Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 181/2016/0469/и |
Дугаар | 1747 |
Огноо | 2016-10-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1747
Э.Солонгын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00469 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/155 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Э.Солонгын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Уранбилэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнжийн 30 дугаар гудамж, 0488 тоот хаягт байрлах 526 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, тус хаягт байрлах 495 м.кв газрын хамт 323 500 000 төгрөгөөр үнэлж бусдын өндөр үнэ бүхий хөрөнгийг үнэгүйдүүлэн албадан дуудлага худалдааг зохион байгуулж байна. Төлбөр төлөгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан шинжээчийн үнэлгээг дахин гаргуулах хүсэлт гаргахад 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр №12 тоот мэдэгдлээр хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй тухай хариу ирүүлсэн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/155 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23209 дүгээр захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Солонгод төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30 гудамж, 0488 тоот хаягт байршилтай 526 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн бүртгэлийн Г-2202005503 дугаарт бүртгэлтэй 495 м.кв талбайтай газрын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 323,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгчид 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/11156 тоот албан бичгээр мэдэгдлийг гардуулан өгч гарын үсэг зуруулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хууллийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тооцон 226 450 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/12728 дугаартай мэдэгдэл, 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 4/146 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгч гарын үсэг зуруулан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар анхны албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн боловч санал ирүүлээгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугар зүйлийн 177.4-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тооцон 161 750 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/16869 дугаартай мэдэгдэл, 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 5/155 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлж, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар 2 дахь албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/155 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай Э.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Э.Солонго давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өвчтэй байгаа тухай хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэргийн зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар хүсэлт, санал гаргах эрхтэй гэсний дагуу энэхүү хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл шүүхээс хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд буюу мэтгэлцэх, тайлбар гаргах боломж олголгүйгээр зөвхөн хариуцагчийн эрх зөрчигдсөн мэтээр тайлбарлан шүүх хуралдааныг явуулсанд туйлын гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э.Солонго нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 30 гудамж, 0488 тоот хаягт байрлах, Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй 526 м.кв талбайтай хувийн сууц, Г-2202005503 дугаарт бүртгэлтэй 495 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 161 750 000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3315 дугаар захирамжаар Э.Солонгоос 117 035 066 төгрөгийг гаргуулж “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагчид олгохоор зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хх 25-29/
Дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч барьцааны зүйл болох Э.Солонгийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 30 гудамж, 0488 тоот хаягт байрлах, Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй 526 м.кв талбайтай хувийн сууц, Г-2202005503 дугаарт бүртгэлтэй 495 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 30-36/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилоно” гэж заажээ.
Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй болно. /хх 42-54/
Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/11156 тоот албан бичиг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/12728 тоот албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний 3/16869 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгджээ. /хх 55, 58, 60/
Шинжээчийн дүгнэлтээр Э.Солонгын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 30 гудамж, 0488 тоот хаягт байрлах, Ү-2202008954 дугаарт бүртгэлтэй 526 м.кв талбайтай хувийн сууц, Г-2202005503 дугаарт бүртгэлтэй 495 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэлгээг 161 750 000 төгрөгөөр үнэлсэн байх ба нэхэмжлэгч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Э.Солонгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЦОГТСАЙХАН