Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 246

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

     2020       02          12                                   2020/ШЦТ/246    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Я.Сансар,   

Нарийн бичгийн дарга Д.Хулан,

Шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Баттүвшингийн Т-өд холбогдох эрүүгийн 1906 05410 2184 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Тнь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Ганболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05410 2184 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч А.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр худалдааны төвд лангуугаа хаагаад гарах үед манай дүү Солонго аав Аюуш, ээж Цэвэлмаа нарын хамт таарсан. Манай аав Аюуш зүс таних Хүслэнтэй заамдалцсан байдалтай зогсож байсан. Би очоод юу болсоныг асуухад Солонго “намайг нэг залуу дэгээдээд янхан, гичий зэргээр доромжилсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь “та нарыг ална” гээд дайрч эхэлсэн. Тэгтэл Хүслэнтэй хамт явж байсан Т-манай дүү Солонгыг цохисон. Би очиж Т-тэй барьцалдаж авсан. Би Т-тэй зууралдаж ноцолдсон. Ноцолдож байх үедээ би газар унасан. Т-миний дээр гарч цээж рүү дэвссэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

 

Гэрч С.Хүслэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр найзууд болох Т-, Хүдэрбаатар нарын хамт пиво ууцгаасан. Би нилээн согтсон. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын ард бид гурав зогсож байх үед нэг охин бид нарын голоор өнгөрөх үедээ бүдрэх шиг болсон. Тэгээд хэрүүл болсон. Тэр охин эргэж хараад хэрүүл эхэлсэн. Би “зайл, зайл” гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь танил Ганаа ах түүний дүү /нэрийг нь мэдэхгүй байна/ мөн Тайванаа ах нар ирчихсэн хэрүүл хийж байснаа санаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн:

Би аав, ээжийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр захын урд явж байх үед үл таних залуу намайг дэгээдсэн. Би “хүүе яаж байгаан” гэсэн чинь “зайл гичий минь” гэсэн. Тэгсэн чинь аав уурлаад “чи юу гэнээ”  гээд бариад авсан. Энэ үед манай ах Ганболд гарч ирэхээр нь би болсон явдлыг хэлсэн. Тэгээд манай ах тэд нартай хэрэлдэж байгаад сүүлд нь “та нар ингээд явчих” гэсэн. Тэгээд намайг дэгээдсэн залуу найзын хамт явсан. Гэтэл намайг дэгээдсэн залуу найзын хамт явсан. Гэтэл Т-гэх залуу эргэж хараад “хөөе чамтай үзэж болно шүү, хоёулаа булан тойроё, чамайг ална шүү” гэсэн. Тэгснээ Т-гэгч миний дух руу цохисон. Тэгэхээр нь ах уурлаад Т-тэй барьцалдаж аваад ноцолдсон. Ахыг газар унах үед нь Т-дэвсээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10668 дугаартай:

А.Ганболдын биед тархи доргилт, дух, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шуунд цус хуралт, бүсэлхий, зүүн тохойд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/,

 

Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр найз Хүслэн, Хүдэрбаатар нарын хамт харих гээд Сүмбэр орд худалдааны төвийн урд зогсоод ярилцаж байсан. Гэтэл Хүслэн нэг охинтой маргалдаад эхэлсэн. Юунаас болж маргалдсаныг нь би мэдээгүй. Гэтэл тэр охины ах нар гарч ирээд Хүслэн рүү дайрсан. Тэгээд тэд нараас салаад автобусны буудал чиглээд явж байтал Солонго ирээд намайг заамдаж аваад хацар руу алгадсан. Би Солонгыг түлээд автобусны буудал руу алхсан. Гэтэл нь Солонгын ах нь болох Ганболд ирээд намайг цохисон. Би зөрүүлээд цохьсон. Ганболдод учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Надаас өөр зодоон хийсэн хүн байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

 

-Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлот /хх-ийн 34 тал/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 56-57 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Тнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Т-ийн иргэн А.Ганболдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хавтаст хэрэгт хохирогч А.Ганболдын “ямар нэгэн санал гомдолгүй, хохирлын талаар маргаан байхгүй, ийм учраас шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт авагдсан байх тул Б.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

 

Шүүгдэгч Б.Тнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-өд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ