| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0107/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 172
2020 01 30 2020/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00729 2681 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 12 тоот гэртээ эхнэр Ч.Энхнасанг утсаа авсангүй гэх шалтгаанаар маргалдан өмдний тэлээгээр толгойн тус газар, нуруу мааждаг гэх модоор гуя руу нь цохиж тархи доргилт, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэднд холбогдох эрүүгийн 1906 00729 2681 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ч.Энхнасангийнхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Энхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 9 цагийн үед гэрээсээ гараад тэмцээнтэй явж байгаад ажлын хамт олонтойгоо нэг газар сууж ярилцаж байгаад 20:40 цагийн үед гэртээ ирсэн. Нөхөр намайг чи хаагуур яваад утсаа авахгүй байсан юм гээд тайлбар сонсохгүй тэлээгээ тайлаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод унтлагын өрөөрүү чирч оруулаад нуруу мааждаг модоор нуруу, гуя гээд бүх л биерүү цохисон. Тухайн үед би ухаан балартаад хамаг бие хөхөрсөн байхаар нь би цагдаад дуудлага өгөөд тэр өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Намайг байнга харддаг. Зүүн талын ташаа хавиар өвдөөд улайсан байна. Намайг архи уугаагүй эрүүл үедээ зодож дарамталдаг, энэ байдал 2001 оноос хойш үргэлжилж байна. Өмнө нь 5-6 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Намайг хэл амаар доромжилж, гараараа болон юм барьж цохидог. Ухаан алдтал зодож гар хугалаж байсан. Намайг зодсон үйлдэл дээр нь хуулийн дагуу арга хэмжээг нь авч өгч миний эрх ашгийг хамгаалж өгнө үү, мөн хүнийг ингэж зодож болдоггүй юм байна гэдийг ойлгуулахыг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1597 дугаартай:
Ч.Энхнасангийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18/,
Шүүгдэгч Н.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 11-12 тоотод байх өөрийн гэртээ хүүхдүүдтэйгээ байхад эхнэр Ч.Энхнасан согтуу орж ирсэн. Эхнэр Ч.Энхнасан согтуу орж ирчихээд хэл амаар доромжлоод хэрүүл маргаан үүсгэж байгаад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй дуудлагаар цагдаа нар ирээд хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин эхнэр согтуу байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2019 оны 1 дүгээр сарын 21 өдөр эхнэр бид 2 хоорондоо маргалдсан эхнэрээ зодож цохиж гэмтэл учруулсан зүйл болоогүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
-гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 9-10/,
-аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 26/,
-Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн баримтууд /хх-ийн 29-32/,
-хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 45-48/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Н.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 50-55/ нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ч.Энхнасангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Энхнасангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны хугацааг мөрдөгч санал гарган прокурорын цохолтоор 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 6 удаа сунгаж шийдвэрлэсэн байна. Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг ажиллагаа явуулах гэсэн үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1 болон 2 сарын хугацаагаар, гэрч нараас мэдүүлэг авах, холбогдогч этгээдийн хувийн байдлыг тогтоох гэсэн үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1 сарын хугацаагаар 2 удаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах гэсэн үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1 болон 3 сарын хугацаагаар тус тус сунгасан.
Ингэхдээ тус бүр сунгасан хугацаандаа заасан ажиллагаагаа хийгээгүй байх ба 2019 оны 03, 04, 05, 06, 07 ,08, 10 дугаар саруудад ямар ч ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ талаар мөрдөгч, прокурорын ямар нэгэн тайлбар хэрэгт авагдаагүй байна.
Цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунжруулан сунгаж байгаад анхаарч ажиллах нь зүйтэй байгааг тэмдэглэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Тухайн гэмт хэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.Энхнасан нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галманах овогт Нямдоржийн Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ