Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 31

 

 

Т.Батхүү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Батхүү нарт холбогдох эрүүгийн 201721010003 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Бавгар овогт Дамбын Цогтбаяр,

Монгол улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Энгээнхэн овогт Тавкийн Батхүү,

Монгод улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хангайчууд овогт Боломжавын Түмэндэмбэрэл нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг Хавтаг гэх газраас хориглосон арга хэрэгслээр ховор амьтан болох нэг тооны хулан/ адуу/ агнаж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Дамбын Цогтбаяр, Тавкийн Батхүү, Боломжавын Түмэндэмбэрэл нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны говийн хулан агнаж, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаярыг 1/нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Т.Батхүүг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийг 1/нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарт тус тус 1/нэг/  жил 5 /тав/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Шүүгдэгч Д.Цогтбаяр, Т.Батхүү, Б.Түмэндэмбэрэл нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ВЕПРЬ-12  загварын 12х76 мм калибртай, 301 дугаар замагтай, ангийн зориулалттай галт зэвсгийг хурааж төрийн өмчлөлд буюу улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 75-07 ХОА улсын дугаартай ТОYOTA маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Цогтбаяр, Т.Батхүү, Б.Түмэндэмбэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Цогтбаярт оногдуулсан 1/нэг/ жил  5/тав/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзахаар, шүүгдэгч Т.Батхүүд оногдуулсан 1/нэг/ жил,  5/тав/ сарын хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар, шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд оногдуулсан 1/нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг тэнсэж,  1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, хяналт тавихыг Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Цогтбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан боловч монгол улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай тогтоолын 9-д гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг, үнэ төлбөргүйгээр улсын орлого болгох буюу онцлогийг нь харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн устгана гэж тайлбарлажээ. Иймд дээрх тээврийн хэрэгсэл нь мөрдөн байцаалтын явцад гэм буруутай этгээдүүдийн өмчлөлд байхгүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүх уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийтгэх тогтоолд дурдсан нь буруу буюу хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн зарчимд бүрэн нийцээгүй гэж үзэж байна. Иймд уг шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, болон бусад хэрэгсэлийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хурахааар заасан. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтанд Д.Цогбадрахын эзэмшлийн 75-07 ХОҮ  улсын дугаартай Тоуата Лаnd Gruizer маркийн тээврийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож машиныг Д.Цогбадрахад буцаан олгож харин гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох Тоуата Лаnd Gruizer маркийн машины үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж шйидвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь

            Шүүгдэгч Д.Цогтбаяр, Т.Батхүү, Б.Түмэндэмбэрэл нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн нутаг “ Хавтаг “ гэх газраас хориглосон арга хэрэгслээр, зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хулан агнаж, тээврийн хэрэгслээр тээвэрлэн мөн тэдгээрийн түүхий эдийг хадгалж байгаль экологид 11000000 / арван нэгэн сая / төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр  агнасан бол 2002 оны эрүүгийн хуулийн тусгай  203 дугаар зүйлийн 203.1-д 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны  шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.5 дугаар зүйлийн 1-т нэг жилээс таван  жил хүртэл хорих ял оногдуулахаар хүндрүүлэн хуульчилсан байна.

            Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан ялыг 2015 оны шинэ хуулинд нийцүүлэх шаардлагагүй эрхзүйн байдал нь дордохоор байна.

          Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэлийг заавал хураахаар хуульчилсан байсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар хуульчилсан байна.

Т.Батхүү нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь тогтоогдсон боловч уг тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаагүй ба иргэн Д.Цогбадрахын өмчлөлд байсан  нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.   Иймд  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг дагуу Д.Цогтбаяр, Т.Батхүү, Б.Түмэндэмбэрэл нараас  тээврийн хэрэгсэлийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн тогтоолын 5 дугаар заалтыг хүчингүй болгож тогтоолд өөрлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Шийтгэх тогтоолын 5 дахь  заалтыг хүчингүй болгож өгнө үү гэх шүүгдэгч Д.Цогтбаяр түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ниы өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд: -1. Тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “  . . .  75-07 ХОА улсын дугаартай ТОҮОТА маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10000000 төгрөгийг шүүгдэгч Д.Цогтбаяр, Т.Батхүү, Б.Түмэндэмбэрэл нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай гэснийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧИД                                 Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                               Б.ДАМБА