Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Иргэдийн төлөөлөгч А.Мөнгөнцоож,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч С.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-ид холбогдох эрүүгийн 1938008790015 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Н-,

Шүүгдэгч С.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-ыг заазуур хэрэглэн хэвлий тус газар нь зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-ыг заазуур буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэвлий тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938008790015 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би С.О- гэх хүнтэй гэр бүл байсан юм. С.О- бид хоёр 1990 онд гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдрах болсон. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би Мөрөн суманд болсон Атарын 60 жилийн баярын арга хэмжээнд оролцоод орой 19 цагийн үед тараад хүргэн Д-ынхаа гэрт очсон. Баярын арга хэмжээн дээр 3 хундага архи ууж, 1 ширхэг шилтэй пиво уусан. Би тухайн үед нэг их согтоогүй эрүүл байсан. Хүргэн Д-ынхаа гэрт байж байгаад орой 20 цагийн үед би салсан эхнэр С.О-тайгаа уулзах зорилгоор хүргэн Д-аараа С.О-гийн гэр болох Мөрөн сумын 14-... тоотод хүргүүлж очсон. Хүргэн Д- маань намайг С.О-гийн хашааны гадаа буулгачихаад л яваад өгсөн. Намайг С.О-гийн гэрт ороход С.О- байхгүй, түүний төрсөн дүү С.Н- нь архи уусан байдалтай согтуу ганцаараа байсан. Тухайн үед С.Н- тал шилтэй архи ууж байсан ба уг архинаас нь би хамт уусан. Архи уугаад байж байхдаа С.Н-той маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. С.Н-той ярилцаад зуухны хоёр талд босоод зогсож байхад л С.Н- гэнэт хутга шиг зүйл гаргаж ирсэнээ гэдэс рүү маань нэг удаа хатгачихсан. Би тухайн үед С.Н-ийг яг ямар хутга барьсан байсныг нь анзаарч хараагүй. С.Н- намайг хутгаар хатгасны дараа би чи намайг хатгачихлаа гээд хатгуулсан газраа гараараа дараад суусан. Тэгж сууж байхад бөөлжис хүрээд бөөлжсөн. Намайг бөөлжиж байхад С.Н- гараад явчихсан. Би түүнийг гараад явсаны дараа ор руу мөлхөж очиж хэвтсэн. Намайг хэвтээд байж байхад гаднаас С.О-, С.Н-ийн хамтаар ирсэн. Би С.О-г ороод ирэхээр нь түүнийг дуудаж уулзаад С.Н- намайг хутгаар хатгачихлаа гэдгийг хэлсэн. Тэгээд С.О- миний шархыг харснаа гэдэс нь гараад ирчихсэн байна шдээ гэж хэлснээ С.Н-ийг харааж загнаад байсан. Тэгж байгаад С.О- намайг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон... С.Н- бид 3 хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй... Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Гэрч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Мөрөн сумын 9-р хороонд таньдаг айлдаа байж байгаад 2019 оны 12 сарын 07-нд шилжих шөнө 3 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай нөхөр Гомбын Г.П- манай байшингийн зүүн талын орон дээр хөнжлөө нөмөрсөн хэвтэж байсан. Манай дүү С.Н- гал тогооны шүүгээний урд талд зогсож байсан. Г.П- намайг орсон чинь уйлахаар нь би яасан бэ гээд очсон чинь “би чихэнд чинь юм хэлье” гэж хэлсэн. Би тонгойгоод чихээ аманд нь ойртуулахад Г.П- надад “С.Н- хутгаар гэдсийг маань зүсчихлээ” гээд надад хэвлий хэсгээ харуулахад гэдэс нь зүсэгдсэн шинэ шархтай байсан бөгөөд өөх шиг цагаан юм цухуйж харагдаж байсан. Би Г.П-оос лавлаад “юугаар зүсдэг юм” гэж асуухад “С.Н- гартаа заазуур барьчихсан байсан” гэж хэлж байсан. Тэгээд би С.Н- руу уурлаад чи муу хүүр хүнд гай боллоо, чамайг зүссэн гэж байна гэж хэлэхэд С.Н- “би тэгээгүй” гэж байсан. Тэгээд би С.Н-ийг хөөгөөд С.Н- хувцсаа аваад манайхаас явсан. Би төрсөн эгч С.О- рүү утсаар залгаад гэртээ хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд бид хоёр эмнэлэг рүү залгаад түргэн тусламж дуудаж Г.П-ыг эмнэлэгт хүргэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20- 21-р тал/

Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Г.П- бид хоёр 1-ээс 8-р анги хүртлээ нэг ангид сурж төгссөн. Г.П- нь миний төрсөн дүү С.О-тай гэр бүл болсон болохоор танина. Би 2019 оны 12 сарын 07-ны шөнө Мөрөн сумын 1 дүгээр багт эгчийндээ хонож байтал манай дүү С.О- над руу залгаад “та хүрээд ирээч” гэхээр нь би Мөрөн сумын 14-р багт байх гэрт нь яваад очиход манай дүү С.О- Г.П- нар байсан. Г.П- намайг ороход орны урд талд сандал дээр бөгтийгөөд сууж байсан бөгөөд юу болсон талаар асуухад С.О- “С.Н- Г.П-ыг хутгалсан гээд байх юм, Г.П- өөрөө тэгж яриад байна” гэж хэлсэн. Г.П- надад шархаа харуулахаар нь үзтэл хэвлий хэсэгт нь шинэ зүсэгдсэн шарх байсан бөгөөд өөх шиг цагаан юм цухуйчихсан харагдсан. Би эмнэлэг дууд, цагдаа дууд гээд С.О- эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан. Эмнэлгээс өөрсдөө хүнээ аваад ир гэхээр нь бид хоёр С.О-гийн охин Солонгоог дуудаад бид гурав Г.П-ыг эмнэлэгт хүргэж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

Шүүгдэгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 23 цаг 50 минутын үед би гэртээ ганцаараа 0,5 4 грамын “Сэржим” нэртэй архинаас 2 хундага уугаад байж байтал гаднаас манай хуучин хүргэн ах Г.П- бага зэрэг архи үнэртүүлсэн орж ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө 0,5 грамын архи хувааж уугаад сууж байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан учир нь гэртээ ирэхээсээ өмнө нөгөө 0,5 грамын архи уухаас өмнө би айлд 2 хүнтэй 1 шил архи хувааж уусан байсан. Тэгээд ахтай архи уугаад байж байтал ах намайг чи хутгалчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би таныг хутгалаагүй, гэрт байгаа хутга, заазуурыг та шинжэлгээнд өгөхгүй юу? гэж хэлснээ би санаад байна. Би яг ахыг хутгалсанаа бол яг сайн санахгүй байна. Их согтуу байсан болохоор хутгалсан ч байж магадгүй. Би угаасаа 3 хундага архинд л тасраад хийж байгаа үйлдлээ мэдэхгүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай: ...Г.П-ын биед хэвлийн хөндий нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Г.П-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-6- р тал/ Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 9-11-р тал/ Хохирогч Г.П- шүүгдэгч С.Н-той сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 55-56-р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ургийн овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, төрсний гэрчилгээний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэргээс үзэхэд шүүгдэгч С.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.П-ыг заазуур буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэвлий тус газар нь зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Догсомын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хохирогч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Архи уугаад байж байхдаа С.Н-той маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. С.Н-той ярилцаад зуухны хоёр талд босоод зогсож байхад л С.Н- гэнэт хутга шиг зүйл гаргаж ирсэнээ гэдэс рүү маань нэг удаа хатгачихсан. Би тухайн үед С.Н-ийг яг ямар хутга барьсан байсныг нь анзаарч хараагүй. С.Н- намайг хутгаар хатгасны дараа би чи намайг хатгачихлаа гээд хатгуулсан газраа гараараа дараад суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/, Гэрч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Г.П- намайг орсон чинь уйлахаар нь би яасан бэ гээд очсон чинь “би чихэнд чинь юм хэлье” гэж хэлсэн. Би тонгойгоод чихээ аманд нь ойртуулахад Г.П- надад “С.Н- хутгаар гэдсийг маань зүсчихлээ” гээд надад хэвлий хэсгээ харуулахад гэдэс нь зүсэгдсэн шинэ шархтай байсан бөгөөд өөх шиг цагаан юм цухуйж харагдаж байсан. Би Г.П-оос лавлаад “юугаар зүсдэг юм” гэж асуухад “С.Н- гартаа заазуур барьчихсан байсан” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/ Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Г.П- намайг ороход орны урд талд сандал дээр бөгтийгөөд сууж байсан бөгөөд юу болсон талаар асуухад С.О- “С.Н- Г.П-ыг хутгалсан гээд байх юм, Г.П- өөрөө тэгж яриад байна” гэж хэлсэн. Г.П- надад шархаа харуулахаар нь үзтэл хэвлий хэсэгт нь шинэ зүсэгдсэн шарх байсан 6 бөгөөд өөх шиг цагаан юм цухуйчихсан харагдсан. Би эмнэлэг дууд, цагдаа дууд гээд С.О- эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан. Эмнэлгээс өөрсдөө хүнээ аваад ир гэхээр нь бид хоёр С.О-гийн охин Солонгоог дуудаад бид гурав Г.П-ыг эмнэлэгт хүргэж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/ Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай: ...Г.П-ын биед хэвлийн хөндий нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Г.П-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-6- р тал/ Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/ Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч С.Н-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Н- нь хохирогч Г.П-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгэний зардал, эм тарианы зардлыг төлж, гомдол саналгүй болсон тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь ял шалгах хуудсаар /хх-ийн 54-р тал/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч С.Н-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урттай ногоон өнгийн иштэй, 5.2х13 см ажлын хэсэгтэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938008790015 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Сийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийг 3 /гурав/ жил 5 / тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Нид оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      
  3.  Эрүүгийн 1938008790015 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урттай ногоон өнгийн иштэй, 5.2х13 см ажлын хэсэгтэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  4. Эрүүгийн 1938008790015 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ХҮРЭЛБААТАР

                                        ШҮҮГЧ                                      М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                             ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ