| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0189/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 223
2020 02 06 2020/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-өд холбогдох эрүүгийн 1906 07485 0186 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилэй, “Тэнүүн Өлзий” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-222б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, иэ81073174 регистрийн дугаартай, Түмэн-Алдар овогт Цэдэвийн Б-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Бнь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Олзвойн” 6 тоотод эхнэр Б.Мөнхтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр лүү нь цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05985 0092 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ц.Бнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өөрийнхөө ээжтэй хамт төрсөн дүү болох Отгонтуяаг өдөржингөө эмнэлгээр дагуулж явсан. Тэгээд хөдөөнөөс бас нэг дүү Батцэцэг юм захихаар нь захисан зүйлсийг нь авахаар “Бөмбөгөр” худалдааны орчихоод 19 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд явж байхад манай 2 найз Ганчимэг Шижиртуяа нар надруу залгаад “Бөхийн өргөөний хажууд байна хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ оролгүйгээр яваад очсон. Тэгээд 2 найзтайгаа хоол идчихээд нэг нэг шил пиво уучихаад тэндээс гараад бид 3 офицерт байдаг Ганчимэгийн эгчтэй нь уулзчихаад тэгээд 23 цаг болж байхад 2 найзаараа гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэрийнхээ гадаа хашааруугаа Ганчимэгийн машинтай ортол манай нөхөр гараад ирсэн. /Манайх хашаандаа машин зогсоодог юм/ Тэгсэн Шижиртуяа Мөөгий ах гарч ирж байна гэсэн. Тэгсэн манай нөхөр тэр машин дээр хүрч ирээд “ямар машин орж байна, хонох юмуу” гэхээр нь би Шижиртуяаг хононо гээд хэлчих гэсэн чинь “хонох юмуу хоновол 2000 төгрөг шдээ” гэсэн. Тэгэхээр нь би тэр машинаас буулгүйгээр цонхыг нь доош нь буулгаад “за мэднээ мэднэ, би байнаа” гэсэн чинь манай нөхөр намайг шууд “зайл пизда” гээд хэлчихээд гэр рүүгээ орчихсон. Тэгэхээр нь би цаадах чинь уурлачих шиг боллоо гээд тэр 2-ыг явуулчихаад би гэртээ орсон. Тэгсэн нөхөр намайг “баахан согтуу хүүхнүүдтэй ирчихээд хүн доромжиллоо, эдний нөхөр нь машины мөнгө хараад сууж байдаг юм байна гээд бодно шдээ, зайл янхан минь” гэсэн. Тэгэхээр нь би “чи чинь одоо яагаад байгаа юм бэ, за за би хойшоо охин руугаа явлаа” гээд цүнхээ аваад гарах гэсэн чинь миний цүнхийг авч шидээд тэгээд шууд гар утас булааж авахаар нь би нөхрийгөө “зүгээр байгаач” гэсэн чинь намайг шууд үсдэж аваад үүднээс хоймор хүртэл чирсэн. Тэгэхээр нь би гэрээс гарах гээд ноцолдсон чинь “чи муу янхан хэдэн хүүхнүүдтэй ирчихээд хүн доромжилдог юу вэ” гээд нүүр рүү зүүн гараараа миний баруун талын шанааруу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би газар уначихсан байсан чинь нүүрнээс гараараа базаад дахиад нүүр рүү гараараа 3-4 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтчихсэн чинь үснээс зулгаагаад хүзүүний хойд хэсэг рүү хөлөөрөө жийчихээд үснээс зулгаагаад угзраад сэгсчээд байсан. Тэгээд гарынх салаанд уначихсан үсийг газар уначихаад дахиж үсдээд байсан. Тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ, зайл гэхээр чинь л явах гэлээ” гэсэн чинь намайг газар унагаачихаад нуруу хэсэгт 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд би “одоо больчихоочдээ” гэж хэлээд уйлсан. Тэгсэн чинь зодохоо больсон. Тэгсэнээ “тэр гэрийнхнийгээ дууд, авга нараа дууд” гээд “тэд нарыгаа дуудаад нэг мөсөн зайл” гээд байсан. Тэгэхээр нь би утсаа нэхэж аваад ээж рүүгээ залгах гэсэн чинь залгуулахгүй утас булааж авах гээд байсан. Тэгсэн гаднаас нэг машин манай хашааруу ороод ирсэн. Тэгэхээр нь би гэр дотроосоо “цагдаа дуудаад өгөөчээ” гээд орилсон. Тухайн үед манай нөхөр гэрийн хаалганы үүдэнд зогсоод Намайг гаргахгүй миний амыг гараараа дараад “дуугүй байгаач урд нь чи муу намайг 2 удаа цагдаа дуудаж өгсөн, одоо барьж өгнө гэж бодож байна уу” гээд байсан. Тэгсэн хүн иpж байгаа чимээ сонсогдсон чинь нөхөр гараад явчихсан. Тэгсэнээ нөгөө манай хашаанд машинаа тавьдаг хүн дээр очоод “манай эхнэр согтуу байгаа юмаа би одоо аргалаад унтуулах гэж байгаа юм” гэж хэлсэн байсан. Тэгээд нөхрийгөө гэрээс гараад явчих хооронд нь ээжрүүгээ “тa цагдаа дуудаад иp” гээд зурвас бичсэн. Тэгсэн удалгүй манай эмэгтэй дүү Отгонтуяа гэрт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би цүнхээ аваад би дүүтэйгээ хамт гэрээсээ гараад хашааныхаа үүдэнд гараад очтол манай ээж хүлээгээд байж байсан. Тэгээд би ээж, дүүтэйгээ хамт цагдаа ирэхийг хүлээгээд хашааны үүдэн дээр зогсож байсан. Тэгээд цагдаа нар ирээд гэр рүү ороод нөхрийг аваад гарах гэж байсан чинь манай нөхөр надруу муухай хараад “чи муу ямар овоо байнаа” гээд байсан гэх мэдүүлэг /хх 9-10/,
Гэрч М.Алтантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23:00 цагийн орчим манай охин Мөнхтуяа гэртээ харьж байна гэж утсаар яриад манай нөхөр согтуу байх шиг байна гэж хэлж байсан. Тэгээд би санаа зовоод 23:30 цагийн орчим 80114272 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй таслаад байсан. Тэгж байсан гэтэл 00:00 цагийн орчим “надруу зурвас бич, та цагдаа дуудаад манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө ямар ч байсан очихоод дуудлага өгье гэж бодоод охин Отгонтуяагийн хамт очиход манай охин түрүүлээд гэр рүү нь ороод охин Мөнхтуяаг дагуулаад гараад ирсэн. Гэтэл охин Мөнхтуяагийн хамраас цус гарсан, үс нь сэгсийсэн байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны 196 дугаартай:
Б.Мөнхтуяагийн биед тархи доргилт, зулай, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, шанаа, дээд, доод уруул, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын үзүүр, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, баруун гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун бугалга, шуу, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 30-32/,
Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ хамт ажилладаг Билэгт гэх залуутай 1 шил 0.5 литрийн архи хувааж уучихаад ажлаа тараад гэртээ 21:00 цагийн үед ирсэн. Тэгтэл гэрт хүн байгаагүй бөгөөд би галаа түлээд байж байсан. Тэгтэл хашааны хаалга дугарсан ба нэг машин орж ирэх чимээ гарсан. Ингээд би гараад зогсоолын мөнгө авахаар очтол 3-4 хүүхэн машин дотроос зогсоолын мөнгө хэд вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2000 төгрөг гэхэд “ийм хямдхан юм уу” гээд инээлдсэн ба дотроос нь манай эхнэр юм ярих чимээ гарахаар нь би эхнэрийг найзуудтайгаа ирсэн байна гэж бодоод тэр хэдийг орхиод гэр рүүгээ орчихсон. Ингээд удалгүй тус машин яваад манай эхнэр гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэрт уурлаад “чи найзуудтайгаа нийлж намайг доромжиллоо” гэж хэлсэн бөгөөд бид хоёр хэрэлдэж эхэлсэн ба би галаа түлээд сууж байтал эхнэр намайг “яасан сүртэй юм” гэж хэлэн өшиглөчихсөн. Ингээд би босч ирээд эхнэрийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгтэл эхнэр уурлаад гэрээс явлаа гэсэн бөгөөд би явуулахгүй гээд ноцолдож эхэлсэн. Тэгтэл миний гарны дээд булчингаас эхнэр хазчихсан тул миний уур хүрээд үсдээд дарсан бөгөөд хэсэг хугацааны дараа эмэгтэй дүү нь гаднаас ороод ирсэн гэх мэдүүлэг /хх 28/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
-Дуудлагын лавлагааны хуудас /хх 6/,
-Хэсгийн байцаагч Д.Хосбаярын илтгэх хуудас /хх 7/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 14-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 36/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 37/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бнь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ц.Б-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Мөнхтуяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Мөнхтуяа нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Цаашид уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Ц.Бнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түмэн-Алдар овогт Цэдэвийн Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ