Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 25

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Б,

Гэрч Г.Ө, Б.О,

Шүүгдэгч П.Э,

Шинжээч Ж.Жаргалтуяа /онлайн/,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхий овгийн П.Эод холбогдох 1928001440121 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сум Дал багийн нутаг дэвсгэрт П.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Булган аймгаас гараад П.Б бид 2 дэлгүүр ороод нэг нэг лааз пиво уусан. П.Б намайг чи ороод дахиад 1 ширхэг пиво бичүүлээд ир гэсэн. Дарга надад өгөхгүй гээд би зүгээр орчихоод гараад ирсэн. Тэгсэн П.Б өөрөө ороод дахиад нэг нэг лааз пиво аваад гараад ирсэн, тэрнийгээ уучихаад, П.Б 2-уулаа машины дугуй засвар дээр очъё гээд очоод бид 2 дахиад хүнээр хоёр хоёр лааз пиво авхуулаад байж байхад дарга, Г.Ө, Б.О нар орж ирээд бид 2-ыг айлд очиж хоол ид гээд аваад явсан. П.Б пиво авч өгөхгүй бол хоол идэхгүй гээд дарга 2 сав пиво авч өгөөд айлд очиход олон хүн байсан. Бид 2 пиво ууж, хоол идчихээд тэр айлдаа сууж байсан чинь П.Б 2-уулаа дугуй засвар дээрээ очиж үлдсэн пивоо ууя гээд явсан. Тэнд очиж үлдсэн пивоо уучихаад машин дээрээ очсон чинь хүн байхгүй байсан. Машиныхаа тэнд байж байгаад дэлгүүрээс 1 лааз пиво, 1 том пиво аваад машиндаа орж уусан. Орой харанхуй болчихсон байсан чинь дарга Б.О ээр машин бариулаад бид 2-ыг аваад явсан. Замдаа явж байгаад бие засъя гээд гадаа гараад бие засаж байсан чинь П.Б хашхирсан. Чи хээр хөдөө хашхираад муухай сонсогдож байна гэхэд хээр хөдөө хашхирах сайхан байдаг, сайхан байна гээд 2, 3 удаа хашхирсан. Бие засчихаад буцаад эргээд харсан чинь 2-уулаа үзчих үү? гээд намайг мөр лүү түлхсэн. Би зодолдож чаддаггүй юм, зодолдохгүй гээд эргээд харсан чинь тэгвэл 2-уулаа сайхан барилчихъя гээд тэгэхээр нь за за гэсэн чинь намайг хойшоо татаад өөрөө хойшоо саваад би дээрээс нь унасан. Тэгээд хэвтэж байхад урдаас гэрэл гараад дарга ирлээ 2-уулаа онигоо боллоо машиндаа сууя гээд би босоод гүйгээд машиндаа суусан. Би П.Бийг машинд суусан байх гэж бодсон. Сайн анзаараагүй, машинд суугаад явсан. Тэгээд би машиндаа суугаад унтчихсан байсан. Намайг сэрэхэд өглөө болж байсан. П.Бийг хайччихав гээд асуусан чинь дарга сум руу яриад суманд байхгүй гээд 2-уулаа замаараа явсан чинь зам дээр сууж байсан. Тэгээд эмнэлэгт хүргэсэн гэв.

Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Говь миражид шинэ ажлаа эхлүүлэхээр Өмнөговь явсан. Замдаа машин эвдрээд запас дугуйг нь нөхөөд замдаа хоносон. Энэ гэрч гээд байгаа хүн манайд тогоочоор ажиллаж байсан. Г.Ө манай захирлаар ажиллаж байсан. Бид 2 гар нийлж ажиллаж байсан. Тэр өдөр захирал цалин өгнө гэж ярьсан. 1 өдөр амарна гэж ярьсан. Маргааш нь 12 цагаас өмнө захирал дугуй авч ирсэн. Тэгээд тэр өдөр суман дээр очсон. Цалингийн талаар нэг тиймэрхүү санагдсан. Дугуй засвар дээр очиж пиво уусныг би мэдээд байгаа. Тэрнээс цаашаа юу болсныг санахгүй байгаа. Арав гаруй хүн байсан байх. Тэр гэрт захирал 2 пиво авч ирж өгсөн. Тэр айлд би 2 ингэний хоормог уусан тэрнээс хойш юу ч санахгүй байна. Тэгээд 07 дугаар сарын 07-нд би ээжийгээ таньж эхэлсэн. Онгоцоор хүн аваад явсан гэсэн. Тэр хүртэл би хүнтэй яриад байгаа хэр нь маргааш нь ч юм уу, хэдэн цагийн дараа ч юм уу? дахин чи хэзээ ирсэн юм бэ? гээд танихаа больчихдог. Гомдол саналын хувьд эмчилгээний зардлыг барагдуулахад болно гэж хэлсэн. Тэр талаараа цагдаад 2, 3 удаа хэлсэн. Б.Оийг хотоос авч нэг ирсэн, сүүлд нь өөрөө 2 удаа ирээд буцаж явсан. Өмнө нь бол ажлаа л хийж байсан. Цалингийн маргаан болж байсан. Тэрнээс хойш пиво уусан, дугуй засварын залуугаас 2 пиво авахуулж уусан, тэрнээс хойш санахгүй байгаа. Олон хүмүүс цугларсан байхад 2 ширхэг цагаан юм уусан, ингэний хоормог гэж бодож байна. Тэрнээс хойш санахгүй байгаа. Хажууд байгаа хүмүүсээ таниад яриад байгаа хэр нь маргааш нь дахиад л асуудаг. Охин ирсэн байсан. Эмнэлгийн хохирлыг бол барагдуулсан байгаа. Өмнө нь цагдаад мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй гэж хэлсэн. Энэ хэргийг ингэж удааширна гэж бодоогүй, буцаагдлаа гээд Булганы цагдаа над руу ярьсан гэв.

Шинжээч Ж.Жаргалтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 11-нд бүсийн оношилгоо эмчилгээний гэмтлийн тасагт П.Бийн биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримт болох өвчний түүхтэй нь танилцаж дүгнэлт гаргасан байгаа. 18 хоногт ямар байсан хугарал байвал хугарлын зоо нь харагдах ёстой. Бусад энэ цусан хураа зэргийн нягтрал нь өндөр гарсан байгаа. Тэгэхээр 18 хоногийн дараа нягтрал бага хэмжээгээр буурсан харагдах ёстой. Бүр огт энэ гэмтлүүд арилсан шимэгдсэн харагдана гэж байхгүй. Томограф дээр ховдлуудын хэлбэр хэмжээ хэвийн зайнууд хэвийн гэсэн байгаа нь тархинд байсан хаван тархин дээрх цусан хураа эд нар багассан байх. Эмчилгээний явцад цусан хураа маань шимэгдээд хэвэндээ орсон байж болно. Зурагнаас харахад урьдны хуучин гэмтэл байх боломжгүй. Хуучин гэмтэл байхаар ямар нэг байдлаар зурган дээр тусгагдаагүй. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Дүгнэлтийг бичсэн Нинж гээд эмч байгаа. Энэ эмч өөрөө компьютер томографикаар хараад, тусгай нарийн мэргэжлийн эмч гэсэн үг тэгэхээр энэ хүний бичсэн дүгнэлтэн дээр дүгнэлт хийх бүрэн боломжтой. Хуучин хугарал гэж үзэхгүй байгаа шалтгаан бол хэрэв хуучин хугаралтай бол дүгнэлтэд хуучин хугарлын зурвас, зоо гэх мэтээр бичигдэнэ. Дагзны нягтралууд нь их өндөр гарсан. Хуучрах тусам энэ нягтралууд буурна. Эдгэрсэн тохиолдолд голомт байдлаар харагдаж болно гэсэн үг. Гавал ясны суурь хэсгээс босоо чиглэлтэй гээд энэ дээр тодорхой биччихсэн байна. Заадасны дагуу гэсэн зүйл бичигдээгүй, хэрвээ тийм хугарал байсан бол эмч бичих ёстой гэв.

Гэрч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх манай ажилчид ажил нь дуусах болоогүй байсан учраас ажилчид амраад иртэл ажиллах хүмүүс шаардлагатай байсан учраас, цаг хугацааны хувьд зарын даруу П.Б, П.Э 2-ыг ажилд авсан. 10-нд Улаанбаатар хотоос гараад Өмнөговь руу шөнө явж үүрээр ирээд, ажил хийх газраа очсон. 06 дугаар сарын 10-нд ажил дуусаад дараагийнхаа ажлыг хийх гээд булган сумын төв дээр очих гэж орой гараад замдаа П.Бийн дугуй хагарсан. Хагарахаасаа өмнө дугуйных нь хий гараад байсан учраас суман дээр хоол унд зохицуулах ажилтай би түрүүлж явсан. Араас портер хүрээд ирсэн. Дугуй нь хагараад явдаггүй, дугуйг нь аваад ирлээ гэсэн. Шөнө нь тэнд клуб дээр ардчилсан намын хурал концерт болж байсан. Онгорхой газар нэг ч байхгүй, дугуй нөхүүлэх ямар ч боломжгүй байсан учраас маргааш өглөө нь дугуй засварын газар онгойхыг хүлээж байгаад 10 цаг өнгөрөөгөөд дугуй засварын хүн ирэхэд машин дээрээ очиж дугуйг нь тавиад буцаж сумын төв дээр ирсэн. Сумын төв дээр ирэхдээ П.Б түрүүлж машинтайгаа дугуй засварын үүдэнд ирж зогссон. Хажуугаар гарахдаа Б.Оийг наашаа миний машинд суу та 2 араас яваад очоорой гээд дэлгүүрт очсон. Дэлгүүрт очоод хүнсээ бэлдэж байх хооронд араас хүрээд ирсэн. Тэгээд дугуйгаа янзлуулсан уу? гэхэд болсон гэсэн. За гадагшаа битгий яваарай байж байгаарай, хүнсээ бэлдээд дуусангуут нь хайрцагт хийгээд савлаж баглаад машиндаа ачна шүү гээд тэгсэн чинь за за бид 2 холдохгүй гадаа машиндаа сууж байя гэсэн. 1, 1 пиво авчихъя гэхээр нь ав ав гээд 1, 1 жижиг лаазтай пиво авч өгөөд ийш тийшээ битгий яваарай гадаа байж байгаарай гэсэн. Тэгээд хүнсээ хийж дуусахад ирээгүй, гараад харсан чинь байхгүй байсан. Суман дээр орж ирсэн ч гэсэн хол нутгаас ирсэн хүмүүс очоод уулзаад яваад байх газар байхгүй, түрүү дугуй засварын хүнээс өөр очсон газар байхгүй. Тэнд очсон байж магадгүй гэж Б.О хэлээд дугуй засварын газар очоод зогсонгуутаа би Б.Оийг ороод үзээд ир байвал дуудаад ир гэсэн чинь орчихоод байхгүй байна, гэхдээ нэг сэжигтэй байна гэсэн. Энэ дотор байж магадгүй гээд хэлэхээр нь би машинаасаа буугаад алхахад цаад талын хаалгаар цаашаа нэвт гарч байгаа цонхоор харагдаж байсан. Тэгээд би дугуй засвар луу оронгуутаа хүнээс нь ч асуулгүйгээр цаашаа шууд нэвт гарсан чинь энэ 2 дөнгөж үүдээр гараад цаад талд нь суучихсан П.Э хажууд нь зогсчихсон, П.Б 1 лаазтай пиво барьчихсан П.Эод пиво байхгүй зогсож байсан. Тэгээд би загнаад юмаа бэлдэхгүй пиво уугаад, наадахаа хаанаас авсан юм гэсэн чинь ямар ч байсан олоод уусан гэсэн. Тэгээд өөр байгаа юм уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгээд за явъя, хоол унд хийж байгаа тэрийг очиж идэж ууцгаая гээд гадаа гарахад П.Б хоол идэх юм бол надад пиво авч өгөх юм уу? гэсэн хоол унд ид гэхэд хүнээс пиво нэхээд байдаг юм уу?  иймэрхүү яриа бид 2-н хооронд болоод за явъя пиво авч өгье гээд тэгээд хоол идсэний дараа нөгөө пиво та авч өгсөнгүй шүү дээ гэсэн за би аваад өгье гээд гараад пиво авч өгсөн. 2 сав пиво авчирсан тэрнээс өөрөө ч нээх олигтой уугаагүй. Ер нь жоохон муудсан байсан. Тэгээд хоолоо идчихээд гараад суман дээрээс 1 портер ачаа нэмэгдээд урдаас авчирсан ачаа 1 портер суман дээрээс авах ачаатай манай ачаа 2 портер болох байсан учир 1н дээр нь нийлүүлж ачаад ганцхан ачаа болгочихъё гэсэн чинь тэгж нааш цаашаа болгож яах гээд байгаа юм, нэг буулгачихаад эргэж ирээд дахиад ачаад явчихна биз гэсэн за за яршиг чи залхуураад байгаа юм бол нэг мөсөн ачаад явчихъя гээд тэгээд больчихоод дэлгүүрийн гадаа очоод машинд бас аккумлятор байхгүй, машиныг нь холбож асаагаад портероор та хэд яв ямар газраа мэдэхгүй биш түрүүлээд очоод буулгаж бай гэж хэлчихээд тэгээд машинаа асаагаад Б.Оийг энэ 2 уучихсан байгаа юм чинь чи барь, жолооны үнэмлэх чинь байгаа юу? гэхэд байгаа гэсэн. За тэгвэл чи хариуцлагатай машиныг нь бариад яв. Миний араас дагаад ойрхон яваарай би нээх хурдан явахгүй тэгээд цуг яваад оччихъё гэсэн. Энэ 2 машины ард цуг сууж байсан. Тэгсэн Одноо буугаад гүйгээд ирсэн Өсөхөө ахаа энэ хоёр 2 пиво авъя гээд байх юм гэхээр нь түрүү зөндөө ууж идэцгээсэн одоо болно гэсэн чинь замдаа уух гэсэн юм гэнээ гээд за за очоод аваад ир гэсэн чинь 2 том пиво бариад ирсэн. Тэгэхээр нь хүүе наашаа хүрээд ир юу яриад байгаа юм чи 1, 1 лааз пиво авахгүй юун аймаар том юм бариад ирж байгаа юм гээд нэгийг нь хурааж аваад машиндаа хийчихээд за хөдөлье гээд хөдлөөд явсан. Тэгээд ерөөсөө хөдлөөд сумын төвөөс 6 орчим км явсан. Би тэгж барагцаалсан. Машины гэрэл хараад 100 метрийн зайтай жоохон холдвол хүлээгээд ойртчихвол жоохон зайтай яваад байсан. Тэгж байсан нэг дов дээгүүр даваад явсан машины гэрэл цаанаас дээшээ цацарч байгаад алга болчихсон. Тэгэнгүүт нь би буцаад эргээд зогссон жоохон чимээ чагнасан чинь хүн хашхирах шиг болсон. За юу болж байдаг юм бол гээд буцаад явтал өөдөөс гэрэл асаад даваад гараад ирсэн. Тэгэхээр нь зам дээр тосоод зогсож байтал хүрээд ирэхээр нь наанаас нь шилээ онгойлгоод Одноогоос яав гэсэн чинь энэ 2 бие засъя гээд зогслоо гэхээр нь зүгээр үү гэсэн чинь зүгээр гэсэн. За тэгвэл ардаас болгоомжтой дагаад яв гээд яваад кэмп дээр очиход портер түрүүлж оччихсон ачаагаа буулгаад дуусч байсан. Буулгаж дуусчихаад эргээд явсан чинь П.Э гадаа байгаад байдаг, Б.О байдаг, П.Б байдаггүй, П.Б хаана байгаа юм гэсэн чинь машины ард унтаж байгаа биз гэсэн. Тэгээд байрандаа оруулж унтуулаач гээд очоод үзсэн чинь П.Б байхгүй байсан. Тэгээд тэндээс эхлээд та нар юу болсон юм машиндаа суусан юм уу, тэнд зогсоод юу болсон юм гээд эд нараас асуусан чинь суусан гэсэн. Тэгээд замдаа Булган дээр үлдчих байсан юм, тийшээ явмааргүй байсан, маргааш тэгэх байсан гээд үглээд явсан гэсэн тэгээд тэрнээсээ болоод буцаад сум явчихсан баймааргүй юм гээд тэнд зөндөө хайгаад олоогүй. Тэгээд хамгийн гол миний асуусан зүйл бол яг машиндаа суусан уу? гэхэд суусан гэхээр нь за ямар ч байсан машинд суугаад ирсэн юм байна. Энэ хавьд байгаа юм байна гээд тэр өдөр өнгөрсөн. Тэгээд маргааш өглөө нь боссон чинь байхгүй портер дээр нуугдаад суугаад явсан байх гээд үзсэн байгаагүй. Утас нь байхгүй холбогддоггүй, тэгээд портертой явсан хүмүүс рүү залгаад та хэдтэй цуг явсан уу? гэсэн чинь үгүй гэсэн. Тэгвэл дугуй засвар дээр очоод онгойж байвал Х байна уу? үгүй юу? үзээд хэрвээ байхгүй бол тэр хүнийхээ гэрт нь ч хамаагүй очоод үз энд одоо байхгүй, ирж хоносонгүй гэсэн чинь Г.Ө ахаа би дугуй засвар дээр очлоо, байхгүй байна гэсэн. Тэгээд би за энэ нэг л биш болчихлоо гээд О үлдээд өчигдөр ирсэн ундуй, сундуй байгаа юмнуудаа янзалж бай, П.Э чи суу гээд буцаад замаараа яваад үзье гээд явсан зам маань машин яваагүй зам байсан. Их олон салаа замтай, харанхуй шөнө байсан болохоор олон салаа замын зүүн гар талаар нь нилээн хойгуур огт машин явж байгаагүй замаар явсан байсан, тэгээд нөгөө машины гэрэл унтарсан хэсэг дээр ирсэн чинь сууж байсан. Нүүр ам нь нилээн шороо болчихсон, өвдөг дээрээ борхироод сууж байсан. Зүүн хойшоо шахуу харчихсан сууж байсан. Тэгээд хажууд нь очиж зогсоод юу болов, яагаад энд үлдчихдэг юм гээд сум руу яваад эмнэлэгт өгөөд ямар ч байсан цагдаад хэлэх хэрэгтэй гэж цагдаад хэлсэн. Ерөөсөө болсон процесс ийм байна. Тухайн үед толгой ангалзаад байна, ам цангаад, юм уумаар байна гэж хэлсэн. Би эмчид шууд хэлсэн. Наад хүн чинь хээр хоночихсон, тийм учраас шөнө цангасан байж таараа, хамаагүй уух юм өгч болохгүй байх, тэрнийг та мэдэж байгаа биз дээ гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Эмнэлэг дээр 24 цаг болоод анхан шатны эмнэлэгт үзүүлэх ёстой тусламжаа үзүүлчихлээ, та нар дараагийн шатлалын эмнэлэг рүү явах ёстой хүнээ аваад яв гэсэн. Би яагаад өөрийн хувийн машинаараа авч явах ёстой юм, тархи толгой нь яасан юм билээ, та нар оношийг нь тодорхойл гэхэд онош тодорхойлох боломжгүй учраас 2, 3 дугаар шатлалын эмнэлэг рүү хүнээ өөрөө аваад яв манай түргэний машин гарах боломжгүй болсон гэсэн. За тэгвэл тэрнийг чинь асууя гээд цагдаатай нь уулзаад би хүнээ аваад явж болох юм уу гээд эмч явуулах юм уу гэхэд за би эмчээ явуулъя гээд эмчтэй хамт шөнөжин яваад шууд өглөө 4 өнгөрч байхад очоод томографт харуулсан гэв.

Гэрч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Булганаас гараад явж байхад П.Э ах, П.Б ах 2 хоорондоо үзэх үү гээд байсан. Тэгээд би та 2 нэг хамт олон байж яагаад хоорондоо үзье гээд байгаа юм бэ? гэхэд тэгэхгүй бол Соёлоо гэдэг хүнийг зодох гээд байна. Энэ 2 даргын дүүг зодох гээд байна гээд байсан. Дараа нь бие засмаар байна гэсэн. Тэгээд би зогссон чинь нэг аа гээд бархирсан. Эргээд харсан чинь П.Э ах П.Б ахын толгойг дарчихсан байж байсан. П.Б ах нилээн согтолттой, П.Э ах арай гайгүй, гэхдээ 2-уулаа нилээн согтчихсон байсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчП.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 06 сарын 09-ний өдөр Ханхонгор сумын нутаг байрлах Говь мираж жуулчны баазын гал зуухны барилгын ажил хийж дуусаад харанхуй болсон байсан тэндээсээ 3 машинтай хөдлөөд Булган сум руу явцгаасан, тэгээд замдаа явж байгаад миний машины дугуй хагараад тогооч Б.О бид хоёр машиндаа үлдээд, дарга Г.Ө, П.Э нар машинаараа яваад дугуй олж ирнэ гээд явцгаасан, тэгээд шөнөжингөө машины гэрэл гарахаар нь гэрлээ асааж тэр хэдийг ирэх нь үү гээд дохисоор байгаад өглөө болсон, тэгсэн маргааш өглөө нь 11 цагийн үед Дарга, П.Э хоёр дугуй авчраад дугуйгаа машиндаа тавиад хөдөлсөн, тэгээд сум руу 12 цагийн үед ороод Болдоо гэдэг айлд очсон, тэгээд гадуур гарч хоёр машины ачаа ачна гээд бас хүнсээ цуглуулна гээд 14 цагийн үед тэр айлаас гараад гадуур явцгаасан. Дэлгүүр ороод хүнсээ цуглуулж байхад дарга Г.Ө та хоёр нэг нэг пиво аваад уучих гэхээр нь аваад дэлгүүрээс гараад дэлгүүрийн хашааны үүдэнд машиныхаа хажууд сууж байгаад П.Э бид хоёр уусан, пивоо уучихаад П.Э бид хоёр дугуй засвар луу алхаж очоод дугуй засварчинтай уулзаад дугуйны мөнгө төгрөгний талаар ярилцаад байж байсан. Тэгсэн тэрнээс хойш юу ч санахгүй байж байгаад нэг сэрсэн чинь цаг нилээн орой болсон гадаа харанхуй Болдоо гэдэг айлд гэдэс идээд шөл уугаад бас ингэний хоормог ууж байснаа санаж байна. Өөр санаж байгаа юм огт байхгүй, нэг мэдсэн онгоцоор явах гэж байгаа юм шиг онгоцонд сууж байснаа санаад байгаа юм...” гэжээ /хх-14/,

Гэрч Г.Ө мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: 2019 оны 06 сарын 09-нд Говь мираж амралтын газар барилгаа бариж дуусаад Булган сум руу гурван машинтай хөдөлсөн тэгээд замдаа П.Бийн машины дугуй хагараад замдаа П.Б Б.О хоёр машиндаа хээр хоносон би П.Этой сум орсон боловч дугуй засвар дэлгүүр бүгд хаалттай байсан. Би нөгөө хоёр машинаа хүлээж байхад портор ганцаараа ирсэн юу болов гэсэн дугуй нь хагараад явдаггүй гээд ирсэн тэгээд машиндаа би хоносон П.Э манай дүүгийн амбард унтсан өглөө дугуйг нь засварт аваачиж засаж нөхүүлээд П.Э, Соёлоо бид гурав үдээс өмнө очож авсан. Суман дээр 12 өнгөрхөд ирсэн байх П.Б суманд ирээд дугуй засвар дээр ирсэн зогсож байсан би дэлгүүрт хүнсээ базааж байя гээд дэлгүүр явсан араас ирээрэй гээд тэгээд удалгүй араас ирсэн 2-р ширхэг 0,5 граммын пиво авсан байсан хүнсээ бэлдэж дуусаад гараад ирэхэд дэлгүүрийн гадаа машин нь байгаад П.Э, П.Б хоёр байгаагүй энэ одоо хүн танихгүй юм чинь гээд дугуй засвар дээр очсон очиход П.Б нэг пиво уугаад зогсож байсан айлд очиж хоол унд идий гэсэн тэгүүл та пиво авч өг гэсэн тэгээд дэлгүүрээс том пиво 2-ийг авсан тэгээд тэнд хоол унд идэнгээ 8-уулаа уусан байх хоол ундаа идэж ууж дуусаад портортой Ганболд, Мөнх-Очир нар явсан. 5-10 минутын дараа араас нь миний машинд Жаргалсайхан, Ариунчимэг явсан П.Бийн машиныг Б.О унасан П.Э, П.Б нар явсан тэгээд сумаас гараад 5-7 км явж байхад машины гэрэл нь харагдхаа байчхаар нь би хагас эргээд зогсож хүлээж байхад хүний орилох, хашгарах чимээ сонссон тэгээд би за яг тэр хоёр зодолдлоо гэж бодоод өөдөөс нь явсан хөдлөөд нээх хол яваагүй байхад өөдөөс гэрэл нь гараад хүрээд ирсэн ирхээр нь юу болов гэсэн энэ хоёр баая, шээе гээд зогслоо гэсэн би за тэгүүл одоо зүгээр үү гэхэд Б.О зүгээрээ гэсэн би тэгэхээр нь тэгүүл одоо дагаад яв гэж хэлээд хөдлөөд Говь туур амралтын газар ирээд портор байшинд дөхөөд зогссон ачаагаа буулгаж эхэлсэн байсан миний араас Б.О ирээд зогссон порторын ачаа буулгаж дуусаж байхад П.Э хажууд зогсож байхаар нь нийтэд дунд нь П.Б хаана байна гэж асуухад машинд унтаж байгаа байлгүй гэсэн хамгийн эхэлж П.Э машинд очиж харахад байхгүй байна гэсэн тэгээд тэр хавиар хайсан тэгж байхад портортой Жаргалсайхан, Мөнх-Очир, Ганболд гурав сум руу явсан тогоочоосоо цаадах чинь хаачив гээд тэгсэн яагаад хүн чинь байхгүй байгаа юм гэсэн. Ингээд хэсэг тэр хавиараа хайж байгаад унтаж амарсан. Сум руу явсан Ганболд руу өглөө 8 цагийн үед залгаад П.Б байхгүй байна та нарын машинд суугаад явсан уу гэж асуухад үгүй гэсэн чи яваад дугуй засвар ороод асуугаад өг гэсэн удалгүй байхгүй байна гэсэн. Би П.Эыг аваад шөнө ирсэн замаараа сум руу яваж байхад амралтын газраас 10-д километр яваж байхад ертөнцийн зүгээр машины замын хойд талд өвдөг дээрээ бохирж сууж байсан яг дөхөөд очиход нуруугаа маажих юм уу илэх хөдөлгөөн хийж байсан дөхөөд очиход өөрөө босох гэхдээ тэнцвэр алдаж байсан. Тэгээд машиндаа суулгасан машинд суугаад ам цангаад байна юм ууя гэж байсан П.Э уух юм юу байна гээд хайхаар нь ангацан хүнд ус өгч болохгүй гээд сумын төвийн эмнэлэг дээр ирсэн эмч эмнэлэг дээр байгаагүй эмч хайж байгаад эмчийг нь олоод нэг үзүүлэх гэсийн гээд эмчид үзүүлсэн эмч үзээд энэ хүн яасын гээд асуусан би болсон зүйлээл хэлсэн энэ хүнд анхан шатны тусламж эмчилгээ хийсэн тэгээд тэр эмнэлэгт Б.О сахиж хоносон тэгээд маргааш нь шөнө 22 цаг өнгөрч байхад хоол захиалж хийлгээд сууж байхад эмч залгаад одоо дараагийн шатны эмнэлэг явах шаардлагтай байна гэсэн тэгээд би танайхаас машин тэрэг гаргаж явах явах юм уу гэхэд манай машин маргааш ажилтай та өөрийнхөө машинтай аваад явчих гэсэн би эмчээ хамт явуулъя гэсэн тэгээд 04 цагт яаралтай түргэн тусламжийн үүдэнд ирсэн тэгээд эмнэлэгт оруулаад үзүүлсэн өглөө нь томографикт толгойны зураг авхуулсан тэгсэн толгойндоо гэмтэлтэй байна гэсэн. Тэгээд утасыг нь аваад охинтой нь 88240753 дугаараар яриж хэлсэн...” гэжээ /хх-20-21/,

Гэрч П.Тунгалагцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр миний ахын эхнэр залгаад ах чинь ажил дээрээ гэмтсэн эмнэлэгт байна гэж хэлсэн дуулаад Өмнөговь аймгийн эмнэлэгт шууд ирсэн намайг ирэхэд ах бид нарыг таньж байсан тэгээд маргаашнаас нь бид нарыг танихгүй болсон ухаан санаа нь орж гараад байна гэсэн. Би ахыг эмнэлэгт сахиад 6 хонож байна...” гэжээ /хх-33/

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Булган сум руу орж очоод анх Итгэл нэртэй дэлгүүрээс дарга Г.Ө, тэр хоёрт нэг нэг лааз хайт нэртэй пиво авч өгсөн. Тэр хоёр пивоо аваад дэлгүүрээс гараад гадаа ууж байгаад, дарга бид хоёрыг гараад очиход алга байсан. Өмнө нь П.Б ах Булган суманд ганц хүн танина гэж байсан тэр хүн нь дугуй засвар ажилуулдаг хүн гэж хэлж байсан. Тэгээд дарга бид хоёр дугуй засвар дээр очсон чинь тэнд П.Б ах П.Э ах хоёр пиво уугаад байж байсан, П.Э ах дугуй засварын хүн пиво авч өгсөн гэж хэлж байсан. Тэр хоёрыг аваад Болдоо гэдэг айлынх руу яваад тэнд айлд гэдэс чанасан байгаа шөл уу гээд дагуулаад явсан. Айлд шөл ууж байхад дарга машинаасаа 2 сэрүүн нэртэй том пиво гаргаж ирээд тэнд байсан хүмүүстэй хувааж ууцгаасан. П.Б ах суман дээр байхдаа хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Харин орой болоод явахдаа П.Б ах даргатай цалингийн талаар маргалдсан. Нэг нэгийгээ цохисон зүйл байхгүй...” гэжээ. /хх-40/,

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:П.Бийн биед дагзны шугаман хугарал, тархины духны дэлбэнгийн эдийн няцрал, цус харвалт, дух, зүүн чамархай, бага тархины хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүний 1-р нугалмын нугасны хатуу хальсны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, нүүр, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Бүсэлхийн зулгаралт гэмтэл нь хатуу гадаргуу дээр чирэгдэх, нидрэгдэх үед үүссэн байх боломжтой. “.../хх-50/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-04/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-62/,

Боловсролын талаарх тодорхойлолт /хх-63/,

Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-64/,

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-65/,

Иргэний үнэмлэхийн лавлгаа /хх-66/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-69/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Эын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Эод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч П.Эын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сум Дал багийн нутаг дэвсгэртП.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Б, П.Э хоёр нь хоорондоо муудаад хоёулаа үзэх үү гээд байсан”, “...Гэнэт “аа” гэхээр нь хартал П.Б ах газар дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд хажууд нь П.Э ах толгой дээрээс нь хоёр гараараа дарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-110-111/, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:П.Бийн биед дагзны шугаман хугарал, тархины духны дэлбэнгийн эдийн няцрал, цус харвалт, дух, зүүн чамархай, бага тархины хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүний 1-р нугалмын нугасны хатуу хальсны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, нүүр, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Бүсэлхийн зулгаралт гэмтэл нь хатуу гадаргуу дээр чирэгдэх, нидрэгдэх үед үүссэн байх боломжтой.“ /хх-50/ гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э, хохирогчП.Б нар нь Булган сумын Баян заг гэх газарт байх Говь тур жуулчны баазад барилгын ажлаар Г.Өаар ахлуулсан 3 машинтай хүмүүс явсан бөгөөд замдаа Булгам сум орч захирал Г.Ө нь ажилчдын цалин, хоол хүнс цуглуулахаар Булган суманд саатах зуур П.Э,П.Б нар нь хоёр, хоёр пиво авч уусан, захирал Г.Ө нь 2 том пиво авч өгч Болд гэх айлынд хувааж ууцгаан улмаарП.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй тогооч Б.Оийг захирал Г.Ө нь тээврийн хэрэгслийг жолоодуулсан байна. Тээврийн хэрэгсэлдП.Б, П.Э нар нь суугаад сумын төвөөс хөдлөн 5-7 километр явж байхадП.Б, П.Э нар нь маргалдан “хоорондоо үзэлцэх үү” гэх шалтгаанаар Б.От бие засмаар байна гэж хэлэн,  тээврийн хэрэгслийг зогсоолгон улмаар тухайн цаг хугацаанд маргалдаж байсан ба шүүгдэгч П.Э нь хохирогчП.Бын толгойг дарсан байдалтай байхыг гэрч Б.О харсан талаараа шүүх  хуралдаанд мэдүүлдэг.  

Шүүгдэгч П.Э нь хохирогчП.Бтай барилдаж байгаад болгоомжгүй байдлаар гэмтэл учруулсан гэх боловч барилдсан гэх байдал хэргийн хүрээнд тогтоогдохгүй бөгөөд шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч П.Эын үйлдлийн улмаас хохирогчП.Бийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:П.Бийн биед дагзны шугаман хугарал, тархины духны дэлбэнгийн эдийн няцрал, цус харвалт, дух, зүүн чамархай, бага тархины хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүний 1-р нугалмын нугасны хатуу хальсны цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, нүүр, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Бүсэлхийн зулгаралт гэмтэл нь хатуу гадаргуу дээр чирэгдэх, нидрэгдэх үед үүссэн байх боломжтой...“ гэснээр /хх-50/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд “...урьд хохирогчП.Б толгой руугаа модоор цохиулж байсан талаар гэрч Б.От ярьсан байсан. Ийм гэмтэл авч байсан уу? Урьд авсан гэмтэл чинь сая учирсан гэмтлээр сэдрэх боломжтой гэмтэл үү? Нарийвчлан тогтоохын тулд дахин шинжээч томилох шаардлагатай эсэх, энэ шинжээчийн дүгнэлтэнд бичигдсэн гэмтэл урьдны гэмтэлтэй холбоотой эсэх” талаар тус тус тодруулсантай холбогдуулан хохирогчП.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Толгойд гэмтэл учирч байсан тохиолдол нилээн олон жилийн өмнө байгаа. Тэрнээс өөрөөр гэмтэл учирсан зүйл байдаггүй” гэж мэдүүлдэг ба гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хохирогч нь хэвийн байдалтай, ажил хөдөлмөр эрхэлж байсан болох нь гэрч Г.Ө, Б.О нарын мэдүүлгээр тогтоогдож байх төдийгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэдгийг шинжээч тогтоожээ.

Иймд шүүгдэгчийн дээр дурдсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан амь насанд аюултай хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...П.Э шууд санаатай үйлдлээр П.Бийн биед хохирол учруулсан гэдэг нь бүрэн гүйцэт нотлогдох боломжгүй байна. Хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч, шинжээч нарын мэдүүлгээс дүгнэлт хийгээд үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх эмнэлгийн дүгнэлт, П.Бийн биед хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлт нь эргэлзээгүй үнэн шинжээчийн дүгнэлт мөн эсэх нь эргэлзээтэй. Тийм учраас эргэлзээгүй байдлаар нотлох боломжгүй нөхцөл байдал байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар мэдүүлгийг гаргажээ.

Хавтаст хэргийн хүрээнд авагдсан гэрч нарын мэдүүлгээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өглөө гэрч Г.Ө гэрч Б.Оийн хамтаар хохирогчП.Бийг зам дээрээс олж Булган сумын эмнэлэгт хүргэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэдП.Б нь тархи толгойндоо гэмтэл авсан, шарх илт илэрхий байсан тул Булган сумын анхан шатны эмнэлэг дараагийн шатлалын эмнэлэг болох Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд шилжүүлж цаг хугацаа алдалгүй 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр компьютер томографын шинжилгээ авч онош тавьсан байна. Тус компьютер томографын шинжилгээ болон хохирогчийн биеийн байдлыг харж гаргасан эмч Б.Нинжийн онош зэргийг үндэслэн гаргасан шинжээч Ж.Жаргалтуяагийн дүгнэлт үнэн зөв байна гэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч П.Эыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.     

Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчП.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дэлгүүр ороод хүнсээ цуглуулж байхад дарга Г.Ө та хоёр нэг нэг пиво аваад уучих гэхээр нь аваад дэлгүүрээс гараад дэлгүүрийн хашааны үүдэнд машиныхаа хажууд сууж байгаад П.Э бид хоёр уусан, пивоо уучихаад П.Э бид хоёр дугуй засвар луу алхаж очоод дугуй засварчинтай уулзаад дугуйны мөнгө төгрөгний талаар ярилцаад байж байсан. Тэгсэн тэрнээс хойш юу ч санахгүй байж байгаад нэг сэрсэн чинь цаг нилээн орой болсон гадаа харанхуй Болдоо гэдэг айлд гэдэс идээд шөл уугаад бас ингэний хоормог ууж байснаа санаж байна. Өөр санаж байгаа юм огт байхгүй, нэг мэдсэн онгоцоор явах гэж байгаа юм шиг онгоцонд сууж байснаа санаад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч Г.Ө мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: би дэлгүүрт хүнсээ базааж байя гээд дэлгүүр явсан араас ирээрэй гээд тэгээд удалгүй араас ирсэн 2-р ширхэг 0,5 граммын пиво авсан байсан хүнсээ бэлдэж дуусаад гараад ирэхэд дэлгүүрийн гадаа машин нь байгаад П.Э, П.Б хоёр байгаагүй энэ одоо хүн танихгүй юм чинь гээд дугуй засвар дээр очсон очиход П.Б нэг пиво уугаад зогсож байсан айлд очиж хоол унд идий гэсэн тэгүүл та пиво авч өг гэсэн тэгээд дэлгүүрээс том пиво 2-ийг авсан тэгээд тэнд хоол унд идэнгээ 8-уулаа уусан байх хоол ундаа идэж уусан...” гэх мэдүүлэг /хх-20-21/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан. Хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан “хоёулаа үзчих үү”  гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шүүгдэгч П.Э нь хохирогчП.Бтай ноцолдож улмаар эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэв.

Шүүгдэгч П.Э нь хувийн байдлын хувьд бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 1, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Рашаантын 14 дүгээр гудамж 689 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Баатархайрханы 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-62/, боловсролын талаарх тодорхойлолт /хх-63/, Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-64/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-65/, Иргэний үнэмлэхийн лавлгаа /хх-66/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-69/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.

Шүүгдэгч П.Эын гэмт үйлдлийн улмаас хохирогчП.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчилгээний хохирол төлбөрт 2.205.400 төгрөгийн хохирол гарсан гэж нэхэмжилсэн ба шүүгдэгч эмчилгээтэй холбоотой зардалд 2.205.400 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-67-68, 94/, хохирогчП.Бийн шүүх хуралдаанд гаргасан хохирол төлбөрөө авсан талаарх тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчП.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүх хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хангаж шийдвэрлэв.

Улсын яллагч Ц.Ариунжаргал эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлээд Өмнөговь аймгийн төвд амьдарч байгаа байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгч П.Эын ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч П.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

Шүүгдэгч П.Э-д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ба шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй хийсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхий овгийн П.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эод 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эод оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Эод оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгчП.Бт эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 2.205.400 /хоёр сая хоёр зуун таван мянга дөрвөн зуу/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчП.Б цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч П.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ