Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 2020         02           04                                      2020/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

            улсын яллагч П.Ганбаатар,

            хохирогч Л.Батзаяа, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт гэмт хэрэгт Б.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909027761042 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хүүхдүүдийн хамт тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.А /регистрийн дугаар /, 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө “Синохайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн Санхүүгийн албаны даргаар ажилладаг, манай байгууллага Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажлыг авсан гэж хохирогч Н.Ням-Очир, Ш.Сайнбилэг нарт худал хэлж өөрийгөө танилцуулан хуурч 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажилд “Хово маркийн ачааны авто машин нийлүүлэх тендерийн ажил авч өгнө” гэж  хохирогч Н.Ням-Очироос 82.400.000 төгрөг, “дизель түлш нийлүүлэх тендерийн ажил авч өгнө” гэж хохирогч Ш.Сайнбилэгээс 62.700.000 төгрөг нийт 145.100.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшээт Булаг” ХХК-ийн захирал Ж.Батцэцэгээс “тендерт хамруулж өгнө, дэнчингийн мөнгө” гэж нийт 48.300.000 төгрөгийг хуурч, бичиг баримт ашиглаж, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Батзаяад өөрийгөө “Сино Хайдро Корпорейшн” ХХК-д ажилладаг, “Хово маркийн авто машины нийлүүлэх тендерт оролцуулна, ялалт байгуулж өгнө” гэж хуурч 194.012.000 төгрөг буюу нийт 387.412.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Өмнөх хүмүүсийнхээ мөнгийг төлж барагдуулсан. Хохирогч Л.Батзаяагийн хохирлыг богино хугацаанд төлж чадна гэж бодоод авсан, тус компанид ажиллаж байх хугацаандаа Өвөрмонгол хүмүүстэй холбоотой байсан. Тэр хүмүүс ажил олж өгнө гэсэн учраас би Л.Батзаяад санал болгосон…” гэв.

түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би өмгөөлөгч Б.Эрдэнэбатын хамт мэдүүлэг өгнө. Эрүүгийн 1909027761042, 1910023020815, 1905028741030 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн тогтоолуудтай нэг бүрчлэн танилцсан. 89181005 дугаарыг би өөрөө барьж ашигладаг байсан, одоо энэ дугаарыг ашиглахгүй байгаа. Ням-Очиртой утсаар ярихдаа болсон асуудлыг итгэл үнэмшилтэй болгохын тулд би өөрөө Дариа гэж нэр зохиогоод таны ажил болсон шүү, таны дэнчингийн мөнгөө нэмэх хэрэгтэй байна, манай санхүүгийн албаны дарга Ариунаа гэж хүнтэй холбогдоорой гэж ярьсан байдаг юм.  Яг үнэндээ болохоо Дариа гэх хүн огт байхгүй, миний санаанаасаа зохиосон нэр гэдгийг хэлэх байна. Би хохирогч Ням-Очир, Батцэцэг нараас авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж байгаад тодорхой хугацааны дараа өгч хохирлыг барагдуулсан байгаа. Хохирогч Батзаяагийн тухайд 194.000.000 төгрөгийн  хохиролтой байгаа  бөгөөд  энэ мөнгийг би хүмүүст тодорхой хугацаа тохирч зээлсэн байгаа бөгөөд энэ талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.  Мөрдөгч намайг ямар хүнтэй хамтарч ажиллаж байсан, мөнгийг юунд зарцуулсан талаар асуугаад хэл гээд байхаар нь Тулга гэж зохиомол нэр хэлсэн.  Түүнээс надад ямар нэгэн цемент хөлдөөсөн бодис зэрэг эд зүйл худалдаж авах шаардлага байгаагүй гэдгийг хэлэх байна..” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 135/,

 

Хохирогч Л.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Ээжийн маань шавь байсан болохоор итгэсэн. Б.А нь энэ нөхцөл байдлаас гарахын тулд алхам тутамдаа худлаа ярьсан. Land-200, шарга морьтод газар, булганд газар, Архангайд үхэр, сарлаг, кофе шоп гэх мэт эх сурвалж нь тодорхойгүй зүйлүүд ярьсаар өнөөдрийг хүрсэн.  Нараа гэж хүнтэй олон удаа утсаар ярьж, уулзахад надад итгэл төрүүлхүйц байдлыг гаргаж байсан. Гурван удаагийн  үйлдлээр нийт 194.012.000 төгрөгийг Б.А гэх энэ хүнд өгч залилуулсан. Үүнтэй холбоотойгоор их хэмжээний зардал гаргаж, төлөвлөсөн ажлаа хийж чадахгүйд хүрсэн, мөн сэтгэл санааны хувьд хохирол амссан учраас гомдолтой байна. 2019 оны 8 дугаар сарын 27-нд 1.700.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 300.000 төгрөгийг миний хаан банкны данс руу шилжүүлсэн. Өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна…” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “...Манай ээж Н.Баярмаа нь Налайх дүүргийн 1-р арван жилийн сургуульд багшилдаг байсан бөгөөд ээжийн ангийнх нь шавь Б.А гэх эмэгтэй 2019 оны 7 сарын 27-ны үеэр манай ээж Н.Баярмаатай холбоо тогтоож би Хятадын замын компанид ажиллаж байгаа ерөнхий нягтлан бодогч болсон сонгон шалгаруулалтыг /тендер/ хариуцсан комиссын ахлахаар ажиллаж байгаа манай компани Улаанбаатар Налайхын чиглэлийн 20.9 км замыг барьж байгаа “Сино Хайдро Корпорейшн Монголия” гэх Хятад компани юм гэж хэлсэн. Тэгээд би ийм албан тушаалд ажиллаж байгаагийн хувьд тендерийн ажлуудыг авч өгч чадна гэж хэлсэн. Тэгээд үүний дагуу ээж надад хэлээд би Б.Атай 2019 оны 27, 28-ны үеэр холбогдож 2019 оны 7 сарын 31-ний өдөр түүнтэй уулзахад ажлуудаа надад танилцуулсан тэр компанийн ажлын талаар мэдээлэл маш сайтай байсан, тухайн өдөр эхний ажил болох Хово машин 5 ширхгийг нийлүүлэх ажлын материал хүлээж авах сүүлийн өдөр энэ ажлыг хийхээр бол манай компанийн дотоод журамд заасны дагуу ажлын өртгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 66.500.000 төгрөгийг бэлнээр байршуулах ёстой гэж надад хэлсэн тэгээд 16 цагаас өмнө материалаа болон мөнгөө авч ирэх ёстой гэсний дагуу итгээд Сүхбаатар дүүргийн хүнсний 4 дүгээр дэлгүүрийн арын шар байрны 303 тоотод 2019 оны 7 сарын 31-ний өдөр 26.500.000 төгрөг бэлнээр нэмээд 15000 доллар /тухайн өдрийн ханшаар 40 сая төгрөг/ бэлнээр Б.Ад хүлээлгэж өгөөд гэрээ хийе гэж хэлтэл дараа нь албан ёсны бичиг баримтуудыг өгнө өнөөдрийн байдлаар материалаа амжиж оруулах нь чухал гэж хэлсэн учраас гэрээ хийж чадаагүй. ...Тухайн мөнгө өгөх үед хүн байгаагүй Б.А бид хоёр байсан. Гэхдээ Б.А компанийн өмнөөс мөнгө хүлээж авсан гэсэн гарын үсэг зурсан. Тэгээд маргааш нь над руу материалаа амжилттай оруулсан шүү гэж Аna Bat гэх хаягаасаа чат бичсэн. Тэгээд удахгүй гэрээ хийнэ ажил найдвартай болсон гээд хүлээлгээд байсан чи энэ хооронд машин тэргээ сайн судлах хэрэгтэй Хятад улс руу яв гээд байсан бөгөөд би Хятад улс руу 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хилээр гарч явж Хово машины үнэ судалж тэр өдрөө буцаж хилээр орж ирсэн. Тэгээд явчхаад ирэхэд Д.Ариунаа ажил бол найдвартай болсон гэхдээ төвөөс гэрээ хийх хугацаа товлож хариу ирээгүй байна хүлээх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал ахиад ийм ажил байна гээд цахилгааны шонгийн гэрэлтүүлэг угсрах ажил байна гэж утсаар ярьсан, чат бичсэн тэгээд би Д.Ариунаатай уулзахад гэрэлтүүлгийн нэг багц дотроо 3 ажилтай энийг би авах боломжтой энэ ажлыг хийх үү, цахилгааны тусгай зөвшөөрөлтэй компани байгаа юу энэ ажлыг авчих аа найдвартай гэж хэлсэн тэгээд сонирхоод 1-2 хоног судлаад боломжтой гэж үзсэн. Тухайн ажлыг хийхэд мөн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө буюу 24000 долларыг /тухайн үеийн ханшаар 64.152.000 төгрөг/ Д.Ариунаад мөн өмнө мөнгө өгч байсан газарт 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн тухайн үед мөн л бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед Туваа гэх хүн илүү үнэмшүүлэх зорилгоор Ариунаагийн утсаар над руу ярьж энэ ажлын талаар илүү үнэмшүүлэх мэдээллүүд буюу энэ ажлууд асуудалгүй, би өөрөө энэ компанийн инженер байгаа юм гэж хэлсэн. Тэгээд маргааш гэрээ хийнэ 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл намайг Блү Скай төвд хүлээлгэсэн. Энэ үедээ мөн өөр ажил надад хэлсэн бөгөөд манай компани Налайхын замд 10 км асфальт дэвсэхээс 2.5 км замд асфальт нийлүүлэх ажлыг найдвартай авч өгч чадна, энэ нь баталгаатай ажил гэж хэлсэн. 1 км замд 3650 тонн асфальт ордог 2.5 км зайд шаардагдах асфальт авна 1 тонныг нь 200.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. ...Үүний дагуу Ариунаа Төрөө гэх замын инженер залууг /99135596/ дугаараас над руу яриулсан бөгөөд тэр залуу нь дээрх 3650 тонн асфальт ордог би асфальт хүлээж авах хүн гэх мэдээллийг надад хэлсэн би Төрөө гэх залууг харвал танина. Тэгээд энэ ажлыг хийвэл ашигтай ажиллах боломжтой юм байна гээд хийхээр болсон бөгөөд мөн л нийт өртгийн 5 хувь буюу 63.360.000 төгрөгийг бэлнээр 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “АПУ” компанийн баруун талын Номин худалдааны төвийн зогсоол дээр би өөрийн 1489УБН улсын дугаартай Прадо 150 маркийн машин дотроо Б.Ад бэлнээр өгсөн тэр үед мөн л бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Тэгтэл одоог хүртэл дээрх ажлууд байхгүй байсан бөгөөд тус “Сино Хайдро Корпорейшн Монголиа” компанийн орчуулагч Нараа гэх эмэгтэй Ариунаатай хамт ажилладаг, оффис дээрээ цуг сууж байна гэх зэргээр утсаар /88500329 дугаараас/ ярьдаг байсан, мессэж бичиж байсан. Мөн том машины дугуй авах, ковш болон түлш авах ажлууд байна үүнийг чамд авч өгнө гэж итгүүлж байсан. Ингээд нийт 3 удаагийн үйлдлээр 194.012.000 төгрөгийн бодит хохирол учруулсан. Мөн энэ хугацаанд Б.А нь надаас 14.400.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 453174394 дугаартай дансаараа нь 6 удаагийн шилжүүлгээр ковш дугуй нийлүүлэх ажлын дэнчин болгож авсан бөгөөд би мөнгөө нэхэхэд Нараа гэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 14.400.000 төгрөгийг миний данс руу “дэнчин буцаалт” нэрээр хийгээд миний утас руу “найз нь өөрийнхөө мэдлийн 14.400.000-г ажлыг чинь болиулахгүйгээр шилжүүлсэн шүү" гэж мессэж бичсэн. Би огт гэрээ хийгээгүй бөгөөд “Сино Хайдро Корпорейшн Монголиа” компанид Б.А ажилладаггүй болохыг би 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр компани дээр нь очиж уулзаад мэдсэн. Тухайн үед тус компанийн орчуулагч Оюунтай /99290258/ уулзахад энэ Ариунаа гэх хүн 2018 оны 5 дугаар сарын 6-аар ажиллах гэрээ нь дуусгавар болоод ажиллахаа больсон, Б.А нь манай компанийн нэрийг барьж хүмүүсээс мөнгө залилаад яваад байна, Ариунаа хайж мөнгө өгсөн гэсэн хүмүүс ирсэн, мөн цагдаагийн газраас намайг дуудаж мэдүүлэг авсан гэж хэлсэн. Надад нийт 194.012.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 39.000 ам доллар, 89.860.000 төгрөгийг Б.Ад 3 удаагийн үйлдлээр өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-25-26/,

 

Хохирогч Н.Ням-Очирын “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр Сарантуул над руу утсаар залгаад манай бэр Мөнхгэрэлийн эгч Ариунаа замын компанид ажилладаг юм байна, тэдний компани Налайхын замын тендерийг авсан гэнээ, өөрөө санхүүгийн албаны дарга хийж байгаа учраас компаниараа оролцооч ээ, замын ажил 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх учраас  одоо дэнчингийн мөнгө  өгч тендерт оролцохгүй бол оройтно гэсэн байсан. Ингээд тэр өдрийнхөө орой  манай гэрт Ариунаа ирээд тендерийн урилга болон нийлүүлэх машины стандарт зургийг авчирч өгсөн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр Сарантуул 30.200.000 төгрөгийг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хойд талын Худалдаа хөгжлийн банктай байранд Ариунаагийн ажлын өрөөнд аваачиж өгөхөд Ариунаа өөрөө баримлын шавраар лацдаж  авсан гэсэн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ариунаа манай нарийн бичиг Дариа гэх эмэгтэй ярина гэж хэлсэн. ...Удалгүй 89181005 дугаарын утаснаас ““Синохайдро” ХХК-иас ярьж байна, танай компанийг тендерт шалгаруулахад дэнчингийн мөнгө арай бага байна, одоо 52.200.000 төгрөг нэмж 80.400.000 төгрөг болгох хэрэгтэй гэж захирлууд шийдвэрлэлээ, тиймээс та Санхүүгийн албаны дарга Ариунаатай ярьж мөнгөө нэмж байршуулаарай” гэхээр нь “за“ гэсэн. Тэгээд би Ариунаатай 88107035 дугаарын утсаар холбогдоод 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 52.200.000 төгрөг аваад Ариунаатай уулзаад өгсөн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өнгөрөхөөр нь Ариунаатай  холбогдоод тендерийн ажил юу болж байна гэтэл санхүүжилт нь орж ирээгүй байна, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшилсон гэж хэлэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болохоор нь дахин Ариунаатай холбогдоход санхүүжилт  орж ирээгүй гэсэн. Тэгэхээр нь би нээх их бодолгүй 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин холбогдоход тендерт бол танайх шалгардгаараа шалгарна, дэнчингийн мөнгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр над руу  өнөөдрөөс мөнгө шилжиж эхэлсэн, танай мөнгө нэг дэх өдөр орчих байх, шатахууны мөнгийг Туул эгчийн данс руу хийх үү гэхээ нь шатахууны мөнгийг Сайнбилэг рүү хий гээд Сайнбилэгийн дансны дугаарыг өгсөн. ...Үүнээс хойш Ариунаа нь мөнгө чинь тэгж байгаад орно, энэ тэнд явж байна гээд худал хэлэх болсон.  2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Нямаа ах мөнгө шилжсэн шүү, гэхдээ “Хас” банкнаас  гэж бас худал хэлсэн. Тэгээд байж байтал 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 99702363 гэсэн дугаараас залгаад танайх мөнгөө алдсан уу, манайх Ариунаа алдчихаад Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа, танайх ямар байгууллага вэ гэхээр нь би шууд утсаа тасалсан. Тэр үеэс би Ариунааг худал хэлж байн гэж мэдэрч эхэлсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ариунаа, түүний нөхөр  Одбаяр, манай эхнэр Сарантуул бид 4 уулзаж  ярилцаж манай мөнгийг оруулсан газар, эсхүл өгсөн хүнээсээ буцааж аваад бид нарт өгчих гэж хэлэхэд Ариунаа би авсан нь үнэн юманд оруулсан байгаа 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гарчих учраас цаад тал нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгчихнө гэж хэлсэн.  Ингээд би 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хүлээхэд Одбаяр гэдэг залуу 5.000.000 төгрөг шилжүүлээд цагдаа, шүүхээр явахгүйгээр шийдэж болохгүй юу гэж захиа бичсэн байсан.  Ариунаа бид нарын мөнгийг тендерт оруулна гэж  зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний хохирлыг Ариунаагаас яаралтай гаргуулж өгнө үү. Би Ариунаад тендерийн мөнгө гэж 82.400.000 төгрөг өгсөн. Үүнээс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Сарантуулын данс руу 5.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөгийг Ариунаагийн нөхөр Одбаяр тус тус шилжүүлсэн. Одоо Ариунаагаас үлдэгдэл 73.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Ариунаа нь ачааны машины худалдан авах буюу түлш нийлүүлэх тендерийн дэнчингийн мөнгө гэж нийт 4 удаагийн үйлдлээр 145.100.000 төгрөгийг Сайнбилэг бид хоёроос авсан. Тухайн үед бид хоёрыг залилж байна гэж мэдээгүй. Надаас Ариунаа нь зээл аваагүй. Тендерийн  ажил олж өгнө гэж  авсан. Сүүлд нөхөр Одбаяр нь зээлүүлсэн гэж  гэж бичиж өгч эхнэрийнхээ энэ асуудлыг  шийдсэн. Ариунаад залилуулсан болохоо 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 99702363 дугаарын утаснаас залгаад танайх Ариунаад дэнчингийн мөнгө алдсан уу, би дэнчингийн мөнгөө авч чадахгүй байна гэж хэлэх үеэс би залилуулчихлаа гэж мэдсэн. Надад гомдол санал байхгүй, хохирол бүрэн барагдсан...” гэх мэдүүлэг /1хх-63-120/,

 

Хохирогч Ш.Сайнбилэгийн “...Би “Посибол” ХХК-ийг 2015 оны 12 дугаар сард байгуулж  өөрөө захирлаар нь ажилладаг юм.  2019 оны 02 дугаар сарын  18-ны өдөр манай баз хүргэн Н.Ням-Очир ах утсаар ярьж бэр Мөнхгэрэлийн эгч Ариунаа “Синохайдро” ХХК-ийн тендер хариуцсан хүн юм байна, Налайхын засмал замын ажилд дизель түлш нийлүүлэх ажил байгаа гэж байна, танайх орох уу гэхээр нь би ийм ажлын туршлага байхгүй гэхэд Ариунаа бүх ажлаа өөрөө хариуцна мэдэж байгаа гэхээр нь та мэдэж байгаа юм чинь танд итгээд оролцъё гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ням-Очир ахын эхнэр Сарантуул над руу залгаад Ариунаа ярьж байна, компанийнхаа санхүүгийн тайлангаа, дэнчингийн мөнгө, тамгаа аваад хүрээд ир гэж байна гэхээр нь за тэгье гэж хэлээд би өөрөө санхүүгийн тайлан, тамгаа аваад Сарантуул эгчээс дэнчингийн мөнгө болох 48.000.000 төгрөгийг аваад  Сарантуул эгчтэй хамт Ариунаа  гэдэг хүний ажил дээр бэлнээр 48.000.000 төгрөгийг өгсөн.  ...Тэгсэн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ням-Очир ах над руу яриад нөгөө газраас дэнчингийн мөнгө нэм гэнээ 14.700.000 төгрөг Ариунаа руу яриад өгчих гээд  над руу 14.700.000 төгрөг шилжүүлэхээр нь би тэр мөнгийг аваад Ариунаа гэдэг хүнтэй 88107035 дугаарын утсаар холбогдож  бэлнээр өгсөн. Тэр үед Ариунаа дахин АИ-92 нийлүүлэх ажил гарч магадгүй, хэрэв гарвал чамтай  эргээд холбогдоно, одоо манай захирлууд эмэгтэйчүүдээ баярлуулах гээд “Шангрилла моллд” хоол идүүлэх учраас эгч нь яаралтай  явж байна гээд мөнгө аваад явсан.  Би түүнээс хойш Ням-Очир ах руу залгаж нөгөө ажил юу болж байгаа талаар асуухад Ариунаа нь санхүүжилт орж ирэхгүй байгаа болохоор гэрээ хийгдэхгүй удаад байна, гэхдээ энэ ажил жаахан эргэлзээтэй болоод байна ах нь ямар нэг юм болвол чам руу ярина гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ням-Очир ах над руу залгаж  нөгөө Ариунаа бид нарыг залилсан байна, чи манай гэрт хүрээд ир, өргөдөл гаргаж цагдаад хандахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь өргөдөл гаргаж танай байгууллагад хандсан.  Миний хувьд Ням-Очих ах, Сарантуул эгчээс 62.700.000 төгрөг зээлж тендерт оролцох гэж өгсөн. Миний хувьд Ариунаа гэдэг хүнд гомдолтой байна,  Ням-Очир ах бид хоёрыг зориуд зохиомол байдлыг бий болгож  залилсан байна.  ...Миний хувьд Ариунаагаас 62.700.000 төгрөг нэхэмжилж байна. ...Ариунаа надаас  Налайхын зам засварын тендерийн ажлын дэнчингийн мөнгө гэж  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 48.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 14.700.000 төгрөг бэлнээр тендерийн мөнгө гэж хэлж авсан. Надаас Ариунаа нь мөнгө зээлсэн асуудал байхгүй, зээлээгүй. Налайхын зам засварын ажилд түлш нийлүүлнэ гэж  өөр компани  байна уу гээд Ням-очир ахад хэлээд  ах надад санал болгоод Ариунаад мөнгө өгсөн. Би Ариунаагаас ажил юу болж байна гэж асуухад болж байна, одоохон гээд хэлээд байдаг байсан. Гэтэл Налайхын замын ажил явагдаад байдаг. Тэгээд Ариунаад залилуулснаа мэдсэн. Ариунааг би танихгүй Ням-Очир ах танилцуулахдаа “Синохайдро  Корпорейшн Монголиа” ХХК-ийн санхүүгийн албаны дарга ажилтай гэж хэлж байсан. Ням-Очир ах хэлэхдээ Ариунааг хохирлоо бүрэн төлсөн гэж хэлсэн, уг мөнгийг Ням-Очир ахаас зээлээд өгсөн байсан, надад гомдол санал байхгүй”... гэх мэдүүлэг /1хх-68-69, 120-121/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сувданбилэгийн “...Удалгүй 88107035 дугаараас Ариунаа гэх эмэгтэй залгаад “Баагийгаас таны дугаарыг авсан би Синохайдро корпорейшн ХХК-ийн нягтлан байгаа юм манайх Налайхын замыг хариуцаж байгаа бөгөөд хаалттай тендер зарлаж түлш нийлүүлснээс болж гэрээ цуцлагдсан тул дахин тендер зарлаж байгаа юм, танайхыг оруулбал танайх түлш нийлүүлж чадах уу гээд ярихад нь захирал зөвшөөрөөд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай ажил дээр уулзахаар болсон. Тэгээд уг өдөр 12 цагийн үед Б.А нь манай ажил дээр ирээд Түлш нийлүүлэх тендерт оруулаад өгье үүний тулд нийт нийлүүлэх түлшний 10 хувийг дэнчингийн мөнгө болгож бэлнээр өгөх хэрэгтэй, мөн тендерт оролцох албан бичиг, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, 2 байгууллагатай байгуулсан түлш худалдах худалдан авах гэрээний хуулбар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичиг баримтуудыг дэнчингийн мөнгө болох 8.400.000 төгрөг болон тендерийн урилгын 50.000 төгрөгийн хамт бэлнээр авч бор дугтуйнд хийгээд аваад явсан. ...Үүний дараа энэ өдрийн үдээс хойш дахиж захирал руу залгаад манай компанид Хово машин нийлүүлэх тендер байгаа түүнд танай байгууллага 10 машин нийлүүлэх үү гэж асуухад захирал зөвшөөрсөн. Гэтэл Б.А нь одоо танай ажил дээр яваад очъё дэнчингийн мөнгөөр бэлдэж бай 1 өдөр цуг материалыг чинь авчихвал амар байна гээд манай ажил дээр ирэхэд манай ажил дээр 10 Хово машины дэнчингийн мөнгө байгаагүй тул 4 Хово машин, 1 ковшны дэнчингийн мөнгө болох 39.800.000 төгрөгийг тендерийн уриалга 50.000 төгрөгийн хамт бэлнээр өгсөн. Энэ үед бид Б.Агийн бичиг баримтыг шалгая гэхэд Б.А нь байхгүй гэсэн тул ажлын замын хойд талын ТҮЦ машинаас лавлагаа авахуулаад захирал нотариат руу дагуулж ороод иргэн хооронд зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд захирал Ж.Батцэцэг намайг Б.Аг их мөнгөтэй юм чинь ажил дээр нь хүргээд өг гээд би машинаар хүргэж өгөөд Б.Агийн ажил болох “Синохайдро” ХХК дээр очиход 1 давхрын кофены газарт суугаад намайг дээшээ гараад ажлынх нь өрөөнд ямар хүн байгааг мэдээд өг, би шууд мөнгө бариад орж болохгүй байна, инженерээ ирэхээр хувцсанд нь мөнгөө боогоод оруулна гэж хэлээд би дээшээ 303 тоот руу ороод үзэхэд 1 эрэгтэй хүн сууж байхаар нь доошоо буугаад Б.Ад хэлчхээд би явсан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.А нь дахиад захирал руу залгаад манай инженер тендерт 10 машин оруулах байсан боловч чадахаа больчихлоо, та дахиад 10 машин нийлүүлж чадах уу гэсэн. Үүний дагуу захирал зөвшөөрөөд Б.Аг ажил дээр хүрээд ир гээд дуудсан бөгөөд энэ хооронд би Б.Аг ажилладаг эсэхийг шалгахаар ажил руу нь очтол 1 Хятад хүүхэд байсан бөгөөд би хятад хэл мэддэг хамтарч ажилладаг хүнээр дамжуулан Б.Аг энд ажилладаг талаар асуулгахад Б.А гэх нэртэй хүн байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өрөөнд нь харсан залуугийн нэр утасны дугаарыг нь олж аваад залгаж Б.Аг ажилладаг эсэхийг асуухад ажилладаггүй гэж хэлсэн. ...Би захирал руу яриад энэ газарт ажилладаггүй гэдгийг хэлээд Б.Аг битгий явуулаарай гээд өөрөө ажил дээрээ буцаж ирсэн. Тэгээд Б.Агийн ажлын үнэмлэхийг шалгая гэхэд байхгүй гэхэд нь захирал Ж.Батцэцэг эгчдээ үнэнээ хэлээ яг ажилладаг юм уу чамайг хүмүүс ажилладаггүй гэж байна гэхэд Б.А нь өөрийгөө “Синохайдро” ХХК-д ажилладаг гэсэн ба надад итгэхгүй байгаа бол мөнгөө авч болно гэсэн. Тэгээд бид мөнгөө авъя гэхэд ажил дээр очиж инженерээр авчруулж өгнө гээд цуг явж байх үед Б.Агийн утсанд 99118789 гэх дугаараас “Дэнчингийн мөнгө гэж хэлж авсан гээ биз дээ буцааж өгөөд асуудалгүй болго” гэсэн зурвас ирсэн байхыг би өөрийн нүдээрээ харсан. Мөн 99035555, 99073552, 88600258 гэсэн дугаартай хүмүүстэй холбогдоод байсан бөгөөд ажлынх нь гадаа очоод таксинаас буухад 88600258 гэх дугаараас Б.А руу залгаад “Чамайг манайд ажилладаг эсэхийг хүмүүс асуугаад байна, юу болоод байгаа юм бэ” гэж ярьсан. Тэгэхэд Б.А нь та нар намайг асуулгаад байгаа юм уу гэсэн бөгөөд ажил руугаа хүн дагуулж орж болдоггүй болохоор 3 уулаа 1 давхарт сууж байя гэсэн. Бид үнэнээ хэл мөнгөө авъя гэхэд Б.А нь инженер маань Налайхаас мөнгөө аваад ирж байгаа 17 цаг болтол хүлээе гэсэн. Энэ хооронд би таныг ажилладаггүйг мэдсэн учир та үнэнээ хэл гэхэд Б.А нь 2018 оны 5 дугаар сард жирэмсний амралтаа аваад ажлаасаа гарсан, гэхдээ энэ ажил бол үнэн надад итгэ гэж хэлсэн. Тэгээд бид 17 цаг хүртэл хүлээхэд инженер нь ирээгүй тул утсыг нь өг яръя гэхэд Б.А “Би нийт авсан мөнгөнийхөө 1 хоногийн хүүг тооцоод тань руу 18 цаг гэхэд шилжүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр үгүй гээд Б.Аг дагуулаад ажил дээр ирсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь цагдаа руу дагуулаад явсан. Тэр хооронд би 99118789  дугаар руу залгаад Б.Ад дэнчингийн мөнгө алдсан уу гэж ярьсан. Манай байгууллага нийт 48.300.000 төгрөгөө бүрэн авсан тул гомдолгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн  217 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Баярмаагийн “...Би Налайх дүүргийн 1 дүгээр сургуульд 1988-1998 оны хооронд математикийн багшаар ажилласан бөгөөд тухайн хугацаанд Батсуурийн Ариунаа гэх хүүхэд тус сургуульд сурдаг байсан. Тухайн хүүхдэд 4-р ангиас 10-р анги төгстөл математикийн хичээл заасан. Б.А нь 9-р ангиасаа манай ангид орж ирсэн бөгөөд би сүүлийн төгсөх 2 жил ангийн багшаар нь ажилласан энэ үед Б.А нь ангийн дарга байсан. Б.Агийн ээж нь манай сургуульд тухайн үед нягтлан бодогч хийж байсан юм. Тэгээд үүнээс хойш хаяа холбоотой байсан бөгөөд/2019 оны 07 сарын сүүлээр Б.А над руу утсаар яриад хүүхдүүдээс чинь хамтарч ажиллах, сонгон шалгаруулалтад орох хүн байна уу “Сино Хайдра Корпорайшн Монголиа Лимитед” компанид ерөнхий нягтлан бодогч хийж байгаа бөгөөд энэ компани Налайхын замын ажлыг хийж байгаа сонгон шалгаруулалтыг би ахалж ажилладаг, шийддэг юм материалууд цуглуулж байна гэж утсаар хэлсэн тэгээд уулзаж байгаад больё гэсэн. Тэгээд би 2019 оны 07 сарын 31-ний өдөр хот руу явж байхад 11 цагийн үед над руу Б.А залгаад “Хово” машин нийлүүлэх ажил байна өнөөдөр 16 цагт материал өгөх сүүлийн хугацаа байгаа юм танай хүүхэд хамтарч ажиллах уу хамгийн гол нь "Хово” машин нийлүүлэх ажлын нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг дэнчин болгож бэлнээр байршуулах ёстой гэж хэлсэн. ...Тэгээд би хүү Батзаяагийн утасны дугаарыг Б.Ад өгсөн. Тэгээд би хотод ирээд хүү Батзаяа намайг тосоод шууд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Зайсан Скүер” төвийн 2 давхарт Кафед уулзсан. Тухайн үед уулзахад Б.А өөрийгөө “Сино Хайдра Корпорайшн Монголиа лимитед” нягтлан бодогч, сонгон шалгаруулах комиссын дарга гэж хэлсэн бөгөөд Налайхын замын ажлыг хийж байгаа. Бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулна гэж хэлээд одоо 16 цагаас өмнө ажлын үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө бэлнээр байршуулах ёстой гэж хэлсэн. Хэрэв сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн ч тэнцээгүй ч уг дэнчингийн мөнгийг буцааж өгнө гэсэн гэхдээ Батзаяагийн мөнгийг найдвартай тэнцэнэ гэж хэлсэн. Мөн тухайн үед яагаад бэлнээр мөнгө байршуулах талаар асуухад өмнө жил манайд машин нийлүүлсэн хүмүүс барьцаа мөнгөө байршуулахгүй дансны хуулга үзүүлээд санхүүгийн чадамжтай гэж харуулаад ажил авч хийсэн боловч урьдчилгаа санхүүжилтээрээ машинаа нийлүүлж чадахгүй бөөн асуудал үүсгэсэн учраас энэ жилээс бэлэн мөнгө байршуулах журамтай болсон гэж тайлбарласан. Тэгээд тэндээс би шууд салаад явсан манай хүү Л.Батзаяа мөнгө хайж 16 цагаас өмнө бэлэн болгохоор явсан. Миний хувьд Б.Ад мөнгө өгсөн зүйл байхгүй. Харин миний хүү Л.Батзаяа нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 66.500.000 төгрөг өгсөн байсан би Б.Атай холбогдоход мөнгө авсан гэж байсан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 64.152.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 63.360.000 төгрөгийг Л.Батзаяа Б.Ад өгсөн байсан. Б.А нь миний шавь байсан бөгөөд өөрийгөө тус компанид ажилладаг бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж авна гэсний дагуу манай хүү бид хоёр итгээд дээрх мөнгийг өгч залилуулсан. ...Тус “Синрхайдра Корпорайшн Монголиа” компанид Б.А нь тухайн үед ажилладаггүй байсан болохыг би 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр компани дээр нь очиж уулзаад Оюун гэх нэртэй /Г.Айпин жинхэнэ нэр/ Өвөрмонгол эмэгтэйтэй уулзаж мэдсэн. Одоо Б.Атай ярьж мөнгөө авах талаар хэлэхэд би өгнөө гэж хэлдэг боловч өгөхгүй байгаа, сүүлийн үед яасан талаар асуухад би мөнгийг чинь хүнтэй хамт юм хийх гээд өгчихсөн гаргаж авч чадахгүй байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-29-30/,

 

Гэрч Гуо Айпиний “...Би Монгол хэл бичиг мэднэ, уншиж, бичиж чадна, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс “Синохайдро Корпорейшн Монголиа” ХХК-д орчуулагч, захирлын туслахаар ажиллаж байгаа. Би Батсуурь овогтой Ариунаа гэдэг хүнийг танина. Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр нягтлан бодогч хийж байсан. Батсуурь овогтой Ариунаа манай байгууллагад ажилладаггүй. Манай байгууллагад Дариа гэх нэртэй нягтлан бодогч ажилладаггүй.  Би Ариунааг одоо хаана ямар ажил хийдэг болохыг мэдэхгүй.  Ариунаа нь 88107035 гэсэн дугаар барьдаг. Манай “Синохайдро Корпорейшн Монголиа” ХХК-нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Гачууртын уулзвараас Налайхын уулзвар хүртэл 20.9 кл замын ажлын гэрээг Улаанбаатар хот Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулж 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс авто замын ажил албан ёсоор эхэлсэн. Б.Арианаа нь манай байгууллагад ажилладаггүй учраас Ням-Очир, Сайнбилэг нараас дэнчингийн мөнгө авсан асуудлыг мэдэхгүй. Б.А нь манай байгууллагын нэрийг барьж бусдыг залилсан байна”... гэх мэдүүлэг /1хх-74-75/,

 

Гэрч Д.Сарантуулын “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг 3 дугаар хороолол манай лангуун дээрээ байж байхад Б.А ганцаараа ирээд би замын компанид санхүүгийн албаны дарга хийдэг юм, манай компани Налайхын замын тендерийг авсан байгаа манай компанид Хово маркийн авто машин худалдаж авах тендер байгаа, танайх компаниараа оролцооч ээ гэхээр нь би сайн мэдэхгүй манай нөхөртэй уулз гэж хэлсэн ба тэр орой нь Б.А манай гэрт ганцаараа ирээд манай нөхөр Ням-Очиртой уулзаж ярилцаад уг тендерт нь оролцохоор тохиролцсон ба маргааш нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ард талын “Худалдаа хөгжлийн банк”-тай байрны 2-3 давхарт байх нэг өрөөнд Хово машины тендерийн дэнчингийн мөнгө болох 30.200.000 төгрөг бэлнээр аваачиж өгөхөд Б.А өөрөө миний өгсөн мөнгийг хавтсанд хийж лацдаж битүүмжилж авсан. Мөн Б.А дараа нь манай нөхөрт Ням-Очирт дизель түлшний тендерийн ажил байна гэхээр нь дүү Сайнбилэгт хэлээд компаниар оролцох санаатай Сайнбилэгт мөнгө зээлүүлж 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дүү Сайнбилэгийн хамт дээрх байранд очиж Б.Ад дизель түлшний тендерийн дэнчингийн мөнгө болох 48.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. ...Тэр үед Б.А Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ард талын “Худалдаа хөгжлийн банк”-тай байрны 2-3 давхарт байсан өрөөг өөрийнхөө хувийн оффисын өрөө гэж хэлж байсан. Тэрнээс Б.А бид нараас ямар нэгэн зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй. Харин бид нарыг Налайхын зам засварын ажилд Хово болон дизель түлш нийлүүлэх тендерт оролцуулж өгнө гэж тендерийн дэнчингийн мөнгө гэж их хэмжээгээр авсан нь үнэн болно. Б.А нь хохирол барагдуулсан”... гэх мэдүүлэг /1хх-105-106/,

 

Гэрч Ж.Батцэцэгийн “...88107035 дугаараас нэг эмэгтэй яриад тантай уулзъя манай найзын компани дээр уулзъя гэсэн тэгэхээр нь би шаардлагатай бол манай ажил дээр хүрээд ир гэсэн тэр өдөр 13 цагийн үед Ариунаа гэж хүн “Синохайдро корпорейшн монголиа” ХХК-ийн би нягтлан нь байна. Манайх налайхын замын ажлыг хариуцаж ажиллаж байгаа компани бөгөөд хаалттай тендер явуулах эрхээ авсан. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хаалттай тендерээр шатахуун нийлүүлэх тендер зарласан бөгөөд эхний удаагийн тендерээр хувь хүн тэр хүн хольцтой түлш нийлүүлсэн учраас дахин тендер явуулахаар болсон танай компани албан бичгээр саналаа өгөөд түлш нийлүүлэх тендерт сард 10 тонн түлш нийлүүлнэ гэж хэлсэн тэгээд тендерийн үнийн дүнгийн 10 хувийг дэнчин болгож авах ёстой мөнгө бэлнээр гаргаад өг гэж хэлсэн тэгэхээр нь бид нар мөнгө бэлдэж мөнгөө тухайн эмэгтэйд бэлнээр гаргаж өгсөн. Гэтэл тэр өдрийнхөө оройн 16 цагаас 17 цагийн хооронд дахин 10 ширхэг Хово машин нийлүүлэх тендер бас байгаа тэрэнд ч ба танайх ор гэж хэлсэн. ...Тэгэхээр нь манай компани зүгээс бид нарт 10 машины дэнчин байхгүй 4 машины дэнчин болох 39 сая 800 мянган төгрөг байна гэхэд нөгөө эмэгтэй болно гээд тэр өдрөө мөн мөнгө бэлнээр авсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өглөө нөгөө Ариунаа гэх эмэгтэй над руу залгаад манай инженер 10 машин худалдаж авах тендерт компани оруулах байсан боловч цаад газар нь худлаа юм шиг байна таныг 10 машин нэмээд гэрээнд оруулах уу гэж асуусан. Тэгэхэд нь би тэгье гэж хэлээд компанийнхаа хуулийн зөвлөх Сувданбилэгийг энэ Ариунаа гэх эмэгтэйг ажил дээрээ байна уу гэдгийг нь үзээд ир гээд явуулсан манай хуулийн зөвлөх тухайн эмэгтэйн ажил дээр нь очоод үзсэн чинь тийм Ариунаа гэх хүн ажилладаггүй гэж хэлж байна гэж хэлсэн.Тэгэхээр нь би налайхын зам тээвэрт хамтран ажилладаг хүмүүсээ асуухад нягтлан гэгч Ариунаа гэх хүн огт ажилладаггүй тогтоогдсон. Тэгээд манай зүгээс нөгөө Ариунаа гэх эмэгтэйд та “Сонихайдро корпорейшн монголиа" ХХК нягтлан хийдэггүй юм байна ш дээ гэж хэлсэн чинь хэн тэгж байгаа юм би ажилладаг ш дээ гээд манай ажил руу цуг явъя би нотлох баримтаа үзүүлье гэсэн”... гэх мэдүүлэг /1хх-220/,

 

Гэрч У.Хажидын “...Б.А нь манай найзын ХХК дээр уулзъя тэнд компьютер байгаа гэсэн бөгөөд манай захирал манайд ч гэсэн байна манай ажил дээр хүрээд ир гээд дуудсан. Тэгээд 2019 оны 7 дугаар арын 04-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай ажил дээр Б.А нь ирж уулзаад “Түлшний хаалттай тендер”-ийн урилга авч ирсэн бөгөөд уг тендерийн гүйцэтгэлийн барьцаанд 8.450.000 төгрөгийг бэлнээр авсан. Ийнхүү хуулийн зөвлөх Г.Сувданбилэгээр тендерт оролцохыг хүссэн албан бичиг бичүүлэн, надаас 2018 оны жилийн эцсийн аудитын тайлангийн хуулбар, аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар, хамтран ажиллах гэрээний хуулбар нарыг бүрдүүлэн авч бор бичгийн дугтуйнд бэлэн мөнгөний хамт хийж аваад явсан. Захирал Б.Агаас тус машины тендерийн тухай асуухад манайд 40 машин нийлүүлэх ажлын тендер байгаа гээд түүнээс 10 машиныг өөр байгууллага авсан боловч капитал машин нийлүүлсэн учир түүний гэрээг цуцалсан, нөгөө 10 машиныг тендерийг Батболд авсан, дахиад 10 машиныг нь инженер авсан, үлдсэн 10 машиныг тендер зарласан байгаа учир та нийлүүлж болно гэж хэлж байсан бөгөөд Б.А нь эхлээд түлшнийхээ гэрээг байгуулчхаад дараа нь энэ асуудлын талаар ярилцъя гэсэн. ...Тэгээд Б.А нь 8.450.000 төгрөгөө аваад цайны цаг дуусчихлаа гээд яараад явсан бөгөөд Б.А нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний 15 цаг өнгөрч байхад эргээд захирал руу залгаад танай тендерийн материалыг оруулчихсан бөгөөд 10 машинаа нийлүүлье гэвэл өнөөдрийн дотор материалаа бүрдүүлээд барьцааны мөнгө болох 80.000.000 төгрөгийг хамт ажил тарахаас 17 цагаас өмнө бүрдүүлээд өг гэсэн. Энэ үед манай ажил дээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын шатахуун түгээх станцын эрхлэгч Д.Жаргалмаа тооцоо нийлэх гээд ирчихсэн байсан учир гадаа хурлын зааланд орж Б.Атай 4 машин 1 ковш нийлүүлэх гэрээ байгуулахаар болоод орж ирсэн. Тэгээд захирал 40.000.000 төгрөг авахаар банк руу гарсан бөгөөд энэ үеэр Б.А нь манай өрөөнд орж ирээд надаар албан бичиг бичүүлэх гэсэн бөгөөд хуулийн зөвлөх Г.Сувданбилэг орж ирээд албан бичгийг нь бичиж өгсөн. Энэ үеэр захирал орж иртэл Б.А нь захиралтай нотариат орж зээлийн гэрээ байгуулъя гээд бичиг баримтгүй болохоор ТҮЦ машин ороод лавлагаа авч нотариат орж гэрээ байгуулахаар явсан. Тэр хойгуур би тендерийн урилгатай танилцаж байхад урилга дээр ажлын байрны хаяг нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо гэж бичсэн байсан бөгөөд уг газарт “GР” плаза гэсэн барилга байдаггүйг би мэдэх учир интернэтээр тухайн хаягийг хайж үзтэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрладаг байсан. Мөн 1950-аас “GP” плазагийн харуулын дугаарыг аваад залгаад танай 3 давхарт ямар байгууллага байдаг вэ гэж асуухад “Синрохайдро Монгол” гэдэг байгууллага байдаг гэж хэлэхэд нь байдаг юм байна хаягаа андуураад бичсэн байна гэж бодсон.  ...Мөн уг байгууллагын туслан гүйцэтгэгч “Тэгш Плант” ХХК-ийн нягтлан бодогч  Болорцэцэгээс  уг байгууллагын нягтлан бодогч хэн бэ гэж асуухад Минжмаа гэж хүн байгаа гэж хэлсэн. Б.А нь анх өөрийгөө уг байгууллагын ерөнхий нягтлан, төслийн удирдагч гэж танилцуулж байсан. Б.Аг эргээд манай ажил дээр орж ирэхээр нь та нягтлан гэсэн биз дээ Минжмаа гэдэг хүнийг таних уу гэж асуухад би танихгүй би өөрөө нягтлан гэж хэлсэн. Ийнхүү Б.А нь бичиг баримтаа бүрдүүлээд 39.850.000 төгрөгийг аваад бор дугтуйнд хийгээд хуулийн зөвлөх Г.Сувданбилэг ажил дээр нь хүргэж өгөх гээд хамт явсан. Би тэгээд “Тэгш Плант” ХХК-ийн нягтлан Минжмаагийн дугаарыг аваад танайд Ариунаа гэж хүн байдаг уу гэтэл Б.А нь 2018 оны 05 дугаар сард манайхаас гарсан, гарснаасаа хойш манай нэрийг бариад луйвар хийгээд яваад байгаа, мөнгөө алдав гэж хэлсэн. Тэгээд Б.А нь манай захирал, хуулийн зөвлөх хоёрт намайг цагдаад битгий хэлээч гэж гуйсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батболдын “...2019 оны 7 дугаар сарын эхээр Б.А 88107035 дугаараас залгаад би “Синохайдро Монголиа” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байгаа, манай байгууллагад түлш нийлүүлж байгаа компани муу түлш нийлүүлээд машинууд нь доголдоод байна, яаралтай түлш нийлүүлэх компани олоод өгөөч гээд над руу 7 хоногийн турш тасралтгүй ярьсан. Тэгээд би өөрийн танил болох Мэндбаяртай холбогдоод Налайхын замын ажилд түлш нийлүүлэх компани байна уу гэхэд Ж.Батцэцэг гэх хүнтэй холбогдоод асуу гэж хэлсэн. Тэгээд би Ж.Батцэцэг гэх хүнтэй холбогдоод танайх Налайхын замын ажилд түлш нийлүүлэх үү, Б.А гэх хүн хамтарч ажиллах хүн байна уу гэж асууж байна гэхэд гэрээг нь харья гэхээр нь Ариунаагийн утсыг өгсөн. Тэгээд түүнээс хойш 2019 оны 07 дугаар сард наадмын үеэр  Батцэцэг гэж хүн залгаад Б.Ад залилуулчихлаа  48.300.000 төгрөгөө гэж хэлж байсан. Тэгээд би Ариунаа руу залгахад утсаа авахгүй сураггүй алга болсон. Б.А нь өмнө нь надад “Синохайдро” ХХК-д нягтлан хийж байгаа байгууллагадаа 10 ширхэг Хово машин авах гэж байгаа гээд надаас дэнчингийн мөнгө гэж 64.000.000 төгрөг аваад ажил нь явагдаагүй. Би 2 сарын дараа буюу 2019 оны 7 дугаар сарын сүүлээр Б.Агаас мөнгөө авч байсан. Яг үүн шиг Ж.Батцэцэг эгчид худал хэлж мөнгө авч залилсан байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 229-230 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Баасандоржийн “...2019 оны 8 дугаар сарын эхээр манай найз Л.Батзаяа том хүнд машин механизмын үнийн санал судлах хэрэгтэй байна хамт Хятад улс руу яваад өгөөч машин судалъя гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд өөрийн аавын хамт Батзаяа бид гурав 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хятад Улс руу зорчиж Эрээн хот руу гарч том тэрэг худалдаалдаг “8 шарга” нэртэй захад очиж Хово маркийн тэвштэй ачааны машин судалсан. “Хово Синотрак” маркийн автомашиныг судалсан бөгөөд 25 би лүү 40 тонны даацтай машин судлахад үнэ нь 120.000 юань болж байсан. Монгол мөнгөөр нэг машин 140.000.000 орчим сая төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд машины үнэ судалчхаад өдөртөө буцаад ирсэн. Л.Батзаяа яг хэнд хэдэн төгрөг залилуулсан талаар нь мэдэхгүй байна, өөрөөс нь сүүлд сонсоход хүнд залилуулсан гэж хэлж байсан, хэдэн төгрөгийг хэзээ, хэрхэн залилуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Одбаярын “...Би өөрийн эрх үүрэгтэйгээ ойлгож танилцлаа. Надад мэдүүлэг өгөхөд ямар нэгэн байдлаар татгалзах зүйл байхгүй байна. Батсуурийн Ариунаатай танилцаж хамтран амьдраад 2 жил орчим хугацаанд цугтаа хамтран амьдарч байна. Бидний тухайд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулаагүй байгаа бөгөөд охин О.Номинбилэг 2018 оны 6 дугаар сард төрсөн 1.6 настай одоо гэрээрээ эхнэр Б.А нь харж асарч байгаа юм. Б.Агийн тухайд гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг эелдэг зөөлөн зан ааштай ямар нэгэн гаж буруу хорт зуршилгүй хүн байгаа юмаа. Миний тухайд Б.Аг хүмүүсээс мөнгө төгрөг авсан талаар огт сонсож мэдээгүй байж байгаад сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн үеэс нь л мэдэх болсон. Надад энэ хүмүүсээс авсан мөнгийг ямар зүйлд зарцуулсан болох талаараа огт хэлж яриагүй бөгөөд энэ талаар нь асуухаар анхнаасаа чамд хэлээгүйг уучлаарай, би өөрөө мэдээд зохицуулна аа чамд ямар нэгэн байдлаар хамааралгүй ээ гэж хэлдэг болохоор нь би энэ асуудлаас үүдэн ямар нэгэн таагүй харилцаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал эвдэгдэхээс эмээгээд энэ талаар нь лавлаж сайн асуудаггүй юмаа. Б.А нь 2018 оны 6 дугаар сард төрснөөс хойш гэртээ хүүхдээ хараад л сууж байгаа ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа гэдгийг хэлэх байна. Манай гэр бүлийн хүн болох Б.Агийн гэр бүл ойр дотны төрөл садангийн хүмүүстэй би сүүлийн хоёр жилийн хугацаанд ер нь л бол тодорхой танилцаж хэн хэнийгээ мэдэлцсэний хувьд түүний садан төрөл ойр дотны хүмүүст Төв аймгийн Лүн суманд амьдардаг Дариа гэх хүн байдаггүй болох талаар тодорхой хэлж чадах байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 134 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-47/, оршин суугаа газрын тодорхойлолт /2хх-48/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /2хх-49-51/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-31/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-136-140/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө “Синохайдро Корпорейшн Монголиа” ХХК-ийн Санхүүгийн албаны даргаар ажилладаг, манай байгууллага Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажлыг авсан гэж хохирогч Н.Ням-Очир, Ш.Сайнбилэг нарт худал хэлж өөрийгөө танилцуулан хуурч 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй замын ажилд Хово маркийн ачааны авто машин нийлүүлэх тендерийн ажил авч өгнө гэж  хохирогч Н.Ням-Очироос 82.400.000 төгрөг, дизель түлш нийлүүлэх тендерийн ажил авч өгнө гэж хохирогч Ш.Сайнбилэгээс 62.700.000 төгрөг нийт 145.100.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшээт Булаг” ХХК-ийн захирал Ж.Батцэцэгээс тендерт хамруулж өгнө, дэнчингийн мөнгө гэж нийт 48.300.000 төгрөгийг хуурч, бичиг баримт ашиглаж, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Батзаяад өөрийгөө “Сино Хайдро Корпорейшн” ХХК-д ажилладаг, Хово маркийн авто машины нийлүүлэх тендерт оролцуулна, ялалт байгуулж өгнө гэж хуурч 194.012.000 төгрөг буюу нийт 387.412.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 387.412.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Н.Ням-Очир, Ш.Сайнбилэг, Л.Батзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сувданбилэг, гэрч Гуо Айпин, Д.Сарантуул, Ж.Батцэцэг, У.Хажид, Б.Батболд, Н.Баярмаа, Д.Баасандорж нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Агийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээс гадна талуудын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Агийн дээрх нэр бүхий хохирогч нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, бусдад нийт 387.412.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид холбогдох хэргийг зөв зүйлчилж ирүүлсэн байна.  

Иймд шүүгдэгч Б.Аг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Агийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Ням-Очирт 82.400.000 төгрөгийн, хохирогч Ш.Сайнбилэгт 62.700.000 төгрөгийн, хохирогч Ж.Батцэцэгт 48.300.000 төгрөгийн, хохирогч Л.Батзаяад 194.012.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ням-Очирт учруулсан 82.400.000 төгрөгийн, хохирогч Ш.Сайнбилэгт учруулсан 62.700.000 төгрөгийн, хохирогч Ж.Батцэцэгт учруулсан 48.300.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байх ба хохирогч Л.Батзаяад учруулсан 194.012.000 төгрөгийн хоирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Агаас нийт 194.012.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Батзаяад олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Агийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжээр торгох буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б.А-г хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.А нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Агаас 194.012.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Батзаяа (РД:     )-д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                                                                                      

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР