Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 2020       01          17                                   2020/ШЦТ/103  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Ариунаа,   

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Шүүгдэгч Г.Тнарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т д холбогдох эрүүгийн 2006 00119 0081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Тнь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Панда" хүнсний дэлгүүрийн хажуу талын зогсоолд байрлуулсан иргэн Г.Энхбаярын эзэмшлийн 21-45 УБП улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан гэмт хэрэгт холбогджээ.                                /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00119 0081 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Г.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 118-03 тоот хаягт “Панда” нүүлгэлт ХХК-ний эзэмшлийн 21-45 УБП улсын дугаартай киа фронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг үл таних хүн зөвшөөрөлгүй авч явсан. Тухайн тээврийн хэрэгслийг авч явсан хүн зам тээврийн осол гаргасан байсан бөгөөд манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд талын гүпр, илүүдлийн банк, баруун урд талын дохио, их гэрэл, шанаа, буруу талын хаалганы цонх хагалсан, хөмсөг хагарсан, кабин хойшоо гүйсэн байдалтай болсон байсан ба албан ёсоор эд зүйлийн үнэлгээ гаргуулахад 830.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх мэдүүлэг /хх 9 тал/,

 

-Хөрөнгө Эстимэйт ХХК-ны автомашин техникийн үнэлгээний 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16134902 дугаартай:

Уг машины урд буфер хагарч бутарсан, урд нүүр сетка хагарсан, баруун урд булан чихэгдсэн, урд капот хонхойж зурагдсан, радиаторын илүүдлийн сав хагарсан, баруун хаалганы шил хагарсан, баруун хаалганы шил хагарсан байв. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 623.500 төгрөг... гэх үнэлгээний тайлан /хх 47 тал/,

 

Шүүгдэгч Г.Т гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед урьд нь буюу 2018 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлж байсан ах болох Оюунбаатартай утсаар ярьж холбогдон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуковын урд талын автобусны буудал дээр уулзаж бид хоёр тухайн автобусны буудлын хажуу талын “Apple hotel” зочид буудалд орж “Eden” нэртэй 0.5 литрийн архи хоёрыг ууж байгаад би гараад Төгөлдөр гэх найзтайгаа уулзаж гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт /хаяг, тоотыг мэдэхгүй/ очиж Төгөлдөртэй “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пиво хоёрыг хувааж уучихаад байж байсан чинь миний танил Нямка ах над руу залгаад нэг пиво аваад хүрээд ир гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд гэрт буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар байрны 3 дугаар орцны 0 тоотод очиж Нямка ахтай Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво хоёрыг хувааж уусан. Тэгээд би гэр рүүгээ явах гэж гарсан. Улмаар цааш нь яг юу болсон талаар санахгүй байгаа.

Би тухайн тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар хулгайлж эд ангийг нь зарах сэдэл зорилго надад байгаагүй. Би гэр рүүгээ унаж явах зорилготой уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан байх. Би тухайн үед их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон байсан гэх мэдүүлэг /хх 54-55 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх 2-3 тал/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 49 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 36 тал/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 58 тал/,

-Г.Т гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт /хх 19, 21, 23 тал/,  

-хохиоргч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 59-62 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Г.Тнь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Т гийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Тнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Г.Т д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Галбадрахын Т г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Г.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч Г.Тнь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ