Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

 

 

   2020         02         21                                   2020/ШЦТ/315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Я.Сансар,

Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Г.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дамдиндоржид холбогдох эрүүгийн 1806 09496 1992 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билэгсайханыг Батлан хамгаалахын их сургуульд оруулна гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн 3.700.000 төгрөгийг хуурч, мэхлэн залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                  /яллах дүгнэлтэд бичсэнээр/   

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 09496 1992 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Н.Ц нь үргэлжилсэн үйлдлээр хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 08 дугаар сард танил П.Лхамдулам гэх хүнд Батлан хамгаалах их сургуульд орох зорилгоор эхлээд 2 сая төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн тухайн үед П.Лхамдулам нь цаашаа хүнд өгнө яаралтай явуул гэж хэлж авсан, мөн дараа нь 500.000 төгрөгийг бэлнээр Н.Ц эгчид өгсөн. Тэгээд энэ жил 2018 оны 07 дугаар сард нөгөө Н.Ц гэх хүн над руу яриад төлбөрийнхөө мөнгийг одоо өг гэхээр нь би сургуульдаа орчихоод өгье гэтэл хувцасны мөнгө төгрөг хэрэгтэй гэхээр нь 1.200.000 төгрөг Нандин-Эрдэнэ гэх хүний дансаар Н.Цтай ярьж байгаад шилжүүлсэн уг мөнгийг Н.Ц өөрөө авсан. ... Үүнээс би буцааж П.Лхамдуламаас 500.000 төгрөг авсан, Н.Цаас 1.300.000 төгрөгийг авсан. Одоо 1.900.000 төгрөгийг Ц-аас авах ёстой. П.Лхамдулам нь Ц- гэх хүнийг бидэнд олж зуучилж өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 22-23/,

 

Гэрч П.Лхамдуламын мөрдөн байцаалтад өгсөн:

Б.Билэгсайхан 2 сая төгрөгийг надад өгсөн. Үүнээс 1.500.000 төгрөгийг нь би Ц-д өгсөн. 500.000 төгрөгийг нь би авсан. Дараа нь Ц-д бэлнээр 500.000 төгрөг, мөн 1.200.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд би үлдсэн байсан 500.000 төгрөгийг үрчихсэн юм. Миний хувьд одоо Билэгсайханд ямар нэг мөнгө төлбөр төлөх ёсгүй, би дээрх өөрийн 500.000 төгрөгийг 2018 оны 10, 11 сарын үед Билэгсайханд өгсөн. Ц- нь яагаад намайг 300.000 төгрөг төлнө гэж яриад байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би бэлнээр 1 сая төгрөг өгч байсан удаа байхгүй. Харин дараа нь буюу энэ оны 02-р сард Ц- над руу яриад 150.000 төгрөгийг чи өгөх ёстой гэхээр нь за тэгвэл би өгчихье чи үлдсэн мөнгөө хурдан гаргаж өгөө гэж хэлсэн. Би 2 сая төгрөг авсан гэж Ц-д хэлсэн бөгөөд үүнээс 1.500.000 төгрөгийг яаралтай явуул гэсэн. Энэ нь дансны хуулгаар гараад ирнэ гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 13/,

-Б.Билэгсайханы дансны хуулга /хх-ийн 32-33/,

-МУ-ын ҮБХИС-ийн Б.Билэгсайхан /АЮ99090314/ нь ҮБХИС-д 2017, 2018 онуудад элсэн суралцаагүй болно гэх албан бичиг /хх-ийн 79/,

 

Шүүгдэгч Н.Цын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:

... Лхамдуламд 2 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. 2017 оны 8 сард Лхамдулам миний дансанд мөнгө орсон гээд 1 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн.  Тэгэхээр нь би цааш нь хүнд 850.000 төгрөгийг нь өгөөд Билэгсайханыг сургуульд оруулж болох уу гэхэд болно гэсэн. Тухайн үед Лхамдулам хэдэн төгрөг авсанаа надад хэлээгүй. Надад 1.200.000 төгрөг өгсөн. 2018 оны 08 дугаар сард төлбөрийн мөнгө гэж Билэгсайханаас 1 сая төгрөг авч өөрөө үрчихсэн. 2017 онд Билэгсайханы ээж 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Билэгсайханаас авсан мөнгөө цувуулаад буцааж өгч байгаа. Одоо 1.800.000 төгрөг өгөх дутуугаас Лхамдулам 300.000 төгрөгийг өгөх ёстой гэх мэдүүлэг /хх-ийн 25/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80, 88/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83/, хувийн байдлын талаарх бусад баримт /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахдаа болон шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Н.Ц нь хуурч, бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдүүлж эд хөрөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Н.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Н.Ц нь хохирогчийг хуурч, бодит байдлыг  нуух замаар  төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Өөрөөр тайлбарлахад Н.Ц нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд элсэгч элсүүлэх эрх бүхий этгээд биш хэрнээ өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ амар хялбар байдлаар хангах зорилгоор хохирогч Б.Билэгсайханы хууль бус хүсэлтийг ашиглан өөрийн гүйцэтгэж чадахгүй үүргийг чадах мэтээр тайлбарлаж бусдад итгүүлэн төөрөгдүүлсэн байна.

 

Мөн уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Билэгсайханы зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна. Хохирогч нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа бага оноо авч ҮБХИС элсэн орох шаардлагыг хангаагүйгээ мэдсээр байж хэн нэгэнд шан харамж өгөх, авилгалдаж байгаад элсэн орно гэж шийдэн улмаар ийм хүн хайж эхэлсэн нь гэмт этгээдийн санаа зорилгоо хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Уг үйлдэлийн улмаас эдийн засаг болон цаг хугацаагаар хохирч байгаа нь хохирогчийн өөрийн нь тоомжиргүй, асуудлыг амар хялбар аргаар, мөнгөөр бүхнийг шийдэх гэсэн явцгүй санаа бодолтой шууд шалтгаант холбоотой юм.

Хохирогч нь цаашид энэ мэт байдлыг гаргахгүй байх, зүй бус санаа, хүсэл өөрт нь хохирол учруулах энэ мэт нөхцөл байдалд хүргэдэг болохыг бусдад таниулж, сурталчилаж байх нь зохистой.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Н.Цыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Цд ял оногдуулахад тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос 850.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч төлж барагдуулаагүй болох нь тэдний мэдүүлэг, тэдэнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбараар тогтоогдож, хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохиролыг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид хор уршиг учираад өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түмэн овогт Нямсүрэнгийн Ц-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цаас 850.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Билэгсайхан /АЮ99090314/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ