Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0093

 

 

 

 

 

 

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 762 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 762 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З" ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1588 дугаар захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох, “З” ХХК-ийн ашиглалтын MV-017021 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхацсан 123.95 га талбайд нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...эдгээр нотлох баримтуудаас "З" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 282.69 га талбайн ... 123.95 га талбай нь ашигт малтмалын нөөцтэй бөгөөд үлдэх хэсэг нь ашигт малтмалын нөөц байхгүй болох нь тогтоогдож байх тул ... давхцаагүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой гэх тайлбар үндэслэлгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. "З" ХХК-ийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Оньдолт нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-017021 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг буюу 123.95 га талбай нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоогдсон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн хамрагдсан бөгөөд 2010 оны “Журам батлах тухай” 299 дүгээр журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1485 дугаар албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хориглосон талбайтай давхцалгүй хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бүрэн боломжтой төдийгүй эрх нь нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "З" ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1588 дугаар захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох, “З” ХХК-ийн ашиглалтын MV-017021 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхацсан 123.95 га талбайд нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч "З" ХХК нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Оньдолт” нэртэй нутагт орших 812 га талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-013567 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл авч, хайгуулын үйл ажиллагаа явуулсны дүнд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэн батлуулж, нийт 289.69 га талбайд ашиглалтын MV-017021 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшсэн, уг тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно, 4.3-т энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж тус тус заасны дагуу ашигт малтмал ашиглахыг хориглосон хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 123.95 га талбайгаар хэсэгчлэн давхацсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

"З" ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/21 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан ...ашигт малтмалын ашиглалтын MV-011021 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг, уг ашиглалтын тусгай зөвшөөрөл хайгуулын тусгай зөвшөөрөл байх үедээ гаргасан хайгуулын үнэлгээний зардал болон тусгай зөвшөөрлийн төлбөр, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараах жилийн төлбөрүүд болон холбогдох зардлын лавлагааг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 8/1400 тоотоор ... ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын ажлын зардлыг нэгтгэн хавсралтаар хүргүүлсэн, тус компаниас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/26 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хандаж ...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулах болон олборлолт хийх боломжгүй болсон ... хуулийн дагуу бидний авах нөхөн олговрыг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06/1149 дүгээр албан бичгээр ...Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан ... журмын 4.1-д ... заасны дагуу ... нөхөх олговрын хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газраар баталгаажуулан улсын төсөвт тусгуулан шийдвэрлүүлнэ үү гэсэн,  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1588 дугаар албан бичгээр ...Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан ... журамд зааснаар ...хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулах... боломжтойг үүгээр мэдэгдье гэсэн хариу тус тус өгчээ.

Нэхэмжлэгчээс ... Ашигт малтмал, газрын тосны газар нь ... хуулийн дагуу нөхөн олговор төрөөс авах тухай хүсэлтээ зохих ёсоор төрийн эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлээр ... “З” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа MV-017021 дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1588 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс нөхөх олговор авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана” гэж, харин 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч нь нэхэмжлэгч "З" ХХК-ийн гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр зохицуулжээ.

Гэтэл хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1588 дугаар албан бичгээр “...Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан ... журамд зааснаар ...хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулах... боломжтой” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “нөхөн олговор гаргуулах  хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн нь дээрх журамд нийцээгүй байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 4.4-д “... журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна”, 4.6-д “Улсын төсвөөс нөхөх олговрын санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 30 өдөрт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн хүсэлт гаргасан этгээдийн харилцах дансанд нөхөх олговрыг шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл нөхөх олговрын хэмжээг баталгаажуулах, хүсэлт гаргасан этгээдэд нөхөх олговрыг шилжүүлэх зэрэг нь санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарахаар байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд (давхацсан хэсэгт) ашигт малтмал хайх, ашиглахыг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглож, улмаар нөхөх олговор төлөхөөр зохицуулсан. Уг харилцааг зохицуулсан Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар зохицуулсны дагуу нөхөх олговор авах талаар хариуцагчид хандаж гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг “...хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулах боломжтой” гэж шийдвэрлэсэн байдал нь дээрх хууль болон журамд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Түүнчлэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан ... хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан зохицуулалт нь "З" ХХК-ийн энэхүү захиргааны хэрэгт шаардаж буй нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэх харилцаа хамаарахгүй байхаар уг хуулийн 4 дүгээр зүйл зохицуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ