| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0054/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/61 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч Ч.А-,
Шүүгдэгч П.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н-д холбогдох эрүүгийн 1938008740006 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Н-,
Шүүгдэгч П.Н- нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах Доргио бааранд хохирогч Ч.А-гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь духны зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н- нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах Доргио бааранд хохирогч Ч.А-гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь духны зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938008740006 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Намайг бааранд дотор пиво уугаад ширээн дээрээ ганцаараа сууж байхад гаднаас Нараа гэх зүс таних эмэгтэй орж ирснээ шууд намайг өшиглөж унагаагаад нүүр рүү маань нэлээн олон удаа цохьсон. Тэгж байхад Хонгороо гэх эмэгтэй гаднаас орж ирээд миний баруун талын бүсэлхий орчим руу нэг удаа өшиглөсөн. Тэгж байхад зөөгч хамгаалагч нар ирээд Хонгороо болон Нарааг надаас салгаж холдуулсан. Салсан байхад Нараа над руу дахиж дайрч намайг үстэж, цохиж зодсон. Нараа намайг цохиж зодож байх үед Хонгороо миний үснээс 2-3 удаа үстсэн. Тэгж байхад тэнд байсан хүмүүс Нараа, Хонгороо нарыг надаас салгасан... Тухайн гэмтлийг Нараа надад учруулсан. Нараа миний нүүр, толгой руу нэлээн олон удаа цохиж зодсон. Харин Хонгороо бол миний үснээс үстэж, баруун талын бүсэлхий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Хонгороо цохилтын улмаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой найз Ч.А-тайгаа Доргио бааранд орсон...Нэг жижигхэн охин намайг шууд багалзуурдаад чиний найз чинь намайг мөрлөчихсөн гээд орилоод байсан. Харин Нараагийн хажуугаар Хонгороо гэдэг охин хүрч ирээд наад эгч чинь хамаагүй гээд Нараа намайг тавьсан. Тэгээд дахиад миний утас дуугарахаар нь би гадаа утсаар ярьж байгаад ороод ирсэн чинь зодоон болж байсан. Ч.А-, Нараа хоёр гадаа гарсан. Тэр хооронд би Ч.А-гийн цүнхийг аваад гарсан чинь бас л Ч.А-, Нараа хоёр зодолдож байсан. Хонгороо нь хажуугаар нь ороод Ч.А-г үстээд байгаа харагдсан. Тэр үед Зоригоо гэдэг залуу тэд нарыг салгаад Ч.А-г машин руу оруулаад суулгахад нөгөө хоёр охины гар нь сарвалзаад үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18-р тал/
Шүүгдэгч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Хонгороо, Мандуухай хоёр 00 руу яваад ирсэн. Тэгэхдээ тэр эгч гэж жижигхэн эмэгтэй хүн рүү заагаад намайг гичий гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ширээн дээр нь очоод тэр эгчийг шууд түлхээд 3 унагаасан. Тэгээд бид хоёр үстэлцээд байж байсан шууд хамгаалагч ах ирээд салгасан. Гадаа гарахад нөгөө эгч шууд миний нүүр, хөх, цээжнээс базалж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 593 дугаартай: Ч.А-гийн биед дух баруун дээд, зүүн дээд, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, дух, дээд уруул, хоолойд зулгаралтын ором бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Ч.А-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын тодорхойлолт, нөхөр Ж.Ч-, охин Ч.Н-, Ч.А-нарын төрсний гэрчилгээ хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-62-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч П.Н- нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах Доргио бааранд хохирогч Ч.А-гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь духны зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь хохирогч Ч.А-гийн мэдүүлэг /хх-ийн 12, 14-15-р тал/,гэрч Д.А-ийн мэдүүлэг /хх-ийн 16, 18-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 593 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна. 4 Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч П.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцсон маргаан, таарамжгүй харилцаа, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ч.А- нь шүүгдэгчээс 423500 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 38.500 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Хохирогч Ч.А-гийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 38.500 төгрөгийг хасаж, П.Н-ээс 385.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч П.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн 1938008740006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Пийн Нийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч П.Нээс 385.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ад олгосугай.
5. Эрүүгийн 1938008740006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР