| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2017/0470/З |
| Дугаар | 776 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 776
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот захирамжийн 1 дүгээр заалт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ж.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , Ч.Б , С.М , гэрч О.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны *** тоот захирамжийн 1 дүгээр заалтаар Хан-Уул дүүргийн 13-р хороо Шувууны газар нутгийн наад талын хилийн заагаас Нисэхийн тойрог хүртэлх авто замд ачааны автомашины бүх жинг 10 тонноор байнга хязгаарлаж, тэмдэг тавьсан нь бидний ачааны авто машинаар тээвэрлэлт хийх эрх, бизнес эрхлэх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Энэхүү бүх жин 10 тонн гэсэн хязгаарлалтын тэмдгийг тавих эрхийг Нийслэлийн Засаг дарга бус сайд хэрэгжүүлэх ёстой байсан.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор батлагдсан Зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгсэл тэнхлэгийн даацад хязгаарлалт тогтоох журамд зааснаар Авто тээврийн хөгжлийн газар нь даацын хязгаарлалт хийх эрхтэй бөгөөд даацын хязгаарлалт хийж замаа засахдаа заавал чиглэлийг нь өөрчилж зам гаргах ёстой. Мөн эхлэх, дуусах цагийг нь гарган цагдаагаар хянуулж осол, аваарыг хариуцахаар заасан.
Иймд Захиргааны Ерөнхий Хуулийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус захирамж тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны *** тоот захирамжийн 1 дүгээр заалтыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэв.
Хоёр. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсөн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга 2016 оны *** дугаар захирамжийг гаргахдаа Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн иргэдийн эрх ашгийг хамгаалж эрүүл, аюулгүй нөхцөл байдалд амьдрах боломжийг бий болгохын тулд уг захирамжийг гаргасан. Учир 2012 онд Шувуун фабрик, Биокомбинатын замыг шинээр тавьсан бөгөөд удалгүй машин байтугай хүн ч явах аргагүй болсон. Тухайн үед оршин суугчид нь төрийн бус байгууллага байгуулан Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга нарт удаа дараа “эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа тул тус зам дээр зохицуулалт хийж өгнө үү” гэж хандсаны дагуу Нийслэлийн Засаг дарга уг захирамжийг гаргасан.
Дээрх тэмдгийг байрлуулахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, ашиглах, хянах болон төр, зам ашиглагч байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулсан Авто замын тухай хууль болон Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 80 дугаар тушаалаар баталсан “Авто замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээвргйн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам” зэргийг үндэслэсэн болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн A/520 захирамжийн 1 дүгээр хэсэг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэцгээв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Б” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот захирамжийн 1 дүгээр заалт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 8/34 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Авто замын тухай /1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 6.1.3 дахь заалтад “тухайн нутаг дахь авто зам түүний засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих”, 6.1.5 дахь заалтад “олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын талаар нутаг дэвсгэртээ орших байгууллага, иргэнд үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах” мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ” гээд 9.4.5-д “харьяа нутаг дэвсгэрийнхээ зам, замын байгууламж гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах” гэж заасныг тус тус үндэслэсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *** тоот захирамжийг гаргажээ .
Авто замын тухай /1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжийг хаах, авто замын сүлжээ, чиглэлийг өөрчлөхтэй холбогдсон журмыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаал гарсан байх бөгөөд уг тушаалын хавсралт “Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам”-ийн 4 дүгээрт “...Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдлоос бусад үед орон нутгийн чанартай авто замыг хаах, чиглэл өөрчлөх даац хязгаарлах шийдвэрийг тухайн орон нутгийн авто зам, авто тээврийн улсын хяналтын байцаагч, тээвэр, авто замын албаны хамтарсан дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана...” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргаас тодорхой хугацаанд авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэр гаргахдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаал болон тухайн орон нутгийн авто зам, авто тээврийн улсын хяналтын байцаагч, тээвэр, авто замын албаны хамтарсан дүгнэлтийг үндэслэлээ болгон эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримтлахаар байна.
2.Харин нэхэмжлэгч эцсийн байдлаар “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны *** тоот захирамжийн 1 дүгээр заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байх боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Авто замын тухай /1998 оны / хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.5 болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэг заасан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох заалтыг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд авто замын ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавих үүргийнхээ дагуу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжийн 1 дүгээр заалтыг гаргасан байх бөгөөд энэхүү актад утга агуулгын илэрхий алдаа байхгүй, батлан гаргасан байгууллага нь тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаагүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан “илт хууль бус акт”-ын шинж тогтоогдсонгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны *** тоот захирамжийн 1 дүгээр заалт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийг дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Авто замын тухай /1998 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот захирамжийн 1 дүгээр заалт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР