Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1709

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сэнгээгийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Сэнгээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Буян-Одод холбогдох

2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-нээс Д.Буян-Одод холбогдох хэсгийг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Сэнгээгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Сэнгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 21-00 тоот 1 өрөө орон сууцыг хариуцагчид бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн ба хариуцагч нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-д заасан үйлдэл хийсэн нь хавсралт баримтуудаар тогтоогдож байна. Иймээс хариуцагчтай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчид буцаан олгож хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү. Би зөвхөн Д.Буян-Одод бэлэглэсэн хэсгээ шаардаж байгаа гэжээ.

Хариуцагч Д.Буян-Од шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Буян-Од нь Б.Сэнгээтэй 2007 онд гэрлэж, улмаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 сарын 03-ны өдрийн 1751 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлээд байгаа Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5дугаар хороолол, 21 байр, 1 орцны 00 тоот хаягт байрлах 9м.кв, нэг өрөө орон сууцыг хамт амьдарч байхдаа худалдаж авсан. Тухайн орон сууц нь Д.Буян-Од, охин С.Ундрам, С.Маргад нарын дундын өмчлөлд байдаг. Одоо Хаан банкны зээлийн барьцаанд байгаа. Энэ нь өнөөдрийн нотлох баримтаар гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байна. Д.Буян-Одын хувьд 2 охиноо тэжээх гэж багагүй бэрхшээлийг туулан амьдарч байгаа. Гэтэл Б.Сэнгээ нь өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар улам зовоох гэж шүүх, цагдаагийн байгууллагад удаа дараа хандан, согтууруулах ундаа уусан үедээ Д.Буян-Од руу байнга залгаж утсаар доромжилж, эсхүл гэрийн гадаа болон ажлын газар ирж элдэв хэл, амаар доромжилж, янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлж байгаад харамсаж байдаг. Энэ хүнээс болж Д.Буян-Од нь ажилгүй, хоёр хүүхэд нь хоолгүй, сэтгэл санааны хохиролтой амьдарч байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйлийн талаар ярьж байна. 2016 оны Баянгол дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоос харахад “...Д.Буян-Од нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан гэм хорыг арилгасан, хохирогч Б.Сэнгээ гомдол саналгүй, эвлэрэх хүсэлтээ бичгээр гаргасан тул” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Энэ дээр хариуцагчийг гүтгэсэн гэсэн шүүхийн шийдвэр болон прокурорын тогтоол байхгүй. Тиймээс тухайн үед гомдол гаргаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хамгийн гол нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Бэлэглэлийн гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Сэнгээ болон Д.Буян-Од нарын хооронд хийгдсэн. Д.Буян-Од нь өөрийнхөө хүсэлтээр хоёр охиноо хамтран өмчлөгчөөр нэмж одоо гурван хүний өмчлөлд байдаг. Энэ гэрээнд тус орон сууцыг 25 000 000 төгрөг гэж үнэлж бэлэглэсэн байдаг. ...Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцны Д.Буян-Одод оногдох хэсэг гэж ямар хэсгийг хэлээд байгаа нь тодорхой бус байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Улсын дээд шүүхийн зөвлөмж гарсан байдаг. Үүнд бэлэглэлийн гэрээг анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлийн шаардлагад орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нь орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага байна. Тэгэхээр орон сууцны зах зээлийн болон нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байдаг. Тиймээс улсын тэмдэгтийн хураамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр талууд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Иргэний хуулийн 126, 130 дугаар зүйлд зааснаар шүүх эцэслээд шийдвэрлэсэн. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасны дагуу бэлэглэгчийг ноцтой гомдоосон бол гэж байдаг. Гэтэл ноцтой гомдоосон гэдэг үндэслэлээ 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 751 дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үндэслээд байх шиг байна. Энэ тогтоолоос харахад нэхэмжлэгч Б.Сэнгээ өөрөө гомдлоо татаж авсан байдаг. Хөнгөн гэмтэл учруулсан гэдэг гомдол цагдаад гаргаад тэр гомдлоо өөрөө сайн дураар татаж авах нь хуульд заасан хохирогчийн эрхийн асуудал байдаг. Тиймээс энэ тогтоол нь хохирсон гэдгийг тогтоосон баримт болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй гэсэн байдаг. Тиймээс дээрх прокурорын тогтоол болон цагдаагийн байгууллагаас гаргасан бусад эрхийн акт энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн газар худалдах-худалдан авах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүд байна. Үүнд хариуцагч талаас маргахгүй. Гэвч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад талууд 2007 онд гэрлэлтээ батлуулсан гэдэг нь 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрт тодорхой тусгагдсан байгаа. Гэтэл газар худалдах-худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ нь 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2008 оны 12 дугаар сар зэрэг, 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэсэн огноонууд байгаагаас үзэхэд талуудын хамтын амьдралаас хойш бий болсон хөрөнгүүд юм. Энэ хөрөнгүүдийг тухайн үед 100 000 төгрөг, газраа 500 000 төгрөгөөр худалдсан байна. Гэтэл тухайн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр н.Наранцэцэгээс худалдаж авсан гэрээнд тухайн байрыг 11 000 000 төгрөгөөр авсан гэсэн байдаг. ...Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө нь хэний нэр дээр байгаагаас үл хамаарч гэр бүлийн дундын хөрөнгө болох энэ асуудлыг Б.Сэнгээ нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1751 дүгээр шийдвэр гарах үед ямар нэг байдлаар эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэнээс хойш нэг жилийн хугацаа хэтэрсэн бол бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож болохгүй гэсний дагуу нэхэмжлэлий бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Буян-Од, нэхэмжлэгч Б.Сэнгээ нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, орон сууцнаас Д.Буян-Одыг гаргуулах тухай Б.Сэнгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Сэнгээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Буян-Одод холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд хэрэгсэхгүй болгосон дээрх шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байхад тус шүүхээс ийнхүү шийдсэн нь нэхэмжлэгчмйн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Энэ нь бэлэг хүлээн авагчийн үйлдэл заавал Эрүүгийн хэргээр шалгуулан ял шийтгэл эдэлж байж ноцтой гомдоосонд тооцоно гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт нэрэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 751 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход "нэхэмжлэгч нь гомдол саналгүй" гэх мөн хариуцагч нь нэхэмжпэгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэн түүний нэр төр, алдар хүндэд ноцтой халдсан буюу хариуцагч Д.Буян-Од түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын үйлдэл нь Эрүүгийн журмаар шалгуулан гэм буруутайд тооцсоны дараа нэхэмжлэлд дурдсан бэлэглэлийн гэрээ хүчингүй болох шалтгаан болохгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө болох нь нотлох баримтуудаар тогтоогдох ба хэрэв нэхэмжлэгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэл нь заавал шүүхээр тогтоолгож гэм буруутайд тооцсоны дараа нэхэмжлэлд дурдсан "ноцтой гомдоосон" үйлдэлд тооцоно гэж хариуцагч нь маргаж байгаа бол үүнийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлгч нарыг эрүүгийн журмаар шалгуулах шаардлага бий болж байна. Иймээс хариуцагчийн дурдсан үйлдлүүд нь Иргэний хуулийн 280.1.1, 280.1.2-т заасан үйлдэл болох нь хууль тогтоогч нарын үзэл санаанд бүрэн нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжпэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Сэнгээ нь хариуцагч Д.Буян-Одод холбогдуулан 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-ээс Д.Буян-Одод холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагчийг гэрээгээр шилжүүлсэн орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Сэнгээ нь 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байрны 1 дүгээр орцны 0 тоот, 9 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг эхнэр Д.Буян-Од, охин С.Ундрам, С.Маргад нарт бэлэглэж, тэднийг уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Бэлэглэлийн гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000179670 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 4, 13, 25, 41-43/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь удаа дараа дарамталж зоддог байсан, том охин С.Ундрамыг хүчиндсэн байна гэж онц хүнд гэмт хэрэгт гүтгэж цагдаагийн байгууллагад шалгуулсан. Энэ мэтчилэн хариуцагч нь бэлэглэгчийг байнга ноцтой гомдоодог” гэж, хариуцагч нь “...Б.Сэнгээтэй 2007 онд гэрлэж, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 1 өрөө орон сууцыг бид нэг гэр бүлд амьдарч байхдаа худалдан авсан. Б.Сэнгээ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжлон дарамт шахалт үзүүлдэг, гэрлэлт цуцлуулах үедээ эд хөрөнгийн талаар маргаагүй байж одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлажээ. /хх 12, 41-44/

            “Бэлэглэлийн гэрээ”-г байгуулсанаас хойш Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1751 дугаартай шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, охин С.Ундрам, С.Маргад нарыг эх Д.Буян-Одын асрамжид үлдээж, талууд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэсэн /хх 14, 15/, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 751 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолд тусгаснаар Д.Буян-Од нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Сэнгээтэй маргалдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад...хохирогч Б.Сэнгээ нь “гомдол саналгүй, эвлэрэх хүсэлтээ гаргасан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-6/ байх ба шүүх бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэглэгчийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохоор завдсан үйлдэл хийсэн болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн уг үйлдэлтэй холбоотойгоор Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан бэлэглэлийг хүчингүй болгох талаар шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.

            Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3492 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоолд тусгагдсанаар Б.Сэнгээ нь 2016 оны 02 дугаар сард охин С.Ундрам, С.Маргад нарыг гэртээ түр байлгахдаа охин С.Ундрамыг хүчингүй байж болзошгүй байгааг шалгаж өгнө үү гэсэн Д.Буян-Одын гомдлыг шалгах явцад Б.Сэнгээ нь төрсөн охин С.Ундрамыг хүчиндсэн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. /хх 26/

            Харин Д.Буян-Одын гаргасан дээрх гомдол, мэдээлэл нь Б.Сэнгээг 2006 оны 07 дугаар сарын 26-нд төрсөн, 10 настай буюу бага насны хүүхдийг хүчиндсэн гэх онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн шинжтэй, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх уг үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

            Иймд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас “2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-нээс Д.Буян-Одод холбогдох хэсгийг хүчингүй болгох” хэсгийг хангах нь зүйтэй байна.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

            Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын “Бэлэглэлийн гэрээ”-ний Д.Буян-Одод холбогдох хэсгийг хүчингүй болгох хэсгийг хангаж шийдвэрлэсэн ч  нэхэмжлэгч Б.Сэнгээ нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу Д.Буян-Одыг орон сууцнаас албадан нүүлгэхийг шаардах эрхгүй байна.

 

            Иймд шүүх нэхэмжлэлийн “хариуцагчийг гэрээгээр шилжүүлсэн орон сууцнаас албадан нүүлгэх тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэр 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-нээс Д.Буян-Одод холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууцнаас Д.Буян-Одыг албадан гаргуулах тухай Б.Сэнгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сэнгээгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сэнгээгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН