| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0127/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 148
2020 01 28 2020/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Хохирогч, шүүгдэгч Б.Г,
Хохирогч, шүүгдэгч Б.Бэ нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01328 0115 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ди” нэртэй караокены 01 тоот өрөөнд Б.Бэтэй маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, газар унагасны улмаас Б.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, алим, хамрын нуруу, шилбэнд цус хуралт, хавантай гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Бэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ди” нэртэй караокены 01 тоот өрөөнд Б.Гтой маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж Б.Гийн биед зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, баруун, зүүн нүдний алим, дотор булан, доод зовхи, хүзүүнд цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Б.Бэ нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед хамт ажилдаг ажилтан Б-э, Мөнхцэцэг нарын хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах HD караокены 1 тоотод хамт архи ууж, дуулж байгаад цалин тавилтан дээрээс болж Б-э надруу агсарч эхэлсэн. Тэгэхэд нь би цалингийн талаар бол би мэдэхгүй. Ер нь бол цалин цагтаа буух үедээ буудаг гэхэд цалин их бага буудаг, эрт орой буудаг гэж занасан байдалтай хэрэлдэж эхэлсэн. Тэгээд Б-э миний баруун талд сууж байгаад гараараа баруун талын нүдний орчим хэд хэдэн удаа цохьсон ба хэдэн удаа цохьсоныг нь би мэдэхгүй байна. Би Б-ийн баруун нүд хацар орчим нь нэг удаа цохьсон. Б-э намайг зодож газар унагаахдаа ширээн дээрээс унасан ба ширээний хажууд байсан өсгөгчний дээрээс намайг дараад унасан ба дээрээс миний хамарруу цохьсон гэх мэдүүлэг /хх 11 тал/,
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах HD нэртэй караокены 1 тоот өрөөнд ажлын дарга Г-, хамт ажилладаг Мөнхцэцэг нарын хамт архи уугаад дуулж байсан. Г-той би цалин мөнгөний асуудлаас болж маргалдаж эхэлсэн ба цалин тогтворгүй байдаг гэх шалтгааны улмаас маргалдаж эхэлсэн. Г- миний баруун шанааруу цохиход нь би хаалганы хажуу руу харин Г- караокены өсгөгч төхөөрөмж рүү унасан. Тэгээд босч ирээд би Г-ийн нүүр орчим нь нэг удаа цохьсон. Харин хамрын гэмтэл нь бол хойш өсгөгч рүү унах үед үүссэн гэмтэл. Миний учруулсан гэмтэл нь зөвхөн нүүрэнд цохисноос болж хавдсан нүдний гэмтэл юм гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэж санаж байна. Байгууллагынхаа хамт олноор сууж байгаад дараа нь хүмүүс явсаар хамгийн сүүлд Г-, Б-э бид гурав үлдэж байсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, HD нэртэй караокед байсан. Бид гурав караокед дуулаад сууж байтал Б-э Г-ийг “чи цалин мөнгө идэж уудаг” гэж хэлэхэд Г- уурлаад шууд Б-ий зүүн нүд орчим нь цохиход би хүн дуудахаар гарсан. Тэгээд караокены эзэн гэх залууг дагуулаад ороод ирэхэд хоорондоо зодолдоод зууралдаж байсан. Зодоон эхлэхээс өмнө хэн нэгэнд нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин зодооны дараа Б-ий хөмсөгнөөс зус гарч нүд нь улайж хөхөрсөн байсан. Г-ийн хамар дээр нь хөндлөн ором гарсан байсан. Мөн караокений төхөөрөмжүүд унасан байсан. Хэн унагаасан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 18 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2328 дугаартай:
Б.Гийн биед зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, баруун, зүүн нүдний алим, дотор булан, доод зовхи, хүзүүнд цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Гийн биед учирсан зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, баруун, зүүн нүдний алим, дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх 27 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2338 дугаартай:
Б.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, алим, хамрын нуруу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх 32 тал/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... Ингээд би Г-той цалингийн талаар ярьсан бөгөөд түүнд хандан “Чи цалингаас мөнгө иддэг биз дээ” гэж хэлтэл Г- уурлаж босч ирээд гараараа нэг удаа миний нүүр хэсэгт цохичихсон бөгөөд би хойшоогоо газар уначихсан. Тэгтэл дээрээс ирээд миний нүүр толгой гэх мэт газрууд руу цохиж эхэлсэн. Ингээд би доороос нь арай хийж босч ирсэн бөгөөд босч ирснийхээ дараа Г-ийн зүүн нүднийх нь ойролцоо 1 удаа цохичихсон. Тэгээд үргэлжлүүлээд Г-ийг түлхчихсэн бөгөөд Г- караокены төхөөрөмж рүү эргэж хараад уначихсан. Тэр үед нь гаднаас караокены хүмүүс орж ирээд бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх 22 тал/,
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... Ингээд миний дээрээс Б-э гараараа цохиж эхэлсэн бөгөөд миний нүүр хэсэгт тус цохилтууд нь онож байсан. Яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан 3-аас дээш удаа цохисон. Тэр үед нь караокены эзэн болох Номин-Эрдэнэ гэх хүн гаднаас орж ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон ба бид хоёр салаагүй бөгөөд миний хамар, амнаас цус гарсан байсан. Б-э дахин дайраад байсан тул би өөрийгөө хамгаалах зорилгоор нүд хацар хавьцаа нь нэг удаа гараараа цохисон. Ингээд бид хоёр хоёр тийшээ салсан бөгөөд би яг тодорхой сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх 24 тал/,
Хавтаст хэргээс Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40, 45, 49 тал/, Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх 50, 51, 52, тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бэ, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эйч Ди” нэртэй караокены 01 тоот өрөөнд шүүгдэгч Б.Бэ нь хохирогч Б.Гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ялыг оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.Бэ, Б.Г нар нь хохирол нэхэмжлээгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, мөн бичгээр хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Б.Бэ, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их мянган овогт Батмагнайн Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Бэ, Б.Г нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэ, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ