Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1713

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04895 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Энх-Орчлонд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Уранцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Энхтөвшин

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Балжинсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Г.Энх-Орчлонтой танилцаж гэр бүл болж 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Э.Хүслэн 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо 6 настай, охин Э.Ундрал нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, одоо 9 сартай. Бид 8 жил амьдрах хугацаанд эхэндээ гайгүй байсан ба Г.Энх-Орчлон нь хааяа архи уудаг, хонуутаар гэртээ ирдэггүй байсан. Хүүхэдтэй болвол хариуцлагаа ухамсарлаа байх гэж итгэдэг байсан. Гэвч хүүхэд төрсний дараа улам их архи ууж, тайван байлгахгүй байсан тул 2011 оны эхээр би хүүгээ аваад ээжийндээ тусдаа амьдарч байсан. Г.Энх-Орчлон нь дахин архи уухгүй гэж удаа дараа гуйгаад байхаар нь итгээд хүүгээ эцэггүй өсгөхгүйн тулд 2 сарын дараа буцаж хамт амьдрах болсон. Гэвч засрахын оронд улам их ууж, ааш зан нь догшин ширүүн болж, хонуутаар алга болдог, намайг хэл амаар доромжилж, ажил дээр ирж мөнгө нэхдэг болсон. 2011 оны 06 дугаар сард Э.Уранцэцэг миний бие Алтай хотхонд 2 өрөө орон сууц захиалж 2012 онд Төрийн банкны зээлээр 46 000 000 төгрөгөөр худалдан авч, 2013 оны 03 дугаар сард байрандаа нүүж орсон. Одоо байртай болсон, тусдаа гарсан гайгүй болох байх гэсэн боловч ааш нь эвдэрсэн. Хүү маань ааваасаа айдаг болж, гар хүрч юм авч шидэж айлган хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. 2015 оны 08 дугаар сард охин төрсөн, нялх биетэй байхад архи ууж агсам согтуу тавьж, зодож сэтгэл санаа тайван бус байдалтай болсон тул 2016 оны 05 дугаар сараас гэртээ ирэхгүй тусдаа амьдарч байна. Г.Энх-Орчлон нь олон удаа эрүүлжүүлэгдэн, согтуугаар автомашин жолоодож явж байсан. Иймд цаашид бид хамтран амьдрах боломжгүй, хүүхдүүдийн ирээдүйг бодож бидний гэрлэлтийг цуцлаж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, Г.Энх-Орчлонгоос тэтгэлэг гаргуулна. Бидний дундын өмч болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 16-235 тоот 2 өрөө орон сууцыг 46 529 000 төгрөгөөр авсан. 2014 оны 08 дугаар сард Ийст маркийн автомашиныг 7 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд 2 хүүхэд болон надад оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Хүүхдүүдтэйгээ Г.Энх-Орчлонг сард 2 удаа уулзуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч архи уудаг байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийллийн улмаас хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхөөр бол гэрлэгчдийг эвлэрүүлэхгүйгээр гэрлэлтийг цуцлах тухай заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж баинa. Тоёота Ийст маркмйн автомашиныг Г.Энх-Орчлонд өгөхийг нэхэмжлэгч зөвшөөрнө. Хариуцагч нь архи уухаараа гадуур хонодог, архи ууж танхайрч байсан нь цагдаагийн байгууллагаас авсан зөрчлийн тэмдэглэлээр тогтоогдоно гэжээ.

Хариуцагч Г.Энх-Орчлон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие заримдаа сард 4 удаа архи уудаг. Би энэ зуршлаа хаях оролдлого хийдэг байсан. Би эхнэрээ огт зодож байгаагүй бөгөөд надад тийм зан, бодол байдаггүй. Мөн ээж, дүү нарыг нь зодно, ална гэж айлган сүрдүүлж байгаагүй. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эцэг Д.Ганхуягаас 14 000 000 төгрөг зээлж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 16-235 тоот байрыг захиалан авсан. 100 000 айлын орон сууц хөтөлбөрийн 6 хувийн зээлэнд хамрагдахын тулд гэрээ болон бусад баримтуудыг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлэн миний бие хамтран зээлдэгчээр ипотекийн зээлэнд хамрагдсан. Ойрын үед өөрийн үүсгэн байгуулсан компанид амралтгүй ажиллаад ямар нэгэн шалтгаанаар архи их ууж гэрийн тайван бус байдал алдагдуулж байгаад эхнэр хүүхдүүдээсээ уучлал хүсч байна. Мөн гэр бүлийнхээ төлөө ойрын 3-4 жилд өөрийн үндсэн ажлын хажуугаар 2 компанийн гэрээт нягтлан бодогчоор ажиллаж ирсэн ба хүүхдүүдээсээ уучлал хүсч байна. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өөртөө шийдвэртэй алхам хийхээр архи уух зуршил эмчлүүлэхээр эм хэрэглэн эмчилгээ хийлгэж байгаа. Миний бие эхнэрээс салах бодолгүй байгаа бөгөөд энэ бүх асуудал архитай холбогдож байгаа учир архинаас татгалзаж, эмчилгээ хийлгэснээр архи хэрэглэх боломжгүй болох ба цаашид хүүхдүүдийнхээ ирээдүй, хүмүүжилд анхааран хамт амьдрах хүсэлттэй байна. Иймд манай гэр бүлийг салгахгүйгээр цаашид эвлэрэн хамтдаа амьдрах хугацаа олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Балжинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэгчдийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хүчирхийллийн нөхцөл байдал үүсгээгүй, хариуцагч Г.Энх-Орчлон нь гэр бүлийн гишүүддээ байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлдэггүй болохыг тэдний ойр дотны хүмүүс гэрчлэх бөгөөд нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагын зөрчлийн тэмдэглэл гэх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн зүйл харагдахгүй, зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх зөрчлүүд л байх тул гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж үзэн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6.3, 6.5 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэр бүлийн маргааныг, эвлэрүүлэн зуучлалын журмаар щийдвэрлүүлэх хүсэлттэй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Уранцэцэгийн Г.Энх-Орчлонгоос гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Уранцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх бага охин Э.Ундрал 2016 оны 08 сарын 19-ний өдөр нэг нас хүрэх байсан. Гэтэл анхан шатны шүүх хүүхэд нэг нас хүрэхэд ердөө гуравхан хоног дутуу байхад Гэр бүлийн тухай хуулийн ганцхан зүйл заалтыг хэт баримтлан намайг болон хоёр хүүхдийг одоо амьдарч буй хүнд нөхцөлд хэвээр үлдээж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Г.Энх-Орчлон бид хоёрын амьдрал үнэхээр ямар ч асуудалгүй, үр хүүхдүүдэд нөлөөлөх зүйлгүй бол ингэж шүүхэд хандах ямарч утгагүй байх. Гэтэл өдөр тутмын амьдрал байнгын айдас түгшүүртэй, дарамт шахалт, доромжлол дунд байж. үр хүүхдийн хүмүүжил, есөлт хөгжилд муугаар нөлөөлж байгаа учраас шүүхэд хандсан. Г.Энх-Орчлон нь гэр бүлээ байнгын сэтгэл санааны дарамтад байлгадаг. Миний бие Г.Энх-Орчлонг ноцтой гэмтэл учруулж зодож байсан гэж мэдүүлж байгаагүй. Хоёр удаа хөнгөн гар хүрсэн, зодоход маш ойрхон нөхцөл байдал үүссэн гэдгийг анхан шатны шүүхэд мэдүүлэхийг хүссэн. Аргагүйдээд өөртөө хэрэгтэй гэж үзэж нэг удаа хоолойны бичлэг хийсэн байснаа баримтжуулан шүүхэд өгсөн. Мөн Г.Энх-Орчлонгийн ааш авир, гаргадаг үйлдлийг миний ойр дотны хүмүүс мэдэж байгаа. Гэтэл тэдгээр хүмүүсээс мэдүүлэг, тайлбар аваагүй атлаа шүүх зөвхөн хүүхэд нэг нас хүрээгүй байна гэсэн үндэслэлээр дүгнэлт хийсэн. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална”. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгсэд эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж заасан байхад эдгээр нөхцөл байдлыг анхааралгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Энх-Орчлон нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Э.Хүслэнг хичээл тарахад өөрөө дургүй байхад нь хүчээр булааж авч явсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдээ хичээлд нь хүргэж өгсөн. Нийт 4 өдөр хүүтэйгээ хамт байсан ч ангидаа хийсэн бүх хичээлийг шалгаагүй, гэрийн даалгаврыг нь хийлгээгүй байсан. Би гэр бүлээ цуцлуулж хүүхдүүдээ амгалан тайван орчинд өсгөх, сэтгэл санааны дарамтгүй байлгах, хичээл сургуульдаа бүрэн анхаардаг, өөрийн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг хүн болгохыг зорьж байна. Гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ аавтайгаа уулзахыг зөвшөөрнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар охин Э.Ундрал нэг нас хүрээгүй гэсэн үндэслэлээр гэрлэлт цуцлах боломжгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба мөн шүүхийн шийдвэрийн удирдлага хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт “шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэрийг гаргана” гэсэн байгаа заалтыг баримталсан атлаа нэхэмжлэлийн шаардлага бүрийг хэрхэн шийдвэрлэх боломжгүй байгаа талаар заагаагүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Э.Уранцэцэг нь хариуцагч Г.Энх-Орчлонгийн архидан согтуурч агсан согтуу тавьдаг гэртээ хонодоггүй 1-2 удаа зодож байсан нь Цагдаагийн байгууллагаас авсан зөрчлийн тэмдэглэл, CD бичлэгийн нотлох баримтаар нотлогдож байсан тул гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсныг шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “гэрлэлт цуцлах үед ...хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно” гэж заасан байхад 2 хүүхдийн асрамж болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 16-235 тоот 2 өрөө орон сууц болох V-2205047581 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 46 529 006 төгрөгөөр худалдан авсан үнийн дүнгээр мөн Ийст маркийн автомашиныг 7 000 000 төгрөгөөр худалдаж авсан үнийн дүнгээр гэр бүлийн 4 гишүүнд хувааж авах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан байхад шүүхийн шийдвэрт хэрхэн шийдвэрлэх боломжгүй талаар заагаагүй, мөн Төрийн банкны орон сууцны зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, “Интерактив Би Ай” ХХК-д Э.Уранцэцэг ажилладаг тухай тодорхойлолт, "Тайгам Алтай" ХХК-ийн орон сууцыг 46 529 000 төгрөгөөр худалдсан тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж шүүхийн шийдвэрт тусгаагүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Уранцэцэг нь хариуцагч Г.Энх-Орчлонд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, Г.Энх-Орчлонг хүүхдүүдтэйгээ сард 2 удаа уулзаж байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлнэ” гэж маргажээ.

 

            Зохигчид 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн, тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Хүслэн, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин Э.Ундрал нар төрсөн болох нь хэрэгт авагдсан 3049 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, 5194, 0000181228 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 4, 5/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.”, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ.” гэж тус тус заажээ.

 

            Нэхэмжлэгч Э.Уранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.Энх-Орчлон нь улам их архи ууж, ааш зан нь догшин ширүүн болж, намайг болон миний ээж, дүү нарыг доромжилж зодуулна, ална гэж айлган сүрдүүлж, танхайрч байсан. Хүү маань ааваасаа айдаг болж, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна” гэж тодорхойлон  Г.Энх-Орчлонгийн захиргааны зөрчил гаргасан бүртгэл, гар утсан дээр хийгдсэн гэх ярианы CD бичлэг, цаасан хэлбэрээр хэвлэсэн хуулбарыг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан байна. 

 

            Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг байнга хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан болохоо нотлоогүй байхад шүүх Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “зохигчдыг эвлэрэх боломжоор хангах” үүргээ хэрэгжүүлэлгүйгээр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх талуудаас эвлэрүүлэх талаар бүх талын арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Уранцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

                                                          ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР                                                                                                    

                                                                             Д.ЦОГТСАЙХАН