Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 30

 

 

 

Э.Уртнасан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Э.Уртнасан, Э.Батзаяа түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Хуягбаатар, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаар цагаатгах тогтоолтой, Э.Уртнасан нарт холбогдох эрүүгийн 201621010080 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 22-нд өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Эмч овогт Энхээгийн Уртнасан нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалтай обьектыг тус сумын Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлж ахуй үйлчилгээний зориулалтай байр болгох зорилгоор Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс 100.000.000 төгрөг батлуулж үүнээс 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас 62.933.000 төгрөг гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг Хаан банк руу шилжүүлж 47.933.000 төгрөгийг зочид буудлын засвар үйлчилгээнд зарцуулж мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 25.000.000 төгрөг Хаан банкруу шилжүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон нутгийн хөгжлийн сангаас 6.000.000 төгрөгийг Засаг даргын захирамж гаргаж ахуйн үйлчилгээний ордны засвар үйлчилгээнд зарцуулсан нь Монгол улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах  хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөв барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх, хяналт тавих журмын 3.22 дахь заалтыг тус тус зөрчиж, орон нутагт 93.933.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

Монгол улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 18-нд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хан овогт Эрдэнэбаатарын Батзаяа нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 3/71 дугаартай албан тоотыг Ховд аймгийн Үенч сумын Хаан банкны тооцооны төвд хүргүүлж Үенч  сумын Хаан банкны эрхлэгч Д.Дашцэрэнтэй үл хөдлөх хөрөнгө, эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг зөрчиж албаны эрх мэдэл буюу  албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Уртнасан, Э.Батзаяа нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Уртнасан, Э.Батзаяа нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзэхэд яллагдагч Э.Уртнасан нь өөрийн өмчлөлийн 000147560, Ү-1612001644 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багт орших 600 м2 талбай бүхий 2 давхар зочид буудлын зориулалттай обьектыг тус сумын Хаан банкинд барьцаалан 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 50 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Э.Уртнасан нь банкнаас авсан 50 сая төгрөгөө орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр төлүүлж банкны өрөө барагдуулж буй үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутагт 93.933.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Э.Батзаяа нь орон нутгийн хагжлийн сангийн 93.933.000 төгрөгийн төсөвтэй ахуйн үйлчилгээний ордны хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхдээ нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд худалдан авах гэрээг Үенч сумын Хаан банк, нэр бүхий иргэдтэй байгуулсан нь Төрийн болон орон нутгийн  өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно. Мөн хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Шүүх Хаан банкны Үенч сум дахь тооцооны төв Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Э.Уртнасангийн өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалттай барилга, 1 давхар барилга, хашаа 2 автомашин граш, газрын  хамт Үенч сумын тооцооны төвийн эрхлэгч Д.Дашцэрэнд 60.670.000 төгрөгийн төлбөр шилжүүлж Э.Уртнасан нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон нь 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай тогтоолын хуулбар төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн акт шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрч Н.Ганболд, Д.Бадамсэд, Д.Дашцэрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна гэжээ.

Э.Уртнасан нь банкнаас зээлээр авсан 50 сая төгрөгөө орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр төлүүлж банкны өрөө барагдуулж буй үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутагт 93.933.000 төгрөгийн хохирол учраад байна. Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авсан бол тэр хэмжээгээр орлогод бүртгэгдэх ёстой. Гэтэл дээрх барилга Үенч сумын тамгын газрын дансанд бүртгэгдээгүй нь хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Э.Батзаяа нь Э.Уртнасангийн өмчлөлд бүртгэлтэй Хаан банкны эзэмшилд байгаа зочид буудлын барилгыг Э.Уртнасангийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 60670922 төгрөгөөр  худалдах, худалдан авах гэрээг Үенч сумын Хаан банктай байгуулсан. Улмаар зочид буудлыг банкны эзэмшлээс чөлөөлөх нэрийдлээр Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/59 дугаар захирамжаар 15 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 25 сая төгрөг, нийт 40 сая төгрөгийг Хаан банкинд шилжүүлж Э.Уртнасангийн хувийн зээлийг төлжээ.

Э.Батзаяа нь орон нутгийн хөгжлийн сангийн 93.933.000 төгрөгийн төсөвтэй Ахуйн үйлчилгээний ордны хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгүүлэхдээ нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд худалдан авах гэрээг Үенч сумын Хаан банкны нэр бүхий иргэдтэй байгуулж хуулийн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Уртнасан нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сум дахь  сум дундын шүүх нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөвийг эрхэмлэж, шийдвэр гаргасан гэж би үзэж байна. 2011 онд Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж, чиний өмч  хөрөнгө биш Хаан банкны мэдэлд орсон гээд гарын үсэг зуруулж акт үйлдээд явж байсан. Миний хувьд аймгийн иргэдийн нийтийн хуралд нэр дэвшихэд ямар нэгэн өр төлбөргүй гэсэн лавлагааны дагуу нэр дэвшээд явсан. Бичиг баримтын зөрчлөөс өөр ямар нэгэн зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Э.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Үенч сумын Хаан банкны тооцооны захирал Дашцэрэнтэй хөрөнгө худалдах  худалдан авах гэрээг албан хүсэлт явуулж байгуулсан.Тухайн үед Д.Дашцэрэн нь Хаан банкны эзэмшилд байгаа барилгыг шилжүүлээд ахуй үйлчилгээний ордон байгуулах боломжтой гэсний үндсэн дээр тухайн гэрээг байгуулсан байдаг.Прокурорын үзэж байгаагаар худалдан авах ажиллагааны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа аж ахуй үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа гэвч энэ хуулийг  зөрчсөн асуудал байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоол үндэслэлтэй. Энэ барилгыг засаж янзалснаар суманд, төсөвт  ямар нэгэн хохирол учраагүй. Улсын яллагчийн эсэргүүцэлд бичигдсэнээр 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 135 дугаартай тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалт санхүүжилт хяналт, тайлангийн журам”-ын 4.5.10-д заасан барилга байгууламж, засварын ажлын ашиглалтад хүлээн авсан тухай комиссын акт, тоног төхөөрөмж хүлээн авсан акт байна гэсэн журмын заалт нь одоо хүртэл үйлчилж байхад акт үйлдэж аваагүй байна гэж яриад байгаа юм. Гэтэл акт үйлдэж авах эрхзүйн үндэслэл үүсээгүй, яагаад гэвэл мөнгийг бүрэн гүйцэд төлөөгүй, Хаан банкны эзэмшлээс гараагүй, ийм байхад барилгыг хүлээн авах үндэслэл байхгүй. Иймд хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн Э.Уртнасангийн барилга байгууламжийг худалдаж авсан нь хувийн ашиг сонирхол байна гэж үзээд байгаа нь Э.Уртнасангийн эзэмшлийн барилга байгууламж биш гэдэг нь шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол, Үенч сумын  Хаан банкны эрхлэгч Д.Дашцэрэн болон бусад гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай бүрэн дүүрэн нотлогддог. Хууль бус үндэслэлгүй яллаж байгаа улсын яллагчийн дүгнэлтийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж  өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 сарын 24-ны өдрийн 39 дугаартай цагаатгах тогтоолыг хуульзүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Э.Уртнасанг  албан тушаалын  эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн 2 давхар объектыг Хаан банкны барьцаанд байхад Иргэдийн нийтийн хурлаар орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө шийдүүлж чөлөөлсөн гэдэг үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Хүчингүй болсон тушаалаар яллаад байгаа нь боломжгүй гэж үзэж байна. Төсвийн байгууллагын удирдлага зохион байгуулалтын тухай хууль, Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль хүчингүй болсноор хоёр сайдын 2010 оны 06 сарын 07-ны өдрийн 135 дугаар тушаалын  үйлчлэл нь зогсчихсон. Иймд бодит байдалд нийцэхгүй гэм буруугүй хүнийг яллаад явж байгаа нь боломжгүй зүйл юм. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 сарын 24-ны өдрийн 39 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

        Давж заалдах шатны шүүх Э.Уртнасан нарт холбогдох эрүүгийн хэргийг  улсын яллагчийн эсэргүүцэлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

      Прокуророос  Э.Уртнасаныг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлийн 2 давхар зочид буудлын зориулалттай объектыг тус сумын ХААН банкны зээлийн барьцаанаас чөлөөлж ахуй үйлчилгээний зориулалттай байр болгох зорилгоор Үенч сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс 100000000 төгрөг батлуулж үүнээс 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас 62933000 төгрөг гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15000000 төгрөгийг ХААН банкруу шилжүүлж 47933000 төгрөгийг зочид буудлын засвар үйлчилгээнд зарцуулж мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 25000000 төгрөг ХААН банкруу шилжүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон нутгийн хөгжлийн сангаас 6000000 төгрөгийг засаг даргын захирамжаар гаргаж ахуйн үйлчилгээний ордны засвар үйлчилгээнд зарцуулсан нь Монгол улсын сангийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаалаар батлагдсан Улсын болон орон нутгийн төсөв тэдгээртэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөв барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, гүйцэтгэл гаргах, санхүүжүүлэх,хяналт тавих журмын 3.22 дахь заалтыг тус тус зөрчиж, орон нутагт 93933000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Э.Батзаяаг  Үенч сумын ХААН банкны эрхлэгч Д.Дашцэрэнтэй үл хөдлөх хөрөнгө,эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь  хэсгийг зөрчиж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх Э.Уртнасан, Э.Батзаяа нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тэдгээрийг  албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл нь тус тус тогтоогдоогүй  гэх үндэслэлээр  цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.Тухайлбал:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн  1.1, 1.2-т   шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “ шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”,  “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой , хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгахаар хуульчилсан байна.

             Гэтэл шүүх Э.Уртнасан, Э.Батзаяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн талаар ямар нөхцөл байдал тогтоогдсон, уг нөхцөл байдал нь ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа болон ямар нотлох баримтуудаар уг гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгааг тодорхой бичээгүй, прокурорын яллах дүгнэлтэнд тусгагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүйгээс гадна Э.Уртнасан болон ХААН банкны Үенч тооцооны төвийн хооронд байгуулсан  зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх, дуусгавар болсон бол хэзээ хэрхэн дуусгавар болсон, зээлийн гэрээний харилцаатай үүссэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн дуусгавар болсон зэргийг тодруулаагүй энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

        Анхан шатны шүүхийн   шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан  шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн  1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Давж заалдах журмаар хэрэг шийдвэрлэж байгаа шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн  1.3-д заасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Э.Уртнасан, Э.Батзаяа нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                     Б.ДАМБА