Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 287

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Х.М , түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2015 2501 1257 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо,   тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Х.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

    Шүүгдэгч Х.М  нь 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Чандмань” төвд иргэн Ш.Даваадоржийг хавсарч унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

        Мөн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М  мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хадам ээжийнхээ хүсэлтээр “Нарантуул” орж 2 ширхэг ор авсан. Ачаагаа ачуулах өргөтгөл дээр очсон чинь жолооч нь “Чандмань” буудалд байрласан гэж хэлсэн. Би байрласан өрөө рүү нь ороход архи ууж байсан. Хоёр давхраас бууж ирэхэд ресепшин нь “Юу нь гадны хүн ороод ирэв” гээд хэрэлдсэн. Би “жолоочид бараа өгөөд явуулах гэж байна” гэж хэлэхэд хамгаалагч нь намайг бариад авсан. Тэгэхээр нь “одоо явна” гэж хэлэхэд “чамайг явуулахгүй” гээд гар мушгисан. “Цагдаа дуудна” гэж хэлсэн. Би 30 минут уучлалт гуйсан. Би хавирч унагаагүй. Би гэрч хохирогчийн мэдүүлгийг ойлгохгүй байгаа.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ш.Даваадоржийн өгсөн мэдүүлэг /1хх-29/, хохирогч Э.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /1хх-150/, гэрч Б.Энхтуулын өгсөн мэдүүлэг /1хх-32/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10290, 894 дугаартай дүгнэлтүүд /хх-45, 159/, шүүгдэгч Х.М гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-194/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

1. Шүүгдэгч Х.М  нь 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Чандмань” төвд иргэн Ш.Даваадоржийг хавсарч унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч Ш.Даваадоржийн өгсөн: “...Би 2015 оны 7 дугаар сарын 5-ны орой 19 цагаас 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУХ төвын захын өргөтлийн хэсэгт байрлах “Чандмань” зочид буудал дээр хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үүдний өрөөд хүлээн авч Б.Энхтуул, Ховд аймгийн жолооч Хосбаяр нарын хамт сууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орилоод орж ирсэнээ Хобаяр бид хоёрны дунд сууж байсан Б.Энхтуул руу шууд орж ирээд “муу пизда минь лалраа чи муу юу юм бэ” гээд дайрахаар нь босоод “ахын дүү ингэж болохгүй, гарчих” гээд түлхсэн чинь зүүн мөрнөөс барьж аваад хавсрах шиг болсон. Би Х.М д татагдаж гэх юм уу тонгоруулж хавсарсан ч гэх юм тэр үйлдлээс болж газар унахдаа плитан шал толгойныхоо зүүн талаар унасан юм. Тэрнээс хойш юу болсоныг би мэдэхгүй. Би тэр оройноо гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “яаралтай хэвт” гээд тархины гэмтлийн тасагт хэвтэж 12 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Эмчилгээний зардал 1.500.000 төгрөгөө гаргуулмаар байна.” /1хх-24-25, 29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалган ажиллагаанд гэрч Б.Энхтуулын өгсөн: “...Би 2015 оны 7 дугаар сарын 5-ны орой 19 цагаас 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУХ төвын захын өргөтлийн хэсэгт байрлах “Чандмань” зочид буудлын үүдний өрөөнд хүлээн авагчийн ажил үүрэг гүйцэтгэж байгаад үүдний өрөөнд хамгаалагч Ш.Даваадоржийн хамт сууж байхад дотор буудалд байсан Ховд аймгийн жолооч Хосбаяр дээд давхараас бууж ирээд бид гурав юм яриад сууж байхад гаднаас 30 гаран насны эрэгтэй хүн орж ирээд үгийн зөрүүгүй над руу дайрч доромжлоод гараараа салаавч өгөөд дайраад байхаар нь хамгаалагч Ш.Даваадорж “миний дүү ингэж болохгүй” гээд боссон чинь тэр залуу хавсрах шиг болсон чинь Ш.Даваадорж толгойгоороо газар унаад юу ч дуугарахгүй царай нь сонин болоод татсан чинь Хосбаяр нь нөгөө залууг дагуулаад гарсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан.” /1хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бат-Очирын өгсөн: “...Х.М  нь Ш.Даваадорж гэх хүнийг тонгороод унагаасан чинь нөгөө хүн нь толгойгоороо унаад бэртсэн гэж байсан. Тэгээд наадам болохын өмнөхөн Х.М  нь надтай хамт гэмтлийн эмнэлэг дээр тухайн Ш.Даваадорж гэх хүн дээр очиж уулзаад  200.000 төгрөг өгсөн.” /1хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10290 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Даваадоржийн биед суурь ясны баруун дэлбэн, чамархай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гзмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /1хх-45/ гэх дүгнэлт,

 

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-19/,

Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн хохирогч Ш.Даваадоржийн өвчний түүх /1хх-49-55/,

Компьютер томографи /1хх-55-56/,

Хохирлын баримтууд /1хх-69-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Х.М  нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ундармаагийн өгсөн: “...Би нөхөр болох Х.М тай 2014 онд анх танилцаад тус тусдаа амьдарч байсан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөртэйгээ хамтдаа гадуур явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 4а байрны 2-48 тоотод гэртээ ирсэн. Гэртээ ирсэн хойно манай найз Нармандах нөхөртэйгээ хамт ирсэн. Тэгээд бид нар хамт байх байхдаа нөхөр болон найзууд нь хамт хөзөр тоглохоор болсон. Архи ууж тоглож байх хооронд бид нар юм яриад сууж байсан. Тэгсэн манай нөхөр надад хандаж гэр бүлийн маргаан үүсгэх гээд хэрүүл өдөөд янз бүрээр яриад байсан. Би янз бүрийн юм яриад байхаар нь нөхөртөө хандаж “чамтай хамт амьдарч байгаадаа сэтгэл дундуур байдаг” гэж хэлээд хүүхдээ хөхүүлээд унтлагын өрөөнд хэвтэж байтал манай нөхөр миний араас ирээд намайг хэвтэж байхад үсдээд чирсэн. Тэгсэн араас нь манай найз Нармандахын нөхөр нь орж ирээд салгаад “гэрээс явлаа” гээд гараад явсан. Нармандахыг нөхөртэйгөө хамт гарсны дараа манай нөхөр өрөөний цонх хаагаад гэрийн хаалга түгжээд намайг миний өмсч байсан бойтгон гутлаар гар хөл толгойд хэд хэдэн удаа цохисон дараа нь шилэн шаазан аягаар чихний ард хэсэгт цохисон дараа нь хөлөөрөө биенд өшиглөж гараараа цохиод байсан. Х.М тай 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш уулзаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1хх-150-151/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 894 дугаартай дүгнэлтэд:

        1. Э.Ундармаагийн биед зүүн чихэнд шарх, зүүн чамархайн хуйх, дух, баруун чамархай, зүүн чих зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, хамрын нуруу, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, баруун бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /1хх-159/ гэх дүгнэлт,  

 

 Шүүгдэгч Х.М гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-194/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М гийн гаргасан: “...Би хавирч унагаагүй. Би гэрч хохирогчийн мэдүүлгийг ойлгохгүй байгаа” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Даваадоржийн өгсөн: “...Би Х.М д татагдаж гэх юм уу тонгоруулж хавсарсан ч гэх юм тэр үйлдлээс болж газар унахдаа плитан шал толгойныхоо зүүн талаар унасан юм. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна.” /1хх-24-25, 29/ гэх мэдүүлэг, гэрч Б.Энхтуулын өгсөн: “...Тэр залуу хавсрах шиг болсон чинь Ш.Даваадорж толгойгоороо газар унаад юу ч дуугарахгүй царай нь сонин болсон.” /1хх-31-32/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10290 дугаартай дүгнэлт болон тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж шүүх үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Х.М гийн 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Чандмань” төвд иргэн Ш.Даваадоржийг хавсарч унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Мөн шүүгдэгч Х.М гийн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

         Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Х.М гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Э.Ундармаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болно. Харин хохирогч Ш.Даваадорж нь 1.500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтыг шаардлага хангасан 326.153 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх хохирлыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Х.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  Харин шүүгдэгч Х.М гийн 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр Э.Ундармааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн гэмт хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жил байхаар хуульчилжээ.  

 

  Иймд шүүгдэгч Х.М д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

  Мөн шүүгдэгч Х.М  нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх бөгөөд уг торгох ялаас 1.200.000 төгрөгийг төлсөн болох /1хх-213/ нь тогтоогдсон.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.М д оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний эдлээгүй үлдсэн 8.880.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 592 хоног буюу 1 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.М  нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 24 өдрийг хүртэл 2 хоног, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 63 хоног, нийт 65 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн             1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                                            

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Х.М д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.М д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.М д оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний эдлээгүй үлдсэн 8.880.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 592 хоног буюу 1 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.М д оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний эдлээгүй үлдсэн 8.880.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 592 хоног буюу 1 жил 7 сар 17 хоног хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.М гийн цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялаас хасч тооцсугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Х.М  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.М гаас 326.153 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Даваадоржид олгосугай.

 

         9. Хохирогч Ш.Даваадорж нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

         10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС