Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 321

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б  холбогдох эрүүгийн 1806042430799 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, нохой үржүүлгийн газар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Б .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Санто хотхоны гадна хохирогч Р.Цэрэнноровтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед "уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хохирогч, иргэний нзхэмжлэгч Р.Цэрэнноровын өгсөн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Г.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хх-27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №705 дугаартай дүгнэлт /хх-38-39/, Б.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49-50/, хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-5/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-11-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/, шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-61-62/, Б.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, хохирогч Р.Цэрэнноров, яллагдагч Б.Б  нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-67-69/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Санто хотхоны гадна хохирогч Р.Цэрэнноровтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед "уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нзхэмжлэгч Р.Цэрэнноровын өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 22 цаг 41 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санто хотхоны харуулын пүтикнээс гараад ирсэн чинь үүдэнд танихгүй хоёр залуу хоорондоо маргалдаад зогсож байсан, би иргэний үүргээ биелүүлээд та хоёр битгий энд агсам согтуу тавиад иргэдийн амгалан тайван байдал алдагдуулаад бай гэсэн чинь намайг зоддог залуу чамд ямар хамаатай юм, пизда чинь гээд өөдөөс үгийн зөрүүгүй дайраад миний баруун талын хацарлуу зүүн гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн миний малгай газар унахаар нь малгайгаа тонгойж авсан. Нөгөө хоёр залуу хойшоо ухарч байгаад газар унасан. Босч ирээд дахиад цохих гээд дайрахаар нь баруун гараараа цээж рүү нь огцом түлхэсэн чинь нүүрлүү гараараа цохиод газар унагасан. Газар унасан байхад дээрээс нь олон удаа нүүрлүү гараараа цохьсон. Мөн олон удаа өшиглөж зодсон. Түүнээс хойш толгой манараад явчихсан. Би газар нүүрээ дараад хамгаалсан. Хажууд нь салгах гээд яваад байсан залуу нь намайг хамгаалах гээд дээр хэвтчихээд дийлээгүй. Би дээшээ харахад хоёр хөлөөрөө өөдөөс нь тийрээд дэвсэж байсан. Тэгээд байж байхад танихгүй залуу хүрч ирээд бид нарыг салгаад цагдаад дуудлага өгсөн. /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганбаярын өгсөн: “Би Аман жолоо 19001313-ын дуудлагын жолооч хийдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 22-ны орой цагийг нь санахгүй байна хорооллоос дуудлагын дагуу үл таних хоёр залуугийн машиныг нь бариад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санто хотхонд ирээд машиныг нь гражид нь байрлуулсан. Мөнгөө авах гэсэн чинь бэлэн мөнгө байхгүй байна гээд бор царайтай залуу зодоон хийсэн гэх залуу эхнэрлүүгээ утсаар яриад эхнэрийг нь хүлээлгээд байж байсан. Тухайн үед тэр хоёр залуу нилээн согтуу, нэг найз нь нилээн согтуу байсан. Харин зодоон хийсэн гэх бор царайтай мяраалаг нь арай гайгүй байсан. Тэгээд байж байхад манаачийн пүтикнээс өндөр биетэй толгойдоо булган малгай өмссөн халамцуу нилээн настай бололтой ах гарч ирсэн. Тэгсэн тэр хоёр залуугийн хажууд очоод та нар муусайн юмнууд энд юу хийж байгаан, явцгаа архичид гэсэн утгатай юм яриад байсан. Тэгсэн бор царайтай, жаахан мяраалаг арай гайгүй байсан залуу нь өөдөөс нь би гэрийнхээ гадаа байна, чи намайг юу гээд байгаан, намайг архичин байхыг хэзээ харсан юм, чи надад гай болно шүү дуугүй яв гэсэн. Хоорондоо тиймэрхүү юм яриад маргалдаад байсан. Тэр хооронд би утсаар ярьчихаад эргээд харсан чинь манаачийн пүтикнээс гарч ирсэн настай өндөр биетэй ах манаачид малгайгаа өгөөд бор царайтай залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн нөгөө залуу өөдөөс нь нэг удаа цохьсон чинь газар уначихсан, дээрээс нь нилээн хэд хэдэн удаа цохьсон. Хамт явсан залуу нь нилээн согтуу салгах гээд дийлээгүй. Тэгээд хүмүүс ирээд салгасан. Өвгөнийг пүтикнээс гарч ирэхэд дуудлагаар үйлчлүүлсэн хоёр залуугаас 2-3 алхамын зайтай зогсож байсан. Бор царайтай махлаг биетэй зодоон хийсэн гэх залуу нь саравчтай малгай өмссөн байсан. Доогуураа богино нэхий шиг хувцас өмссөн байсан. Харин цаанаас гарч ирсэн өвгөн булган малгай өмссөн байсан. /хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №705 дугаартай дүгнэлтэд:

 

1. Р.Цэрэнноровын биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  2. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-38-39/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөдөөнөөс 2 найз маань ирээд бид нар хоороололд жаахан архи уусан. Би 3 удаа л татсан, айхтар согтуу байгаагүй. Бид нар архи уучихсан байсан учраас дуудлагын жолооч дуудаж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санто хотхон үүдэнд ирээд гражид машинаа тавиулсан. Надтай хамт ирсэн найз Даваапил уг нь дуудлагын жолоочийн мөнгийг нь өгнө гэж байсан боловч мөнгөө өгөхгүй мөнгө байхгүй гээд явах гээд байсан. Тэгэхээр нь энгэрээс нь бариад явуулахгүй гээд байж байсан. Мөнгө өгөхгүй, мөнгө байхгүй гээд байхаар аргаа бараад эхнэрлүү залгаад мөнгө байна уу гээд асууж байхад үл таних согтуу хүн манаачийн пүтикний цаанаас гарч ирсэн. Хажуугаар явахдаа муусайн гөлөгнүүд согтуу энд юу хийж яваан гэсэн. Тэгэхээр нь ахаа өөртөө чинь юм яриагүй ээ, та зүгээр явчих гээд 3 удаа гуйсан. Хэл амаар доромжлоод явахгүй байхаар нь зүгээр явчиж болдоггүй юм уу гээд орцны зүг гараа өргөөд буцаад гараа авахдаа өмсөж байсан малгайг нь газар унагасан. Тэгсэн намайг түлхээд газар унагасан. Босоод ирсэн чинь миний зүүн талын шанаа руу 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 барьцалдаад зодоон болсон. Надтай зодолдсон ах нилээд согтуу байсан. Би бол айхтар согтуу байгаагүй цоо эрүүл байсан.”/хх-49-50/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-5/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-11-12/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

 

Шүүгдэгч Б.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/,

 

Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-61-62/,

 

Хохирогч Р.Цэрэнноров, яллагдагч Б.Б  нараас гаргасан гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт: “Рэнцэнхорлоо овогтой Цэрэнноров миний бие 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 23 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 212 дугаар байрны гэрийхээ гадаа Буянжаргал гэдэг залууд зодуулж гэмтсэн. Намайг зодсон залуу хохирлыг барагдуулж эмчилгээний зардлыг төлсөн. Иймд би гомдолгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”,

Мөн “Баянбаатар овогтой Буянжаргал миний бие 2019 оны 12 дугаар сарын 22-ны орой Цэрэнноров ахтай хальт маргалдаж зодолдсон. Миний бие гэм буруугаа ойлгож Цэрэнноров ахаас уучлалт гуйж эмчилгээний төлбөрийг барагдуулсан. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-67-69/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Санто хотхоны гадна хохирогч Р.Цэрэнноровтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед "уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б д гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Р.Цэрэнноров нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахыг дурьдвал зохино.                            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй Б.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС