Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1748

 

 

 

 

 

 

 

 

 

П.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00476 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-д холбогдох

Үндэслэлгүй төлсөн 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Дэлгэрмаа

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайбарлахдаа: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн УН307-43 дугаартай Лексус Ар Икс-400 маркийн машиныг барьцаалж, 11 000 000 төгрөгийн зээл авахаар “Юу Би Капитал Кредит” ББСБ-тай гэрээ хийсэн. Гэтэл уг зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой 11 000 000 төгрөгийг надад гаргаж өгсөнгүй. Учрыг асуухад эхлээд “банкнаас банк руу шилжүүлэхэд 2 хоног болно” гэж хэлсэн ба 2 хоногийн дараа дахин лавлахад “С.Олдохын (хамтран амьдрагч) өр рүү шилжүүлсэн” гэж хариулсан .Тус зээлийн гэрээнд П.Дэлгэрмаа би өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой мөнгийг хэн нэгэнд шилжүүлэх талаар бид ямар ч гэрээ хийгээгүй билээ. Би зээлийн гэрээний дагуу мөнгөө авч чадаагүйгээс бидний хооронд маргаан үүссэн хэдий ч, мөнгө хурдан өг, зээлээ хурдан төл, чадахгүй бол машиныг чинь хураана, шүүхээр яваад юу ч олж долоохгүй гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. Ингээд би зээлийн гэрээний дагуу мөнгөө авч чадаагүй ч гэсэн тухайн үед машинаа зарах шаардлага гарсан тул арга буюу машинаа зарж, миний машиныг худалдаж авсан иргэн Сурмаажав нь гэрээний дагуух мөнгийг төлж зээпээс чөлөөлсөн. Эндээс харахад тухайн ББСБайгууллага нь Монгол Улсын хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтуудыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байгаа бөгөөд энэ нь санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрч, Дэлгэрмаа миний бие нь ззэлийн гэрээний дагуу мөнгөө аваагүй нь баримтаар тогтоогдсон байна. Иймд би “Юу Би Капитал Кредит" ББСБ-ын буруутай үйл ажиллагаанаас болж зээлээ авч чадаагүй атлаа төлсөн 11 000 000 төгрөг төлсөн. Иймд миний төлөх ёсгүй мөртлөө төлсөн 11 000 000 төгрөгийг хуулийн дагуу хариуцагч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн П.Дэлгэрмаагийн нэхэмжилж буй 11 000 000 төгрөгийн зээлийн асуудал нь анх 2014 оны 05 дугаа сарын үед С.Олдох нь “Би өөрийн эхнэрийн авто машиныг барьцаанд тавьж өөрийн авсан зээлийн эргэн төлөлт болох 11 000 000 төгрөгийг тушаая” гэсэн хүсэлт тавьсан ба бид хэрэв барьцаа хөрөнгө нь хангалтай бол болно гэсэн шийдвэр гаргаж тус зээлийг С.Олдохын эхнэр П.Дэлгэрмаа өөрөө ирж зээлийн гэрээ хийж зээл авсан. Энэ үед С.Олдох нь П.Дэлгэрмааг өөрийн эхнэр гэж танилцуулсан болно. П.Дэлгэрмаа нь өөрийн автомашинийг Б.Галхүү гэж хүнд худалдаж зээлээ хаасан болно. Дээрх 2 хүн зээл авахдаа салсан эсэх талаараа хэлээгүй бөгөөд одоо ийм зүйл гаргаж яриад байгаа нь үндэслэлгүй болно. Дээрх гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдаж, нотариатаар баталгаажуулж мөнгөө бэлнээр болон С.Олдохын өрөнд шилжүүлэх П.Дэлгэрмаа нарын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хийгдсэн болно П.Дэлгэрмаагийн нөхөр С.Олдох нь олон удаагийн давтан үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаад хэрэг нь яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд шилжих болоход өвчтэй гэх шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа бөгөөд энэ хэрэгт П.Дэлгэрмаа нь манай ББСБ-ыг С.Олдохын авсан дээрх 11 000 000 төгрөг болон С.Олдохын бусад зээл төлбөрийн асуудлаар удаа дараа гомдол өгч шалгуулсан боловч ямар нэгэн хууль зөрчөөгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтээр тогтоогдсон байхад нэхэмжлэлдээ төрийн байгууллагын дүгнэлтийг гуйвуулж хуурамч баримт дурдаж гүтгэж байгааг эрс эсэргүүцэж байна. Эдгээр асуудлаар П.Дэлгэрмаа гэгч этгээд нь худал гүтгэлэг тарааж манай байгууллагын нэр хүндийг гутааж, өөрсдийн хууль бус үйлдэл, мөнгө төгрөгөө төлөхгүй байх зорилгоор энэ зальт үйлдэлдээ Санхүүгийн зохицуулах хороог ашиглахаар удаа дараа явуургүй оролдлого хийж байсан бөгөөд Цагдаагийн байгууллагын албан хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн П.Дэлгэрмаагийн удаа дараагийн гомдлоор хуулийн дагуу зохих шалгалтыг хийж нийт 3 удаа П.Дэлгэрмаагийн зээлийн талаар дүгнэлт гаргаж хууль зөрчөөгүй болохыг тогтоосон болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-иас 11 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Дэлгэрмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө байр, машинаа зарж С.Олдохын зээлийг төлсөн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар зээлийг төлсөн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зээлийн гэрээ болон С.Олдохын зээлийг төлсөн үйл баримт нь хууль зөрчөөгүй байх ба П.Дэлгэрмаа нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн болохоо илэрхийлсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтад өгсөн гэрчийн мэдүүлэг нь хуульд зааснаар худал гэрчилсэн тохиолдолд хариуцлага хүлээхээр заагдсан хууль /ЭХТА-ийн 255 дугаар зүйл/-ийн заалтыг сануулан авсан нотлох баримтын шаардлага хангасан мэдүүлэг тул ямар нэгэн маргаангүйгээр уг асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Иргэний хэрэгт С.Олдохыг гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд С.Олдох нь зээлийн 4 удаагийн төлөлт хийснээ зөвшөөрсөн, бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлд заасан 11 000 000 төгрөгийг П.Дэлгэрмаад буцаан өгөх үүрэг нь С.Олдоход үүссэн болохыг тогтоолгохоор анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх шаардлага гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа нь хариуцагч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй төлсөн 11 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчид олгосон зээлийн мөнгийг түүнтэй тохиролцсоны дагуу С.Олдохын өр төлбөрт шилжүүлэн тооцсон” гэж маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 07-43 УНЭ улсын дугаартай Лексус RX-400 маркийн автомашиныг барьцаалж, 11 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 7-10/

 

            Түүнчлэн зээлийн гэрээний дагуу 11 000 000 төгрөгийг зээлдэгчид өөрт нь хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч уг зээлийн төлбөрийг хариуцагчид буцаан төлсөн, зээлийн болон барьцааны гэрээний огноо 2013.05.30 гэж ташаа бичигдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг зээлдэгчид дансаар болон бэлнээр хүлээлгэн өгөх үүргийг зээлдүүлэгч байгууллага хүлээдэг.

 

            Хариуцагч байгууллага нь “...нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр С.Олдохын зээлийн төлбөрт 11 000 000 төгрөгийг шилжүүлэн тооцсон” гэж тайлбарласан /хх 15, 16, 18, 165-167/ байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Дэлгэрмаа нь зээлийн гэрээний дагуу авах мөнгөн хөрөнгийг С.Олдохын өр төлбөрт шилжүүлэхийг зөвшөөрч, энэ талаар хариуцагчтай тохиролцсон, эсхүл С.Олдохын зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүрэг нэхэмжлэгчид шилжсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд талуудын хоорондын зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлэн өгөөгүй байсан тохиолдолд нэхэмжлэгч хариуцагчийн өмнө зээл төлөх үндэслэлгүй байсан гэж үзнэ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн үндэслэлгүй төлсөн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “С.Олдохын зээлийн эргэн төлөлтөд П.Дэлгэрмаагийн төлсөн 11 000 000 төгрөгийг С.Олдохоос гаргуулж, П.Дэлгэрмаад олгуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай ижил төрлийн харилцан тооцох шаардлагад хамаарахгүй, өөр этгээдэд холбогдуулсан байх тул түүний гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт нийцэх тул буруутгах боломжгүй байна.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН