Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 26

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Шүүгдэгч Э.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ц,

Иргэний нэхэмжлэгч Б.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Самба овгийн Эрдэнээгийн Бид холбогдох 1928001860134 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах засмал замын 29 дэх километрт 53-98 УБО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ж Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Ц.Буяндэлгэрийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 09-ний орой Дундговиос талийгаач Буяндэлгэр, Ц, Ариунсанаатай 4-үүлээ Өмнөговь Даланзадгад суманд ажил хийхээр гарсан. Тэгээд замдаа 1 шил архи тэр 3 хувааж уусан. Би тэр архинаас нь уугаагүй, чи архи уугаагүй юм чинь машин бариад яв гээд надад талийгаач машинаа  өгсөн. Тэгээд наашаагаа явж байгаад Хулд сумын шороон зам дээр гарч ирээд пиво задлахаар нь би 3 стаканыг уусан. Намайг машин бариад явж байхад энэ хэд бүгд унтчихсан байсан. Тэр үед миний нойр хүрээд байсан, аймгийн гэрэл харагдахаар нь дөхөж байгаа юм байна гэж бодсон. Тэрүүхэн хооронд би зүүрмэглээд ийм зүйл болсон. Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье, хохирогч Цаас уучлал гуйя гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Сайн санахгүй байна. Орон гаран болчихоод байна. Гэрийнхээ гаднаас машинд суусан. Ариунсанаа намайг хамт яваад ирье гээд гуйгаад байсан. Боос эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг авсан. Сая шүүх хуралд орохоор ирэх зардлын мөнгө 30.000 төгрөг өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач ах маань Дундговь аймагт эхнэртэйгээ гуанз нээхээр хүүхэдтэйгээ хамт ирсэн байсан. Тэгээд энэ Б гэдэг хүн Өмнөговь аймагт ахынхаа байшинг барих гэж байгаа цуг явж ажил хийе шаврыг нь хийгээд өгөөч гэж авч явсан гэж эхнэр нь хэлсэн. 2, 3 хоног гуйж байгаад явахаар болоод явсан байсан. Мэдүүлэг өгөхдөө өөр өөр мэдүүлэг өгсөн байсан. Энэ эмэгтэй Дундговиос Өмнөговь руу гараад хэдэн км явсны дараа ардаас нь утасдаад намайг эргэж ирээд аваад яваач гэж хэлсэн гэж Б эгчдээ хэлсэн байсан. Бийн эгч манай ээжид хэлсэн байсан. Ариунсанаагийн найз хүүхэн, бид 3 энэ хүүхнийг авалгүй, архи дарс аваагүй гараад явж байсан чинь Ариунсанаа руу утасдаад намайг ирээд аваад яваач гэж хэлсэн. Бид нар Өндөр ээж гэж зоогийн газрын гадаа ирж энэ хүүхнийг авангаа 1 шил архи 1 пиво авсан, энэ хүүхэн гай болсон. Бид нар архи дарс аваагүй замдаа гараад явж байсан гэж эгчдээ хэлсэн байсныг Бийн эгч хэлсэн. Одоо болохоор танихгүй, ямар ч хамаагүй гэж өөрсдөө худлаа мэдүүлэг өгөөд байна. Ахыг минь авч явчихаад, өөрөө архи уусан ч гэсэн жолоогоо эрүүл хүнд даатгаж байхад архи уучихаад жолоо бариад ахыг минь ийм болгочихсон. Эмнэлэгт муу байхад нь ганц удаа ч яаж байна гэж асуугаагүй. Эмнэлэг дээр бид нар 5 хоног өдөр шөнөгүй хажууд нь сахиж байхад яаж байна гэж яриагүй. Утсаар ярихаар утсаа авахгүй тасдаад байсан. Иймэрхүү байдалтай байсанд маш их гомдолтой байна. Ах маань өөрөө ажил хийж 2 хүүхэд, эхнэрээ тэжээдэг байсан. Эхнэр нь ямар ч ажил хийх боломжгүй 2 нялх хүүхэдтэй, ах маань  ар гэрээ авч явдаг байсан. Нэг гэр одоо сүйрч, 2 хүүхдээ тэжээж чадах, чадахгүй дээрээ байгаа. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. 2 хүүхдийнх сургууль соёлоо төгсөх төлбөр мөнгө зэргийг нь нэхэмжилнэ гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 сард би дөнгөж орж ирсэн машин авсан. Машинаа банк бусаар авсан. Дөнгөж орж ирсэн машин өдөр нь аваад байж байхад орой нь Б манайд пиво бариад ирсэн. Ямар машин авсан гэдгийг энэ өөрөө хүн мэдэж байгаа, дотор нь орж суугаад үзэж хараад байсан. Талийгаачтай 2, 3 жилийн өмнө танилцсан. Танилцсан цагаасаа хойш байнга уруу татдаг, манай машиныг байнга унаж явдаг байсан. Манайх 10 дугаар сарын 24-нд машинаа авчихаад байж байхад 11 дүгээр сарын 02-нд Өмнөговь руу манай машиныг унаж яваад аймгийн хойд талын постон дээр 20.000 торгуулсан бичиг нь хүртэл баримтаараа байгаа. Энэ мэтчилэн манай машиныг хашаа ч хамаагүй унаж явдаг байсан. 07 дугаар сарын 29 билүү 30-нд би 2 хүүхдээ үлдээгээд хот явсан чинь энэ хүн манай машиныг унасан байсан. Манай 2 хүүхэд тэгж хэлсэн. Байнга манай машиныг унаж явдаг, нөхрийг маань уруу татдаг байж байгаад эцэст нь ийм зүйл болсон. Машины мөнгө болох 13.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Ямар машин авсаныг нь энэ хүн өөрөө мэдэж байгаа. Манай машин ямар ч өө сэвгүй машин байгаа. Би 9 сар хүүтэй мөнгө төлсөн. Одоо банк бус дээр 8.800.000 гаруй төгрөг байгаа. Танилцсан цагаас хойш дандаа гай болж, үнэмлэхийг нь намайг 08 дугаар сард Дундговь руу ажлаар явсан байхад хүрч ирээд орой нь архи уугаад өглөө нь эрхээ 1 жилээр хасуулсан. Хүүхэн авчирч манай гэр оронд хонож өнждөг байсан. 2 хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход 174.000 төгрөгөөр тогтоосон. Энэ мөнгө яагаад ч амьдралд хүрэлцэхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг болсон.  Энэ мөнгөн дээр нэмж 246.000 төгрөг 18 нас хүртэл нь 2 хүүхэддээ сар бүр авмаар байна. Үүнээс гадна би өөрөө ямар ч ажил хийх боломж байхгүй. Хүүхдээ өглөө хичээлд нь хүргэж өгч, авдаг учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийг бага хүүхдээ 8 нас хүртэл нь нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дгийн “...Манай талийгаач ах Буяндэлгэр Дундговь аймагт гуанз ажиллуулаад, ажиллаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өглөө 09 цагийн үед талийгаачийн эхнэр Б над руу залгаад ахыг чинь өчигдөр хүн гуйгаад Өмнөговь явсан чинь замдаа осолд орчихсон, Өмнөговь аймгийн эмнэлэгт сэхээнд байна, ар гэрийнхэн нь яаралтай ир гэж байна гэхээр нь би 10 цагийн үед дүү болох Бямба, ээж Өлзийбаатар эгч дүүсийн хүүхдүүдтэйгээ хамт Даланзадгад сум руу явах замаараа Дундговь аймгаас эгч Буянхишиг, аав Цэрэн-Очир нарыг аваад 17 цагийн үед Даланзадгад сумын эмнэлэгт ирэхэд талийгаач ямар ч ухаангүй сэхээнд хэвтэж байсан. Тухайн үед ирэнгүүтээ шууд эмчтэй нь уулзахад эмч нь одоогоор биеийн байдал маш муу байна. Өөрийн гэсэн амьсгаагүй болсон гэж хэлсэн хагалгаанд орох эмч нь хотоос маргааш өглөө нь 06 цагийн үед ирээд 08 цагийн үед хагалгаанд ороод 10 цагийн үед гарч ирээд ямар ч байсан хагалгаа амжилттай болсон. Толгойнд хурсан цусыг нь авлаа, гэхдээ тэр цаана нь хурсан цус, гэмтлийг яах ч аргагүй гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа 2019 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед нас барсан..., ...Нийт 2.200.000 төгрөг талийгаачийн эхнэрт өгсөн...” гэжээ /хх-36-37/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Приүс-20 маркийн 53-98 УБО услын дугаартай авто машиныг дөнгөж Монголд орж ирэнгүүт нь 13.000.000 төгрөгөөр авч байсан. Тиймээс Боос 13.000.000 төгрөгөө авна мөн ажил явдлын зардал нь 5.728.000 төгрөгийг нэхэмжилж байна мөн манай хоёр хүүхэд тэжээгчээ алдсан болохоор 18 насанд хүртэл нь Боос тэтгэмж авна миний том хүүхэд одоо 6 дугаар ангид орсон 12 настай бага хүүхэд сая 1 дүгээр ангид орсон 6 настай хоёр жоохон хүүхэдтэй ямар ч ажил хийх боломж надад байхгүй ганц мөнгө олж тэжээдэг нөхөр маань нас барсан одоо би өрх толгойлсон эх болсон болохоор амьдрал үнэхээр хэцүү байна....” гэжээ. /хх-44/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Б-т Өмнөговь аймгийн Даланзадгад суманд М гэдэг найзынхаа байшингийн дээврийн ажил хийх гэж байна чи хамт явж мөнгө олох уу гэтэл тэгье хамт явж хийе гэхээр нь 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр үед Б өөрийн эзэмшлийн 5398 УБО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр А гэдэг Б-н найзыг аваад өндөр ээж гэдэг дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй архи, 2 литрийн 1 Нийслэл пиво авч байтал нэг эмэгтэй Даланзадгад явах гэсэн юм гээд дайгдаад явъя гэсэн чинь машиндаа суулгаад Дундговь аймгийн төвөөс 20 цаг нэлээн өнгөрч байхад  машинаа унаад сумын төвөөс хөдөлсөн. Тэгээд Луус сумаас урагшаа гараад замын хажуу талд зогсоод Б бид 2 нэг шил архи хувааж уусан тухайн үед Б болон хамт явсан эмэгтэй архинаас уугаагүй. Тэгээд архиа ууж дуусгаад Б машин унаад Хулд сум өнгөрөөд шороо нь зам руу ороод нэг пиво уух гээд замын хажууд зогссон Буяндэлгэр, Бид дунд зэрэг шилэн аяганд 3 удаа пиво хийж өгсөн, Тэгээд Б хийж өгсөн пивыг нь бүгдийг нь уусан. Тэгээд үлдсэн пивоо Б бид хоёр хувааж уусан. Тэгээд Б бид хоёр арын суудал дээр суугаад хамт явсан эмэгтэй урд талын суудал дээр суугаад Б машин жолоодоод явсан, Тэгээд би Цогт-Овоо өнгөрөөгөөд унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь машин замаас гараад шороон дээр цонх нь хагарчихсан яг онхолдсон шинжтэй дээшээ хараад 4 дугуй дээрээ зогссон байдалтай байхад нь би ард талын суудал дээр ухаан орсон...” гэжээ /хх-47/

Яллагдагч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:   “2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр орой 20 цагийн үед А, талийгаач, Ц бид дөрөв Дундговь аймгийн Өндөр ээж гэх нэртэй зоогийн газраас 1 ширхэг 2,5 литрийн Нийслэл пиво 1 ширхэг, 1 ширхэг 0,5 литриин Хараа нэртэй архи худалдаж аваад Өмнөговь аймгийн Даланзадгад сум руу барилгын ажил хийхээр талийгаачийн өөрийн эзэмшлийн Приус-20 автомашиныг унаад, би урд талын суудал дээр суугаад, А, Ц нар арын суудал дээр суугаад явсан. Тэгээд хулд сум өнгөрч явж байгаад дэлгүүрээс авсан нэг шил архины талыг нь талийгаач, А, Ц гурав хувааж уугаад хөдлөхдөө талийгаач чи архи уугаагүй юм чинь машин бариад явчих гэхээр нь би машиныг нь бариад Ц урд талын суудал дээр суугаад, талийгаач, А хоёр ард талын суудалд суугаад Хулд сум өнгөрөөгөөд шороон замаар явж байгаад зогсоод Ц, А, талийгаач бид дөрөв үлдсэн архи болон пивоо хувааж уучихаад би машин бариад Ц урд талын суудал дээр суугаад талийгаач, А хоёр ард талын суудалд суугаад Даланзадгад сум руу хөдөлсөн тэгэхэд ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байсан цаг яг хэд болж байсныг хараагүй. Тэгээд Цогт-Овоо өнгөрөөд нэлээд явж байтал Даланзадгад сумын гэрэл харагдсан. Тэгээд хэсэг явж байтал хэсэг зуур зүүрмэглээд нэг мэдсэн чинь машин замын баруун тал руу шороон зам руу гарахаар нь би сандраад зүүн дартал машин зам дээр бүтэн эргээд хажуу талаараа шороо руу буугаад хэд хэд өнхөрсөн тухайн үед би рүлнээсээ тас барьсан байсан. Талийгаачийг эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд 70.800 төгрөгний эм тариа авч өгсөн. Талийгаачийн ар гэрийнхэнд 3.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-45/

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Талийгаач            Ц.Б-н цогцост баруун талд трепенацийн нүхнээс доош суурийн хонхор хүрсэн шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн зөөлрөл, бага тархи, уртавтар тархины эдийн гүн дэх цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн хатуу хальсны дээрх ялтаслаг цусан хураа, хуйх, баруун чамархайн булчин дахь цус хуралт, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун, зүүн мөр, бугалга, баруун чамархай дахь зулгаралт, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач  нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-53-55/,

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ж.Ц-ын биед сээрний 3-р нугалмын их биеийн шархагдсан хугарал, тархи доргилт хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-62/,

2019 оны 08 дугаар 22-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Б-ийн биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр, зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-67/,

2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.А-н биед нүүрний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-71/,

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: “...Тоёота приус маркийн 53-98 убо улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а дахь хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөр дүрмийн 3.4 дэх хэсэгт жолооч дараах үүргийг хүлээнэ. “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхээргүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Жолооч Э.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-75/,

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/02 дугаартай Авто тээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлтэд: “...53-98 УБО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд очиж нүдээр үзлэг хийхэд: Кузов, хоёр хажуугийн арын хаалга, арын гэрэл, зүүн талын урд таван бул, гар тэнцүүлэгч, том жижиг салхины шил, хойд гупр зэрэг их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийн тоормосны систем болон жолооны механизм гэрлийн хэвийн үйл ажиллагааг шалгах боломжгүй байна. Дээрх эвдрэл гэмтэлүүдээс аль нь ослын өмнөх эвдрэл болох зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-77/,

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/02 дугаартай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/02 дугаартай Авто тээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлтэд: “...53-98 УБО улсын дугаартай Тоуота приус - 20 загварын тээврийн хэрэгслийн доторх эд ангиудын эвдрэлд: Баруун гар талын жолооч, жолоочийн арын хаалга, тээврийн хэрэгслийн багаж буюу арын хаалганы салхины шилнүүд хагарсан, дотор таазны дээвэр хуниралдсан, зүүн гар талын урд хаалганы шил өргөгч гэмтсэн, урд капот онгойлгогч түгжээ хугарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Асах эд ангид капот онгойлгож нүдээр үзэж шалгахад илт эвдэрсэн эд анги ажиглагдаагүй ба хөдөлгүүр, хурдны хайрцаг, цахилгааны монтажинд ямар нэгэн эвдрэл гэмтэл ажиглагдаагүй. 53-98 убо улсын дугаартай Тоуоtа рriuse-20 маркийн тээврийн хэрэгслийн гадна эд ангиудын эвдрэлд: Бүтэн эргэж унасны улмаас их бие /кузов/-ний хэлбэр нь алдагдаж хажуу талаас шахагдан дээвэр нь дээш товойж зүүн гар талын хойд хэсгээс дотогш нилэнхүйдээ чихэгдсэн, урд буферын зүүн гар талын булан хагарч унасан, зүүн гар талын крыло дугуйн ар хэсгээр дотогш хонхойсон, зүүн гар талын хаалганууд дунд хэсгээр зурагдсан сэв үүссэн, зүүн гар талын хойд жижиг шил хагарсан, баруун гар талын крыло хонхойж байсан хуучин сэвтэй, баруун гар талын урд хаалганы шил хагарсан, баруун гар талын хойд хаалганы шил хагарч рам нь гадагш нилэнхүйдээ гажиж жийрэг резин нь тасарсан ба борооны хамгаалалт нь байхгүй болсон, арын хаалга /багаж/-ны хоёр шилнүүд хагарсан, арын хаалганд байрлах салхи зүсэгч голоороо хугарсан, арын хаалга зүүн гар тийш ханарч гулзайж доторх тоноглолуудад нь гажилт үүссэн, хойд буферийн зүүн гар талын тогтоогч сэнжнүүд тасарч унжсан, хөргөлтийн радиаторын суурь бага зэрэг дотогш хонхойсон, арын гэрэлнүүд байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд байна. Явах эд ангид: Зүүн, баруун гар талын урд болон баруун гар талын хойд дугуйн /3 дугуй/ хийнүүд гарсан, зүүн гар талын гарны үзүүрийн сэнж тасарч таван бул нь салж унжсан, баруун гар талын арын амартизатор гулзайлт үүссэн, баруун гар талын арын дугуйны цаабанд цохилт үүсэж гажилт үүссэн байна. Тээврийн хэрэгслийг асааж сувганд оруулж үзлэг хийх боломжгүй тул бусад доод ангид үзлэг хийж тодорхойлох боломжгүй. Үзлэгийн инженер миний бие нүдээр үзэж дүгнэлт гаргахад 70% эвдрэлтэй гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгслийн нүдэнд ил үзэгдэхгүй өөр гэмтлүүд гарч болзошгүйг үгүйсгэхгүй. Дахин ашиглах боломжтой эсэхийг мэргэжлийн засварын байгууллага, төвүүд тодорхойлно. Ямар үйлчилгээ засвар, хэдий хугацаанд засварлах боломжтойг миний бие тодорхойлох боломжгүй ба мэргэжлийн засварын байгууллага өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тодорхойлох мөн орон нутагтаа засварлуулах уу, Улаанбаатарт засварлуулах уу гэдгээс шалтгаалан цаг хугацаа харилцан адилгүй байна байхаа” гэх дүгнэлт /хх-173-174/,

2019 оны 09 дүгээр 11-ний өдрийн 149 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-79-82/,

2019 оны 12 дүгээр 05-ны өдрийн 395 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-176-177/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-24/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-27/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/,

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-101/,

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл “согтуурлын хувь 0,47” /хх-111/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-112/,

Мэргэжлийн үнэмлэх /хх-118/,

Суурь боловсролын гэрчилгээ /хх-117/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Бийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах засмал замын 29 дэх километрт 53-98 УБО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ж.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Ц.Буяндэлгэрийн амь насыг хохироосон үйл баримт дараах байдлаар нотлогдоно.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох  Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 он А/138/, А/131 дугаартай хамтарсан журмын 2.5-т “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль / % 0 /, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль  / % 0 / илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхээр заасан ба шүүгдэгч Э.Бийн амьсгал дахь спиртийн агууламжийг эрх бүхий албан тушаалтан шалгахад 0.47 хувьтай гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-111/, шүүгдэгчийн согтуурлыг шалгахад 0.47 хувь гарсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-112/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан шүүгдэгч Э.Б нь уг гэмт хэрэг гарах үед 53-98 УБО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодож явсан B, С ангиллын жолооч мөн болох нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 864648 дугаартай жолоочийн үнэмлэх, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Э.Бийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а дахь хэсэгт заасан “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж хохирогч Ж.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Буяндэлгэрийн амь нас хохирсон байх тул зам тээврийн осол гэж үзэх үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Э.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ийг хориглоно  гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай  дүгнэлтээр /хх-75/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Ц.Б нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай “...Талийгаач  Ц.Б-н цогцост баруун талд трепенацийн нүхнээс доош суурийн хонхор хүрсэн шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн зөөлрөл, бага тархи, уртавтар тархины эдийн гүн дэх цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн хатуу хальсны дээрх ялтаслаг цусан хураа, хуйх, баруун чамархайн булчин дахь цус хуралт, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун, зүүн мөр, бугалга, баруун чамархай дахь зулгаралт, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач    нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цусанд 1.0 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-53-55/,

Хохирогч Ж.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол зэрэгт хамаарах болох нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаартай шинжээчийн “...Ж.Ц-ын биед сээрний 3-р нугалмын их биеийн шархадсан хугарал, тархи доргилт хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун тохой, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-62/ тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/02 дугаартай Авто тээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай дүгнэлтүүдээр зам тээврийн осол болоход хохирогчийн буруутай үйл ажиллагаа болон техникийн бусад хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэр шүүгдэгч Э.Б нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас, эрүүл мэндийг хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор заасан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө гэм буруутай этгээдээс нэхэмжилснийг шүүх хавтаст хэргийн 139-144 дугаар талд авагдсан нотлох баримтын хүрээнд дараах байдлаар шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Ц нь гэмтэл согог судлалын үндэсний төвийн орлогын 8.420 дугаартай баримтаар 507.960 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч Эрүүл мэндийн даатгалаас 431.766 төгрөгийг төлж, хувь хүнээс 76.194 төгрөг төлсөн байх тул төрөөс төлсөн 431.766 төгрөгийн төлбөр нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол төлбөр гэж үзэж шүүгдэгч Э.Боос гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогчийн төлсөн буюу хувь хүнээс төлсөн 76.194 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хавтаст хэргийн 142 /8/ гэж дугаарлагдсан Мөнхчимэг хүнс барааны дэлгүүрийн 120.000 төгрөгийн, мөн талд авагдсан Баяндөхөм супермаркетаас авсан шампунь, оо цаас, сойзны үнэ 6.600 төгрөгийн баримтаар гарсан төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэх боломжгүй, ямар хүнс бараа авч хэрхэн юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, бусад баримтаар гарсан хохирол төлбөр 1.369.709 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэж шүүгдэгч Э.Боос гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Цд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Цын хохирол төлбөрт 1.000.000 /хх-231/ төгрөг, замын зардалд 30.000 төгрөг шилжүүлж, нийт 1.030.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Цын шүүх хуралдаанд гаргасан “...Боос эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг авсан. Сая шүүх хуралд  ирэх зардлын мөнгө 30.000 төгрөг шилжүүлэн өгсөн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Боос 339.710 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж хохирогч Ж.Цд 339.710 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт, хохирол төлбөр төлсөн талаарх баримтаар тогтоогдож байна.

Уг зам тээврийн ослын улмаас талийгаач Ц.Буяндэлгэрийн амь хохирсон бөгөөд талийгаачийн төрсөн дүү Ц.Дг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр /хх-29/, иргэний нэхэмжлэгчээр талийгаачийн эхнэр Б.Б /хх-32/ нарыг тус тус мөрдөгчийн тогтоолоор тогтоосон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь хэргийн талаар болон хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийнхээ хувьд эсрэг ашиг сонирхол байхгүй, хохирол төлбөрийн нэхэмжлэл дээр нэгдмэл нэг ашиг сонирхолтой болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Мөн ашиг сонирхлын ямар нэг зөрчилгүй, нэгдмэл ашиг сонирхолтойн улмаас өмгөөлөгч И.Оюунгэрэлтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г /хх-113/ Ц.Д, Б.Б нар нь байгуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь оршуулгын зардал, буяны ажлын зан үйл, замын зардлын төлбөрт нийт  7.713.109 төгрөгийг /хх-122-136/ талд авагдсан баримтаар, сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б 2 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, талийгаачийн 8 нас хүрээгүй хүүхдээ асрах  хохирол төлбөр 7.560.000 төгрөг, 53-98 УБО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 13.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Боос нэхэмжилсэн.

Шүүгдэгч Э.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, иргэний нэхэмжлэгч Б.Б нарт оршуулгын зардал болон буяны зан үйл, бусад хохирол төлбөртэй холбоотой 7.713.109 төгрөгийн хохирол төлбөрийг  төлж барагдуулсан болох нь 6.200.000 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-229-230/, мөн гэм буруугийн шүүх хуралдаанаас оршуулгын зардлын үлдэгдэл 1.513.109 төгрөгийн хохирол төлбөрийг иргэний нэхэмжлэгч Б.Б, Ц.Д нарын Хаан банкны дансаар шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. 

Иргэний нэхэмжлэгч Б.Б нь 53-98 УБО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр импортоор Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг Ричкапитал инвестмент ББСБ-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн ЗГ2018100017 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-149/, Зээлийн дансны хуулга /хх-150/, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-151-153/, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-154-155/,

 зээлийн гэрээ /хх-156-158/ зэргээр  тогтоогдож байна.

Тус тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх эзэмшигчээр Ричкапитал  инвестмент ББСБ байгууллага байх хэдий ч тус байгууллагын эдийн засагч Ч.Халиунбаатар гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...иргэний нэхэмжлэгч Бгээс зээлийн дутуу төлбөр 7.916.817 төгрөгийг нэхэмжилнэ. Тээврийн хэрэгслийн эзэмшил ашиглалтын талаар гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг  иргэний нэхэмжлэгч Б.Бг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн гэж үзлээ.

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 149 дугаартай Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний: “техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 5.452.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-79-80/,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 395 дугаартай Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 6.049.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-176-177/ дугаар талд тус тус авагдсан ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж тээврийн хэрэгслийн хохирлыг гаргуулан шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Учир нь:  Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Энэ машиныг би одоо дахиж ашиглах боломжгүй гэж бодож байгаа. Сэлбэгэнд явахаар болсон. Энэ машиныг янзлаад ч унах хүн байхгүйг энэ хүн өөрөө мэдэж байгаа. Тэр машиныг би янзлаад зарна гэж байхгүй. Тийм болохоор 13.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Машин одоо бараг сэлбэгэнд явахаар болсон. Арын шил бол юу ч үгүй үйрээд хагарсан. Арын багааж бол дотогшоо чихэгдээд, арын 2 хаалга бол хаагдахгүй бүр аймаар болсон. Тэгээд ч унах хүн байхгүй, энэ машин надад хэрэггүй, ямар ч байсан мөнгөө аваад банк бус дээр өргүй явъя гэж бодож байна. Энэ машин миний нэр дээр байдаг учир банк бус өдөр бүр надаас өрөө нэхэж байгаа...” гэх мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/02 дугаартай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/02 дугаартай Авто тээврийн үндэсний төв Өмнөговь аймгийн автотээврийн төвийн шинжээчийн: “...53-98 УБО улсын дугаартай Тоуота приус - 20 загварын тээврийн хэрэгслийн доторх эд ангиудын эвдрэлд: ...Тээврийн хэрэгслийг асааж сувганд оруулж үзлэг хийх боломжгүй тул бусад доод ангид үзлэг хийж тодорхойлох боломжгүй. Үзлэгийн инженер миний бие нүдээр үзэж дүгнэлт гаргахад 70% эвдрэлтэй гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгслийн нүдэнд ил үзэгдэхгүй өөр гэмтлүүд гарч болзошгүйг үгүйсгэхгүй. Дахин ашиглах боломжтой эсэхийг мэргэжлийн засварын байгууллага, төвүүд тодорхойлно. Ямар үйлчилгээ засвар, хэдий хугацаанд засварлах боломжтойг миний бие тодорхойлох боломжгүй ба мэргэжлийн засварын байгууллага өөрсдийн нөөц бололцоонд тулгаарлан тодорхойлох мөн орон нутагтаа засварлуулах уу, Улаанбаатарт засварлуулах уу гэдгээс шалтгаалан цаг хугацаа харилцан адилгүй байна байхаа...” гэх дүгнэлт /хх-173-174/, талийгаачийн эхнэр иргэний нэхэмжлэгч Б.Бгийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон зэрэг онцгой нөхцөл байдлыг харгалзаж  Ричкапитал инвестмент ББСБ-гаас тээврийн хэрэгсэл худалдаж авахаар авсан зээл 10.400.000 төгрөгийг шүүгдэгч Э.Боос гаргуулж, 70 хувийн эвдрэл гэмтэлтэй,  53-98 УБО улсын дугаартай Тоуоtа рriuse-20 маркийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.Бид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарт олгохоор тогтоосон 11.913.109 төгрөгийг шүүгдэгч Э.Б завсарлага авч иргэний нэхэмжлэгч Б.Бгийн 5464138593 дугаарын дансанд 5.613.150 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дгийн 6.300.000 төгрөг нийт 11.913.150 төгрөг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Бгийн “хохирол төлбөрт 5.613.150 төгрөг авсан” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дгийн “хохирол төлбөрт 6.300.000 төгрөг авсан” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, иргэний нэхэмжлэгч Б.Б сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б 2 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, 8 нас хүрээгүй хүүхдээ асрах хохирол төлбөр 7.560.000 төгрөгийн талаарх нэхэмжлэлийн нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй өөр өөр хэлбэл нас барагчийн сарын цалин хөлс орлого олж байсан талаарх нотлох баримт авагдаагүй, иргэний нэхэмжлэгч Б.Б нь цалин орлоггүй талаарх баримт авагдаагүй, мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн нотлох баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-99/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол  төлсөн зэргийг тус тус хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тус зүйлд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолохоор тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүх хуралдааны танхимаас урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Бийн В, С ангиллын жолоочийн 864648 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Самба овгийн Эрдэнээгийн Бийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Э.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч Э.Б иргэний нэхэмжлэгч Б.Бгийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, төлбөрт 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, иргэний нэхэмжлэгч Б.Б нарт оршуулгын  болон бусад зардалд  7.713.109 /долоон сая долоон зуун арван гурван мянга нэг зуун ес/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Цын эмчилгээний зардалд 1.369.710 /нэг сая гурван зуун жаран есөн мянга долоон зуун арав/  төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь сэтгэл санааны хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, хүүхдээ 8 нас хүртэл асрах хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.    

7. Өмнөговь аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 70 хувийн эвдрэл бүхий 53-98 УБО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.Бид олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Бийн В, С ангиллын жолоочийн 864648 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэсүгэй.

10. Шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ