Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

    2020        01         30                                   2020/ШЦТ/179   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Сэ, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сэд холбогдох эрүүгийн 1906 06281 0001 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Сэ нь 2019 оны 10 дугаар 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 9 дүгээр гудамжны ус түгээх 32 дугаар худгийн орчим приус 20 загварын автомашинд байлдааны зориулалттай галт зэвсэг хадгалсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Сэ нь галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн:

Уг автомашин нь Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн 9-р гудамж 032-р худагийн урд байрлуулсан 67-74 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба тээшийг онгойлгож шалгахад ARMSCOR гэсэн бичигтэй 15 хайрцаг сум, STANDART гэсэн бичигтэй улаан хайрцагтай сум 5 ширхэг, шар ногоон өнгийн цүнхтэй 5.5 см урттай, 1.1 см диаметертэй сум 14 ширхэг, задгай 10 ширхэг сум байсныг эд мөрийн баримтаар хураан авав гэх тэмдэглэл /хх-ийн 9-13/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5169 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь шинжилгээнд тэнцэнэ. Хар саарал өнгийн ОХУ-д үйлдвэрлэсэн 5,6х15 мм-ийн 5 ш, шаргал өнгийн АНУ-д үйлдвэрлэсэн 5,6х15 мм-ийн 5 ш, ногоон өнгийн хонгиотой хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн 7,62х39 мм-ийн 5 ш сумнуудыг ирүүлсэн байна. Шинжинлгээнд ирүүлсэн 7,62х39 мм-ийн сумнууд нь ердийн ган зүрхэвчтэй байлдааны зориулалттай, 5,6х15 мм-ийн сумнууд нь спорт-ангийн зориулалттай байна. Дээрх сумнууд нь буудлага хэвийн үйлдэж байна. Үйлдвэрийн тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөөгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь галт хэрэгсэлд хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/,

 

            -гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

            -хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 7/,

            -эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоо /хх-ийн 8/,

 

Шүүгдэгч Б.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зах дээр байж байгаад үл таних хүнээс сум хямдхан худалдаж авсан. Цааш нь зарж ашиг олох зорилготой байсан. Ингээд сум аваад машиндаа хийгээд харьж яваад баригдсан. Сум худалдаж авсан хүнээ танихгүй. Би урьд нь сум зарж байсан. Зах дээр хүмүүс ирээд хямдхан сум зардаг ба би түүнээс нь авч тодорхой хэмжээний ашигаа нэмээд зардаг байсан. Би өөрийн буруутай үйлдэлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна

 

Хавтаст хэргээс Б.Сийн эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, дансны хуулга /хх-ийн 45-51/, иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 56-61/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сэ нь байлдааны зориулалттай галт хэрэгсэлийг хууль бусаар олж авч хадгалан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Сийн байлдааны зориулалттай галт хэрэгсэлийг хууль бусаар олж авч хадгалан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Сэ нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хонгиотой калибрын сум 245 ширхэг, шар өнгийн хонгиотой калибрын сум 745 ширхэг, 60/75 гэсэн бичигтэй ногоон хонгио шаргал өнгийн хошуутай сум 285 ширхэгийг устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Сэд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлууд болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулийн шинж чанарыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батнасангийн С-ийг байлдааны зориулалттай галт хэрэгсэлийг хууль бусаар олж авч хадгалан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг найман мянга хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая хорин таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8.025 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.025.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч Б.Сэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар хонгиотой калибрын сум 245 ширхэг, шар хонгиотой калибрын сум 745 ширхэг, 60/75 гэсэн бичигтэй ногоон хонгио шаргал өнгийн хошуутай сум 285 ширхэгийг устгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ