Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0234/З |
Дугаар | 221/МА2021/0109 |
Огноо | 2021-03-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0109
“Ф” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, Э.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд Хяналтын хорооны өмгөөлөгч Э.Д, гуравдагч этгээд “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 727 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийг Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 727 дугаар шийдвэрээр: “...Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 26 дугаар зүйлийн 26.4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг тус тус баримтлан “Ф” ХХК-ийн “нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/282 дугаар бүхий “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй болсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нэхмэлийн 1,2,5,6,7,10, 11, 16 дугаар орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, тус шалгаруулалтын дүнд гарсан нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/547 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Нэг. Хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд: Анх нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1008 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ф” ХХК-ийг ХУД-ийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон.
Улмаар “Төсөл санхүүжүүлэх тухай” 01/02 тоот гэрээг байгуулан, зураг төслийг батлуулж, тус байрны оршин суугч нартай уулзан харилцан тохиролцсоны үндсэн дээр “Гурван талт гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/282 дугаар захирамжаар “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн гэсэн 3 үндэслэлээр гурван талт гэрээг цуцалсан.
Уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн хувьд хууль болон гэрээнд заасны дагуу төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэхийн тулд гурван талд гэрээний 4.1.2-т “төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэнэ” гэж заасан уг үүргийнхээ дагуу “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-г гуравдагч этгээдтэй байгуулсан байдаг.
Гэрээний уг заалт нь “төслийг зөвхөн өөрийн мөнгөөр санхүүжүүлнэ, өөрөөс бусад этгээдийн хөрөнгийг төсөлд оруулж болохгүй, хориглоно” гэсэн ойлголт биш бөгөөд гурван талт гэрээний оролцогч болох нийслэлийн Засаг дарга болон иргэдийг оролцуулахгүйгээр төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө бие даан шийдвэрлэнэ гэсэн ойлголт юм.
Тодруулбал, төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээний бусад оролцогч /нийслэлийн Засаг дарга, оршин суугч/-ыг оролцуулахгүйгээр төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэж, “К” ХХК, “Д” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, төслийг санхүүжүүлж, төслийн ажлыг эхлүүлсэн. Төслийн санхүүжилт шийдвэрлэгдсэнээр төсөл амжилттай хэрэгжиж эхний байрууд ашиглалтад орж 80 хувьтай оршин суугч иргэд шинээр баригдсан орон сууцандаа орсон.
Гэтэл нийслэлийн Засаг даргын зүгээс төсөл хэрэгжүүлэгч нь “төсөлд хөрөнгө мөнгө гаргаагүй” гэсэн шалтгаанаар гэрээг цуцалсан нь гурван талт гэрээний 4.1.2, 5.6-д заасантай нийцэхгүй байна, “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.2-т “...Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Нэхмэлийн шарын ... байрыг нурааж, ... “Ф” ХХК-ийн зураг төслийн дагуу шинээр барьж байгуулахад үүсэх харилцааг зохицуулна” гээд, 2.1-д ““Б” тал /”Д” ХХК/ Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журмын дагуу ... 2 болон 3 талт гэрээнд заасны дагуу барилга баригдах хугацаанд түр суурьшуулах байрны түрээсийн зардлыг барилга ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд гурав, гурван сараар олгож, орон сууцны барилгыг буулгаж, шинээр орон сууцны барилга барьж байгуулан, сууц өмчлөгчдөд шинэ орон сууцыг үнэ төлбөргүйгээр талбайн хэмжээг нэмэгдүүлэн олгох ажлыг 100 хувь санхүүжүүлж, барилгыг барьж дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө”, 4.2.3-д Барилга байгууламжийн зураг төслийг Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8-д заасан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн дагуу боловсруулах ажлыг “Б” тал бүрэн хариуцна”, 4.2.3-т “ “Б” тал төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэнэ”, 4.2.6-д ““Б” тал гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд “А” тал болон сууц өмчлөгчдөд учирсан хохирлыг хариуцна” гэж тус тус заасан байдаг.
Энэхүү гэрээнд заасан үүргийнхээ дагуу “Д” ХХК нь төсөл хэрэгжүүлэхэд гарах бүх зардлыг бүрэн хариуцахаар болж, гэрээнд гарын үсэг зурсан, уг гэрээ одоо ч хүчин төгөлдөр байгаа.
Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, нэхэмжлэгч компанид ямар нэгэн ашиг өгөхгүй гэсэн зорилгоор энэ бүх ажиллагааг “Д” ХХК зохион байгуулсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч болон төсөл санхүүжүүлэгч компаниудын хооронд үүссэн дээрх маргаантай асуудал нь иргэний эрх зүйн харилцааны маргаан ба уг маргаан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа.
Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа “...2017 онд “Ф” ХХК “Д” ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу төслийг “Д” ХХК хэрэгжүүлж эхэлсэн” гэснийг, мөн гуравдагч этгээд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байдаг бөгөөд гэрээ байгуулсан, байгуулаагүй гэдэгт хэргийн оролцогчид маргаагүй. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.
Мөн Гурван талт гэрээний 5.6-д “Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, ...” болохоор заасан. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл тус гэрээг дүгнэж шийдвэр гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн хувьд төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлээгүй бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн гэдгийг, мөн гэрээгээр хүлээсэн яг ямар үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, хууль зөрчсөн гэдгийг хариуцагч шалгаж тогтоолгүй, ерөнхий байдлаар дурдаж, ач холбогдолгүй компанийн хувийн нууцтай холбоотой лавлагаа, мэдээллийг цуглуулж, үндэслэл болгон Гурван талт гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг дүгнэлгүйгээр шууд гэрээг цуцалж, эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон.
Тус гурван талт гэрээний 3.4-д “...талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төсөл амжилттай хэрэгжсэнээр гэрээний хугацаа дуусгавар болно”, 4.3.4-д “төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ”, 6.1-д “Төсөл хэрэгжүүлэх ажил хэвийн явагдаж байх үед талууд гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй”, 6.2-т “Талуудын удирдлага солигдсон нь энэ гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл болохгүй” гэж заасныг тус тус зөрчиж, маргаан бүхий актыг гаргасан.
Нэхэмжлэгчийн хувьд төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлээгүй бөгөөд шилжүүлсэн гэдэгтэй холбоотой баримтыг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд гаргаж өгөх ч боломжгүй юм.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар тогтоолд “...гэрээний үүрэг зөрчсөн гэж үзвэл гэрээг дүгнэж шийдвэр гаргах эрхтэй бөгөөд ийнхүү гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнээгүй атлаа ... эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь агуулгын хувьд алдаатай болжээ. Учир нь бодит байдалд нэхэмжлэгч нь графикчилсан төлөвлөгөөний дагуу төслийн ажлыг хэрэгжүүлж, орон сууц эзэмшигчтэй 2 талт болон 3 талт гэрээг байгуулан, барилгын эскиз зургийг батлуулан, гэрээ байгуулж дууссан айлуудад мэдэгдэл өгч, төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан ажилласан байна...” гэж дүгнээд нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг шүүх анхаарч үзнэ үү. Уг шийдвэр гарснаас хойш ч гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажлууд хийгдсэн байдаг.
Хяналтын хороо хариу тайлбар болон дүгнэлтдээ “...төсөл хэрэгжүүлэх эрхээ худалдсан” гэдэг. Үүнтэй холбоотой нэг ч баримт байхгүй.
Энэ маргаан анхнаасаа “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-тэй холбоотой л үүссэн. Иргэний хэргийн шүүх дээр талууд хоорондоо маргах ёстой байсан.
Мөн нийслэлийн Засаг дарга маргаан бүхий А/282 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Ф” ХХК-аас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Захиргааны зөвлөлийн ээлжит бус хуралд оролцуулаагүй.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Захиргааны зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээс өмнө “Гурван талт гэрээ”-г цуцлахаар шийдсэн байсныг “Я.Б “ ... Иргэдийн хүсэлтийг бичгээр авсан. Захирамжийн төсөлд хавсаргасан байгаа” гэсэн тайлбараас шууд харагдана.
Нөгөөтээгүүр, Төслийн хяналтын хороо нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №17 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №18 дугаартай албан бичгээр Хүний эрхийн комисст, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №19 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргад, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №19, 20 дугаартай албан бичгүүдээр нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад нэг асуудлаар хандсан байдаг.
Харин “Д” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19/129, 19/130 дугаар албан бичгүүдээр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга болон нийслэлийн Засаг даргад, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19/138 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19/165 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот, байгуулалт, хөгжлийн газарт мөн л нэг асуудлаар хандсан байдаг.
Эдгээр албан бичгийн огнооноос үзэхэд Хяналтын хороо болон “Д” ХХК-ууд нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа дуусаагүй байхад ойр ойрхон нэг асуудлаар гомдол гаргаж, Зөвлөлийн хурал ч эдгээр албан бичгүүдийн огноог анхаарч үзэлгүй, хуралд зөвхөн албан бичгүүдээр олон тооны гомдол ирсэн мэтээр танилцуулагдсан байдаг. Цуцална гэсэн санал өгсөн 101 хүн байдаг. Уг санал бодит гэдэг нь эргэлзээтэй. Тухайлбал, саналд тухайн иргэдийн гэрээний дугаар болон регистрийн дугаар, хаяг байхгүй, өөрсдөө гарын үсэг зурсан болох нь тодорхойгүй. Нэр, утас, санал, гарын үсэг л байдаг. Одоогийн байдлаар оршин суугч 50 орчим хүн нэхэмжлэгч компанитай хамтарч ажиллана гэдгээ илэрхийлээд байгаа. Учир нь тухайн орон сууцуудыг “Фүжидевелопмент” ХХК нь Хаан банкны барьцаанд тавьсан гэдэг мэдээлэл ирсэн.
Иймд оршин суугч иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн, “Д” ХХК нь гурван талт гэрээнд заасан үүргээ буюу шинээр баригдсан орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авсны дараа орон сууцны гэрчилгээг сууц өмчлөгчийн нэр дээр гаргуулж чадахгүй.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн тухайд:
1.Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт “Нэхмэлийн шарын 6, 10-р байр /шинэ бүртгэл нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Тоо Ван 6А байр, 6В байр/ хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ямар байгууллага, хувь хүний нэр дээр бүртгүүлснийг болон уг үл хөдлөх хөрөнгөнд барьцааны бүртгэл хийгдсэн эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргасан.
Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь Хаан банкны барьцаанд байгаа гэсэн мэдээллийг бид авсан бөгөөд энэ талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас авахаар хүсэлт гаргасан боловч “... Бусад этгээдийн нэр дээр бүртгэсэн хөрөнгийн лавлагааг гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариуг амаар өгсөн, бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй тул “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх дээр хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг баримтлан захирамжийн 1 дэх заалтаар “Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй” гэж хэлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан.
Шүүх нэхэмжлэгчийн “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлах ёстой байсан.
Мөн нэхэмжлэгчийг маргаж буй үндэслэлтэй холбоотой баримтуудыг нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ дагуу гаргуулан авсны дараа тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр хэргийн бусад баримтуудтай харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ талаар шүүхийн шийдвэртээ дурдах ёстой.
Гэвч энэ үүргээ биелүүлэлгүй, шууд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
Дээрх лавлагаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлтэй шууд хамааралтай, ач холбогдолтой бөгөөд төсөл хэрэгжүүлэх явцад “Д” ХХК-аас төслийн дагуу баригдаж байгаа барилгыг бүхэлд нь өөрийн нэр дээр улсын бүртгүүлэх хүсэлтийг манай талд гаргасан байдаг бөгөөд төслийн дагуу баригдаж байгаа барилгыг бүхэлд нь хөрөнгө оруулагч улсын бүртгэлд бүртгүүлэх нь гурван талт гэрээгээр хүлээсэн төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг. Хэрвээ банкны барьцаанд байгаа бол гэрээний нэг тал болох оршин суугч иргэд баригдаж байгаа барилгаас үнэ төлбөргүй орон сууц авах, улмаар гурван талт гэрээ биелэгдэх боломжгүйд хүрч, оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх юм.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу гомдол гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/8356 дугаар албан бичгээр “... хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасан нь нотлох баримтыг хасах тухай зохицуулалт бөгөөд шүүх энэ үндэслэлээр нотлох баримтыг хасахаас татгалзсан тохиолдолд хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан гомдол гаргах эрхтэй гэж ойлгож хэрэглэнэ” ... Иймд ... уг захирамжид гомдол гаргах эрхгүй...” гэж гомдлыг буцаасан.
Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
2. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслах хэргийн оролцогчдод Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Нэхмэлийн 1 дүгээр байрны 01 тоот, улсын бүртгэлийн Ү-2206001343 дугаар гэрчилгээтэй, 316 м.кв орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байсан Б.Бүрнээбаатар гэх иргэнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан болохыг танилцуулсан.
Тус хүсэлт гаргагч этгээдийг судалж үзэхэд Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар орон сууцны барилгыг буулгах, шинээр барих төслийн Хяналтын хороонд хамааралгүй, манай нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байсан байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдаан эхлэхэд уг хүсэлтийг хянан шийдвэрлэсний дараа тус хэргийг хянан шийдвэрлэх юм байна гэсэн ойлголттой байсан.
Гэтэл шүүх хуралдаан эхлэхэд шүүх бүрэлдэхүүн “Уг хүсэлтийг хянан хэлэлцэх шаардлагагүй” гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ф” ХХК-аас “нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Гурван талт гэрээг цуцлах тухай” А/282 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...ашиглалтын шаардлага хангахгүй болсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, тус шалгаруулалтын дүнд гарсан нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/547 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1008 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 1, 16 дугаар байрыг дахин барилгажуулах төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгчээр “Ф” ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.
Гэтэл нийслэлийн Засаг дарга “...”Ф” ХХК-ийг 2014 оноос төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй” гэсэн үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/253 дугаар захирамж гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийг хүчингүй болгох тухай дугаар А/253 тоот захирамж болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгын багц-Хан-Уул дүүрэг 1, 2-ын “Ф” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 670 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 750 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхээ сэргээн авсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ хугацаанаас хойш нийт 8 байрны 218 сууц өмчлөгч, 840 гаруй иргэнээс “төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа” гэж гомдол гаргаж, нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал гаргаж, уг саналыг үндэслэн төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, санал хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох, төсөл хэрэгжүүлэх явцад үүссэн аливаа саад бэрхшээлийг даван туулах зорилго бүхий байгуулагдсан Хяналтын хороо хуралдан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай хүсэлт, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, төсөл хэрэгжүүлэх эрхийг “Д” ХХК-д шилжүүлэн олгох тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.
Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Гурван талт гэрээг цуцлах тухай” А/282 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар орон сууцны барилгыг буулгах, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 2 дахь заалтаар нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Төслийн хэмжээнд батлагдсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг нурааж дахин барих төлөвлөгөөний дагуу 20.5 га газарт 304 өрхийн 16 давхар 3 блок орон сууц, худалдаа үйлчилгээ, оффиссын зориулалттай 16 давхар 4 блок, 5 давхар 1 блок, ресторан, супермаркетын зориулалттай 2 давхар 1 блок, хурал, үзэсгэлэнгийн танхим 2 давхар 1 блок, 150 хүнд нэгэн зэрэг үйлчлэх чадалтай спорт цогцолбор, 300 хүүхдийн цэцэрлэг, нийт 300 машины авто зогсоол, хотхоны нийт талбайн 40 хувьд нь ногоон байгууламж баригдахаар төлөвлөгдсөн.
Нэхэмжлэгч компани төслийг хэрэгжүүлэхээр болсон 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс маргаан бүхий акт гарах хүртэл 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 жил 3 сар гаруйн хугацаанд орон сууц эзэмшигч нартай 2 талт болон 3 талт гэрээ байгуулж дууссан айлуудад мэдэгдэл өгч, төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зардал гаргасан ч гэрээнд заасан төлөвлөгдсөн ажлаа гүйцэтгээгүй, түр суурьших иргэдийн байрны түрээсийн зардлыг хариуцах үүргээ биелүүлээгүй байсан болох нь хариуцагч, гуравдагч этгээд Хяналтын хороо болон “Д” ХХК-ийн тайлбар, “Д” ХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17/02 дугаар “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” зэргээс тогтоогдож байна.
Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч компанийг буруутгаж байгаа Хяналтын хорооны шийдвэр болон маргаан бүхий актад дурдсан “төслийн явц хангалтгүй байгаа, төсөл хэрэгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн” гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч компани нь төсөл хэрэгжүүлэх 5 жил 3 сар гаруйн хугацаанд зөвхөн орон сууц эзэмшигч нартай 2 талт болон 3 талт гэрээ байгуулж дууссан айлуудад мэдэгдэл өгсөн, мөн гуравдагч этгээд “Д” ХХК-тай “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, уг гэрээний 2.2-т ““Ф” ХХК тал болох “Д” ХХК нь 2 болон 3 талт гэрээнд заасны дагуу...түрээсийн зардлыг... олгож, орон сууцны барилгыг буулгаж...сууц өмчлөгчид шинэ орон сууцыг... олгох ажлыг 100 хувь санхүүжүүлж...улсын комисст хүлээлгэн өгөх”, гэрээний 7.1-д “ А тал болох “Ф” ХХК нь барилгын ажил бүрэн дуусч улсын комисс акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор А тал-аас 10,000,000 төгрөгийн ашиг хүлээн авах”-аар, 7.3-д “...бусад ашгийг Б тал хүлээн авах”-аар, гэрээний 3.4-д “...төсөл амжилттай хэрэгжсэнээр гэрээний хугацаа дуусгавар болох”-оор, 4.1.8-д “А тал нь Б талын явуулж буй үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй байх”-аар, 4.2.1-д “Б тал нь “Ф” ХХК-ийн сууц өмчлөгч иргэд болон Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 3 талт гэрээний 4.2.6 болон 5.4-т заасан эрхийг эдлэх”-ээр, 4.2.3-д “Б тал төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэх”-ээр, мөн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 19/02 дугаар “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 4.2.3-д “Б” тал нь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэх”-ээр, мөн гэрээний 2.6-д “...А тал нь хотхоны нийт ашигтай талбайн 4 хувьтай тэнцэх хэмжээний талбайг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар бусад хэсгийг Б талын өмчлөлд үл маргах журмаар шилжүүлэх”-ээр тус тус тохиролцсон нь нэхэмжлэгч “Ф” ХХК төсөл хэрэгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч компани нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэ орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьших иргэдийн байрны түрээсийн зардлыг хариуцах үүргээ гуравдагч этгээд “Д” ХХК-тай гэрээ байгуулах хүртэл хугацаанд хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “хариуцагч нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн гэдгийг, мөн гэрээгээр хүлээсэн яг ямар үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, хууль зөрчсөн гэдгийг шалгаж тогтоолгүй, ерөнхий байдлаар дурдаж, ач холбогдолгүй компанийн хувийн нууцтай холбоотой лавлагаа, мэдээллийг цуглуулж, гурван талт гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг дүгнэлгүйгээр шууд гэрээг цуцалсан” гэж гомдолдоо маргаж байгаа үндэслэл нь дээр дурдсан нийслэлийн Засаг даргын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг эн тэргүүнд хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй этгээд болохынхоо хувьд “Гурван талт гэрээг цуцлах тухай” А/282 дугаар захирамж гаргасныг буруутгах үндэслэл болохгүй.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн тухайд, хэдий Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар тогтоолд “бодит байдалд нэхэмжлэгч нь графикчилсан төлөвлөгөөний дагуу төслийн ажлыг хэрэгжүүлж, орон сууц эзэмшигчидтэй 2 талт болон 3 талт гэрээг байгуулан, барилгын эскиз зургийг батлуулан, гэрээ байгуулж дууссан айлуудад мэдэгдэл өгч, төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан ажилласан байна” гэж дүгнэсэн байгаа ч уг тогтоол гарснаас хойших хугацаанд “Д” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар төслийг хэрэгжүүлэх ажиллагааг гардан гүйцэтгэж, 3 талт гэрээнд заасан үүргийг “Д” ХХК гүйцэтгэсэн байна.
Иймээс нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн “төсөл хэрэгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн” гэх нөхцөл байдлыг тогтоон Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах нөхцөлийг ...захиргааны хэм хэмжээний актад заасан бол гэсэн нийтлэг зохицуулалтын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.14-т “Төсөл хэрэгжүүлэгч нь ... нийслэлийн Засаг даргаас олгосон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй”, мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “...нийслэл, ...ийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, 24 дүгээр зүйлийн 24.2.10-д “гэрээг цуцлах нөхцөл” гэж заасан талуудын хооронд байгуулсан гурван талт гэрээний 4.14-т “талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр...гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй...” гэж, 5.6-д “төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцлах”-аар гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь цуцлах эрхтэй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/282 дугаар “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжаар Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгч “Ф” ХХК-ийн эрхийг цуцалснаар, шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах шаардлагатай болсон тул дахин сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад “Д” ХХК төслийн саналаа ирүүлсэн байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.1-д “...аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын алба нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг 14 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 11.1.3-д “төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах”, 11.1.4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;” гэж тус тус зааснаас үзвэл уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах эрх үүрэг бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу зарласан, уг сонгон шалгаруулалтад “Д” ХХК санал ирүүлсэн, уг саналыг Үнэлгээний хороо үнэлж “хамгийн сайн тендер” гэж үзэж шалгаруулан, дүгнэлтээ нийслэлийн Засаг даргад ирүүлснийг үндэслэн хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/547 дугаар захирамжаар “Д” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, маргаан бүхий А/282 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ф” ХХК төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбоотой хариуцагчаас дахин сонгон шалгаруулалт зарласан нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журамд нийцсэн бөгөөд энэ сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан “Д” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж гэрээ байгуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс “...“Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт “Нэхмэлийн шарын 6, 10-р байр хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ямар байгууллага, хувь хүний нэр дээр бүртгүүлснийг болон уг үл хөдлөх хөрөнгөнд барьцааны бүртгэл хийгдсэн эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулах тухай” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг баримтлан захирамжийн 1 дэх заалтаар “Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан.
Шүүх нэхэмжлэгчийн “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлах ёстой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн боловч уг алдаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэлийн үндэслэл, түүнд холбогдох нийслэлийн Засаг даргын холбогдох шийдвэрүүд, нотлох баримт хэрэгт бүрэн авагдсан тул Нэхмэлийн шарын 6, 10-р байр хаягтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ямар байгууллага, хувь хүний нэр дээр бүртгүүлсэн, уг үл хөдлөх хөрөнгөнд барьцааны бүртгэл хийгдсэн эсэхийг тодруулснаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, нөгөө талаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа энэ тохиолдолд тухайн маргааны зүйл болсон орон сууцнуудын өмчлөх эрхийг хэний нэр дээр бүртгэсэн, барьцааны бүртгэл хийгдсэн эсэх лавлагаа нь энэ хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/282 дугаар захирамжаар гурван талт гэрээг цуцалж, “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/547 дугаар захирамжаар тухайн төсөл хэрэгжүүлэгчээр “Д” ХХК-ийг сонгосон нь нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчийн дээрх шийдвэр Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ