон нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ асуудлыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрсөн болно.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд: “633.86 м.кв болон 559 м.кв талбайн бүхий газрын зөрүү болох 74.86 м.кв хэсгээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшлийн 870 м.кв талбай бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн боловч орц гарцын тухайд өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан гэх Т ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн асуудлаар /жижиг байшин/ бие даасан шаардлага гаргаагүй учир шүүх уг асуудлыг нэхэмжлэлийн шаардлагаас харьж шийдвэрлэх боломжгүй бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс уг асуудлыг тусад нь шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшлийн 870 м.кв талбай бүхий газартай давхцуулан олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 400 дүгээр захирамжийн О.Бя**********ход олгосон 633.86 м.кв газрын 74.86 м.кв хэсгээр, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ:бүртгэл үнэн зөв байх” гэж заасныг баримтлан давхацсан хэсэгт холбогдох улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Инженерийн шугам сүлжээтэй газрыг бусдад эзэмшүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 3 дахь заалтаар эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын нөхцөл, хэмжээг тогтоосон байна.

Уг тогтоолыг үндэслэн “Ула*****р Ду*****ы сү***э” төрийн өмчит хувьцаат компаниас “Дулааны шугамын хамгаалалтын зурвасын тухай” 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/133 дугаар албан тоотоор нэхэмжлэгч “Т” ХХК-д хандан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүүн хойно байрлах танай байгууллагын агуулахын барилга нь дулаан дамжуулах 5ж магистраль шугамын хамгаалалтын зурвас дээр баригдсан нь Монгол Улсын “Эрчим хүчний тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4 дүгээр заалт, Засгийн газрын 2011 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын “Дулааны шугамын хамгаалах зурвас тогтоох тухай” 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 76 тоот захирамжийг тус тус зөрчиж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар доор байрлах дулаан дамжуулах 5ж магистраль шугамын хамгаалалтын зурвас дээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь гуравдагч этгээд өөрийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй, одоогоор уг газарт үл хөдлөх хөрөнгө бариагүй, харин нэхэмжлэгч өөрөө дээрх шугам сүлжээ бүхий газарт сэндвичэн байшин барьсан нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна шүүх дүгнэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Бя**********ход холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н овогтой Мгийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Бя**********ход газар эзэмшүүлсэн 633.86 м.кв газраас нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж байгаа 870 м.кв талбай бүхий газартай давхацсан 74.86 м.кв хэсэг, иргэн Н овогтой Мгийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж байгаа 870 м.кв талбай бүхий газартай давхацсан 74.86 м.кв хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Бя**********ход холбогдох хэсэг, иргэн Н овогтой Мгийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээний давхцалгүй газарт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОДМАА