Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 948

 

 

 

 

 

 

 

 

 

      2019       11         04                                   2019/ШЦТ/942 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,

улсын яллагч: Х.Еркебулан,  

шүүгдэгч: Т.Т, түүний өмгөөлөгч Р.Батцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин харнууд овогт Төмөрбаатарын Тэгш-Өлзийд холбогдох эрүүгийн 1909024100992 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ГовьСүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 47Б байрны 89 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЕИ96072811 регистерийн дугаартай,

 

Боржигин харнууд овогт Төмөрбаатарын Тэгш-Өлзий.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.Т нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөгжим бүжгийн коллежийн урд хохирогч А.Дөлгөөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “таксины мөнгө илүү нэхэмжилсэн” хэмээн маргалдан, улмаар толгой тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 5-7/, гэрч Г.Ганзориг /хх-ийн 9/, Ц.Сод-Очир /хх-ийн 10/, Т.Тгийн  яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20-21/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7577 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, Т.Тгийн  хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-27/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-38/, хохирол төлсөн баримт 1 ширхэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг “Хөгжим бүжгийн коллеж”-ийн урд А.Дөлгөөнтэй “таксины мөнгө илүү нэхэмжилсэн” хэмээн маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

 Хохирогч А.Дөлгөөний /хх-ийн 6-7/: “... 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс18-нд шилжих шөнө МУИС-ийн урд талын автобусны буудал дээрээс үл таних 4 залуу суугаад “Офицеруудын ордон орно” гэсэн. Гэтэл урд суусан залуу нь “1 километрийг нь 800 төгрөгөөр явчихаач” гэхэд нь би “болно байх” гээд явж байтал арын суудал дээр сууж байсан залуу нь “километрийг нь 1000 төгрөгөөр явж болно” гэсэн. Тэгээд МУИС-ын гэрлэн дохио өнгөрөөд явж байтал урд сууж байсан залуу нь “тэр хүртэл 5000 төгрөг гардаг би мэдэж байна” гэсэн. Тэгэхээр нь би баруун шахаж зогсоод “тэгвэл буучих” гэхэд тэр залуу машинаас буухгүй болохоор нь би түрүүлж бууж очоод машиныхаа хаалгыг онгойлгоход миний ард сууж байсан бусдаасаа арай намхан Тэгш-Өлзий гэх залуу нь миний толгойны баруун чихний ар хэсэгт нэг удаа цохисон. Би цохиулаад газар унасан. Намайг юугаар цохисныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан тас гээд л явчихсан. Би шууд 102 руу залгаж цагдаа дуудсан. Намайг Тэгш-Өлзий гээд залуу цохичхоод над руу дайраад байхад хажууд нь байсан Батболд гээд залуу салгасан...” гэх мэдүүлгээр,

 

     Гэрч Г.Ганзоригийн /хх-ийн 9/: “... Би тухайн өдөр найз Тэгш-Өлзий, Батболд, Сод-Очир нарын хамт гадуур явж байгаад Сод-Очир, Тэгш-Өлзий хоёрын гэр нь кино үйлдвэрт байдаг гэхээр нь бид дөрөв хамт шөлөндөөд хоол идчихээд такси барьсан. Манай найз Сод-Очир таксины урд суусан. Би ард нь Батболд, Тэгш-Өлзий хоёртой суусан. Тэгээд такси дотор явж байхад Сод-Очир “800 төгрөгөөр явах юм уу?” гэж яриа гаргахад таксины жолооч залуу “би шөнө орой явж байна. Яахаараа 800 төгрөгөөр явдаг юм” гээд уурласан. Тэгээд Сод-Очир таксины жолоочтой маргалдахад таксины жолооч залуу гартаа нэг зүйл бариад машинаасаа түрүүлээд буугаад тойрч ирээд Сод-Очирыг буулгасан. Таксины жолооч залуу гараа далайгаад л байсан. Тэгээд юу юу ч болоогүй байхад намайг зодлоо гээд хүн рүү яриад манай ах цагдаа энэ тэр гээд байсан. Тэгш-Өлзий, Батболд, Сод-Очир бид дөрөв машинаас буугаад урагшаа зам дагуу явж байхад таксины жолооч машинтайгаа араас дагаад яваад байсан. Би тэр хэдийн урд нь гараад явж байгаад эргээд харахад таксины жолооч газарт уначихаад босож ирж байсан. Таксины жолоочийн хажууд Батболд, Тэгш- Өлзий, Сод-Очир гурав байсан...” гэх мэдүүлгээр,

 

     Гэрч Ц.Сод-Очирын /хх-ийн 10/: “...Тухайн өдөр Батболд, Ганзориг бид 3 пиво уугаад сууж байтал араас Тэгш-Өлзий гэдэг залуу ирсэн. Бид нар пиво ууж сууцгааж байгаад шөнийн 04 цаг өнгөрч байхад “Шөлөндөө” орж хоол идчихээд гараад такси барьсан. Тэгээд Монгол Улсын Их сургуулийн урдаас таксинд суугаад “800 төгрөгөөр явах юм уу? манай гэр хүртэл яг 5 километр гардаг юм” гэж хэлснээс болоод таксины жолооч залуутай маргалдсан юм. Тэгээд уулзвар гараад таксины жолооч залуу машинаа зогсоогоод машинаасаа өөрөө бууж ирээд миний хаалгыг онгойлгоод намайг “буугаад ир” гээд намайг татсан. Би таксины жолооч залуутай маргалдаж зууралдсан. Бусдаар бол зодолдоогүй. Бид 4 таксины жолоочоос салаад зам дагуу явж байгаад 64-ийн буудал дээр ирэхэд таксины жолооч залуу машинаасаа бууж ирээд миний араас эхлээд зуураад авсан. Тэгэхэд нь Тэгш-Өлзий ирээд таксины жолоочийг цохиод авсан. Тэгш-Өлзийд таксины жолооч цохиулаад газарт унасан...” гэх мэдүүлгээр,

 

     Т.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20-21/: “... 2019 оны 06 дугаар сарын 17-ны орой өөрийн найз Батболд, Ганзориг, Содоо нарын хамт гэр рүүгээ харих гээд такси барьсан. Тэгээд таксинд суугаад урд сууж байсан Содоо таксины жолоочтой таксины төлбөр тооцооноос болж маргалдсан. Тэгээд Содоо таксины жолоочтой таксинаас буугаад таксины жолооч отвёртика бариад далайгаад байсан. Тэгээд би буугаад таксины жолоочийг түлхсэн. Тэгсэн чинь “чи яах гээд байгаа юм бэ?, хоёулаа зодолдох уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Тэгээд би таксины жолоочийг нэг удаа толгойн тус газар нь гараараа цохисон. Бид 2 зууралдаад газар унасан. Манай найзууд салгасан...” гэх мэдүүлгээр,

 

  А.Дөлгөөний биед “тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7577 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, Хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-38/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.Тгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Т.Т нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Дөлгөөн нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 120.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт өгсөн бөгөөд шүүгдэгч Т.Т нь  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд хохирол 120.000 төгрөгийг төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч Т.Тг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин харнууд овогт Төмөрбаатарын Тэгш-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Т.Т нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Т.Тгийн байршуулсан нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Дөлгөөнд /РД: УП96060552/-д 120.000 төгрөгийг олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ