Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00647

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02661 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч М-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, М.Нармандах, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие М-д 1995 оноос хойш тасралтгүй 22 жил ажиллаж, энэ хугацаанд өөрийн хариуцсан ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж байсан ба ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл МУИС-ийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Уг тушаалд намайг МУИС-ийн сургалтын журмын 4.6.12.6, 4.6.12.8-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Уг журмын 4.6.12.6-д шалгагч багш дүнгээ шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор мэдээллийн системд оруулах үүрэгтэй. Шалгагдвал зохих суралцагчийн нэрс, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг хэвлэж, хянан гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд хүлээлгэн өгнө. Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авч баталгаажуулна. Гараар хийсэн шалгалтын хуудас хүчингүй гэж, 4.6.12.8-т хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтанд ирээгүй суралцагчид F буюу хангалтгүй үнэлгээ тавина. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол нотлох баримтыг үндэслэн Е тэмдэглэгээ хийнэ. Нотлох баримтыг өргөдлийг хамт шалгалт авснаас хойш 3 хоногийн дотор багшид өгнө. Багш нотлох баримт өргөдлийг дүнгийн жагсаалтын хамт сургалтын албанд өгнө. I, Е тэмдэглэгээтэй суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина гэж тус тус заасан нь миний ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүрэгт огт хамааралгүй. Миний хувьд багшийн гарын үсэг, сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу дүнг системд оруулсан нь үнэн бөгөөд сургалтын системд өөрийн хүсэл, ашиг сонирхлоор дур мэдэн дүн оруулаагүй, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гэж үзэхгүй.

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна”, 19-т “Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно” гэж тус тус заасантай нийцээгүй бөгөөд улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн тушаал болсон. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ээлжийн амралт эдлэхээр тушаал гарсан байсан юм.

МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, шалтгаан, хугацаа зэргийг тодорхой заах шаардлагыг хангаагүй үндэслэлгүй тушаал гаргаж, тус сургуульд 22 жил үнэнчээр хөдөлмөрлөсөн хөдөлмөр, туршлагыг минь үнэлээгүй, 54 насанд хүрсэн, санаатай болон гэм буруутайгаар ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Иймд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн сургалтын мэдээллийн системд суралцагчийн төлөвийг өөрчилж дүн зассан асуудал үүссэн. Энэ мэдээлэл нь мэдээллийн технологийн албаар дамжиж 2017 оны 06 дугаар сард сөхөгдөж гарсан. Үүнтэй холбогдуулаад Хууль Зүйн Сургуулийн сургалтын алба дээр эрх бүхий албан тушаалтнууд буюу сургалт оюутан эрхэлсэн дэд захирал н.Очирхуяг, Хууль зүйн сургуулийн захирал н.Эрдэнэбулган, сургалтын нэгдсэн албаны дарга н.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, дүн зассан асуудлыг шалгасны үндсэн дээр Хууль зүйн сургууль 2017 оны 03, 04, 05, 06 дугаар сард 93 суралцагчийн 151 дүнг мэдээллийн системд журам зөрчиж оруулсан, 64 суралцагчийн хөтөлбөрийг сольсон болохыг тогтоосон. Манай сургалтын журамд тухайн суралцагчийн дүнг өөрчлөхдөө дараа семестрийн эхний нэг сард багтааж өөрчилдөг түүнээс хойшоо систем хаагддаг. Гэтэл Хууль зүйн сургуульд тухайн сургалтын эчнээ ангийн хөтөлбөр нээлттэй байсан учир өдрийн ангид суралцдаг хүүхдийг эчнээ ангид суралцдаг болгож хөтөлбөрийг шилжүүлээд дүнг өөрчилж буцаагаад өдрийн анги руу шилжүүлсэн байгаа. Тухайлбал, тус сургуулийн хөтөлбөр сольсон 60 оюутны нэр байдаг, үүнд эрх зүйн бакалаврын өдрийн ангийн оюутан Э.Тэнгисийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эчнээ анги руу шилжүүлээд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буцаагаад бакалаврын анги руу төлөвийг нь өөрчилж дүнг сольсон асуудалд Б.Б-д хариуцлага тооцоод байна вэ гэхээр мэдээллийн системд төлөв өөрчилсөн хүн нь түүний нэрээр гарч байгаа. Б.Б- бол мэдээллийн системийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтний нэвтрэх эрхтэй.

Түүнийг энэ байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан гэдэгт маргах зүйл байхгүй. Гол нь ноцтой зөрчил гаргачихаад байгаа. Тухайн ажлын хэсэг нь мэргэжилтэн Баярсайхан, Алтанзул, Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга Амарбаясгалан нарыг оюутны дүн зассан буруутай гэсэн дүгнэлт гаргасан тул мэргэжилтэн нарыг ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авах, сургалтын албаны дарга Амарбаясгаланг сургалтын албаны даргын албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээг авахыг уламжилж Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж шийдвэрлэсэн. Захирал Төмөрбаатар нь энэ асуудалд шууд өөрийнхөө үзэмжээр хандаагүй, ажлын хэсэг байгуулж, тухайн комисс, хариуцсан албан тушаалтнуудын оруулсан шалгалтын үндсэн дээр дээрх тушаалыг гаргасан байгаа гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02661 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Их сургуулиас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 411 915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг М-д даалгаж, нэхэмжлэгч Б.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 85 540 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхээс нэхэмжлэгч Б.Б-ыг сургалтын журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. МУИС-ийн Сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.2.5.1-д заасны дагуу бакалаврын өдөр, орой, эчнээ хөтөлбөрийн элсэлтийг жилд 1 удаа зохион байгуулж МУИС-ийн захирлын тушаалаар элсүүлдэг. Хэрэгт авагдсан баримтууд буюу ажлын хэсгийн дүгнэлт, Хууль зүйн сургуулийн 2017 оны 03 сараас хойш хөтөлбөр өөрчлөлт оруулсан оюутнуудын мэдээллээс үзэхэд Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтнүүд дүн засварлахын тулд өдрийн ангийн оюутнуудыг эчнээ ангид суралцдаг болгож өөрчилж мэдээллийн сестимд хуурамч бүртгэл оруулсан буюу хуурамч баримт бичиг үйлдсэн ноцтой зөрчил гаргасан. Хуурамч бүртгэл мэдээллийг оруулсан байхад Б.Б- Сургалтын журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

МУИС-ийн Сургалтын журмын 4.6.12.8-д зааснаар “...суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина...” гэж заасан. Үүний дагуу дараагийн улирлын эхний 1 сараас хойш дүн оруулах мэдээллийн систем хаагддаг. Гэтэл Хууль зүйн сургуулийн сургалтын албанаас эдгээр журамд заасан хугацааг хэтрүүлэн дүн оруулснаас гадна хаалттай мэдээллийн сестимд хуурамч бүртгэл хийж дүн засварласан. Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтэн Б.Б- нь МУИС-ийн Сургалтын журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болно. Энэ бүх хөтөлбөр сольсон буюу мэдээллийг өөрчилсөн зорилго нь суралцагчдын дүнг засварлахын тулд өөрчилсөн болохыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрсөн байдаг. МУИС-ийн Дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д МУИС нь Шинжлэх ухаан, технологийн ололт, сургалтын нийтлэг шаардлага, нийгмийн эрэлтэд тулгуурласан бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхэлж, мэргэжлийн болон иргэний өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, чадавхижуулах үндсэн чиг үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл сургалтын үйл ажиллагаа эрхлэх нь МУИС-ийн үндсэн чиг үүрэг байдаг. Гэтэл оюутнуудын бүртгэл мэдээллийг хуурамчаар үйлдэх, дүнг засварлах зэрэг нь МУИС-ийн үнэт зүйл үндсэн чиг үүрэгт ноцтой харш үйлдэл юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч МУИС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч МУИС нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Ажил олгогч 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б\296 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ыг Хууль зүйн сургуулийн сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлжээ. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 43 дугаар зүйлийг хөдөлмөрийн дотоод журмын заалт, ажлын хэсгийн дүгнэлт, захиргааны хурлын тэмдэглэл зэргийг заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна. Хуулийн дээрх зохицуулалт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх хоёр нөхцлийг тодорхойлсон байна.

Хариуцагч МУИС нь нэхэмжлэгч Б.Б-ыг ажлаас чөлөөлсөн шалтгааныг ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ. Тухайлбал, МУИС-ийн сургалтын журмын 4.6.12.6., 4.6.12.8.-д заасан “шалгагч багш дүнгээ шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор мэдээллийн системд оруулах үүрэгтэй. Шалгагдвал зохих суралцагчийн нэрс, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг хэвлэн, хянаж, гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд хүлээлгэн өгнө. Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авч баталгаажуулна. Гараар хийсэн шалгалтын хуудас хүчингүй”, “хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтанд ирээгүй суралцагчид F буюу “хангалтгүй” үнэлгээ тавина. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол нотлох баримтыг үндэслэн Е тэмдэглэгээ хийнэ. Нотлох баримтыг өргөдлийн хамт шалгалт авснаас хойш 3 хоногийн дотор багшид өгнө. Багш нотлох баримт өргөдлийг дүнгийн жагсаалтын хамт сургалтын албанд өгнө. I, E тэмдэглэгээтэй суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина” гэснийг зөрчсөн гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсгийн дүгнэлт”-д “сургалтын мэдээллийн системд оруулсан 5 оюутны 8 дүн зөвшөөрөгдөөгүй” гэх үндэслэлд нэхэмжлэгч Б.Б- буруутай болох нь тогтоогдоогүй гэж шүүх үзжээ. Б.Б- сургалтын журмын 4.6.12.6., 4.6.12.8.-д заасан шаардлагыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүйгээс гадна ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сургалтын журмын аль нэг заалтыг баримтлаагүй явдлыг гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцох талаар заагаагүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.   

 

Нэхэмжлэгч Б.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, түүнийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 46 дугаар зүйлийн 46.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02661 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН