| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0018/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 20
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.Г,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дагдан овгийн Б.Г холбогдох 1928003050001 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 93-59 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 дугаар сургуулийн урд талын уулзвар дээр Г.У жолоодож явсан 00-38 ӨМЭ улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган тус тээврийн хэрэгслийн жолооч Г.У эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Б.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цэргийн ангийн шатахууны хангалт болон малчин цэрэг хүргэхээр өглөө 08 цагт гарна гэж байгаад ангиас жоохон хоцорч гарсан. Цагаасаа хоцорсондоо яарч явж байгаад 0167-р цэргийн ангийн урд талын талын замын уулзварыг жоохон алсаас харахад машин байгаагүй. Тэгээд машин байхгүй байна гээд хааз нэмээд хурдалсан чинь урдаас машин ороод ирсэн. Тэгээд альпарднаас Г.У, Б.Г гэдэг 2 хүн гарч ирсэн. Жолооч нь Г.У, Б.Г нь зорчигчийн суудалд сууж явсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 09 билүү 10 цагийн үед Г.У намайг Жаал-Уулын 2-30 тоотоос өөрийн эзэмшлийн 00-38 ӨМЭ хар өнгийн алпьпард маркийн авто машинаар ирж аваад бид хоёр тухайн үед хийж байсан Тэгшдүүрэн эмнэлгийн дотоод засал чимэглэлийн ажил руугаа явсан. Тэгээд Номин дэлгүүр өнгөрөөд дээшээ буюу ертөнцийн зүгээр баруун тийш явж байтал 2 дугаар сургуулийн уулзвараас хар өнгийн Ланд-200 маркийн авто машин хурдтай орж ирээд Г.У бид хоёрын авто машины хажуу талаас мөргөсөн. Тэгээд мэдсэн чинь манай машин хажуу тийшээгээ уначихсан би босох гэсэн чинь зүүн гараа даахгүй байсан тэгээд удалгүй түргэн болон цагдаа ирээд би эмнэлэг рүү явсан...” гэжээ. /хх-19-/,
Иргэний нэхэмжлэгч Г.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 08 цаг 40 минутын үед өөрийн гэр болох Хан-Уулын 22-13 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн альпард маркийн авто машинаа унаад Жаал-Уулын 2-30 тоотод байх манай ажлын барилгачин Б.Г-ыг очиж аваад Тэгшдүүрэн эмнэлгийн өргөтгөлийн ажлын хийж байсан учир Жаал-Уулд байх Б.Г-ын гэрээс гараад Номинговь дэлгүүрийн урдуур засмал зам руу ирээд ертөнцийн зүгээр баруун зүг рүү төв замаар чигээрээ явж байтал 2 дугаар сургуулийн уулзвараас нэг хар өнгийн Ланд-200 маркийн авто машин их хүчтэй орж ирээд миний машины буруу талын хойд талд мөргөөд миний машин хажуу тал руугаа уначихсан.” гэжээ. /хх-22-23/,
Иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Г оос нэхэмжлэх зүйлгүй.” гэжээ. /хх-27/,
Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би өглөө 06 цагт босоод хоолондоо орчихоод ангийн хашаа цэвэрлэж байтал хошууч Болдбаатар намайг цэргийн ангийн малыг маллахаар яв машин чинь хүрээд ирлээ гэсний дагуу хувцас хунараа бэлдээд ангийн захирагчийн Ланд Криусер-200 маркийн авто машины ард талын суудал дээр суугаад харин мал зүйч урд суугаад даргын жолооч өөрөө машинаа бариад МТ гээд клонкоос бензин хийгээд хөдөө гарлаа гээд явсан. Тухайн үед жолооч ах цагаасаа хоцорлоо гээд яараад явж байсан. Тэгээд нэг аюулгүйн тойрогтой замаар 50-аас 60 орчим км-н хурдтай уулзвар нэвтрэн ороод нэг хар өнгийн дөрвөлжин микробус шиг машины хойд дугуйны хажуугаас нь мөргөөд тэр мөргүүлсэн машины бөгс нь шарваж байгаад зүүн талаараа зам дээр уначихсан. Тэгээд би буусан чинь жолооч ах чи машиндаа суу гэхээр нь би машиндаа суусан удалгүй түргэн цагдаа ирээд тэр онхолдсон машинаас 1 тарган ах, бас 1 туранхай ах хоёрыг эмнэлэг рүү аваад явсан...” гэжээ. /хх-33/,
Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 сарын 30-ны өдөр хилийн цэргийн 0131-р ангийн Цогтцэций сумын нутагт байх төв мал руу цэрэг хүргэж өгөхөөр Ланд-200 маркийн даргын авто машиныг Б.Г жолоодон би урд талын зорчигчийн суудал дээр сууж харин малын цэрэг болон Баатарсайхан ард талд зорчигчийн суудал дээр суугаад 08 цаг 30 билүү 40 минутын үед ангиас гараад төрийн банкны уулзварын хажууд байх МТ шатахуун түгээх станцаас бензин аваад 0167-р цэргийн ангийн урдуур яваад 2 дугаар сургуулийн зүүн талын уулзвараар жолооч Б.Г нь хурдтай нэвтэрч ороод хар өнгийн Альпард маркийн авто машиныг хажуу талаас нь мөргөөд тэгээд мөргүүлсэн машин шарваад хажуу талаараа зам дээр уначихсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд л цагдаа түргэн дуудаад байсан удалгүй түргэн ирээд Альпард маркийн авто машин дотор байсан 2 жолоочийн аваад явсан. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийгээд манай машиныг журмын хашаанд аваачиж хийсэн...” гэжээ. /хх-36/,
2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 722 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.У биед тархины доргилт, цээж, бүсэлхий нуруу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-39/,
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 721 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Г биед зүүн гарын 2 толгойт булчингийн Supraspinatus шөрмөсний урагдал, biceps tendon шөрмөсний суналт гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн гарт саажилт үүссэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэжээ. /хх-41/,
2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2302 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-43-46/
2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2300 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-48-50/
2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн дүгнэлтэд: Тоёота Альпард маркийн 00-38 өмэ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.У нь монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Тоёота ланд круйзер 200 маркийн 93-59 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан ”...гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн. Тоёота ланд круйзер 200 маркийн 93-59 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон. Уг зам тээврийн осол болоход зам замын байгууламж нөлөөлөөгүй.” гэжээ. /хх-52/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-16/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гиргэний үнэмлэх /хх-73/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-76/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-77/,
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-101/,
Ажлын үнэмлэх /хх-102/,
Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-103/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-104/,
Хилийн 0131 дүгээр ангийн автотехникийн албаны жолооч, ахлах ахлагч Б.Гийн ажил байдлын тодорхойлолт /хх-105-106/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-107/,
Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-108/,
Эвлэрлийн гэгээ /хх-113/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Гийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 93-59 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 дугаар сургуулийн урд талын уулзвар дээр Г.Ужолоодож явсан 00-38 ӨМЭ улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган тус тээврийн хэрэгслийн жолооч Г.Уэрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Б.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах байдлаар нотлогдоно.
Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгохоор тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох А, В, С ангиллын эрхийн жолоочийн үнэмлэхтэй болох нь жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-108/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гийг Ланд круйзер 200 маркийн 93-59 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А, В, С ангиллын үнэмлэхтэй жолооч гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 93-59 ӨМҮ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн: Тоёота Альпард маркийн 00-38 өмэ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.У нь монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Тоёота ланд круйзер 200 маркийн 93-59 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан ”...гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн. Тоёота ланд круйзер 200 маркийн 93-59 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон. Уг зам тээврийн осол болоход зам замын байгууламж нөлөөлөөгүй.” гэх дүгнэлтээр /хх-52/ тогтоогдож байна.
Зам тээврийн осол гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгасан.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд Тоёота Альпард маркийн 00-38 өмэ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд туслах замаар зорчиж байгаа 93-59 ӨМҮ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч Б.Г гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн осол гарсан газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-16/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г“...Номин дэлгүүр өнгөрөөд дээшээ буюу ертөнцийн зүгээр баруун тийш явж байтал 2 дугаар сургуулийн уулзвараас хар өнгийн Ланд-200 маркийн авто машин хурдтай орж ирээд Г.У бид хоёрын авто машины хажуу талаас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-19/, иргэний нэхэмжлэгч Г.Уын “...Номинговь дэлгүүрийн урдуур засмал зам руу ирээд ертөнцийн зүгээр баруун зүг рүү төв замаар чигээрээ явж байтал 2 дугаар сургуулийн уулзвараас нэг хар өнгийн Ланд-200 маркийн авто машин их хүчтэй орж ирээд миний машины буруу талын хойд талд мөргөөд миний машин хажуу тал руугаа уначихсан.” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Ч.Б “...Тухайн үед жолооч ах цагаасаа хоцорлоо гээд яараад явж байсан. Тэгээд нэг аюулгүйн тойрогтой замаар 50-аас 60 орчим км-н хурдтай уулзвар нэвтрэн ороод нэг хар өнгийн дөрвөлжин микробус шиг машины хойд дугуйны хажуугаас нь мөргөөд тэр мөргүүлсэн машины бөгс нь шарваж байгаад зүүн талаараа зам дээр уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/, гэрч А.М “...2019 оны 11 сарын 30-ны өдөр хилийн цэргийн 0131-р ангийн Цогтцэций сумын нутагт байх мал руу цэрэг хүргэж өгөхөөр Ланд-200 маркийн даргын авто машиныг Б.Г жолоодон би урд талын зорчигчийн суудал дээр сууж харин малын цэрэг болон Баатарсайханыг ард талд зорчигчийн суудал дээр суугаад 08 цаг 30 билүү 40 минутын үед ангиас гараад төрийн банкны уулзварын хажууд байх МТ шатахуун түгээх станцаас бензин аваад 0167-р цэргийн ангийн урдуур яваад 2 дугаар сургуулийн зүүн талын уулзвараар жолооч Б.Г нь хурдтай нэвтэрч ороод хар өнгийн Альпард маркийн авто машиныг хажуу талаас нь мөргөөд тэгээд мөргүүлсэн машин шарваад хажуу талаараа зам дээр уначихсан...” гэх мэдүүлэг /хх-36/, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн: “...Тоёота ланд круйзер 200 маркийн 93-59 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт заасан ”...гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн...жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон. Уг зам тээврийн осол болоход зам замын байгууламж нөлөөлөөгүй.” гэх дүгнэлт/хх-52/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэний нэхэмжлэгч Г.У эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 721 дугаартай шинжээчийн: “Б.Г биед зүүн гарын 2 толгойт булчингийн Supraspinatus шөрмөсний урагдал, biceps tendon шөрмөсний суналт гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн гарт саажилт үүссэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-41/, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 722 дугаартай шинжээчийн “...Г.У биед тархины доргилт, цээж, бүсэлхий нуруу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-39/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлээр шүүгдэгч Б.Гийн амьсгал дахь спиртын агууламжийг шалгахад 0.00 хувь /хх-76/ гарсан байх тул шүүгдэгч Б.Гийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:
Иргэний нэхэмжлэгч Г.У 00-38 өмэ улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд 4.079.000 төгрөгийн эдврэл гэмтэл учирсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2302 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-43-46/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гийн унаж явсан 93-59 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 тээврийн хэрэгсэл нь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн өмчлөлийнх болох нь техникийн тодорхойлолт /тээврийн хэрэгслийн гэрчилгээ/-оор тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Г.У хохирол төлбөрийн тухайд:
Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд 4.079.000 төгрөгийн эдврэл гэмтэл учирсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2302 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-43-46/-гаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь 13.000.000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл авч иргэний нэхэмжлэгч Г.Уд өгч, иргэний нэхэмжлэгч Г.У00-38 ӨМЭ улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслээ шүүгдэгч Б.Гийн өмчлөлд шилжүүлэн эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь /хх-113/ дугаар талд авагдсан байна.
Мөн иргэний нэхэмлэгч Г.У“...миний эрүүл мэндийн байдал зүгээр. Гэмтэлтэй холбоотой 120.000 төгрөг өгсөн, надад 13 сая төгрөгөөр шинэ автомашин авч өгсөн. Надад гомдол санал байхгүй, би өөрийн хуучин 00-38 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Ганзоригод өгсөн...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Б.Гийг иргэний нэхэмжлэгч Г.Уд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Гэрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн болох нь эвлэрлийн гэрээ /хх-113/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гийг хохирогч Б.Г т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гийн унаж явсан 93-59 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 2.760.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2300 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-48-50/-гаар тогтоогдсон.
Тус байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тус ангийн авто техникийн албаны хилийн инженерийн байгууламж хариуцсан офицер А.Б хуулийн дагуу томилогдсон байна.
Иргэний нэхэмжлэгч А.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...35-39 ӨМҮ улсын дугаартай Ланд 200 маркийн машин нь манай ангийн захирагч Б.Батхүүгийн үйлчилгээнд явдаг машин байгаа юм. Машины хохиролтой холбоотой Б.Гоос нэхэмжлэх зүйлгүй...Б.Г өөрөө хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/-ээр /хх-63-64/ тогтоогдож байх тул Иргэний нэхэмжлэгч А.Бт /Хилийн 0131 дүгээр ангид / төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-66/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөн гэж тус тус үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Б.Гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Гийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх дээрх нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид торгох ял оногдуулсан тохиолдолд ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулахыг тогтоохоор заасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд торгох ялын биелүүлэх хугацаа 90 хоногоор тогтоосон байдаг тул шүүгдэгч Б.Г д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Харин шүүгдэгч Б.Г нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлоггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дагдан овгийн Б.Гийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтээ 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ