Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00774

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө “СББ” трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин ХХК-ийн байрны зүүн жигүүр “Айконсепт” ХХК,

Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороолол, 42 дугаар байр 37 тоотод  оршин суух Лувсан овгийн Зундуйн Бат-Итгэл нарт холбогдох 

            Зээлээр худалдах, худалдан авах  гэрээний үүргийн биелэлтэд 34,516,646 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан, хариуцагч Аконсепт ХХК-ийн захирал З.Бат-Итгэл, нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СББтрейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай ХХК нь Айконсепт ХХК –тай 2014.01.02-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан хамтран ажилласан. Гэрээний хугацаанд буюу 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 25,989,816 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч 1,050,002 төгрөгийг төлж үлдэгдэл 24,939,814 төгрөгийг өнөөдрийг хүртэл манай компанид төлөөгүй байна.

Зээлээр худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-д худалдан авагч борлуулсан бүтээгдэхүүний төлбөрийг ажлын 3 хоногийн  дотор  худалдагч талд төлөөгүй тохиолдолд 0,3 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч компанийн 2015.12.9-ний өдрийн хүсэлтээр 12 дугаар сарын 15-ны өдрөөс хуваарь гаргаж төлбөр төлөх ёстой байсан боловч төлбөрийг төлөөгүй. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангийг 2015.12.-15-ны өдрөөс 2016.04.21-ний өдрийг хүртэл 128 хоногоор нэг өдрийн 74,819 төгрөгөөр тооцож, алданги 9,576,832 төгрөгийг үндсэн төлбөр 24,939,814 төгрөгийн хамт нийт 34,516,646 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Айконсепт ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу үүсгэн байгуулагч компанийн хариуцлагыг давхар  хүлээх ёстой юм. Иймд Айконсепт ХХК болон хувьцаа эзэмшигч З.Бат-Итгэл нараас 34,516,646 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй  болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн 2014.01.02-ны өдөр Айконсепт ХХК –тай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 24,939,814 төгрөгийн барааг зээлээр нийлүүлсэн байдаг. Айконсепт ХХК нь гэрээний 6 дугаар зүйлийн 6,1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс манай компанид хохирол үүсээд байна.

Зээлээр худалдах худалдан авах гэрээний 69 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алданги төлнө гэж зааснаар Айконсепт ХХК, Бат-Итгэл нараас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндсэн төлбөр 24,939,814 төгрөг, 2015.12.-15-ны өдрөөс 2016.04.21-ний өдрийг хүртэл 128 хоногоор нэг өдрийн 74,819 төгрөгөөр тооцож, 9,576,832 төгрөгийн алдангийн хамт нийт 34,516,646 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Айконсепт ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: СББ трейд ХХК-иас Айконсепт ХХК, З.Бат-Итгэл нарт гаргасан нэхэмжлэлийн дагуу зээлээр худалдах, худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр болох 24,939,814 төгрөгийг манай байгууллагад учирсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний алданги болох 9,576,832 төгрөгийг нэмж тооцохгүйгээр 2 хувааж 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж үндсэн өрийг барагдуулах хүсэлтэй байгааг хүлээн авч эвлэрлийн журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Айконсепт ХХК-ийн захирал З.Бат-Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани СББ трейд ХХК-тай байнгын хамтын ажиллагаатай хамтран ажилласаар ирсэн.Нэхэмжлэгч байгууллагаас бараа бүтээгдэхүүн авч төлбөрөө төлөөгүй нь үнэн. Зах зээлийн  эдийн засгийн хүндрэл хүндрэл, хотын захирагчийн захирамжаар манай компанийн үйл ажиллагаа явуулах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлснээр компани алдагдалд орсон.

      Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 24,939,814 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 2014-2015 онуудад хувааж авсан байдаг.Энэ мөнгийг гэрээ байгуулаад хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Улс орны эдийн засгийн хямрал манай компанид хүртэл нөлөөлж байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.Энэ тайлбар миний хувийн болон Айконсепт ХХК-ийн өмнөөс гаргаж байгаа тайлбар болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ‘СББ трейд” ХХК нь  ‘Айконсепт” ХХК, ‘Айконсепт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.Бат-Итгэл нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 34,516,646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, компанид учирсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн асуудлаас болоод алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

        Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж хариуцагч “Айконсепт” ХХК нь бараа материалыг хүлээн авч, 24,939,814 төгрөгийн өртэй байсан талаар талууд  маргаагүй бөгөөд  хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гарагсан тайлбар зэргээр нотлогдож байна.

    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ’ гэж зааснаар хариуцагч ‘Айконсепт” ХХК-ийн захирлын өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн 24,939,814 төгрөгийг нэхэмжлэгч ‘СББ трейд” ХХК-д олгож хариуцагч З.Бат-Итгэлтэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Зохигчид “Зээлээр худалдах худалдан авах гэрээ”-г 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байхаар байгуулж, цаашид гэрээг сунгаагүй байх бөгөөд уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй’ гэж заажээ.  

          Талууд “Айконсепт” ХХК-ийн 24,939,814 төгрөгийн өрийг дотор нь 2014, 2015 оныхоор ялгаварлан зааглаж тооцоо нийлсэн актыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нотолж чадаагүй болно.

         Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчид гэрээний үүргээ биелүүлээгүй  хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга тэмдэг дарж  баталгаажуулсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн 9,576,832 төгрөгийг 50 хувилж хариуцагч “Айконсепт” ХХК-иас 4,788,417 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ‘СББ трейд” ХХК-д олгож шийдвэрлэв.

         Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийг хариуцагч ‘Айконсепт” ХХК-нд 2016 оны 5 дугаар сарын 24, хариуцагч З.Бат-Итгэлд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус тус гардуулж, хариуцагч ‘Айконсепт” ХХК нь шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбарыг өгч, хариуцагч З.Бат-Итгэл шүүхээс тогтоосон хугацаанд өөрийн татгалзлаа нотлох баримтын хамт гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн улсын хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

          Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд тус ту  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.        Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ‘Айконсепт” ХХК-иас 29,728,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СББ трейд ХХК-д олгож, хувьцаа эзэмшигч З.Бат-Итгэлд холбогдох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ‘Айконсепт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  306,591 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СББ трейд ХХК-д  олгосугай.

3.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ