Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1712

 

 

 

 

 

 

 

 

 

“Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05231 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Энхтуяад холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 054 716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттогтохын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхбаатар

Хариуцагч: Ч.Энхтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Батттогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Энхтуяа нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус компанитай худалдах-худалдан авах гэрээ байгуулж 6 200 000 төгрөгийн үнэ бүхий "Kirby Sentria" маркийн стандарт иж бүрдлийн үнэд 1 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 5 200 000 төгрөгийг 15 сарын хугацаанд, cap бүрийн 05-ны өдөр cap бүр 350 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Kirby Sentria маркийн стандарт иж бүрдлийг хүлээлгэн өгсөн. Гэтэл Ч.Энхтуяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр болох 4 150 000 төгрөгийг төлөөгүй. Ч.Энхтуяа нь эргэн төлөлтөнд 1 050 000 төгрөг төлсөн. Компанийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн үнэ 4 150 000 төгрөг, алданги 904 716 төгрөг, нийт 5 054 716 төгрөгийг Ч.Энхтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Энхтуяагаас 4 784 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 269 766 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91 509 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагчид 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх, үүрэг тайлбарласан байна. Гэвч хариуцагч тайлбар ирүүлээгүй мөн оны 07 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Ч.Энхтуяа нь Эрдэнэт хотод ажлаар явж байсан ба 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурлын өмнө өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох, мөн өмгөөлөлийн туслалцаа авах талаар мэдэгдэж шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг миний бие шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн байхад уг хүсэлтийг хавтаст хэрэгт хийгээгүй, шүүгчид танилцуулаагүй. Хариуцагчийн эрхийг шүүх зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК нь хариуцагч Ч.Энхтуяад холбогдуулан 5 054 716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 6 200 000 төгрөгрийн үнэ бүхий “KIRBY” брэндийн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 1 000 000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг 15 сарын хугацаатай, сарын 350 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, мөн өдөр худалдан авагчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, бараа хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байна. /хх 4-8/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг тодорхойлж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг урьдчилгаа төлбөрт 1 000 000 төгрөг, дараа нь 1 050 000 төгрөг, нийт 2 050 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан хэмжээгээр тооцох боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.Энхтуяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4 150 000 төгрөг, алдангид 904 716 төгрөг, нийт 5 054 716 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн 2 050 000 төгрөгийн хэмжээнд тооцож, давж заалдах шатны шүүхээс үлдэгдэл төлбөр 4 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, алдангид 904 716 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.1-д “Захиалагч анхны төлөлт болох 1 000 000 төгрөгийг 3 хоногийн дотор төлнө. Үлдсэн төлбөрийг 15 сарын хугацаанд 350 000 төгрөгөөр төлж дуусгана. Сар бүрийн 5-нд төлбөрөө төлж байна” гэж төлбөр төлөх үүргийн гүйцэтгэх хугацааг тохирсон бөгөөд энэ үйл баримтын талаар маргаангүй гэж үзнэ.

 

            Харин дээрх гэрээний үүрэг буюу төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлах журамтай бөгөөд гэрээнд “хүү” гэж заасан байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анзын тохиролцоо гэж үзэх боломжгүй байна.

 

            Гэтэл гэрээний 6.4 дэх хэсэгт “...хугацаа хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алданги төлнө” гэж заасан нөхцөл нь гэрээний 5.2.1-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаатай шууд холбогдоогүй, харин гэрээний 6.3 дахь хэсэгт заасан “Захиалагч сар бүрийн төлөлтөө байнга хоцроож 1 сарын төлбөрийн дор хаяж 1 сараар хоцроосон байгаа тохиолдолд захиалагчийн зүгээс хугацаанаас өмнө төлбөрөө барагдуулахыг шаардах эрхтэй” гэх заалттай холбоотой байна. Иймд гэрээний 6.4 дэх хэсгийг 5.2.1-т заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой алданги шаардах эрхийг тогтоосон гэж үзэхээргүй байна.

           

Хэргийн 21-23 дугаар талд хариуцагч Ч.Энхтуяа нь “нэхэмжлэл гардуулсан тухай”, “эрх, үүрэг тайлбарласан тухай”, “нөлөөллийн мэдүүлэг” гэх баримтуудтай танилцаж гарын үсэг зурсан, мөн хэргийн 24 дугаар талд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн, тус шүүх хуралдааныг хойшлуулах талаар хариуцагч талаас гаргаж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Мөн анхан шатны шүүхийн захиргааны ажилтны буруугаас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй, энэ талаар шүүхийн тамгын газраас тухайн албан тушаалтанд хариуцлага тооцсон гэх нөхцөл байдал хэрэгт баримтаар нотлогдоогүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

             Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, гэрээний алдангид 904 716 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/05231 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Энхтуяагаас 4 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 904 716 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...91 509 төгрөг...” гэснийг “...81 350 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Энхтуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 509 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  С.ЭНХТӨР

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН