Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 860

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Л” ХХК  

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, 

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , Б.М, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Д******* аймгийн ******* А******* сумдын нутагт ашигт малтмалын хайгуулын ХV-*******, XV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг 2007 оноос эхлэн эзэмшдэг бөгөөд Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хайгуулын зардалд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

         Тусгай зөвшөөрлийн 2016 оны төлбөрт 347,014,000, алданги 1,040,300 нийт 348,054,300 төгрөгийг төлж Кадастрын хэлтсийн төлбөр төлөлтийн бүртгэлд бүртгэн хүлээн авсан юм.

Манай компаний зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай дахь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөхөөс гадна мөн хуулийн 27, 34 дүгээр зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүргийг бүрэн биелүүлсээр ирсэн. Гэтэл манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын дээрх 3 тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал бий болгож бидэнд олон хууль зүйн үр дагавар үүссэн.

Дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж, хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг Ашигт малтмалын газарт “Л” ХХК-аас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 34/16, 35/16 тоот албан бичгүүдээр гомдол гаргаж, манай компанийн гомдол Хяналт шинжилгээ, үнэлгээ статистик Мэдээллийн хэлтэст очсон байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө...” 34.3 “...Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй...” 34.4-д “...Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно ...” гэж тодорхой заасан байна. Гэтэл кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна...”, 34.7 “...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална...” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй бидэнд хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй “Л” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, Х\/-******* тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар

 болгож бүртгэсэн хууль зүйн үндэслэлгүй байсан.

Энэ бүгдийг Хяналт шинжилгээ үнэлгээ статистик мэдээллийн хэлтэс хянаад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дүгнэлт гаргаж “Л” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Х\/-*******, Х\/-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, эрхийг сэргээж, хуулийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаж Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 тоот тушаалаар манай компаний тусгай зөвшөөрлүүдийг сэргээж, өргөдлийг хүлээн авч шийдвэрлүүлэх болсон юм.

Ингээд манай компанийн тусгай зөвшөөрлүүдийг кадастрын даргын шийдвэрээр сэргээж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч өргөдлийн бүртгэлийн ЕХ 007526, 007527, 007528 дугаарт бүртгэж үйлчилгээний хөлсөнд 3,000,000 төгрөг төлж тусгай зөвшөөрлийг хавсралтын хамт Кадастрын хэлтэст авсан.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийн шийдвэрлэлтийн талаар Кадастрын хэлтсээс асуухад хянаж байна гэсэн хариуг манайд компанид өгсөөр л байсан. 

Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 7/56 албан тоотоор манай компаний эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, Х\/-*******, XV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын А/49 дугаар тушаалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаар хүчингүй болгосон талаар манайд мэдэгдсэн.

Уг мэдэгдлийг хүлээн аваад 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17/03 албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/574 албан бичгээр манай гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариуг ирүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ...” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалыг хүчингүй болгож ашигт малтмалын хайгуулын Х\/-*******, Х\/-*******, Х\/-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө

 үү” гэжээ.

Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Л” ХХК нь тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа билээ.

Маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дугаар тушаалыг үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын а/63 тушаалаас гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дугаар тушаал нь нэхэмжлэгч “Л" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А******* дүгээр тушаалд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр дараах арга хэмжээ авахыг Ашигт малтмал, газрын тосны газар /Б. Баатарцогт/-д даалгасугай. - Ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, холбогдох албан хаагчид хариуцлага тооцох...” гэжээ. 

Энэхүү тушаалаас үзэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь Ашигт малтмал, газрын тосны газрын ажил үүрэгт шууд оролцон ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгасан байна. Ингэж Ашигт малтмал, газрын тосны газрын хуулиар олгогдсон эрх үүрэгт шууд оролцсоноороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг 

хөндсөн, илт хууль бус шийдвэр болжээ гэж үзэж байна. 

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дугаар тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож , хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“....Нэг. Д******* аймгийн *******, А******* сумдын нутаг Иргэний нэртэй 104255 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын 12499Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “И ******* э*******” ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцааж хүлээлгэн өгөх өргөдлийг 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.

Өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 192 дугаар шийдвэрээр дээр дурдсан талбайн 45842.21 гекгар талбайг буцаан хүлээлгэн өгснийг бүртгэж үлдэж буй Д******* аймгийн *******, А******* сумдын нутаг Иргэний-1 нэртэй 32579.40 гектар талбайд ХV-******* тоот, Иргэний-2 9601.21 гекгар бүхий талбайд ХV-******* тоот, Иргэний-3 нэртэй 5684.92 гектар талбайд шинээр тус тус ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг бичиж олгосон байна. 

Харин үлдэж буй 10547.26 гекгар талбайг ашигт малтмалын хайгуулын 12499Хтоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тус тус бичиж тэмдэглэл хийсэн.

Дээр дурдсан ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн анх олгосон огноог 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр тооцож бүртгэл хийсэн байна. 

Мөн 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай газраас Цөмийн энергийн газарт шилжүүлсэн байдаг.

Хоёр. Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.5 дахь заалт, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг үндэслэн ‘‘И ******* э*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* тусгай зөвшөөрлүүдийг шинэчлэн бүртгэсэн байна. 

Улмаар Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг үндэслэн Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 3 жилээр буюу 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал, мөн газар, хэлтсийн даргын /Тухайн үеийн нэрээр/ 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр маргаж буй тусгай зөвшөөрлүүдийн хугацааг жилээр дахин 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал сунгалт хийж тус тус бүртгэсэн байна.

Цөмийн энергийн комиссын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 369 дүгээр тогтоолоор баталсан Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.1, 3.4 дэх хэсэг, Цөмийн энергийг комиссын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн “И ******* э*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бүхэлд нь нэхэмжлэгч “Л” ХХК-д худалдан шилжүүлснийг батламжилсан байна.

Гурав. Ашигт Малтмалын даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл бүртгэх тухай” А/27 дугаар тушаалын дагуу Цөмийн энергийн газраас шилжиж ирсэн тусгай зөвшөөрлийн мэдээллийг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.2.1, 15.2.3, 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргаж болно” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө буюу тодруулбал ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хэтрэлгүйгээр гаргах ёстой байсан.

Гэвч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” заалтын дагуу ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлүүд дуусгавар болсон.

Харин “Л” ХХК нь өөрийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлүүд дуусгавар болсны дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрт ХV-******* тусгай зөвшөөрөлд 236.197.750 төгрөгийг, ХV-******* тусгай зөвшөөрөлд 69.549.177 төгрөгийг, ХV-******* тусгай зөвшөөрөлд 41.181.232 төгрөгийг тус тус Голомт банкаар дамжуулан Төрийн сан банкны 900000712 дугаартай дансанд шилжүүлсэн байдаг.

Дөрөв. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар А/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай шаардлагад:

Ашигт малтмал газрын тосны газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх тухай” а/49 дүгээр тушаал нь холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эрх зүйн зөрчилтэй тодруулбал захиргааны актын үндэслэл хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” заалтыг хэрэглэсэн байдаг. Гэтэл уг заалтыг үзвэл нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж улмаар төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авахаас татгалзаж энэ нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй болж гэдгийг тогтоосноор уг заалтыг хэрэглэх байсан. Харин төрийн байгууллага эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд “Л” ХХК нь өргөдлөө 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь баримтаар тогтоогдож байдаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж улмаар холбогдох хуулийг зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн зөрчлийг арилгаж хуульд нийцүүлж ажиллахыг мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А******* дүгээр тушаалын хамт ирүүлсэн.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дүгээр тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож Ашигт малтмалын тухай хууль холбогдох хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэсэн.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэсэн заалтад нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Гурав. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... “Л” ХХК нь маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дүгээр тушаалыг үндэслэл болгосон бөгөөд дээрх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А******* дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ" гэж, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ” гэж заасны дагуу сайд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалтгалт хийх тушаалыг гаргасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугээр сарын 13-ны өдрийн А******* дугаар тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Л” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах, 

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэг: Үйл баримтын талаар: 

1.Анх Цөмийн энергийн газраас “И ******* э*******” ХХК-д Д******* аймгийн *******, А******* сумдын нутаг Иргэний-1 нэртэй 32579,40 гектар талбайд ХV-******* , Иргэний-2 нэртэй 9601,21 гектар талбайд ХV-******* , Иргэний-3 нэртэй 5684,92 гектар талбайд ХV-*******  тоот тусгай зөвшөөрлүүдийг олгон, анх олгосон огноог 2007 оны  06 дугаар сарын 13-ны өдрөөр тооцож бүртгэл хийсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр  тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 3 жилээр буюу 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал, мөн газар, хэлтсийн даргын /тухайн үеийн нэрээр/ мөн хугацааг дахин 3 жилээр буюу 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал сунгалт хийн бүртгэжээ .

Энэ хугацаанд буюу 2014 онд “И ******* э*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бүхэлд нь нэхэмжлэгч “Л” ХХК-д худалдан авсан байх ба дээрх тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авсантай холбоотой хуульд заасан эрх үүргийг хүлээхээр болжээ .

Гэтэл нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...тухайн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргаж болно...” гэж заасны дагуу “Л” ХХК-иас өөрийн эзэмшиж буй ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хэтрэлгүйгээр төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байх бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүртгэлд бүртгэсэн байна .

Харин нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын дарга, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан  “...сунгуулах өргөдөл гаргахыг мэдээгүй,..ахлах геологич К.Ш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тул тусгай зөвшөөрлүүдийг хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй...” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг гаргажээ . 

Хариуцагчаас уг хүсэлтүүдийг хүлээн авч холбогдох ажиллагааг Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтэс хийж, энэхүү хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тайлангийн саналыг үндэслэн /хуучнаар/ Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дугаар тушаалаар “Л” ХХК-ийн ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийг сэргээхээр шийдвэрлэжээ .

Улмаар нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүртгэн  үйлчилгээний хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн баримтын хамт авсан байна. 

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28-ны өдрийн 28 дугаар тушаалаар “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийх  үүрэг бүхий ажлын хэсгийн  хяналт шалгалт хийсэн тайланг  үндэслэн  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дугаар тушаалаар “...тухай дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох...”-оор Ашигт малтмал, газрын тосны газарт/дарга Б.Б/  даалгажээ.

Уг тушаалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаараа  нэхэмжлэгч “Л” ХХК-ийн ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, эрхийг сэргээсэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дугаар тушаалыг хүчингүй болгожээ .

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдад холбогдуулан “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд нь ашигт малтмал, газрын тосны газрын ажил үүрэгт шууд оролцон ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийсэн үйлдэл нь хууль зөрчсөн. Ашигт малтмал тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийх эрх хэмжээ, Ашигт малтмалын тухай болон холбогдох хуулиар олгогдоогүй...” гэж, харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “...А/63 дугаар тушаал нь нэхэжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгдээгүй...” гэж тайлбарлан маргажээ. 

Хоёр: Маргаж буй актуудын хууль зүйн үндэслэлийн талаар: 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дүгээр тушаалын 1 дэх хэсгийн тухайд: 

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэг нь тухайн байгууллага, албан тушаалтан өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасныг, харин 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг тус тус ойлгохоор байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдаас  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дүгээр тушаалыг  гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн  7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” заалтыг тус тус үндэслэжээ.

Учир нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны  сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д “Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ” зэргээс үзэхэд хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд нь Засгийн газрын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн хуулиар олгосон эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газарт Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг шалгуулах, хуульд нийцсэн арга хэмжээ авч, хариуцлага тооцуулах үндэслэл бүхий эрхтэй байх тул маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Товхондоо энэхүү захиргааны шийдвэр “хуульд үндэслэх” зарчим буюу эрх зүйт төрийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж гарсан илт ноцтой алдаанд тооцогдох акт биш байна.

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд шалгалт хийж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийсэн тайлан”  гаргасан ба тус тайлангийн 8.3-ийн 1-д “Л” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын 14889, 14890, 14891 дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг дурдсан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А******* дүгээр тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан бөгөөд сайдын уг тушаалыг үндэслэн хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаараа /хуучин нэрээр/ Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь зөв байна. 

Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны а******* дүгээр тушаалд ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, холбогдох албан хаагчид хариуцлага тооцохоор заажээ.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож сэргээхийг даалгасан 2016 оны а/49 дүгээр тушаалаа мөн оны а/63 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасантай нийцжээ. 

Маргаан бүхий 2016 оны а/63 дугаар тушаал нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй бөгөөд харин урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хэрэглэх шаардлагагүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. 

2.2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн   “сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбарын талаар: 

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах ажиллагаа хийж байхаар хуульчилжээ. Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах үүрэгтэй байна. 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Яагаад гэвэл уг тусгай зөвшөөрлүүдийн эрх нь хуульд заасан үндэслэлээр аяндаа дуусгавар болж байгаа...” гэж тайлбарлаж байгаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газраас уг шийдвэртэйгээ холбогдуулан сонсгох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Гэвч энэ байдал нь нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын нэхэмжлэгчийн хайгуулийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх тухай 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдийн А/63 дугаар тушаал нь холбогдох хууль зөрчөөгүй, харин хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан, энэ байдал нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болсон байна.

2.3. Ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсоноос үзэхэд Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгахыг ойлгохоор байна. 

Харин дээр дурьдсан үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаар  Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосоныг хянаад хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоосон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. 

Эцэст нь хэлэхэд Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах талаар болон тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэг хариуцагчид хуулиар хүлээлгээгүй бөгөөд зүй нь бол нэхэмжлэгч өөрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, сэргээхтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган хандан ёстой байжээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг баримтлан “Л” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХV-*******, ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А******* дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР