Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1938007280490 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.Б-,

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Э-ын толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун зүүн 1 дүгээр шүднүүд ёзоор хэсгээрээ хугарсан, дээд, доод урууланд няцарсан шарх, баруун доод зовхи, дээд уруул, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Э-ын толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун зүүн 1 дүгээр шүднүүд ёзоор хэсгээрээ хугарсан, дээд, доод урууланд няцарсан шарх, баруун доод зовхи, дээд уруул, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007280490 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би машинтайгаа Н.Б-ын дүү Н.Б-ын хашаанд очсон. Тэгээд очоод би Н.Б-д хандан хаанаас хонь авсан юм бэ гэж асуухад чамд хамаа байхгүй гэж хэлсэн. Би эргээд 00 орж бие засах гэтэл зүүн талын шанаа руу цохиход нь манараад доошоо тонгойж байтал толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би хэд цохисныг нь бол сайн мэдэхгүй байна. Тэгээд доошоо тонгойж байхад миний өмсөж явсан куртакны захнаас нэг хүн хойш нь татаад дээш өндийлгөсөн. Тэгсэн мөн урдаас нэг хүн цохисон. Тэгсэн миний уруул өвдөөд байхаар нь гараараа шүдээ тэмтэрхэд миний үүдэн шүднүүдийн дээд талын хоёр шүдийг цөм цохисон бололтой байхгүй байсан. Н.Б- бид 2 махны ченж хийдэг хүмүүс. Би өнгөрсөн зуны 6 сард нэг малчин айлаас хонь авахаар очсон юм. Тэгэхэд Н.Б-д өгнө гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би Н.Б-ас арай илүү үнэ хэлээд аваад явсан. Тэрнээс хойш жоохон юм бодсон байх гэж бодож байна. Намайг зодож байхдаа ингээд үнэ цохиж мал аваад байгаарай гээд занаад байсан. Н.Б- гараараа миний үүдэн хоёр шүдийг цохиж унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 14-р тал/

Гэрч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Н.Б-ын дүү Н.Б-ын хашаанд ороод зогсох үед Г.Э- араас хашааны том хаалгаар машинтайгаа шууд хашаа руу ирээд Нямын банди ямар том болчихсон юм бэ гээд Г.Э- ах Н.Б- ахын нүүрэн тус газар руу нь цохисон. Тэгсэн Н.Б- ах Г.Э-тай барьцалдаж авсан. Н.Б- ах бид хоёр хонь худалдаж аваад ачиж авсан юм. Хонинууд янцаглаад дарагдаад байх шиг байхаар нь би хонинуудаа буулгах гээд машины хойгуур орсон байсан. Тэгээд Н.Б-, Г.Э- хоёр том том дуугараад байсан чинь Н.Б-ын дүү Н.Б- эхнэртэйгээ гарч ирээд Н.Б-ыг салгасан. Тэгсэн чинь Г.Э- та нар шүд хугалсан байна гэхээр нь би очиход Г.Э-ын хамраас нь цус гараад ам руу нь 3 урссан байдалтай байсан. Тэгсэн Н.Б- би таны шүд рүү цохиогүй, толгой шанаа руу чинь цохисон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/ Гэрч Б.Базарраднаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... Г.Э- нь 10 дугаар сарын 11-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт айлд очиж хүнтэй уулзана гэж гараад явсан. Тэгсэн оройхон Г.Э- манай гэрт ирсэн. Тэгэхдээ амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Би Г.Э-ад хандаж юу болов гэж асуухад Бандиуш, Шар банди хоёрт зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд Г.Э- амнаасаа урссан цусаа цэвэрлээд унтсан. Өглөө нь Бандиуш ирсэн Г.Э- Бандиушт хандаад чи хөгшин хүний шүд ам гэмтээгээд хаясан байна яаж байгаа юм гэж хэлээд шүдээ үзүүлэхэд Бандиуш наад шүд чинь хиймэл шүд байна гэж хэлсэн. Тэгсэн Г.Э- юу яриад байгаа юм миний унаган шүд байсан гэхэд Бандиуш шүд хийлгэхэд хэд болох юм гэсэн чинь Г.Э- шүрүүвтэж суулгадаг шүд хийлгэхэд 2 сая орчим төгрөг болдог юм байна гэхэд Бандиуш тэгвэл шүүх цагдаагаараа явъя гэх хэлээд хаалга саваад гараад явсан. Бандиуш гэж Н.Б-ыг хэлдэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27- 29-р тал/

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед манай гэрийнхэн унтаж байтал манай хашаанд хүмүүс том том дуугараад байхаар нь гэрийнхээ цонхоор хартал манай Н.Б- нэг хүнтэй барьцалдаад авсан зогсож байсан. Тэгэхээр нь би гараад очтол манай нутгийн ах Г.Э- байсан. Тэгэхээр нь Н.Б- ах тэр хоёрыг салгаад Г.Э-ыг болиулсан. Далай, Цогоо хоёр надад хэлэхдээ Н.Б-, Г.Э- хоёр зодолдсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/

Гэрч Ч.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Н.Б- Н.Б- ах хүнтэй барьцалдаад авсан байна гээд гарсан. Намайг гарахад Н.Б- Г.Э- гэдэг хүнийг Н.Б- ахаас салгаад хашааны хаалга руу явуулж байсан. Тэгсэн манай хүүхэд уйлаад манай нөхөр Н.Б- гэр рүү яваад би зогсож байтал Г.Э- шүд байхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Н.Б- ах цагдаа дууд гэж хэлэхэд Г.Э- цагдаа дуудах хэрэггүй гэсэн. Тэгсэн Н.Б- ах цагдаа дууд наад Г.Э- чинь согтуу байна гэсэн. Г.Э- яах юм бэ гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:...Г.Э- намайг боогоод тавихгүй байсан байхаар нь толгой руу нь баруун гараараа хоёр удаа цохисон...Толгойноос нь өөр газар цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 527 дугаартай: Г.Э-ын биед баруун зүүн 1 4 дүгээр шүднүүд ёзоор хэсгээрээ хугарсан, дээд, доод урууланд няцарсан шарх, баруун доод зовхи, дээд уруул, буйланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Г.Э-ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10 хувиар тогтонги алдагдана...гэх дүгнэлт /хх-ийн 38- р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-53-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Э-ын толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун зүүн 1 дүгээр шүднүүд ёзоор хэсгээрээ хугарсан, дээд, доод урууланд няцарсан шарх, баруун доод зовхи, дээд уруул, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь Хохирогч Г.Э-ын мэдүүлэг /хх-ийн 10-12, 14-р тал, гэрч Ш.П-н мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/, гэрч Т.Д-н мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/, гэрч М.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/, гэрч Н.Б-ын мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/, гэрч Ч.Ж-гийн мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 527 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцсон маргаан, таарамжгүй харилцаа, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Б- нь хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.Э- нь 3.600.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт ирүүлээгүй байна. Иймд хохирогч нь хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Б-ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 1938007280490 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт  Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт  Быг таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938007280490 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Э нь 3.600.000 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Бас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР