| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/03170/и |
| Дугаар | 101/ШШ2016/00395 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/00395
| 2016 оны 7 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/0395 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Даймонд файнанс ББСБ” ХХК-ийн /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Нацагдоржийн 12-1А тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9015002026, РД:5421446/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 73 Их тойруу гудамж 1 дүгээр байр 17 тоотод оршин суух, Баатат овогт Чулуунбаатарын Мөнхгэрэл /РД:УХ66053103/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 73 Их тойруу гудамж 1 дүгээр байр 17 тоотод оршин суух, Баатат овогт Түдгэний Мөнхбат нарт /УХ66022434/ холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 386.571.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганзориг, Т.Пүрэвбазар,
Хариуцагч Ч.Мөнхгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул,
Хариуцагч Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Зээлдэгч Ч.Мөнхгэрэл болон хамтран зээлдэгч Т.Мөнхбат нар “Даймонд Файнанс” ББСБ-аас 2014 оны 5 дугаар сарын 15 өдрийн ЗГ 14/05/046 тоот зээлийн гэрээний дагуу 230.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлтэй холбоотойгоор талууд 2014 оны 5 дугаар сарын 15 өдрийн ЗБГ 14/05/046 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол 11 дүгээр байрны 45 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202003008 тоот болон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 73/1 дүгээр байрны 17 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 2203013044 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.
Мөн 2014 оны 05 сарын 15 өдөр 14/05/046 тоот фидуцийн гэрээ байгуулж Тоёота Ланд Круйзер 200 маркийн, 70551239 аралын дугаартай, 0699 УБП улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж барагдуулах хугацааг 2014 оны 8 дугаар 15 өдөр байхаар талууд харилцан тохиролцсон ч зээлдэгчдийн санхүүгийн нөхцөл байдал болон удаа дараагийн хүсэлт зэргийг харгалзан үзэж, зээл төлөх хугацааг өдийг хүртэл хойшлуулж байсан. Зээлийн хүү 99.005.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.442.000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл төлөгдөөгүй байгаа. Иймд 2014 оны 5 дугаар сарын 15 өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 230.000.000 төгрөг, зээлийн хүү 129.040.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.531.000 төгрөг нийт 386.571.000 төгрөгийг Ч.Мөнхгэрэл,Т.Мөнхбат нараас гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг сонслоо, 2014.06.16 өдрөөс хүү төлөх байсан, хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлд төлөх байсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээний 2.2.-д зээлдэгч нь эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үлдэх хэсгээр зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөр тохирсон байгаа. Мөн Иргэний хуулийн 216 дүгээр зүйлийн 216.4-д заасан заалт энэ гэрээний үүрэгт хамааралгүй бөгөөд энэ заалт шүүхийн шийдвэр гарсаны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хэрэглэдэг заалт юм.
Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үлдэгдлийг машинаар бодож гаргасан бөгөөд нийт 107.447.000 төгрөг төлсөнд маргаагүй, харин гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас төлбөрт өгсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, хүүнд суутган авч байсан учраас үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлгүй. Иймд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Ч.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- “Даймонд файнанс” ББСБ-тай 2014.05.15 өдөр ЗГ 14/05/046 тоот зээлийн гэрээ байгуулж 230.000.000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 0,9 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон. Тус зээлийн гэрээгээр зээлсэн мөнгийг Т.Мөнхбат огт ашиглаагүй. 2014.06.24 өдөр 10.695.000 төгрөг, 2014.7.30 өдөр 10.005.000 төгрөг, нийт үндсэн зээлээс 86.747.000 төгрөг төлсөн. Үлдэх 143.253.000 төгрөгөөс хүү бодох ёстой. Иргэний хуулийн 216 дүгээр зүйлийн 216.4-д зааснаар “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан нь энэ гэрээний үүрэгт хамааралтай заалт юм.
Гэрээгээр 1 сарын хүү 10.350.000 төгрөг, 3 сарын хүү 31.050.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Нийт 107.447.000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, үндсэн зээл 143.253.000 төгрөгөөс хүү тооцож гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Мөнхгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ч.Мөнхгэрэл 2014.05.15 өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидукцийн гэрээнд өөрийн нөхөр Т.Мөнхбатын дарамт, шахалтан дор хүчээр гарын үсэг зурсан. Ч.Мөнхгэрэл үндсэн зээл 230.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд нөхөрийн найз нь мөнгийг авсан юм. Мөн зээлийн хүүг тус ББСБ-д найз нь төлж байгаа, нийт 107.000.000 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 216.4-д зааснаар төлбөрийг тооцож авах ёстой бөгөөд үндсэн зээлд 86.000.000 төгрөг төлсөн учраас одоо үндсэн төлбөр 143.253.000 төгрөг үлдсэнээс хүү тооцох ёстой.
Түүнчлэн гэрээнд нэмэгдүүлсэн хүү 0.9% гэсэн байгаа нь стандарт нөхцөлийг зөрчсөн, хуульд нэмэгдүүлсэн хүү 20% хүртэл байна гэсэн байгаа тул хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Даймонд файнанс” ББСБ, хариуцагч Т.Мөнхбат, Ч.Мөнхгэрэл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох нийт 386.571.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 230.000.000 төгрөг, зээлийн хүү 129.040.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.531.000 төгрөг нийт 386.571.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа,
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талууд, 2014 оны 05 дугаар сарын 15 өдөр ЗГ 14/05/046 тоот зээлийн гэрээ байгуулж 230.000.000 төгрөгийг 1 сарын 4.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, үүргээ хугацаандаа биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн 30 хоногт 0.9 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн улсын бүртгэлийн Ү-2203013044 дугаартай Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Их тойруу 73/1 байр 17 тоот 95.0 м.кв бүхий 3 өрөө орон сууц, Ү-2202003008 улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол 11 байр 45 тоотод байрлах 29.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, Тоёота Ланд Круйзер 200 маркийн, 70551239 аралын дугаартай, 0699 УБП улсын дугаартай автомашиныг фидуцийн буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу 2014.05.16 өдөр 230.000.000 төгрөгийг зээлдэгч Ч.Мөнхгэрэлд бэлнээр өгсөн болох нь хэрэгт авагдсан мемориалын баримтаар тогтоогдож байна. /х.х. 20 тал/
Гэрээний хугацаанд зээлийн хүү нийт 31.050.000 төгрөг, үндсэн зээл 230.000.000 төгрөг нийт 261.050.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба 2014.08.28 өдрийн байдлаар нийт 33.147.000 төгрөг төлжээ.
Зээлийн төлбөрт нийт 107.447.000 төгрөг төлсөнд талууд маргаагүй.
Хариуцагч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар үндсэн зээлээс, төлсөн төлбөрийг суутган авах ёстой гэж хариуцагч маргаж байна.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” хэмээн заасан ба энэхүү хуулийн зохицуулалтаар хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн төлбөрийг хариуцагч хуульд зааснаар төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч 2016.03.07 өдрийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2014.09.16 өдрөөс 2016.03.07 өдрийг хүртэл нийт 17 сар 23 хоногийн хүү нийт 183.885.000 төгрөг төлөхөөс 74.300.000 төгрөг төлсөн ба хүүнд 109.585.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.917.000 төгрөг, үндсэн зээл 230.000.000 төгрөг нийт 361.502.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.069.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
/107.447.000т - 33.147.000т = 74.300.000 т,
үндсэн хүү 183.885.000т – 74.300.000т = 109.585.000т хүү,
230.000.000 + 109.585.000 + 21.917.000т = 361.502.000т гаргуулах,
386.571.000т - 361.502.000т = 25.069.000т хэрэгсэхгүй /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Мөнхбат, Ч.Мөнхгэрэл нараас 361.502.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.069.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Даймонд файнанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.090.805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхбат, Ч.Мөнхгэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.965.460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар гэрээний үүргийн биелэлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203013044 дугаартай Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Их тойруу 73/1 байр 17 тоот 95 м.кв бүхий 3 өрөө орон сууц, Ү-2202003008 улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол 11 байр 45 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар, Ланд крузер маркийн 0699 УБП улсын дугаартай /арал 705512939/ автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СОЛОНГО