Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1714

 

 

 

 

 

 

 

 

 

“Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК нарын

 нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00403 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн тээврийн газарт холбогдох

485 817 578 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билигт, Э.Энхтөр, З.Цэвээндорж нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Энхтөр, З.Цэвээндорж, Б.Билигт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Тэнүүн огоо” ХХК болон “Тэнүүн-Огоо гуравдугаар бааз” ХХК-иуд Нийслэлийн тээврийн газартай 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1-06/15, 1-36/15 тоот “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулсан. 2015 оны 8-11 дүгээр саруудад “Тэнүүн огоо” ХХК-д олгосон зардлын санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 184 696 067 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 60 133 392 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн гэж 98 961 235 төгрөг, нийт 343 789 693 төгрөгийг суутгасан.

2015 оны 08-11 дүгээр саруудад “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн зардлын санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд 61 239 592 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54 152 418 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн гэж 26 635 874 төгрөг, нийт 142 027 884 төгрөгийг үндэслэлгүйгээр тус тус суутгасан.

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Үүний дотор нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зардлаар санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн нэгж зардлыг их багтаамжийн автобусанд 32 934 төгрөг байхаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зардлыг санхүүжүүлэхээр баталсан.

Уг тогтоолын дагуу “Тэнүүн огоо” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 3 042 854 679 төгрөгийн санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр нийт 343 789 694 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 794 609 079 төгрөгийг санхүүжилт хийгдсэнээс үндэслэлгүйгээр 142 027 084 төгрөгийн хасалт хийн суутган тооцсон. Энэ асуудлыг үндэслэлгүйгээр суутган тооцсон гэж үзэж нэхэмжилж байгаа.

Орлогын доод түвшин биелүүлээгүй гэдэг үндэслэлээр “Тэнүүн огоо” ХХК-иас 60 133 032 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сард 54 152 418 төгрөгийг хассан.

Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд мөнгөний хайрцаг байршуулсан боловч хайрцгийг ашиглах журам, хөрөнгө хүлээлцсэн акт баримт байхгүй боловч мөнгөний хайрцаг эвдэлсэн гэдэг үндэслэлээр “Тэнүүн огоо” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 67 690 738 төгрөг, 11 дүгээр сард 31 270 497 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 26 635 874 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж байгууллагуудад шалгагч түр гэрээгээр ажиллах журам 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн тээврийн газрын даргын А/112 дугаар тушаалаар гарсан боловч шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү гэж “Тэнүүн огоо” ХХК-иас 8 дугаар сард 40 883 170 төгрөг, 9 дүгээр сард 42 936 749 төгрөг, 10 дугаар сард 62 283 090 төгрөг, 11 дүгээр сард 48 592 068 төгрөг суутгасан. “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 8 дугаар сард 13 933 718 төгрөг, 9 дүгээр сард 14 432 438 төгрөг, 10 дугаар сард 16 787 818 төгрөг, 11 дүгээр сард 16 096 618 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан.

“Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иуд нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг гэрээнд заасан дагуу гүйцэтгэсэн. 2015 оны 02 дугаар сарын 23-ны гэрээнд заагдсан үүргүүдийг бүрэн биелүүлсэн. Иймээс Нийслэлийн тээврийн газраас “Тэнүүн огоо” ХХК-д 343 387 884 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 142 027 884 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хэргийн харьяалал Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын 4 дүгээр хэсэгт “аж ахуй нэгж иргэнтэй байгуулах гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3-т заасан эрх олгох болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамаарахгүй” харин Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан эрх бүхий этгээд буюу Засаг дарга нь нийтийн тээврийн асуудлыг тухайн нутаг дэвсгэр зохицуулж, зохион байгуулахыг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино” гэснийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй энэхүү гэрээ байгуулагддаг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг анхаарч үзэхийг хүсч байна.

Нэхэмжлэгч тал гэрээний маргаан гэж үзэж байгаа. Манай тал энэ бол гэрээний маргаан биш гэрээний үүрэг биелүүлээгүй гэж суутгаагүй, энэ бол Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Нэхэмжлэгч гомдолтой байгаа бол гэрээний маргаан биш тул тухайн шийдвэр эсхүл тогтоолд гомдлоо гаргах учиртай байсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 6/22 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн шалгагч нарын цалин, нийгмийн даатгалд олгох санхүүжилтийг тус компаниудын 8-11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үндэслэн санхүүжүүлэх шийдвэр өгсөн. Эдгээр компаниудтай байгуулсан гэрээнд хамааралгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан явдал юм. Жолооч болон шалгагчийн ажилласан бодит гүйцэтгэлээр бодож олгосон ба ажиллаагүй хүмүүсийн цалинг олгоогүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн эрхлэгч аж ахуй нэгж орлогын доод хязгаарыг төвлөрүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1809 тоот албан бичгээр шугамын орлогын мэдээгээ ирүүлж байхыг мэдэгдсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл ирээгүй учраас тус газар өөрийн эрх мэдлийн хүрээнд сүүлийн 3 жилийн судалгаагаа үндэслэн орлогын доод хэмжээний хязгаарыг тогтоосон. Бүхэл бүтэн 3 жилийн дунджийг авч үзсэн тул бодит үнэнтэй ойролцоо улмаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу тооцооллоо хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай нийтийн тээврийн автобусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, сургалт явуулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 5.6.3-т зааснаар тоног төхөөрөмж алдагдах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч, кондукторын буруутай үйлдлээс тоног төхөөрөмж эвдэрсэн бол нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллага бүрэн хариуцна гэж, 6.1-д гэрээний аль тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний аль нэг тал болон гуравдагч этгээдэд хохирол учирсан буруутай тал хариуцна гэж заасан байдаг. Энэхүү гэрээнд заасны дагуу эвдэрсэн хайрцгийн тооцооллыг хийж гүйцэтгэсэн болно. Мөн уг тооцооллын Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс чиглэл өгч хянасан байдаг. Нийслэлийн Засаг даргаас нийтийн тээврийн талаар төрөөс бодлого чиглэлийг хэрэгжүүлж ажиллах нийслэлийн тээврийн газарт шаардлагатай хөрөнгө санхүүд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Засаг дарга нь Санхүү, төрийн сангийн хэлтэст захирамжаар хүлээлгэсэн байдаг. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг Нийслэл эзэмшдэг тэгэхээр нийслэл өөрийн өмчөө хамгаалж учирсан хохирлыг журмын дагуу шийдсэн гэж үзэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэвээндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Удирдлага мэдээллийн цахим, төлбөрийн систем нэвтэрснээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тус 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр оруулсан. Тус гэрээний 4 дүгээр заалтад гэрээний 3.1.12 дахь заалтын дагуу аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны зардлыг нөхөн олгохдоо шугам замд ажилласан машинд цагийн зардлыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож олгоно, 3.1.14-т аж ахуй нэгжийн гэрээний үр дүнгийн биелэлтээс хамааруулан үйл ажиллагааны зардлыг зохих хувийн ашиг нэмж олгож болно гэх мэтээр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Нийгмийн даатгалын шимтгэл орлогын доод хязгаар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоолоор батлагдсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн санхүүжүүлэх журамд хамаарч байгаа. Харин бэлэн мөнгөний хайрцгийн асуудал нийслэлийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж, ахуй нэгж байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр нийтийн тээврийн автобусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем, тоног төхөөрөмж суурилуулах ашиглах сургалт явуулах гурван талт гэрээнд хамааралтай.

Шалгагч гэсэн шинэ албан тушаал бий болж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр журам батлагдсан. Үүнээс өмнө 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тухайн журамд заагдсан харилцааг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу буцаан хэрэглэж байгаа юм. Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэглэж болно. Уг журмын хүрээнд автобусанд хяналт тавиулахаар шалгагч ажиллуулахаар болсон. Шалгагч ажиллуулах харилцааг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А107 дугаар тушаалаар баталсан. Энэхүү журмыг танилцуулах ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад танилцуулсан. Шалгагч ажиллах журмын 4.2-т зааснаар нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах шалгагч Нийслэлийн тээврийн газраас олгосон үнэмлэхийг ажил үүрэг гүйцэтгэхдээ жолооч зорчигчдод харагдахуйц байдлаар зүүнэ гэж заасан. 7.1-д нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд шалгагч түр гэрээ байгуулах түүнд олгох хөдөлмөрийн хөлс нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцахаар заасан. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүдэд шалгагчийн үнэмлэхийг Нийслэлийн тээврийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс авч эхэлсэн. “Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иуд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үнэмлэхээ авсан. Тэгэхлээр шалгагч үнэмлэхээ аваагүй байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авсан учраас мөн өдрөөс албан ёсоор шалгагч ажилласан. Шалгагчийн ажлын байрыг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр а/170 дугаар тушаалаар ажиллуулж эхэлсэн. Шалгагч ажиллаад баталсан машин цагийн зардлын тарифт нэг цагт ажиллах зардлын хэмжээг зааж өгсөн байдаг. Энэ нь их багтаамжийн автобусны шалгагч нь 2 261 төгрөг нь цалинд 2 018 төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлд хамаарч байгаа. 2015 оны 11 дүгээр сараас өмнө тухайн аж ахуй нэгж байгууллагад ямар ч ажил гүйцэтгэж байсан тогтоолын 3-т заасны дагуу цалинг нь олгож ирсэн. Эдгээр хүмүүс зөвхөн шалгагчаар ажиллана гэсэн итгэл үнэмшлээр өөр ажил хийж байсан. Тийм учраас “Тэнүүн огоо” ХХК-ийн 176 301 619. төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн 88 589 719 тооцоо хийгдэх байсан боловч шалгагч ажиллаагүй гэдэг шалтгаанаар 27 350 118 төгрөгөөр тооцож санхүүжилт олгосон.

...Нийслэлийн төрийн сангаас манай газарт 2015 оны нийслэлийн төсвийн тодотгол 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр батлагдана. 2015 оны санхүүгийн жилийн гүйлгээ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож байгаа учраас энэ хугацаанд багтаж гүйлгээгээ хийнэ үү гэж мэдэгдсэн. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Улаанбаатар смарт карт” ХХК мэдээллээ ирүүлээгүй байсан. Үүнээс өмнө 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон “Улаанбаатар смарт карт” ХХК-д албан бичиг хүргүүлсэн тус бичигт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчийн зардлыг санхүүжүүлэх журмын 4.2-т нийслэлийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн бүртгэл тайланг үндэслэн чиглэл тус бүрийн орлогын доод хязгаарын хэмжээг тогтооно гэсний дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-иас чиглэл бүрийн мэдээг хүлээн авах гэтэл ирүүлээгүй учраас бүх аж ахуй нэгжүүдэд 2015 оны 02/1809 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигт “...танай компани банкинд тушааж буй өдөр тус бүрийн бэлэн мөнгөний орлогоо чиглэл тус бүрээр гарган баталгаажуулж “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүргүүлж байхыг мэдэгдсэн. Уг хүргүүлсэн чиглэл тус бүрийн орлогын мэдээг “Улаанбаатар смарт карт” ХХК манай газарт хүргүүлж бид тэр мэдээг үндэслэн орлогын хэмжээг тогтоох байсан. Гэтэл санхүүжилт хаагдах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас сүүлийн 3 жилийн зорчигч урсгалын судалгааг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орлогын доод хязгаарыг тогтоосон. Тийм учраас батлагдсан 479 131 866 төгрөг байснаас “Тэнүүн огоо” ХХК-д 418 998 474 төгрөгийг олгосон. “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 103 979 502 төгрөг байснаас гүйцэтгэсэн нь 49 270 084 төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Бэлэн мөнгөний хайрцаг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Тэнүүн огоо” ХХК болон “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иудтай 06/03-02 дугаар, 06-03-019 дугаар гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээнүүдээр бүх харилцаа зохицуулж байгаа. Тус гэрээний бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх мэдээллийн дагуу санхүү төрийн сангийн хэлтсээс ирсэн мэдээллийн дагуу хасч тооцоолол хийсэн” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тээврийн газраас 485 817 578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-д 343 789 694 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 142 027 887 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 876 900 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн тээврийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 2 745 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-д 1 876 900 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-д 868 100 төгрөгийг тус тус олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билигт, Э.Энхтөр, З.Цэвээндорж нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч компаниуд 3 төрлийн тооцоололтой холбоотой гомдол гаргасан.

Шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд олгох санхүүжилтийн тооцоолол:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын /НИТХ/ 6/22 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн шалгагч нарын цалин, нийгмийн даатгалд олгох санхүүжилтийг тус компаниудын 8-11 дүгээр саруудын Нийгмийн даатгалын тайланг үндэслэн тооцоолол хийж, санхүүжүүлэх шийдвэр өгсөн. Энэ нь тэдгээр компаниудтай байгуулсан гзрээнд хамааралгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу НИТХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан явдал юм. Тус газраас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч энэхүү тооцоолол нь гэрээнд хамааралгүй бөгөөд НИТХ-ын тогтоолтой холбоотой үүссэн маргаан гэдгийг тайлбарласан.

Орлогын доод хязгаарт хүргээгүй тооцоолол:

НИТХ-ын 6/22 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь орлогын доод хязгаарыг төвлөрүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1809 тоот албан бичгээр шугамын орлогын мэдээгээ ирүүлж байхыг мэдэгдсэн боловч 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ирүүлээгүй тул тус газраас сүүлийн 3 жилийн судалгаагаа үндэслэн орлогын доод хязгаарыг тодорхойлсон. Улмаар НИТХ-ын 6/22 дугаар тогтоолын 2.3-д заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу тооцоолол хийсэн.

Бэлэн мөнгөний эвдэрсэн хайрцаг эвдэлсэн шалтгаанаар хийсэн тооцоолол:

Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж бүртэй Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гэрээг байгуулсан. Тус гэрээний 5.6.3-д /Тоног төхөөрөмж алдагдах, нийтийн тэзврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын жолооч кондукторын буруутай үйлдлээс төхөөрөмж эвдэрч гэмтсэн бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцна./, гэрээний 6.1-д /гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээний аль нэг талд болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан нь нотлогдвол буруутай тал хохирлыг бүрэн хариуцна/ гэж тус тус заасны дагуу тэдгээр компаниудад олгох санхүүжилтээс хасаж тооцоолол хийсэн болно. Уг тооцооллыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу хийсэн.

Энэхүү гэрээнд "ямар нэгэн суутгал хийхгүй" гэсэн заалт байхгүй байтал өөр гэрээнд байгаа заалтыг хэрэглэн "суутгал хийсэн" гэж буруутгасан нь шүүгч гэрээнүүдийг хооронд нь эндүүрч алдаа гаргасан байна. Нийслэлийн Засаг даргаас нийтийн тээврийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлж ажиллах эрх, үүргийг Нийслэлийн тээврийн газарт, шаардлагатай хөрөнгө санхүүд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст захирамжаар хүлээлгэсэн байдаг. Тэгэхээр тус газар нь Нийслэлийн Засаг даргыг төлөөлж дээрх гэрээг байгуулдаг тул гэрээний нэг тал нь Нийслэлийн Засаг дарга болох нь харагдаж байгаа.

Нийслэлийн Засаг дарга, Дата карт консорциумын хооронд байгуулсан гэрээг үндэслэн Улаанбаатар смарт карт компанийг байгуулсан бөгөөд энэ компанийн 24 хувийг Нийслэл эзэмшдэг. Тэгэхээр Нийслэл өөрийн өмчөө хамгаалж, учирсан хохирлыг журмын дагуу шийдвэрлэсэн.

Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний маргаан биш, харин НИТХ-ын 6/22 тогтоолтой холбоотой маргаан юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ тул нийтийн эрх зүйн хүрээнд гэрээ байгуулагдсан захиргааны гэрээ гэж үзэх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэрээ тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх ёстой байсан.

Талуудын хоорондох маргаан нь "нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх" гэрээний үүрэгтэй огт холбоогүй бөгөөд тус газраас нэхэмжлэгч талыг энэ гэрээний үүрэг биелүүлээгүй гэж буруутгаагүй. Дээрх хэлсэн хасаж тооцсон 3 тооцоолол нь НИТХ-ын 6/22 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хийгдсэн бөгөөд ийнхүү тооцоолол хийх шийдвэрийг эрх бүхий байгууллага болох НЗДТГ-аас өгсөн тул нэхэмжлэгч тал НЗДТГ-аас өгсөн шийдвэр нь зөв байсан эсэх, мөн түүнчлэн НИТХ-ын 6/22 дугаар тогтоолд гомдлоо гаргах учиртай байсан.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний онцлогын талаар болон Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын 4 дэх хэсэгт "...аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй гэрээ байгуулна гэсний гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 183.2, 189.3-д заасан эрх олгох болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамааралгүй гэж ойлгоно. Харин хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заагдсан эрх бүхий этгээд нь нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулж зохион байгуулах арга хэмжээнүүдийг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино." гэснийг үндэслэн нийтийн эрх зүйн хүрээнд дээрх гэрээ нь байгуулагддаг талаар тайлбарлаж, Иргэний хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг анхаарч үзэхийг шүүгчээс хүссэн боловч хэлэлцээгүй болно. Энэ нь мөн хуулийн 105 дугаар зуйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн:

НИТХ-ын 6/22 дугаар тогтоол 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарахаас өмнө буюу хариуцагч Нийслэлийн тээврийн газраас нэхэмжлэгч “Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иудтай 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 4 дэх заалтад "...аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг нөхөн олгохдоо шугам замд ажилласан машин цагийн зардлыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож олгоно" гэж гэрээнд оролцогч 2 тал харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь НИТХ-ын 6/22 дугаар тогтоол нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно." гэсэнтэй нийцэж байна.

Энэ хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Нийслэлийн тээврийн газрын гомдлыг ханган шийдвэрлэж 001/ХТ2016/00844 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолын 10 дахь талын 38-42 дахь мөрөнд "Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан, өөрөөр хэлбэл дээрх журам нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд хохирол учруулж байна гэж үзвэл гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байхыг ойлгоно." гэж үзсэн байдаг. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх журамд гомдолгүй гэдгээ нотолсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дэх талын дээрээсээ 2-12. дахь мөрөнд "...эрх бүхий этгээдээс баталсан захиргааны актыг хариуцагч нар нь хэрэгжүүлэхдээ..." гэсэн нь захиргааны актыг хэрэгжүүлэх ёстой гэдэг ойлголтыг агуулж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дэх талын дээрээсээ 9-12 дахь мөрөнд "...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан журмыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөхөөр заасан нь эрх зүйн актыг буцаан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна." гэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн:

1. Нийслэлийн Засаг даргаас нийтийн тээврийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг хэрэгжүүлж ажиллах эрх, үүргийг Нийслэлийн тээврийн газарт, шаардлагатай хөрөнгө санхүүд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст захирамжаар хүлээлгэсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр байгууллагыг тус шүүхээр хэлэлцэгдэж байгаа хэрэгт салгаж ойлгох боломжгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж дээрх гэрээг байгуулдаг тул гэрээний нэг тал нь Нийслэлийн Засаг дарга болох нь харагдаж байгаа. Гэтэл шүүгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийг хариуцагчаас чөлөөлж үндэслэлгүйгээр захирамж гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд хандан Нийслэлийн аудитын газраас /НАГ-АХ/2016/-ГАII02/ГА/ тайланг гаргуулах хүсэлт тавьсан байдаг. Улмаар шүүгч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/Ш32016/01794 дугаар захирамжаар уг тайланг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг Нийслэлийн Аудитын газарт үүрэг болгосон байдаг. Шүүх хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 05-нд болсон бөгөөд шүүх хуралдаанд хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтад Нийслэлийн Аудитын газраас бус хариуцагч Нийслэлийн тээврийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан тайлангийн хувийг танилцуулсан. Гэвч Нийслэлийн тээврийн газраас шүүхэд тайлангийн хуулбарыг хүргүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад энэхүү хуулбарыг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн нь тогтоогдсон.

Энэ нь нэхэмжлэгч тал болон шүүх нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт заасны зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

3. Шүүгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардаж авахаар хэд хэдэн удаа утсаар лавлаж, очиж уулзсан боловч шийдвэр гараагүй байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацааг хэтрүүлж хууль зөрчсөн.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр худал бичсэн.

Нийслэлийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар "суутгал" гэдэг ойлголтын талаар тайлбарлаж, ямар нэгэн суутгал хийгээгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн газраас өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгох санхүүжилтийн тооцооллыг хийсэн гэдгээ тайлбарласан. Гэтэл шийдвэрийн 5 дахь талд "...санхүү, төрийн сангийн газраас өгсөн мэдээллийн дагуу суутгал хийсэн гэв." гэж худал бичсэн байна.

            Шийдвэрийн 8 дахь талын хамгийн доод мөрөөс 9 дэх талын хамгийн дээд 2 мөрөнд “...Нийслэлийн тээврийн газар суутгал хийсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна” гэжээ. Гэтэл талууд суутгал хийсэн эсэх дээр маргаж байгаа билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК нар нь хариуцагч Нийслэлийн тээврийн газарт холбогдуулан 485 817 578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” тухай 1-60/15 тоот, 1-36/15 тоот гэрээг тус тус байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр уг 2 гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогттоогдсон байна. /I-хх 13-16, 17-20, II-хх 13, 14, 23, 24/

 

Мөн нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК /“Тулга огоо” ХХК/-иуд нь Нийслэлийн тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-тай “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гурван талт гэрээ”-г 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулж, уг гэрээгээр нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, ашиглалттай холбоотой харилцаа, төхөөрөмжийн суурилуулалтын бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмжийг ашиглах тухай сургалттай холбоотой харилцааг зохицуулахаар гэрээ байгуулсан байна. /I-хх 21-26, 41-46/

 

Нэхэмжлэгч “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК нь гэрээ байгуулах үед /2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр/ “Тулга Огоо” ХХК гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Тулга Огоо” ХХК нь оноосон нэрээ өөрчлөн “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /I-хх 11/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Гэрээ байгуулагдсанаас хойш нийслэлийн эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу 2015 оны 8-12 дугаар саруудын 3 042 854 679 төгрөгийн санхүүжилтээс 343 789 694 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК 2015 оны 8-12 дугаар саруудын 794 609 079 төгрөгийг санхүүжилтээс 142 027 084 төгрөгийн хасалт, орлогын доод түвшин биелүүлээгүй гэдэг үндэслэлээр “Тэнүүн огоо” ХХК-иас 60 133 032 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сард 54 152 418 төгрөгийг, мөнгөний хайрцаг эвдэлсэн гэж “Тэнүүн огоо” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 67 690 738 төгрөг, 11 дүгээр сард 31 270 497 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 2015 оны 10 дугаар сард 26 635 874 төгрөгийг, шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү гэж “Тэнүүн огоо” ХХК-иас 8 дугаар сард 40 883 170 төгрөг, 9 дүгээр сард 42 936 749 төгрөг, 10 дугаар сард 62 283 090 төгрөг, 11 дүгээр сард 48 592 068 төгрөг суутгасан. “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 8 дугаар сард 13 933 718 төгрөг, 9 дүгээр сард 14 432 438 төгрөг, 10 дугаар сард 16 787 818 төгрөг, 11 дүгээр сард 16 096 618 төгрөгийг тус тус үндэслэлгүй суутгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...талуудын хоорондын маргаан нь гэрээний маргаан биш тул Нийслэлийн эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоолд харьяаллын дагуу гомдлоо гаргах байсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тус компаниудын 8-11 дүгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үндэслэн санхүүжүүлэх шийдвэрээр жолооч болон шалгагчийн ажилласан бодит гүйцэтгэлээр бодож олгосон ба ажиллаагүй хүмүүсийн цалинг олгоогүй.

Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1809 тоот албан бичгээр шугамын орлогын мэдээгээ ирүүлж байхыг мэдэгдсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл ирээгүй учраас тус газар өөрийн эрх мэдлийн хүрээнд сүүлийн 3 жилийн судалгаагаа үндэслэн орлогын доод хэмжээний хязгаарыг тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу тооцооллоо хийсэн, Нийслэлийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай нийтийн тээврийн автобусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, сургалт явуулах гэрээний 5.6.3, 6.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эвдэрсэн хайрцгийн тооцооллыг хасч хийсэн гэж тус тус тайлбарлажээ.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээ, мөн нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, “Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гурван талт” гэрээнүүдийн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан “нэрлэгдээгүй гэрээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн харилцаа үүссэн, хэлцэл хийгдсэн байх тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлоо мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар арилгуулахаар нэхэмжлэгч нар шаардах эрхтэй юм.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот тогтоолоор баталсан Нийтийн тээврийн машин цагийн зардлын тарифын дагуу автобусны 1 машин цагийн зардал 32 933 төгрөгөөр тооцож, 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын үйлчилгээний төлбөрийг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхний санхүүжилт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 дахь санхүүжилтийг нэхэмжлэгч нарт олгохдоо нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-иас 343 789 694 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-иас 142 027 884 төгрөгийг Нийслэлийн тээврийн газар тус тус хасч тооцсон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот “журам батлах” тухай тогтоолын 3-т “Энэхүү журам, тариф батлагдсантай холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг шийдвэрлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д зөвшөөрсүгэй” гэж заасан нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан журмыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан нь эрх зүйн актыг буцаан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн, энэ үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

             “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ний 3.1.5-д “Нөхөн олговрыг төсвөөс санхүүжүүлсэн тухай бүрд холбогдох журмын дагуу хуваарилан олгох бөгөөд энэ гэрээний 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ямар нэгэн төлбөрийн суутгалыг хийхгүй” гэж заасан үүргээ хариуцагч зөрчсөн, мөн нэхэмжлэгч нарт олгох санхүүжилтээс олгох байсан мөнгийг хасч тооцох талаар харилцан тохиролцоогүй байна.

 

            Нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-иудыг 2015 оны 08, 09, 10, 11 дүгээр саруудад шалгагч нарыг дутуу ажиллуулсан, тэдгээрийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл нь төсөвлөснөөс зөрүүтэй байсан гэж ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүд нэхэмжлэгч нараас 245 934 659 төгрөгийг, мөн Нийслэлийн тээврийн газраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орлогын доод түвшинг тогтоож, улмаар 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын 1 машин цагийн зардлаас нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-ийн орлогын доод түвшинг 479 131 866 төгрөгөөр тооцож, 60 133 392 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн орлогын доод түвшинг 103 979 502 төгрөгөөр тооцож 54 152 418 төгрөгийг, Нийслэлийн тээврийн газар нь өмчлөгч этгээдийн өмнөөс бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нараас 125 597 109 төгрөгийг тус тус орлогын санхүүжилтээс суутгасан нь Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6 дугаар зүйл /гэрээний хариуцлага/-д гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар зохицуулсан ба нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчөөгүй, хариуцагч нь гэрээнд заагаагүй үндэслэлээр суутгал хийсэн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн тээврийн газраас 485 817 578 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-д 343 789 694 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-д 142 027 884 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн тайлбарт “хасч тооцоолол хийсэн” гэдгийг “суутгал хийсэн” гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

            Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн Нийслэлийн Аудитын газраас Нийслэлийн Тээврийн газрын 2013-2015 оны зарим үйл ажиллагааны үр дүнд хийсэн НАГ-АХ/2016/-ГАII-02/ГА/ дугаартай гүйцэтгэлийн тайланг нотлох баримтаар гаргуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хангаж захирамж гаргасан боловч нэхэмжлэгч тал буюу хэргийн оролцогч уг нотлох баримтыг өөрөө нотариатаар гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн байгаа нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль бус аргаар цуглуулсан гэж үзэхгүй юм. Учир нь уг нотлох баримтыг өөрөө гаргах боломжгүй гэж үзсэн тохиолдолд албадан гаргуулах талаар шүүхэд хүсэлтээ гаргах журамтай.

 

            Талуудын хоорондын харилцаа нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой маргаан бөгөөд нийтээр дагаж мөрдүүлэх эрхийн акттай холбоотой гаргасан гомдол биш тул захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билигт, Э.Энхтөр, З.Цэвээндорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН