| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 168
2020 01 29 2020/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч П.Болормаа,
Хохирогч Д.Алтай, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
Хохирогч Л.Одгарав, түүний өмгөөлөгч Л.Отгондорж,
Гэрч Ц.Жавхлантөгс,
Шүүгдэгч Б.Ү , түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,
Шүүгдэгч Ц.Д , түүний өмгөөлөгч О.Санчирбал,
Шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлтэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Ү , Ц.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 00823 1357 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , А.Э .
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 112 дугаар байрны 48 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Б.Ү .
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 7, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутаны дотуур байрны 6 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц.Д .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Алтайг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Алтайг нүүрэн тус газар цохиж 3 шүдийг эмтэлж, 1 шүдийг хугалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Одгаравтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “...Өмнөх шүүх хурал болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйлгүй. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтай мэдүүлэхдээ: “...Өмнөх шүүх хуралдаан дээр ярьсанаас өөр хэлэх зүйлгүй. Надад нийт 5.329.000 төгрөгийн хохирол учирсан. Би гомдолтой байна...Хохирол төлбөрөө барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Одгарав мэдүүлэхдээ: “...Надад ярих юм байхгүй. 973.743 төгрөг нэхэмжилж байна. Хүмүүсийн гаргасан мэдүүлэгт гомдолтой байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Жавхлантөгс мэдүүлэхдээ: “....2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Д.Алтай Ц.Д , Б.Цэрмаа бид дөрөв шар айраг ууж байгаад баарнаас гарч ирээд хувцсаа өмсөж байхад 2 залуу гарч ирсэн. Л.Одгарав, Б.Ү хоёр зүй бус үгээр бид нарыг доромжилсон. Д.Алтай хариуд нь “та нар яагад ингэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Л.Одгарав, Б.Ү хоёр дээр Д.Алтай түрүүлээд очсон. Ц.Д Л.Одгаравыг цохиж унагаасан. Тэр хооронд Б.Ү буцаад орсон. Би Л.Одгарав дээр очоод босгож суулгасан. Д.Алтай араас гүйж ирээд цохихыг завдсан. Д.Алтай Л.Одгаравыг босгож суулгаад “ухаан алдсан байна” гэж надад хэлсэн. Тэрний дараагаар Б.Ү араас нь гарч ирээд Д.Алтай руу дайрсан. Тухай үед Д.Алтайгийн шүд зүгээр байсан. Б.Ү миний шанаа руу цохисон. Тэрний дараа Б.Ү Д.Алтай хоёр барилцаж авсан. Би салгах гэж оролцсон. Б.Ү Д.Алтайгийн нүүрэнд цохиход Д.Алтай “миний шүд хугарчихлаа” гэж хэлээд уруулаа бариад байсан. Уруулнаас нь цус гарсан байсан. Тэгэхэд писинээс 4 залуу гарч ирсэн ба миний хамгийн тод харсан залуу бол цагаан захтай хар савхи өмссөн залуу нь харагдсан. Би тусламж гуйсан. Үүний дараагаар хар хүрэмтэй цагаан захтай залуу бусад залуутай хамт Д.Алтайг дамжлаад шатны уруу харанхуй руу явсан. А.Э ч мөр рүү нь түлхээд дамжлаад аваад явсан. Тусламж гуйхад хэн ч надад туслаагүй. А.Э Д.Алтайтай хамт байж байсан. Энхтүвшин Алтайгийн толгойд дэвсэж байсан. Цаана олон залуу байсан болохоор би айгаад очиж чадаагүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаар хохирогч Д.Алтайгийн өгсөн мэдүүлэг /1хх-21-23, 24-25/, гэрч Ц.Жавхлантөгсийн өгсөн мэдүүлэг /1хх-33-35, 146-147/, гэрч Б.Хангайгийн өгсөн мэдүүлэг /1хх-33-38/, гэрч Б.Бат-Оргилын өгсөн мэдүүлэг /1хх-42-44, 108/, гэрч Б.Цэрмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-89-91/, гэрч Ж.Гомбосүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-142-145/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1789 дугаартай дүгнэлт /1хх-46-47/, шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-43-50/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2250 дугаартай дүгнэлт /1хх-52/, шинжээч эмч О.Болороогийн өгсөн мэдүүлэг /1хх-54/, иргэн Д.Алтайгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх-8/, эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг /1хх-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12-15/, хохирогч Д.Алтайгийн өвчний түүх /1хх-65-83/, Д.Алтайгийн Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн баримт /1хх-95-100/, шүдний эмчилгээ хийлгэсэн баримт /1хх-101-102/, хохирогч Ч.Одгаравын хохирол нэхэмжилсэн баримтууд, эмчилгээ хийлгэсэн баримтууд /1хх-157-167/, шүүгдэгч А.Э , Б.Ү , Ц.Д нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, дансны хуулбар /1хх-84, 86, 88, 118, 126, 127-132/, таньж олуулах ажиллагаа явуулсан баримт /1хх-151-155/, Б.Ү ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-28-30, 31-32, 109-112/, Ц.Д ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-26-27, 94, 120-122/, А.Э гийн өгсөн мэдүүлэг /1хх-136-138/, гэрч Б.Цэрмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-89/, хохирлын баримт /1хх-203/, “Туждент” ХХК-ийн тодорхойлолт /1хх-203/ шинээр 2 хуудас тодорхойлолт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Алтайг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.Ү нь 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Алтайг нүүрэн тус газар цохиж 3 шүдийг эмтэлж, 1 шүдийг хугалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Одгаравтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараахи нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтайгийн өгсөн: “... Би 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед найз охин Ц.Жавхлантөгс, Ц.Д , Б.Цэрмаа нарын хамт “Цэ” пабад ороод 02 цаг өнгөрч байхад гарсан. ”Цэ” баарны гадна байсан урт үстэй залуу биднийг “та нарт наад охидууд чинь чихдүүлэхгүй гээд байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь манай найз ЦДамдиндорж очоод 1 цохиод унагаасан. Найз нь гэх залуу гарч ирээд “та нар миний найзыг яаж байна” гэж хэлээд миний ам руу нэг удаа цохьсон. Миний дээд талын 1 үүдэн шүд унасан. Тэгсэн нэг мэдэхэд үл таних 3-4 хорь орчим насны залуус гэнэт гараад ирсэн. Нэг мэдсэн ухаан алдсан байсан. Ц.Жавхлантөгс намайг сэрээсэн. Манай найз охидуудыг хэл амаар доромжлоод байхаар нь би тэрэн дээр “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд очиж явтал найз Ц.Д миний хажуугаар орж ирээд түрүүлээд цохьчихсон. Миний биеийн байдал чамархайн баруун яс хугарсан, баруун чихний хэнгэрэг цоорсон, шүд унасан, 3 шүд эмтэрсэн, нүдний ухархай цөмөрсөн. Намайг “Цэ” баарнаас гарч ирсэн залуу намайг нэг цохиход үүдэн талын шүд унасан. Бусад гэмтэл нь нөгөө залуучууд зодуулах үед үүссэн. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Ямар нэг санал хүсэлт байхгүй. Би зодуулахаас өмнө Б.Ү миний үүдэн шүдийг цохиж унагаахаар би Б.Ү ыг зөрүүлж нэг удаа цохьсон.” /1хх-21-23, 24-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Жавхлантөгсийн өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 22 цагийн орчим “Цэ” нэртэй пабад хоол идэхээр орсон. Д.Алтай найз Ц.Д найз охин Б.Цэрмаа нь ирээд бид дөрөв тус тусдаа 500 грамм шилтэй шар айраг ууж байгаад шөнө 01:40 цагийн орчим гараад явж байтал үл таних урт үстэй залуу бидэн рүү бүдүүлэг үг хэллэг хэлээд байсан. Д.Алтай түрүүлж очоод “чи муу юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Ц.Д араас нь гүйж очоод Л.Одгарав гэгчийн нүүрэн тус газар гараараа цохиод унагаасан. Л.Одгаравын найз нь “Цэ” пабаас гарч ирээд “миний найзыг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлээд маргалдаж Д.Алтайгийн нүүрэн тус газар цохьсон чинь Д.Алтай “пизда минь шүд эмтэлчихлээ” гэж хэлээд амаа дараад байхаар нь харсан чинь уруулны дотор тал нь язарсан байсан. Писинээс үл таних 20 гаран насны 4 залуу гарч ирээд Л.Одгаравыг газарт унасан байхад тойрч зогсоод дээрээс харж байсан чинь Д.Алтай тэдэн дээр очоод юу гэж хэлснийг мэдэхгүй үл таних 2 залуу “Цэ” пабын зүүн булан руу түлхсэн чинь Д.Алтай зугатаасан. Д.Алтайг хөөгөөд “Цэ” пабын цаана очоод цагаан нэхий захтай хар өнгийн савхин хүрэмтэй залуу Д.Алтайг газар хэвтэж байхад нь толгойн тус газар нь 5-6 удаа орчим дэвсэлж байгаад нөгөө нөгөө залуучууд цохьж зодосныг хараагүй. Ц.Д очиж салгасан. Ардаас би очоод салгасан чинь тэр залуучууд явсан. Л.Одгаравын найз нь Д.Алтайгийн шүд рүү нэг удаа цохиж шүдийг нь эмтэлсэн. Харин писинээс гарч ирсэн 4 залуугийн нэг болох цагаан өнгийн захтай, хар өнгийн савхин хүрэмтэй залуу Д.Алтайг газар унасан байхад толгой дээр нь 5-6 удаа орчим дэвсэлж байсан. Л.Одгаравыг Ц.Д цохиж зодсон.” /1хх-33-35,146-147/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хангайгийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө найз А.Э , Ж.Гомбосүрэн, Б.Бат-Оргил нарын хамт “Цэ” пабын дэргэд байх “Zoom” нэртэй писи тоглоомын газарт тоглоод шөнө 02 цагийн үед гарч ирэхэд нэг эрэгтэй хүн урт үстэй эрэгтэйг цохьсон чинь урт үстэй залуу цохиулаад газар унасан. Цохьсон залууг нь “боль” гээд салгасан чинь цохьсон залуу “Цэ” пабын үүд рүү явсан. Тухайн үед тэр залуугийн дээд талын үүдэн нэг шүд нь унасан байсан. Тэр залуу бидний өөдөөс цохих гээд өрөж зогсож байгаад урдаас зангаж цохиод зугатаасан. Тухайн үед би цагаан өнгийн нэхий захтай бор өнгийн савхин хүрэмтэй, бор өнгийн хагас түрийтэй гуталтай, ногоон өнгийн ноосон малгайтай. Бэлтгэлийн цүнхтэй байсан. А.Э цагаан өнгийн нэхий захтай бор өнгийн савхин хүрэмтэй, малгайгүй байсан. Ж.Гомбосүрэн юүдэнтэй хар өнгийн
куртиктэй, масктай байсан. А.Э бид 2 ардаас нь хөөсөн. Миний араас Б.Бат-Оргил гүйж байсан эргээд харахад Б.Бат-Оргилын ардаас Д.Алтайгийн найз нь гүйгээд ирж байхаар нь “за больё” гэж хэлээд А.Э рүү харсан. А.Э , Б.Бат-Оргил нар шатаар өгсөөд дээш гарч байсан. Тэгсэн Д.Алтай гэгч нь шатны доод талын харанхуй хэсэгт хэвтэж байгаа харагдсан.” /1хх-36-38/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Оргилын өгсөн: “....2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-ны шөнө писи тоглоомын газраас 02 цагийн найз А.Э , Ж.Гомбосүрэн, Б.Хангай нарын хамт гарч ирсэн. Тэгэхэд урт үстэй эрэгтэй нь ухаан алдаад газар хэвтэж байсан. Би тэр залууг “одоо боль” гээд гарнаас нь барьж аваад салгатал тэр залуу “хөгшөөн намайг тавьж бай яах ч үгүй” хэлсэн. Тэр залуугийн гарыг тавьсан /тухайн үед шүд нь хугарсан гэж байсан хүн Д.Алтай / чинь тэр залууг толгойн ар хэсэгт газар савж унатал цохьж унагаасан. Тэр цохьсон залууг Б.Хангай, А.Э хоёр салгаад “Цэ” пабын үүд рүү авч яваад байхад нөгөө залуу нь “миний шүдийг хараач” гээд Б.Хангайг цохих гээд байсан. Би түүнийг цохиогүй.” /1хх-42-44,108/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрмаагийн өгсөн: “...”Цэ” пабны дэргэд үл таних урт үстэй согтуу залуу “та нар яах гээд байгаа юм бэ, наад 2 хүүхнээ аваад яваач” гэсэн утгатай үг хэлсэн чинь Ц.Д түрүүлж очоод тэр залууг цохьсон чинь тэр залуу дээш хараад ухаан алдаад уначихсан. Ухаан алдаж унасан залуугийн найз залуу “Цэ” пабаас гарч ирээд Д.Алтайтай муудалцсан. Би цохиулсанаас болоод орчин тойрноо анзаарах боломжгүй байсан. Тэр үед Д.Алтай байхгүй болсон байсан. Удалгүй Ц.Жавхлантөгс уйлчихсан Д.Алтайгийн нүүр нь цус болсон “Цэ” пабын цаад талын шатны доод талаас гарч ирсэн. Л.Одгаравыг Ц.Д түрүүлж нүүрэн тус газар нь цохьсон чинь ухаан алдсан. Одоо эдгэрсэн учраас би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” /1хх-89-91/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Гомбосүрэнгийн өгсөн: “ ...Тухайн үед би замын хэлээн наад талд зогсож байгаад замын дэргэд байрлах хажуу талын шатны талаас яваад очсон. Д.Алтай хана налаад газар суугаад толгойгоо хамгаалсан байдалтай Б.Хангай болохоор А.Э г тэврээд түүнээс холдуулаад шатаар өгсөөд гараад ирсэн. Д.Алтайгийн байсан газар нь харанхуй булан байсан. Үйл явдал их хурдан богинохон хугацаанд болж өнгөрсөн. Намайг ирмэгц А.Э гийн араас Б.Хангай тэврээд салгасан байдалтай шатаар гарч ирсэн. Тухайн үед Д.Алтай нь бидэнд хэлэхдээ Б.Ү руу заагаад “наад залуу чинь миний эхнэрийг цохичхоод намайг цохиод миний үүдэн нэг шүдийг хугалсан” гээд орилж байсан.” /1хх-142-145/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1789 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Алтайгийн биед гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн нэг шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, доод үүдэн нэг шүдний талласан хугарал, нэг шүдний эмтрэл, уруулд зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, сарвуу, ууц нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Нэг шүдний хугарал бүхий гэмтэл нь ерөнхий чадвар алдалтын 5 хувьд нөлөөлнө.” /1хх-46-47/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Т.Сэлэнгийн өгсөн: “ ...Д.Алтайгийн биед гавлын баруун чамархай ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийтдээ буюу дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд үүдэн зүүн 1-р шүд нь хүзүүвч хэсгээрээ хугарч унасан байх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” /1хх-48-50/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2250 дугаартай дүгнэлтэд:
1. Ч.Одгаравын биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” /1хх-52/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч О.Болороогийн өгсөн: “....Ч.Одгаравын биед учирсан дээрх гэмтлүүд нь 1 удаагийн хүчин зүйлийн улмаас үүсэх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх-54/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ү ын яллагдагчаар өгсөн: “ ...Би хүлээн зөвшөөрч байна. Найз Л.Одгаравын хамт “Цэ” нэртэй пабад орсон 01 цагийн орчим гараад би тамхиа олоогүй. Буцаж орж тамхиа хаясан байж магадгүй гээд ороод гарч ирэхэд манай найз Л.Одгарав үл таних хүнд зодуулсан байдалтай ухаан алдаад дээш хараад унасан зүүн хөмсөг нь сэтэрсэн. Д.Алтай, Ц.Д , Б.Цэрмаа, Ц.Жавхлантөгс нар дээрээс харсан. Би “та нар яагаад найзыг минь ийм болгов оо” гэтэл Ц.Д миний эрүүн тус газар цохьсон. Л.Одгарав ганцаараа байхдаа Ц.Д ийн эхнэрийг хэл амаар доромжилсон гэж сонссон. Ц.Д миний найз Л.Одгаравыг цохиж унагаасан байна лээ. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. 2 хувь тогтоолыг алга болгосон. Тухайн үед маргалдаж байхдаа Д.Алтайгийн 1 үүдэн шүд рүү цохьж хугалсан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний баруун гарын дунд хурууны үе шүд цохисноос болоод нилээн том язарсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /1хх-109-112/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Д ийн яллагдагчаар өгсөн: “ ...Би хүлээн зөвшөөрч байна. Л.Одгарав бидний араас “та нар наад хүүхнээ авч явах гэж байгаа юм уу, наад хүүхэн чинь явахгүй гээд байгаа юм биш үү” гэж орилсон. Би ардаас нь гүйж очоод Л.Одгаравын нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Писи тоглоомын газраас үл таних 4 залуу гарч ирээд Б.Ү , Л.Одгарав нар дээр очтол Д.Алтай нэг залууг “чи миний шүдийг хугалсан” гэж дайраад байхаар нь нөгөө залуусын нэг нь түүнийг зодчихоод яваад өгсөн. Би Л.Одгаравын нүүрэн тус газар нэг л удаа цохьсон. Писи тоглоомын газраас гарч ирсэн 4 залуугийн нэг нь түүнийг цохьж зодсон.” /1хх-120-122/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Э гийн яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Д.Алтай Б.Хангайг “чи миний шүдийг унагачихлаа” гэж хэлээд цустай уруулаа гаргаж харуулж байгаад Б.Хангайгийн цээжин тус газар цохиод цааш зугатаах гэхээр нь би ардаас нь гүйцэж ирээд Д.Алтайгийн ардаас 1 цохьсон. Эргэж хараад намайг 2,3 цохиод бид 2 хоорондоо хэд хэд цохилцож байхад Д.Алтай газар унаад нүүрээ гараараа хамгаалаад зодоон болохын хувьд болсон Д.Алтайгийн араас цохьсон.” /1хх-136-138/ гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-10/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12-15/,
Өвчний түүх /1хх-65-83/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-95-102, 157-167, 203-204, /,
“ХААН” банкны дансны хуулга /1хх-127-132/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-151-155/,
Хохирлын мөнгө хүлээлсэн тэмдэглэл,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-84, 86, 88/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Ү ын өмгөөлөгч Д.Одонтунгалагийн зүгээс: “...Хэргийг нэг талыг хэтэрхий барьж хохирогчид ашигтай байдлаар хэргийн материалыг бүрдүүлсэн. Хэргийн үйл явц баримт арай өөр байдаг. Гэрч Ц.Жавхлантөгсийн мэдүүлэг зөрүүтэй. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч А.Э , Б.Ү , Ц.Д нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтай, Л.Одгарав, гэрч Ц.Жавхлантөгс, Б.Хангай, Б.Бат-Оргил, Ж.Гомбосүрэн нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1789 дугаартай дүгнэлт, шинжээч Т.Сэлэнгийн өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2250 дугаартай дүгнэлт, шинжээч О.Болороогийн өгсөн мэдүүлэг, А.Э , Б.Ү , Ц.Д нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, өвчний түүх, хохирол нэхэмжилсэн баримтууд, “ХААН” банкны дансны хуулга, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын мөнгө хүлээлсэн тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоосон байх тул мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нараас яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Э , Б.Ү , Ц.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Э гийн 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Алтайг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Ү ын 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Алтайг нүүрэн тус газар цохиж 3 шүдийг эмтэлж, 1 шүдийг хугалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Д ийн 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Одгаравтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.Э , Б.Ү , Ц.Д нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Э , Б.Ү , Ц.Д нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Д нь 1.600.130 төгрөгийг, шүүгдэгч Б.Ү нь 400.000 төгрөгийг, шүүгдэгч А.Э нь 5.300.000 төгрөгийг тус тус хохирогч нарт нөхөн төлсөн ба үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ц.Д оос 496.471 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Одгаравт олгох, мөн хохирогч Д.Алтай, Л.Одгарав нар нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй үлдээх нь тогтов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.Ү ын 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Алтайг нүүрэн тус газар цохиж 3 шүдийг эмтэлж, 1 шүдийг хугалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч Ц. Дамдиндоржийн 2019 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Одгаравтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн гэмт хэрэг нь 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жил байхаар хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Ү , Ц.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.
Харин шүүхээс шүүгдэгч А.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч А.Э гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч А.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 1 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 14 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ү , Ц.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Ү , Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Б.Ү , Ц.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Э г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар А.Э гийн цагдан хоригдсон 14 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээтэй дүйцүүлэн 210 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210.000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасч тооцож нийт 9790 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.790.000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Э д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, мөн Б.Ү , түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарын гаргаж өгсөн 1 ширхэг сидиг буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Ү , Ц.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ц.Д оос 496.471 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Одгаравт олгосугай.
10. Хохирогч Д.Алтай, Л.Одгарав нар нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ү , Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Э , Б.Ү , Ц.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС