Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

2020        01          17                                   2020/ШЦТ/102   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч А.Ариунаа,

Шүүгдэгч М.Пнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоноцор овогт Мөнгөнцэцэгийн П-д холбогдох эрүүгийн 1906 00520 2620 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Пнь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эд” зочид буудлын 207 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч Д.Мөнхсайханы хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хэтэвчин дотор байсан бэлэн 50.000 төгрөгийг болон Хаан банкны 5498155315 дугаарын виза картнаас 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас гаргуулан авсаны улмаас бусдад 888.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч М.Пнь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 01 дүгээр capын 12-ны 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банана” бааранд найз Отгонбаяртай хамт ороод үйлчүүлсэн. Би бааранд П-гэх эмэгтэйтэй танилцаад 02 цагийн үед гараад бид гурав Сансарын колонкын замын хойд талд байрлах “Эд” гэх зочид буудлын 207 тоотод орж амарсан. Өглөө П-09 цаг өнгөрч байхад буудлаас гарсан ба түүнийг гарсаны дараа хувцасаа үзэхэд халаасанд байсан бичиг баримт, мөнгө банкны картыг П-гэх эмэгтэй хулгайлаад явсан байсан. Би тэр дороо ХААН банкны лавлах руу холбогдоод картаа хаалгах гэхэд Баянзүрх захын ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны 09:40-10:00 цагийн хооронд 500.000 төгрөг нэг удаа, дараа нь 300.000 төгрөгөөр нэг удаа уншуулаад миний ХААН банкны дансанд байсан 800.000 төгрөгийг авсан байсан гэх мэдүүлэг /хх 14/,

 

Хөрөнгийн үнэлгээний ДАМНО ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗД2-19-730 дугаартай:

2018 онд “Хүннү молл” дэлгүүрээс авч байсан хүннү сэрэхүй гэх арьсан хэтэвч зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 38400 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /хх 21-22/,

 

            -гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

            -хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх 6/,

            -хохиролд 480.000 төгрөг шилжүүлсэн банкны орлогын баримт,

 

Шүүгдэгч М.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би одоо тухайн cap өдрийг нь санахгүй байна. Нэг найзтайгаа цуг Сансарын Моника нэртэй бааранд орсон. Тэндээ 1-2 ширхэг пиво ууж байгаад Д.Мөнхсайхан гэдэг залуутай танилцсан. Тэгээд би Д.Мөнхсайхан гэдэг залуутай хамт Сансарын баарнаас гараад буудал орсон. Тэгээд буудалд ороод орсон буудалдаа дахиж хэдэн ширхэг пиво уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө 6 цагийн үед тэр буудлаасааа гарахдаа би Д.Мөнхсайханы түрүүвчийг нь аваад гарсан. Тэгээд би аль бэлэн мөнгөний машин гэдгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Д.Мөнхсайханы картыг уншуулж эхлээд 500.000 мянган төгрөгийг, дараа нь 300.000 төгрөгийг авсан. Тэгээд шууд Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт ирсэн гэх мэдүүлэг /хх 30/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс М.П-ийн эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт /хх 31, 32, 37/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Пнь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эд” зочид буудлын 207 тоот өрөөнд хамт үйлчлүүлсэн хохирогч Д.Мөнхсайханы хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хэтэвчин дотор байсан бэлэн 50.000 төгрөгийг болон Хаан банкны 5498155315 дугаарын виза картнаас 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас гаргуулан авсаны улмаас бусдад 888.400 төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч М.Пнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч М.П-ийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Д.Мөнхсайхан нь шүүх хурлын тов мэдэгдэхэд “хулгайд алдсан бичиг баримтны мөнгөө нэхэмжилж байна” гэх хариу өгсөн бөгөөд тэдгээрийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, учирсан хохирлоос 480.000 төгрөг төлөгдсөн баримтыг шүүх хуралд гарган өгч, үлдэгдэл 408.400 төгрөгөөс төлөгдсөн зүйлгүй байх тул шүүгдэгч М.П-эс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Пнь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд төрүүлснээр нярай хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч М.П-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулах арга хэмжээ авах талаарх үүргийг хүлээлгэв.

 

 Шүүгдэгч М.Пнь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, учирсан хохиролоос төлж барагдуулаагүй үлдсэн 408.400 төгрөгийн хохирлыг 4 сарын хугацаанд төлж дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнээр энэ нь биелэгдэх боломжтой байдал, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.П-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.П-ийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3, 4 дэхь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан хүүхдээ хүүхдээ асран хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нэг жилийн хугацаанд шүүгдэгч М.П-д хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч М.Пнь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-эс 408.400 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхсайхан /ия90042313/-д олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар М.П-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ