Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 788

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *** овогт Н ийн Г ,  

Хариуцагч: Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын Н.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсантай адил албан тушаал болох Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаалыг хүчингүй болгож, хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүү болон ажлаас халагдсанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж , иргэдийн төлөөлөгч Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2014 онд Цаг уур, орчны шинжилгээний газрын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо сул гарсан орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах журмыг баримтлан зохион байгуулсан шалгалт өгч тэнцэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дүгнэлт, шийдвэрийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар томилогдон ажилласан.

Уг ажлыг хариуцан хийхдээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй, хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ хангалттай сайн биелүүлж, газрын даргатай үр дүнгийн гэрээтэй ажиллаж ирсэн. Тус агентлагийн 2015 оны жилийн эцсийн ажлыг үнэлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсны дотор миний бие Байгаль орчны тэргүүний ажилтнаар шагнагдсан. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” *** дугаар тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалууд нь хууль зөрчсөн, үндэслэл муутай, тухайн байгууллага, төрийн албан хаагчдыг ажлаас халах, өөрчлөх зорилготой гарсан тушаал гэж үзэж, шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж, хуулийн дагуу зөвшөөрөөгүй байхад өөр ажилд томилсон, цалин хөлс бууруулсан гэж шүүхэд хандсан.

Маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаалаар тангараг өргөсөн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үзэл бодол, хууль бус шийдвэрийг удаа дараа тулган, төрийн албан хаагчийн хуульд нийцсэн шаардлагыг биелүүлэхгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зохиомол үндэслэл гарган ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчаас манай байгууллага бүтэц, зохин байгуулалтаа өөрчилсөн, үүнтэй холбоотой бүх ажилтнуудаа ажлаас нь чөлөөлөөд буцаагаад шинэ бүтцийн дагуу томилсон гэж тайлбарладаг. Гэхдээ Н.Г ийг буцаан томилохдоо ТЗ-9 ангилал буюу төрийн захиргааны удирдах албан тушаал Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга гэсэн албан тушаалаас нь чөлөөлөөд тухайн тушаалын хавсралтын 17 дугаарт байх Ахлах мэргэжилтэн ТЗ-7 болгож албан тушаалын шатлалыг бууруулж томилсон. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан. Уг заалтыг зөрчиж ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчтэй ярилцалгүй тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан. Ийм асуудал болсон учраас уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Тус тушаалаар Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийг Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс болгож нэрийг нь сольсон. Салбарын сайдын *** дугаар тушаал, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тушаалуудаар энэ агентлагийн стратеги зорилтыг баталсан хавсралтууд дээр хэлтсийн даргын гүйцэтгэх ажил үүргийн хуваарь нь яг адилхан байгаа. Нэхэмжлэгчид таарахгүй ажлын байрны тодорхойлолт гаргачхаад төрийн албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр албан тушаал бууруулсан.

Энэхүү үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, шилжүүлсэн гэх маргаанаар бид 9 сард нэхэмжлэл гаргаж 12 сард шийдвэрлэгдсэн. Гэтэл уг шийдвэрт хариуцагч болон нэхэмжлэгч талууд давж заалдах гомдол гаргасан. Энэ маргаан үргэлжлээд явж байхад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Сахилгын арга хэмжээ авах тухай” *** дүгээр тушаалаар Н.Г ийг ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн. Өмнөх маргаан дээд шүүхээр хэлэлцэгдэх гэж байх хугацаанд ажлаас халах шийдвэр гарсан. 

Төрийн жинхэнэ албан хаагч байсан хүнийг дадлагажуулах хөтөлбөр гаргаж өөр ажилд шилжүүлэн, дадлагажуулах хөтөлбөрийн шалгалтыг өгөөгүй, ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэсэн үндэслэлээр

 *** гэх тушаалаар ажлаас нь халсан. Уг тушаалыг мөн хууль бус гэж үзэж байна. 

Яагаад гэвэл уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэнд шууд халдсан учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна...” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1.Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” ***  дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт буюу Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрсийн 1-д Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Г ийг чөлөөлсөн. 2 дугаар хавсралт буюу 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс албан тушаалд томилогдсон албан хаагчдын нэрсийн 17-д Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд Н.Г ийг томилсон.

Н.Г  нь “Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн дарга”-ын ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжил, мэргэшлийн хувьд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул түүнийг шууд болон шалгаруулан томилох боломжгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангах улмаар тухайн албан тушаалын чиг үүргийн дагуу мэргэшүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай дадлагажуулах хөтөлбөр гарган хэрэгжүүлж, түүний цаашид ажиллах баталгааг хангаж шийдвэрлэсэн нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан ба энэхүү хэлтэс нь Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс болж өөрчлөгдөн үндсэн үүрэг, чиг үүрэг нь өргөжиж, нэмэгдсэн, өмнө эрхэлж байсан Захиргаа хамтын ажиллагааны хэлтэс байхгүй тул даргын албан тушаалд томилуулах тухай шаардлага гаргах боломжгүй нөхцөл байдал байна. 

2. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаалын тухайд Н.Г  нь 2017 оны 1 дүгээр улиралд 11.5 хоног ажил тасалсан нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн цагийн бүртгэлийн нэгдсэн судалгаагаар тогтоогдсон, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрөөгүй хуулийн хугацаанд сахилгын арга хэмжээ авсан. 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл байгуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлж, З сарын дадлагажих хөтөлбөр гаргасан боловч хэрэгжүүлээгүй, шалгалт өгөхөөс татгалзсан, 2016 оны 12 дугаар сараас өнөөдөр хүртэл ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжит хуваарьт оруулж мэргэжлийн ажил үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон Төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан *** дүгээр тушаал бол тухайн байгууллагын дотогшоо чиглэсэн эрхийн акт юм. Энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар байгууллагын ажилчдыг чөлөөлсөн. Чөлөөлөх болсон үндэслэл нь бол уг тушаалын тушаах хэсэгт заагдсан байгаа. Үүнд: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн хамааралтай хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 10, 12, 14, 22, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд болон 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Монгол Улсын Их хурлын 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолыг баримталсан. 

Энэ тогтоолын хавсралтаар Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг батлахдаа Цаг уур, орчны шинжилгээний газрыг 54 орон тоотой байна гэж баталсан. 

Энэ тушаалын 2 дугаар хавсралтын 17 дахь хэсэгт Н.Г ийг Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилсон. Энэ хүнийг яагаад хэлтсийн даргаар томилоогүй вэ гээд үзэхээр сайдын *** дугаар тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтэц өөрчлөгдсөн. Уг тушаалаар Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийг Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс болгож өргөжүүлсэн. Ингэж тус хэлтэс өргөжсөнөөрөө хэлтсийн даргын албан тушаалд томилогдох хүний шаардлага өөрчлөгдсөн. Мэргэжлийн хувьд эдийн засагч хүн байх ёстой учраас томилох боломжгүй болсон. 

Ингээд түүнийг Урьдчилан мэдээлэх хэлтэст 3 сарын хугацаагаар өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 зааснаар өөрөөс нь шалтгаалаагүй асуудал гарсан учраас өөр ажилд шилжүүлээд, зөвхөн өөрт нь зориулсан хөтөлбөр гаргасан. Тэр хөтөлбөр хэрэгжээд нэхэмжлэгч тухайн ажлын байрандаа ажиллаж байсан.

 Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *** дүгээр тушаал гарах хүртэл Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан, ажлаа хийхгүй байсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гарах хүртэл байлгах нь боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын ёс зүйн хорооны хурал болж *** дүгээр тушаал гарсан. *** дүгээр тушаал гарах болсон үндэслэлийн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана. Энэ *** дүгээр тушаал нь ёс зүйн хорооны дүгнэлт болон зөвлөлийн хурал, мөн хэлтсийн даргын тодорхойлолт зэргийг үндэслээд өөрийг нь байлцуулан хурлаар оролцуулж гаргасан тушаал бөгөөд Төрийн албаны тухай хуульд зааснаар хуулийн дагуу гарсан үндэслэл бүхий тушаал гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Н  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь авах ёстой гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Г оос Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын /цаашид маргаан бүхий гэх/ Н.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан шийдвэрлэжээ.  

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0208 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Тус шүүх хэргийг дахин хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Г оос Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын Н.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсантай адил албан тушаал болох Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах,  хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүүг олгуулах гэж тодруулан, 

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаалыг /цаашид маргаан бүхий гэх/ хүчингүй болгож, ажлаас халагдсанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” гэж нэмэгдүүлжээ. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын Н.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсантай адил албан тушаал болох Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” *** дугаар тушаалаар  Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр, агентлагийн зохин байгуулалтын бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс, Цаг уурын хэлтэс, Орчны шинжилгээний хэлтэс, Архив, мэдээллийн хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон төвийн болон орон нутаг дахь харьяа байгууллагууд, Аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний албатай байхаар тогтоож,  Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар Н.Г  томилогдон ажиллаж байжээ.

Улмаар Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалыг 1 дүгээр хавсралтын 1 дүгээрт тус газрын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар /ТЗ-9/ ажиллаж байсан Н.Г ийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, тушаалын 2 дугаар хавсралтын 17 дугаарт зааснаар Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, /ТЗ-7/-ээр зэрэглэл бууруулан томилсон байна. 

Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий *** дүгээр тушаал нь хууль зөрчсөн, үндэслэл муутай, тухайн байгууллага, төрийн албан хаагчдыг ажлаас халах, өөрчлөх зорилготой гарсан, шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж, хуулийн дагуу зөвшөөрөөгүй байхад өөр ажилд томилсон, цалин хөлс бууруулж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул хүчингүй болгох үндэслэлтэй...” гэж; хариуцагчаас “...Монгол Улсын Их хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоол зэргийг үндэслэж Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” *** дугаар тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг шинэчлэн батлагдсаны дагуу энэхүү тушаалыг гаргасан...” гэж тайлбарлан маргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолыг баталж, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн, засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын зохион байгуулалт, орон тооны хязгаарыг тогтоон, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварыг баталж, чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосноор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” *** дугаар тушаал гаргаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг 1 дүгээр, агентлагийн зохион байгуулалтын бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, тус газрын бүтцийг дарга, дэд дарга, Урьдчилан мэдээлэх хэлтэс, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс, Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс, Орчны шинжилгээний хэлтэс, Архив, мэдээллийн сангийн хэлтэс болон төвийн харьяа, орон нутаг дахь харьяа байгууллагууд, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газартай байхаар тус тус шинэчлэн зохион байгуулсан болох нь тогтоогдож байна. 

Хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалыг гаргахдаа Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, салбарын сайдын тушаал зэргийг үндэслэн Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтцийг шинээр баталж, уг тушаалын 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий албан хаагчдыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтад заасан нэр бүхий албан хаагчдыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тухайн албан тушаалд томилж, Хөдөлмөрийн болон Үр дүнгийн гэрээ байгуулахаар тушаажээ. 

Өөрөөр хэлбэл энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан үйл ажиллагаа нь дан ганц нэхэмжлэгч Н.Г  руу хандаагүй бөгөөд Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол , Салбарын сайдын тушаалыг  хэрэгжүүлж, Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтэц зохин байгуулалтыг өөрчлөн, нэр бүхий 48 ажилтан, албан хаагчдийг ажлаас чөлөөлж, шинэ бүтцийн дагуу гаргасан байх тул Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Н.Г ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Маргаан бүхий *** дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Н ийн Г ийг тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтнээр томилсон тухайд:

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дүгээр тушаалын 2  дугаар  хавсралтаар нэхэмжлэгч Н.Г ийн 

өмнө эрхэлж байсан Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын /ТЗ-9/ албан тушаалын орон тоог хасагдсан гэж үзэн түүнийг Урьдчилан мэдээлэх хэлтэст Ахлах мэргэжилтний /ТЗ-7/-ээр албан тушаалд томилсоныг “...хуучин бүтцээр Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийг Санхүү аж ахуйн хэлтэстэй нэгтгэж Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтэс болгон баталсан. Төсөв, зардал хэмнэх, орон тоо, шат дамжлагыг багасгах болон цөөрүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж дээрх хоёр хэлтсийн даргын орон тоог цомхтгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу өөр ажлын байраар хангасан...” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан болно .

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэжээ.

Энэхүү заалт нь Төрийн албан хаагчийн орон тоо нь хасагдсан буюу огт байхгүй болсон тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах зохицуулалт биш бөгөөд “...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, дахин мэргэшүүлэх, нэг удаагийн тэтгэлэг олгох, зэргээр төрийн албан хаагчид эдлүүлэх баталгааг олгосон зохицуулалт гэж ойлгохоор байна. 

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий *** дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэсэн боловч, хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит нөхцөл байдалд нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлээгүй, дадлагажих хөтөлбөрт хамруулсан гэж тайлбарлах хэдий ч энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг дүйцүүлж олгоогүй, өмнө эрхэлж байсан албан тушаалын зэрэглэлийг бууруулах талаар түүнтэй зөвшилцөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилсон нь энэ хуулийн зүйл заалтад заасан нөхцлийг хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дүгээр тушаалын 2  дугаар  хавсралтын Н.Г т холбогдох хэсэгт баримталсан хуулийн дээрхи заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн зөрчилтэй актыг гаргасан байна.

Нөгөө талаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь агуулгын хувьд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, тус агентлагийн үйл ажиллагааны стратеги зэрэг баримтад хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна. 

Тухайлбал маргаан бүхий /Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн дарга/ ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, ажлын байрны үндсэн зорилт, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, ажлын байрны гол үйл ажиллагаа хэсэгт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдэж, харин санхүүгийн чиг үүрэг нэмэгджээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зүй зарчмын хувьд байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, цөөрсөн үед уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эсхүл шалгаруулалт явуулж сонгон авахаар байтал хариуцагчаас Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаагүй иргэнийг гаднаас шууд томилсон нь буруу байна.

Харин нэмэгдсэн чиг үүргийн хувьд нэхэмжлэгч хуулиар хүлээсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлэн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх , эсхүл төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх баталгаагаар хангуулах  боломжтой байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Г ийн 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үр дүнгийн гэрээний биелэлтийг илтгэх хуудасанд 89.6% B буюу сайн гэж үнэлж, 2016 оны Үр дүнгийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан болохыг тэмдэглэв.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Н.Г ийг ажлаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дугаар хавсралтын 17 дугаарт заасан Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтний албан тушаалд Н.Г ийг томилсон хэсгийг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсантай адил албан тушаал болох Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Хоёр: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс иргэн Н.Г ийн нэхэмжлэлтэй Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дагуу тус шүүх дахин хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаал гаргажээ. 

Уг тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Г ийг 2017 оны 1 дүгээр улиралд 11,5 хоног ажил тасалсан, 2017 онд Үр дүнгийн гэрээ байгуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар “Дадлагажих хөтөлбөр” гаргасан боловч хэрэгжүүлээгүй, шалгалт өгөхөөс татгалзсан, 2016 оны 12 дугаар сараас эхлэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг хэрэгжүүлээгүй, 2017 оны 05 дугаар сарын  01-ний өдрөөс эхлэн ээлжийн хуваарьт оруулж мэргэжлийн ажил үүрэг хариуцуулсан боловч хэрэгжүүлэхээс татгалзсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Харин нэхэмжлэгч Н.Г  нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 , 11.2  дахь хэсэгт заасан төрийн албан тушаалыг эрхэлж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах эрхтэй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн жинхэнэ албан хаагчид мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулахдаа хүлээлгэх хариуцлага нь түүний гаргасан зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохирсон байхаар хуульчилжээ.

Гэтэл хариуцагчаас гаргасан зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхгүйгээр ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 1 дүгээр улирлын цагийн бүртгэлийн нэгдсэн тайланд  тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Г ийн 11.5 хоног ажил тасалсан гэж тэмдэглэсэн боловч цагийн нэгдсэн тайлангаас үзэхэд ажил тасалсан гэж үзсэн 2017 оны 01 дүгээр сарын 16, 30, 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд шүүхэд ирж хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь холбогдох баримтад тэмдэглэгдсэн байна.  

Түүнчлэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийг 2017 оны Төрийн захиргааны албан хаагчийн  Үр дүнгийн гэрээг Төсвийн шууд захирагчтай байгуулаагүй тухайд дан ганц нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй бөгөөд “ Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулахаар зохицуулсан байхаас гадна уг гэрээг байгуулах талаар Урьдчилсан мэдээлэх хэлтсийн дарга , Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  тус тус шаардсан гэх боловч хариуцагчаас хэдийд хэрхэн шаардсан талаарх хангалттай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. 

Мөн хариуцагчаас нэхэмжлэгч Н.Г ийг 2016 оны 12 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажлын байрны тодорхойлтод заагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн хуваарьт оруулж, мэргэжлийн ажил, үүрэг хариуцуулсан боловч хэрэгжүүлэхээс татгалзсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй...” гэж буруутгах боловч хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл , Цаг уур, орчны шинжилгээний газрын Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт  зэргээс үзэхэд дээрх ёс зүйн зөрчил гэх үйлдлүүдийг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг буруутгасан нөхцөл байдал нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 4-т заасантай нийцээгүй байна. 

Мөн энэхүү шийдвэрийн нэг дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримтлан гарсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дүгээр тушаалын 2  дугаар  хавсралтаар нэхэмжлэгч Н.Г ийг Урьдчилан мэдээлэх хэлтэст Ахлах мэргэжилтний /ТЗ-7/ албан тушаалд томилсоныг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул түүний “Дадлагажих хөтөлбөр”-ийн дагуу шалгалт өгөх шаардлагагүй гэж үзэн *** дүгээр тушаалын үгүйсгэн маргаж байгаа нь  үндэслэлтэй байна. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Н.Г оос Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан гаргасан “2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын Н.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг даалгах тухай шаардлага бүхий хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, тодруулбал Н.Г ийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтнээр томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашгийг хөндсөн шинэ захиргааны акт гаргасан нь буруу байна

Иймд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гурав: Хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүү болон ажлаас халагдсанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд Н.Г ийг “үндэслэлгүйгээр өөр ажил албан тушаалд буруулан томилсон”, хоёрдугаарт “ажлаас халсан болохыг тогтоосон” болохыг тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлж 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр /ажлын 161 өдөр/ хүртэл тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтний албан тушаалд хууль бусаар томилон ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү болох 1,006,826 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны /ажлын 125 өдөр/ цалин болох 5,297,021 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

Эцэст нь нэхэмжлэгч Н.Г  цаашид Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захирах захирагдах ёс”, зарчмыг баримтлан мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 13.1.5-д ”Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг  журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ хэрэгжүүлж машид хичээн ажиллахыг анхааруулан  дурдах нь зүйтэй байна. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.13 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Н.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн тушаалын 2 дугаар хавсралтын Н.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан хууль бусаар албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 1,006,826 /нэг сая зургаан мянга найман зуун хорин зургаа/ төгрөг,  ажлаас халагдсанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинд 5,297,021 /таван сая хоёр зуун ерэн долоо мянга хорин нэг/ төгрөгийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР

          ШҮҮГЧ                              Н.ДАМДИНСҮРЭН

  ШҮҮГЧ                              С.ТӨМӨРБАТ