Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

2020        01          17                                   2020/ШЦТ/95 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч А.Ариунаа,

Шүүгдэгч Д.С-, С.Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-, С.Д-нарт холбогдох эрүүгийн 1906 00743 2711 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С-, С.Д-нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 285 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Ш.Батжаргалын эзэмшлийн Голомт банкны зэс картыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.284.895 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Д.С-, С.Д-нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ш.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би голомт банкны дансны хуулгыг авч хохиролын тооцоо хийсэн. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн үед би 1 шил архи нэг ундаа аваад гэртээ ганцаараа уугаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь 10 цагийн үед би сэрээд Дарь эхийн хуучин эцэс орж Уянга, Баярмаа, Мөөгий гэх гурван хүнтэй танилцсан. Манай гэр буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн 285 тоотод байрлах нийтийн байр руу явахаар болж би дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шил, огурци, хиам, ундаа авсан. Тэрийгээ гэртээ ууж идээд 12 цагийн үед дарь эхийн дунд буудлын тэнд Уянгын ахын гэрт очихоор болоод гэрээс гарсан. Замаараа дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг, мөн ундаас ус гээд жоохон юм авсан. Тэнд очиход Доогий буюу Д-нөхөртэйгөө байсан. Тэгээд тэнд танилцаад бид хэд авиачиж өгсөн юм аа ууж дуусаад би Долгорсүрэнд картаа өгч явуулаад нэг шил архи авчруулсан. Тэрийгээ ууж дуусаад манай гэр рүү явахаар болсон ба манайх руу Д-нөхөртэйгөө бас Баярмаа нар явсан. Уянга болохоор автобусны буудал дээр буугаад үлдсэн. Бид хэд замаасаа дахин дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэр үед Доогийд картаа өгч явуулан архи авчруулсан. Тэгээд би картаа Доогийгоос авсан ба гэртээ 13 цагийн үед очоод бид нар архиа хувааж уусан. Тэгээд би 14 цагийн үед тасраад унтаад өгсөн ба орой 23 цагийн үед сэрсэн. Тэгээд сэрээд Голомт банкны картаа шалгахад миний карт байхгүй байсан. Тэр үед орой болсон байсан ба гар утас байхгүй байсан тул унтаад маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн үед сэрээд дэлгүүр орж дэлгүүрийн хүний гар утсыг гуйж картаа хаалгасан. Тэгээд дансны хуулгаа авч үзэхэд миний худалдан авалтын зарлагаас гадна 1.284.000 төгрөгний зарлага гарсан байсан. Тэгээд би цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Гэрч Д.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн:

... Тэгээд Батжаргал ах, Баярмаа эгч, Доогий гэх эгч, Сүхээ гэх ах тэгээд бид тав Бөөгий ахынхаас гараад Дарь эхийн дунд буудлын автобусны буудал дээр очсон юм. Тэгээд бид хэд такси бариад дарь эхийн хуучин эцэс ороод Бэст төвийн гадаа буусан. Тэр үед Батжаргал ах намайг манай гэр рүү очъё гэхэд нь би яваагүй үлдсэн бөгөөд Батжаргал ах, Доогий гэх эгч, Сүхээ гэх ах, Баярмаа эгч дээшээ өгсөөд алхаад явсан юм. Тэгээд маргааш өглөө нь Батжаргал ах бид хоёр Бэст төв дээр тааралдахад надаас “ахынх нь карт хаана байна, Доогий гэх эмэгтэй түрийвчнээс карт аваад явчихсан байна, гэрийг нь заагаад өгөөч” гэхэд нь би гэрийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Бэст төвийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг Сараа эгч “08 цаг 30 минутын үед авгай нөхөр хоёр орж ирээд зэс карт уншуулаад Соёрхол архи, тамхи гэх мэт 38000 төгрөгийн бараа авсан” гэхэд нь Батжаргал ах Сараа эгчийн дугаараас Голомт банкруу залгаад картаа хаалгасан. Картыг нь Доогий гэх эгч авсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Гэрч Х.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Тэгээд удалгүй архиа уугаад сууж байтал Доогий буюу Д-нь нөхөртэйгөө орж ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж уусан ба архи дуусаад Батжаргал ах картаа Доогийд өгөөд архи захиад байсан. Доогий 1 удаа дэлгүүр орсон ба дахиад 2 шил архи авчирсан. Тэрийг уучихаад Батжаргал ах гэр рүүгээ явъя гээд Д-болон түүний нөхөрийн хамтаар Уянга бид тав Батжаргал ахын гэр рүү явсан. Тэр үед Батжаргал ах Доогийг дахин дэлгүүр оруулж 1 шил архи авсан. Тэрийгээ гэрт нь ирж уусан. Тэр үед би Батжаргал ахаас гар утсаараа нэг яриулаач гээд гар утсыг нь авсан. Уянга бид хоёр утсаар нь ээлжилж ярьсан ба тухайн үед Батжаргал ах их согтсон байсан болохоор нь би гар утсаа хаячих байх гэж бодоод гар утсыг нь аваад явсан. Дараа нь би Батжаргал ахад гар утсыг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх 34/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 14/,

-Голомт банкны Кредит картын хуулга /хх 51-54/,

-хохиролд баримтаар 1.284.000 төгрөг төлж хохирогчийн данс руу шилжүүлсэн тухай хавтаст хэрэгт авагдсан болон шүүхэд гаргаж өгсөн баримт,

-хохирогчийн шүүхэд гаргасан “...хохиролоо бүрэн нөхөн төлүүлж авсан тул санал гомдолгүй” гэх хүсэлт,

 

Шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ эхнэр Долгорсүрэнгийн хамт гарсан. Тэгээд бид хоёр гадуур явж байгаад 12 цагийн үед манай доор байдаг айл болох Батсайханы гэрт очсон. Тэр үед тэдний гэрт Баярмаа, Уянга, Батжаргал гэх хүмүүс байсан. Тухайн хүмүүс нь тэнд согтуу архи уугаад сууж байсан ба тэр үед хохирогч болох Батжаргалтай танилцсан. Тэгээд бөөнөөрөө сууж байтал Батжаргал нь архинд хүн явуулах гээд Уянга, Баярмаа хоёрт итгэхгүй байна гээд манай эхнэр Долгорсүрэнд картаа өгч явуулаад 2 шил архи захисан. Тэгээд Уянга болон манай эхнэр хоёр гарсан. Тэр хоёр Хараа нэртэй 0.75 литрийн архи авчирсан ба тухайн архийг ууж дуусаад бөөнөөрөө тэр гэрээс гарсан. Тэр үед Батжаргал нь манай гэрт очиж архи ууя гээд замаар дандаа ордог гээд Барх нэртэй дэлгүүр орсон. Тэндээсээ архи, идэж уух юм аваад гэртээ очсон. Тэдний гэрт Баярмаа, би, эхнэр Д-нар очсон. Тэгээд тэндээ архиа хувааж уусан. Тэгээд Батжаргал ах агсам тавих гээд байх шиг болоод байсан ба манай эхнэр Долгорсүрэнд дахиж архи захисан. Тэгээд бид хоёр явсан ба би нэг сэрэхэд гэртээ хэвтэж байсан. Би гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

Шүүгдэгч С.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ нөхөр С-ын хамт гарсан. Тэгээд бид хоёр гадуур явж байгаад 12 цагийн үед манай доор байдаг айл болох Батсайханы гэрт очсон. Тэр үед тэдний гэрт Баярмаа, Уянга, Батжаргал гэх хүмүүс байсан. Тухайн хүмүүс нь тэнд согтуу архи уугаад сууж байсан ба тэр үед хохирогч болох Батжаргалтай танилцсан. Тэгээд Батжаргал нь намайг архинд яваад ир гээд надад виза картаа өгч явуулсан. Тэр үед би Уянгатай хамт явсан ба Хараа гэх нэртэй 2 ширхэг 0.75 литрийн архи авсан. Тэгээд эргэж ирээд архиа хувааж ууж дуусаад байж байтал Батжаргал нь бааранд оръё, ах нь даая гэж хэлээд гарсан. Тэгээд гадаа явж байгаад баар орохоо болиод Батжаргал ахын гэр рүү явахаар болсон байсан. Тэгээд замдаа байнга ордог дэлгүүр нь гээд Барх гэх нэртэй дэлгүүр рүү Батжаргал ах өөрөө орсон. Тэндээс архи идэж уух юм аваад гэр рүүгээ явсан ба тэдний гэр рүү Баярмаа, манай нөхөр С- бид 3 Батжаргал ахын хамтаар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед очсон. Тэр үед гэрт нь нэг залуу унтаж байсан. Тэгээд бид хэд авсан архиа хувааж уугаад байж байтал Батжаргал ах дахиад архи захисан. Тэр үед Батжаргал ах нь манай нөхрийн хүзүүнээс нь татаад агсам тавих гээд байх шиг болохоор нь би айгаад архинд гарахдаа нөхрөө аваад гарсан. Тэгээд айгаад эргэж очоогүй. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул болгоомжгүйгээр виза картнаас мөнгө ашигласан нь үнэн. Тухайн үед мөнгийг С-ын хамтаар идэж уух юманд зарцуулсан юм шиг байна лээ. Архи уусан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Тухайн гэмт хэргийг би өөрийн болгоомжгүйгээс болж үйлдсэн байна гэх мэдүүлэг /хх-ийн 48/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Д.С-, С.Д-нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59, 60-61, 70-71/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.С-, С.Д-нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 285 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Ш.Батжаргалын эзэмшлийн Голомт банкны зэс картыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.284.895 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Д.С-, С.Д-нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Д.С-, С.Д-нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Ш.Батжаргалд учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн, уг баримтуудаас хохиролыг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Д.С-, С.Д-нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохиролоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Долгорын С-, Тэгш овогт Самдангийн Д-нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Д.С-, С.Д-нарыг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-, С.Д-нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.С-, С.Д-нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-, С.Д-нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ