Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 24

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гт холбогдох 1930003360304 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 25-ны  өдөр  төрсөн,  30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  авто засварчин мэргэжилтэй, Т ТӨХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар  аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,  О.Г

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  2  дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан цэцэрлэгийн барилга дээр 00-13 УБ улсын дугаартай ковш маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажиллаж байхдаа ачааны машин дээрээс буулгасан арматур төмрийг түрж бөөгнүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7.“ өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх ” гэсэн заалтыг зөрчин хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс арматур төмөрт Д.Шгийн хөл дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019.08.01-ний өдөр түрээсэнд яваад 13 цагт үлдсэн түрээсээ дуусгачихаад явах гэтэл М.Д гэх залуу арматур төмөр буулгаад өг гээд гуйгаад байсан юм. Би эхэндээ буулгаж өгөхгүй нэлээн гүрийсэн боловч, буулгаад өг гээд гуйгаад байхаар нь буулгаж өгсөн. Гэ: тэл буулгасан арматурын төмрөө түрээд холдуулаад өг гэхээр нь түрж байхад гэнэт тэвшний буланд өмд нь орооцолдчихлоо гэсэн чинь хөл нь дарагдсан байсан. Гэнэт л булангаас гараад ирсэн юм. Барилгын компаниас эмчилгээний зардлыг төлнө гэсэн. Би өөрийн зүгээс 1.000.000 төгрөг өгсөн. Анх 6.600.000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би хохирлыг нь барагдуулна.  Ах дүү нараасаа аваад төлнө. Шүүх хуралдааны дараа өгнө гэж ярилцсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
 
       - Яллагдагч О.Гын: Би “Т” ТӨХК-ны ковшийн жолоочоор ажилладаг бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэцагаан суманд засмал зам дагуух явган хүний зам тавих ажлаар очсон юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үдийн амралтаар  ажлынхантайгаа хоолоо идэх гэж байтал Эрдэнэцагаан суманд цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байсан хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Э гэх хүүхэн манай ерөнхий инженер Г руу утсаар нь яриад ковшоор ажил хийхээр болж намайг цэцэрлэгийн барилга руу явуулсан. Тэгээд би цэцэрлэг дээр очоод Этэй  уулзаж катан гэдэг бөөрөнхийлж ороосон 2 төмрийг ачааны машин дээрээс ковшоор буулгаад буцаад ажил руугаа явж байтал уг цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байсан бригадын ахлах гэх Д нь ирээд ачааны машин дээр байгаа арматур төмрийг буулгаад өг гэхээр нь би ажилтай байна гээд зөвшөөрөөгүй юм. Гэтэл Д нь гуйсаар байгаад арматур төмрийг буулгахаар болсон. Тэгээд арматур төмрийг ачааны машин дээрээс ямар нэгэн аюул осолгүй буулгасан. Буулгасан арматур төмрийг ковшний шангаар түрээд холдуулах гэж байтал ачааны машины ард булангаас эрэгтэй хүн гэнэт гарч ирээд арматур төмрөнд хөлөө цохиулж хөлөө гэмтээсэн. Тэгээд эмнэлэг болон цагдаа дуудсан. 00-13 уб улсын дугаартай ковш байсан. Би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажлын газрын инженер Түмэндэлгэр гэдэг хүнээс зааварчилгаа авсан. Харин Цэцэрлэгийн барилга дээр Э гэдэг хүн болгоомжтой буулгаарай гэхээс өөр зүйл хэлээгүй. Анхаарал болгоомжгүй байж хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Шгийн: Д, А 2 манай бригадын удирдаж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цэцэрлэгийн барилгын ажилд очиж ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус цэцэрлэг дээр арматурын төмөр шаланзаар авчирч газарт буулгасан. Тэгээд ковшоор чирж буулгаад машины бөгснөөс түрж холдуулах гээд ковш нь шанагаараа арматурыг  хойд зүгт түрсэн. Энэ үед арматур төмрийн зүүн үзүүр дээр байсан ба тухайн арматур төмөр миний 2 хөл дээр дарж баруун хөл хугарсан. Энэ хэрэг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед болсон. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 2 удаа мэс засалд орсон, нэг удаа арьс нөхүүлсэн. Би гэмтэл авснаас хойш одоог хүртэл өвчин намдаах эм уудаг. 2 дахь мэс заслын дараа эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр Увс аймагт гэртээ ирж, хэвтрийн байдалтай байгаад одоо 2 таягтай яваад байдаг болсон. Би хөлдөө гэмтэл авсны улмаас 1.500.000 төгрөгөөр 2 удаагийн мэс заслын хагалгаанд орсон. 500.000 төгрөгөөр эм тариа авсан. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлэх 3 сарын хугацааны хоол, унааны зардалд 1.000.000 төгрөгний зардал гарсан. Ингээд надад 3.0 сая төгрөгний хохирол учирсан. Хөдөлмөрийн чадвараа 1 жилээр алдсан. Хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны 3.6 сая төгрөг, нийтдээ 6.6 сая төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байна. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд оролцох боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

- Гэрч Р.Эийн:  Би “Х” ХХК-ны хөдөлмөр, аюулгүй байдал хариуцсан инженерээр 2 дахь жилдээ ажиллаж байна. Манайх Эрдэнэцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгыг барьж байгаа ба 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр туслан гүйцэтгэгч бригадаар  22  хүний бүрэлдэхүүнтэй Д ахлагчтай бригад ирж ажилласан юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос барилгын материал болох арматур төмрийг том оврын чиргүүлтэй машинд ачиж ирсэн. Тухайн үед хайрганд явах гээд “Т” ТӨХК-наас ковш гуйсан ба тус ковшны жолоочоор Г гэх залуу ажиллаж байсан. Тэгсэн тухайн арматур төмөр авчирсан том оврын машинаас катан төмөр буюу бэхэлгээний төмрийг тухайн ковшоор буулгасан. Харин арматур төмрийг бол Д ахлагчтай 22 хүний бүрэлдэхүүнтэй бригад боодолтой арматур төмрийг буулгахдаа аюулгүй байдлыг хангах үүднээс боолтыг тайлж тухайн машинаас зөөж буулгах ёстой байсан юм. Тэгээд тухайн катан төмрийг машинаас буулгачихаад хөдлөх гэж байтал араас бригадын ахлагч Д нь ирээд арматур төмрийг наад ковшоор чинь буулгачихья гэхэд нь би “та нар наад арматур төмрөө гараараа буулга” гэж хэлтэл О.Г  нь би наад катан төмрийг чинь л буулгах гэж ирсэн гэж хэлсэн. Гэтэл Д нь Гын ковшинд суугаад буцаагаад аваад явсан. Би 2 Хово машинныхаа түлшийг хийлгэх гээд колонк явж байтал араас манай менежер Хүрэлбаатар залгаад “болохоо байлаа, хүн төмрөнд хөлөө даруулчихлаа” гэхээр нь буцаж очиход Д.Шгын хөл дээр байсан арматур төмрийг авчихсан, Ш нь ковш дууд гээд байсан. Удалгүй эмнэлэг ирж анхан шатны тусламж үзүүлсэн. Д нь тухайн 3 боодол арматур төмрийг ковшоор түрж газарт буулгасан байдаг ба буулгасаныхаа дараа мөн тухайн арматур төмрийг нэг талаас нь түрж бөөгнүүлэх гэж байгаад гэмтээсэн юм. Тухайн бригадын хүмүүст би ирсэнээс хойш ажилд гарахад нь өдөр болгон аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулдаг юм. Анх би тухайн машинаас ковшоор катан буулгачихаад арматур төмрийг бригадын хүмүүст та нар наадах арматур төмрөө олуулаа байж зөөгөөд буулга гэж хэлсээр байтал бригадын ахлагч Д нь ковшоор буулгаж дараа нь түрж бөөгнүүлэхдээ хүн бэртээсэн асуудал гаргасан. Намайг тэгж анхааруулж байсныг О.Г болон менежер Хүрэлбаатар нар сонссон. Мөн би бригадын хүмүүст бас хэлж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14,15/

- Гэрч Г.Хын: 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгын ачаа буюу боодол катан төмөр, 3 боодол арматур төмөр ирсэн. Тухайн үед манай компани хайрга татах зөвшөөрлийг аймгийн Засаг даргаас авч 2 хоовоон дээр хайрга татуулах ажлаар Т ТӨХК-аас ковш гуйсан. Тэгээд компаниас ковш авч ачаа ачиж ирсэн гэх машины чиргүүл дээрээс катан төмрийг ковшоор өргөж газарт буулгаад манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Э нь ковшны жолооч болох О.Гт “ одоо наадах ажил чинь болно, явж хоовоон дээр хайрга татъя “ гэж хэлээд явах гэтэл бригадын дарга Д нь ирээд “ наадах ковшоор чинь арматур төмөр буулгая “ гэтэл Э нь “ одоо наадах чинь хайрга татах ажилтай, та арматураа зөөгөөд буулга “ гэтэл Д нь “ би мэдэж байна “ гээд тухайн ковшийг авч яваад 3 боодолтой арматур төмрийг тороос уяж байгаад ковшоор татаж буулгасан. Тэгээд газарт байх 3 боодолтой арматур төмрийг бөөгнүүлэх гээд ертөнцийн зүгээр зүүн талаас нь баруун тийш түрэх үед барилгын материал ачиж ирсэн машин дээрээс хэнийг нь сайн мэдэхгүй байна нэг залуу газраас лоом аваад өг гэтэл Ш нь чиргүүлийн урд талаас араар нь тойрч гарах үед арматур төмрөнд дарагдаж гэмтсэн юм. Тэгээд тэнд байсан хүмүүс хөл дээрээс нь арматур төмрийг холдуулж цагдаа эмнэлэг дуудсан. Хар Үжин  ХХК-ний ХАБ-ын инженер Э нь тухайн барилгын материал ачиж ирсэн катан төмрийг буулгасны дараа “ та нар наад арматур төмрөө гараараа буулгаарай “ гэж хэлж сануулж байтал бригадын дарга Д нь дур мэдэн арматур төмрийг ковшоор буулгасны улмаас Ш нь гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

         - Гэрч М.Дгийн: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд цэцэрлэгийн барилгыг “Х” нэртэй барилгын компани барьж байсан. Харин А нь биднийг зохион байгуулж удирдаж, уг компанитай гэрээ байгуулж нийт 22 хүн барилга дээр ажиллах гэж ирсэн юм. Миний хувьд дээрх хүмүүсийг ахалж ажиллаж байгаа юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос барилгын материал ирсэн тул барилгын хэсэг ажилчид хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ачааг буулгасан. Энэ үед сумын төвд зам засварт ажиллаж байсан “Т” ТӨХК-ны ковшийг авчирч ачаа буулгах, хайрга ачих зэрэг ажил гүйцэтгүүлэхээр авчирсан байсан. Барилгын ачаанд арматур төмөр олон байсан учир нэг үзүүрт нь тороос хийж байгаад ковшоор татаж буулгаж байсан. Харин арматур төмөр газар буугаад үзүүрт багласан төмрийг сугалж авах гэсэн чинь дарагдаад  сугарахгүй байсан. Энэ үед ковш ухарч хойд зүгт эгц харсан. Ингээд сугарахгүй байсан тороосын үзүүрийг ковшны шанганд бэхэлж урд зүгт бага зэрэг татуулах гэхэд ковш нь хойд зүгт ковш их хөдөлгөөн хийсэн шанагаараа арматур төмрийг хойд зүгт түрчихсэн. Энэ үед арматур төмрийн зүүн үзүүр дээр байсан барилгын туслах Д.Ш гэх залуугийн баруун хөл дарагдсан юм. Арматурын үзүүрт уясан тороосыг авч дараагийн арматурыг буулгах ёстой байсан юм. Ачааны машин дээр М, Г нар нь тороосыг арматурын үзүүрт баглаж өгч байсан. Миний бие Сын хамт арматурын үзүүр  дэх тороосыг тайлж байсан. Арматур буулгах үед Д.Ш нь тухайн орчны дарагдсан төмрийг холдуулж ковшны замыг цэвэрлэж байсан. Д.Ш нь өөрөө ярихдаа ачааны машин дээрээс хэн нэгэн нь лоом аваад өгчих гэхээр нь лоом төмөр авч өгөх гэж явж байсан гэдэг юм. Ковшны жолоочтой ойлголцоогүй. Мөн Д.Ш нь өөрөө хөдөлмөр хамгаалал зөрчиж аюултай хэсэг рүү өөрөө орсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

- Гэрч Т.Бийн: Манай “Т” ТӨХК нь 2019 оны 05 дугаар сарын сүүлээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зам дагуух явган хүний зам хийхээр болж ажилчид тэнд ажиллаж эхэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1-2 хоногийн өмнө нь Эрдэнэцагаан суманд цэцэрлэгийн барилгын ажил хийж байсан Х ХХК-ны ажилтан гэх залуу над  руу утсаар яриад танай байгууллагын ковшийг нэг өдөр ажиллуулах хэрэгтэй байна, хөлс мөнгийг нь өгнө гэж хэлсэн. эгээд хөлс мөнгөө тохиролцож манай байгууллагын ковшийг ажиллуулсан. Би ерөнхий инженер Г гэдэг хүнд хэлж ажиллуулах үүрэг чиглэл өгсөн. Нэг өдөр ажиллана гэдэг нь 8 цаг ажиллахыг хэлж байгаа юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн барилгын ажил хийж байсан хүмүүс манай ажилчидтай уулзаж үлдэгдэл цагийн ажлаа хийлгээд цаг нь дуусаад буцаад явж байхад нь барилга дээр ажиллаж байсан хүмүүс ковшийн жолооч Б.Гыг гуйж ажил хийлгэж байгаад осол гаргаж хүний хөл хугалсан гэж сонссон. Тухайн үед би Баруун-Урт суманд ажиллаж байсан. Би ямар хүмүүс байсан талаар би мэдэхгүй. Гэрээ байгуулаагүй ажиллуулсан. Удаан хугацаагаар ажиллуулах үед гэрээ хийж ажиллана.  Х ХХК нь өөрсдөө аюулгүй ажиллагааг хариуцах ёстой. Манай ажилтан Түмэндэлгэр нь тухайн өдөр Гт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан байсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилласан шалтгаан нь гэвэл урьд өдөр нь дутуу ажилласан тэгээд цагаа гүйцээх гэж очиж ажил хийсэн. Тэгээд цаг нь дуусаад явж байхад дахиж ажил хийлгэж байгаад гарсан осол юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

          - Гэрч П.Мгийн: Би 2019 оны 07 дугаар сард А захиралтай, Д даргатай барилгын бригадад ажилд орж 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Эрдэнэцагаан сумын цэцэрлэгийн  барилгын ажлыг хийхээр хориод хүний бүрэлдэхүүнтэй очиж ажилласан юм. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  барилгын ачаа маяти маркийн машинтай 2 катан төмөр, 3 боодолтой арматур төмөр ирснийг ковшоор 2 катан төмрийг буулгасан. Тэгээд тухайн ковш нь катан төмрөө буулгачихаад явж байхад Д нь очиж уулзаж байсан ба удалгүй тэр ковш дахин ирж Маяти дээрээс арматур төмрийг тороосоор уяж татаж 2 боодол арматур төмрийг буулгачихсан байсан. Сүүлд маяти дээр байсан Г бид хоёр Шг лоом аваад өг гэхэд Ш нь арматурын төмөр дээр дарагдсан байдалтай харагдсан ба бид нар очиж гаргаж авсан юм. Анх бид нар гараараа буулгах гэж ярьж байсан ба тухайн үед хоол ундаа идээгүй байсан болохоор хурдан буулгая гэж бодоод ковшоор буулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

          - Гэрч З.Тийн: Манай байгууллага нь “Т” нэртэй авто замын засвар үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Эрдэнэцагаан суманд 2019 оны 06 дугаар сард ирж явган хүний зам янзалсан. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ковш ажлын талбайгаас гарсан шалтгаан гэвэл 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Х” нэртэй барилга барьж буй газар нь нийт 8 цагийн түрээсээр ажилласан бөгөөд ажил гүйцэтгэх цаг нь дуусаагүй байсан учир  2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр О.Г жолооч ковшийг жолоодож барилгын талбай  руу явсан юм. Миний хувьд өөрийн ажиллаж байсан талбай дээр байсан. Түрээслүүлэх зөвшөөрлийг “Талын-Зам” ТӨХК-ны захирал Бямбадорж  зөвшөөрсөн.  Уг зөвшөөрлийг ерөнхий менежер Г өгсөн юм билээ. Миний хувьд талбайн инженер ажилтай, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өдөр ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч танилцуулж гарын үсэг зуруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

    - Гэрч Г.Гийн: 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгын боодол катан төмөр, 3 боодол арматур төмөр ирсэн. Тухайн үед манай компани хайрга татах зөвшөөрлийг аймгийн Засаг даргаас авч 2 хоовоон дээр хайрга татуулах ажлаар Т ТӨХК-аас ковш гуйсан. Тэгээд компаниас ковш авч ачаа ачиж ирсэн гэх машины чиргүүл дээрээс катан төмрийг ковшоор өргөж газарт буулгаад тухайн ковш цаашаа явсан. Цаана байсан ковш нь дахин ирээд машины чиргүүл дээр байсан арматур төмрийн үзүүрт тороос хийж байгаад ковшоор татаж буулгасан. Тэгээд арматур төмрүүдээ бөөгнүүлэх гэж түрж байхад Ш газраас лоом авах гэж байгаад арматур төмрөнд дарагдаж гэмтсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

         - Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Гын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17-06-021/01 дугаартай: “....5. О.Г нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчсөн байна ” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,

    - Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019 оны  09 дүгээр сарын  17-ны өдрийн 480 дугаартай: 1.Д.Шгийн биед баруун шилбэ ясны ил хугарал, шилбэнд шарх, зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогджээ.  2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрт нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 31/,
    - Б.Шгийн өвчний 11341, 1031 дугаартай түүхийн хуулбар /хх-ийн 34-48/

    -0013 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-68/

    -Т ТӨХК-ийн 2019.11.04-ний өдрийн 1/121 дугаартай тодорхойлолт /хх-ийн 71/

    - Т ТӨХК-ийн 2019.11.04-ний өдрийн 1/122 дугаартай тодорхойлолт /хх-ийн 72/

    - О.Гыг механизмчин, жолоочийн үүрэгт ажилд томилсон тухай “ Т “ ТӨХК-ийн захирлын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 73/

-    Хөдөлмөр хамгааллын зааварчилгаа /хх-ийн 80/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.11.04-ний өдрийн /650 дугаартай тодорхойлолт  /хх-67/

-  О.Гын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-69/

-    О.Гын 4839НЭ/9196 дугаартай үнэмлэхний хуулбар /хх-69/

-    О.Гын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-70/

-    Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 81-82/

- Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орлогын мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт баригдаж буй цэцэрлэгийн барилга дээр 00-13 УБ улсын дугаартай авто ачигч/ дугуй ачигч/-ийг  жолоодон ажиллах явцдаа ачааны машин дээрээс буулгасан арматур төмрийг түрж холдуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.2.7-д заасан “ өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Шгийн хөлийг арматур төмрөөр дарж эрүүл мэндэд нь “баруун шилбэ ясны ил хугарал, шилбэнд шарх, зөөлөн эдийн  няцрал “ хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
Шүүгдэгч О.Гын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019.08.01-ний өдөр 13 цагт түрээсээ дуусгачихаад явах гэтэл М.Д гэх залуу арматур төмөр буулгаад өг гээд гуйгаад байсан юм. Би эхэндээ буулгаж өгөхгүй нэлээн гүрийсэн боловч, гуйгаад байхаар нь буулгаж өгсөн. Гэтэл буулгасан арматурын төмөрөө түрээд холдуулаад өг гэхээр нь түрж байхад гэнэт тэвшний буланд өмд нь орооцолдчихлоо гэсэн чинь хөл нь дарагдсан байсан. Гэнэт л булангаас гараад ирсэн юм. Барилгын компаниас эмчилгээний зардлыг төлнө гэсэн. Би өөрийн зүгээс 1.000.000 төгрөг өгсөн. Анх 6.600.000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би хохирлыг нь барагдуулна.  Ах дүү нараасаа аваад төлнө. Шүүх хуралдааны дараа өгнө гэж ярилцсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
 хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Шгийн “ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус цэцэрлэг дээр арматурын төмөр шаланзаар авчирч газарт буулгасан. Тэгээд ковшоор чирж буулгаад машины бөгснөөс түрж холдуулах гээд ковш нь шанагаараа арматурыг хойд зүгт түрсэн. Энэ үед арматур төмрийн зүүн үзүүр дээр байсан ба тухайн арматур төмөр миний 2 хөл дээр дарж баруун хөл хугарсан. Энэ хэрэг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед болсон...гэх,
гэрч Р.Эийн “ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Т” ТӨХК-ны ковшны жолооч Г арматур төмөр авчирсан машинаас катан төмөр буюу бэхэлгээний төмрийг буулгасан. Тэгээд тухайн катан төмрийг машинаас буулгачихаад хөдлөх гэж байтал араас бригадын ахлагч Д нь ирээд арматур төмрийг наад ковшоор чинь буулгачихья гэхэд нь би “та нар наад арматур төмрөө гараараа буулга” гэж хэлтэл О.Г  нь би наад катан төмрийг чинь л буулгах гэж ирсэн гэж хэлсэн. Гэтэл Д нь Гын ковшинд суугаад буцаагаад аваад явсан. Би колонк явж байтал араас манай менежер Хүрэлбаатар залгаад “болохоо байлаа, хүн төмрөнд хөлөө даруулчихлаа” гэхээр нь буцаж очиход Д.Шгын хөл дээр байсан арматур төмрийг авчихсан байсан....гэх,
гэрч Г.Хын “ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т ТӨХК-ны ковш авч ачаа ачиж ирсэн машины чиргүүл дээрээс катан төмрийг ковшоор өргөж газарт буулгаад манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Э нь ковшны жолооч болох О.Гт “ одоо наадах ажил чинь болно, явж хоовоон дээр хайрга татъя “ гэж хэлээд явах гэтэл бригадын дарга Д нь ирээд “ наадах ковшоор чинь арматур төмөр буулгая “ гэтэл Э нь “ одоо наадах чинь хайрга татах ажилтай, та арматураа зөөгөөд буулга “ гэтэл Д нь “ би мэдэж байна “ гээд тухайн ковшийг авч яваад 3 боодолтой арматур төмрийг тороос уяж байгаад ковшоор татаж буулгасан. Тэгээд арматур төмрийг бөөгнүүлэх гээд түрэх үед барилгын материал ачиж ирсэн машин дээрээс хэнийг нь сайн мэдэхгүй байна нэг залуу газраас лоом аваад өг гэтэл Ш нь чиргүүлийн урд талаас араар нь тойрч гарах үед арматур төмрөнд дарагдаж гэмтсэн..” гэх,
гэрч М.Дгийн “ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Т” ТӨХК-ны ковшийг авчирч ачаа буулгах, хайрга ачих зэрэг ажил гүйцэтгүүлэхээр авчирсан байсан. Барилгын ачаанд арматур төмөр олон байсан учир нэг үзүүрт нь тороос хийж байгаад ковшоор татаж буулгаж байсан. Харин арматур төмөр газар буугаад үзүүрт багласан төмрийг сугалж авах гэсэн чинь дарагдаад  сугарахгүй байхаар нь тороосын үзүүрийг ковшны шанганд бэхэлж урд зүгт бага зэрэг татуулах гэхэд ковш нь хойд зүгт ковш их хөдөлгөөн хийж шанагаараа арматур төмрийг хойд зүгт түрчихсэн. Энэ үед арматур төмрийн зүүн үзүүр дээр байсан барилгын туслах Д.Ш гэх залуугийн баруун хөл дарагдсан юм. Арматур буулгах үед Д.Ш нь тухайн орчны дарагдсан төмрийг холдуулж ковшны замыг цэвэрлэж байсан. Д.Ш нь өөрөө ярихдаа ачааны машин дээрээс хэн нэгэн нь лоом аваад өгчих гэхээр нь лоом төмөр авч өгөх гэж явж байсан гэдэг юм. Ковшны жолоочтой ойлголцоогүй. Мөн Д.Ш нь өөрөө хөдөлмөр хамгаалал зөрчиж аюултай хэсэг рүү өөрөө орсон юм...” гэх,
гэрч Т.Бийн “ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1-2 хоногийн өмнө нь Эрдэнэцагаан суманд цэцэрлэгийн барилгын ажил хийж байсан Х ХХК-ны ажилтан гэх залуу над руу утсаар яриад танай байгууллагын ковшийг нэг өдөр ажиллуулах хэрэгтэй байна, хөлс мөнгийг нь өгнө тохиролцож манай ковшийг ажиллуулсан. Би ерөнхий инженер Г гэдэг хүнд хэлж ажиллуулах үүрэг чиглэл өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн барилгын ажил хийж байсан хүмүүс манай ажилчидтай уулзаж үлдэгдэл цагийн ажлаа хийлгээд цаг нь дуусаад буцаад явж байхад нь барилга дээр ажиллаж байсан хүмүүс ковшийн жолооч Б.Гыг гуйж ажил хийлгэж байгаад осол гаргаж хүний хөл хугалсан гэж сонссон Х ХХК нь өөрсдөө аюулгүй ажиллагааг хариуцах ёстой. Манай ажилтан Түмэндэлгэр нь тухайн өдөр Гт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
         гэрч П.Мгийн “ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  Маяти маркийн машинтай 2 катан төмөр, 3 боодолтой арматур төмөр ирснийг ковшоор 2 катан төмрийг буулгасан. Тэгээд тухайн ковш нь катан төмрөө буулгачихаад явж байхад Д нь очиж уулзаж байсан ба удалгүй тэр ковш дахин ирж Маяти дээрээс арматур төмрийг тороосоор уяж татаж 2 боодол арматур төмрийг буулгачихсан байсан. Сүүлд Маяти дээр байсан Г бид хоёр Шг лоом аваад өг гэхэд Ш нь арматурын төмөр дээр дарагдсан байдалтай харагдсан ба бид нар очиж гаргаж авсан юм...”гэх,
         гэрч З.Тийн “түрээсээр  гүйцэтгэх цаг нь дуусаагүй байсан учир 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр О.Г жолооч ковшийг жолоодож барилгын талбай  руу явсан юм. Түрээслүүлэх зөвшөөрлийг “Талын-Зам” ТӨХК-ны захирал Бямбадорж  зөвшөөрсөн.  Уг зөвшөөрлийг ерөнхий менежер Г өгсөн юм билээ. Миний хувьд талбайн инженер ажилтай, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өдөр ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч танилцуулж гарын үсэг зуруулсан “ гэх,  
    гэрч Г.Гийн “ : 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3 боодол арматур төмрийг Т ТӨХК-аас машины чиргүүл дээрээс катан төмрийг ковшоор өргөж газарт буулгаад тухайн ковш цаашаа явсан. Цаана байсан ковш нь дахин ирээд машины чиргүүл дээр байсан арматур төмрийн үзүүрт тороос хийж байгаад ковшоор татаж буулгасан. Тэгээд арматур төмрүүдээ бөөгнүүлэх гэж түрж байхад Ш газраас лоом авах гэж байгаад арматур төмрөнд дарагдаж гэмтсэн.. гэх мэдүүлгүүд,
         - улсын байцаагчийн 17-06-021/01 дугаартай “ 5. О.Г нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчсөн байна...” гэх дүгнэлт,
    шинжээчийн 480 дугаартай “ 1.Д.Шгийн биед баруун шилбэ ясны ил хугарал, шилбэнд шарх, зөөлөн эдийн  няцрал гэмтэл тогтоогджээ.  2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрт нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт,
    Б.Шгийн өвчний 11341, 1031 дугаартай түүхийн хуулбар, 0013 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Т ТӨХК-ийн 2019.11.04-ний өдрийн 1/121 дугаартай тодорхойлолт,  О.Гыг механизмчин, жолоочийн үүрэгт ажилд томилсон тухай “ Т “ ТӨХК-ийн захирлын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар зэрэг болно.

Хэргийн дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч О.Г нь ковш маркийн тээврийн хэрэгслийг жолоодон арматур төмрийг бөөгнүүлж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Б.Шгийн хөл дээр арматур төмөр унагааж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд О.Гын мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд аюул учруулах эх үүсвэр болсон техник хэрэгслийг ашиглах явцдаа аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй уг үйлдэлтэй хохирогч Д.Шгийн баруун шилбэ яс хугарсан нь шууд шалтгаант холбоотой байна.
Тодруулбал, хохирогч Д.Шгийн баруун шилбэ яс хугарсан нь үйл баримт нь шүүгдэгч О.Гын хууль тогтоомжоор хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангах үүрэг биелүүлээгүй үйлдэлтэй холбоотой болохыг төрийн мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагаас томилогдсон шинжээч “ О.Г нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг зөрчсөн байна...” гэж  дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

Шүүгдэгч О.Г нь өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандаж гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Тэрээр ажил гүйцэтгэх явцдаа анхаарал болгоомжтой хандаж буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хор уршиг, хохирол учруулсан үр дагавар бий болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан эсхүл мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Эрүүгийн хуульд заасан материаллаг хор уршиг учирсан бол гэмт хэрэг тооцохоор хуульчилсан хийгээд шүүгдэгч О.Гын ажил гүйцэтгэх явцдаа хохирогч Д.Шгийн хөлийг арматур төмрөөр дарсан дээрх үйлдэл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    О.Гын үйлдлийн улмаас хохирогч Б.Шгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжлэх боловч холбогдох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх түүний нэхэмжлэлийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
    Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтгүйгээр дээрх нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй хийгээд зөвхөн түүний “Би хөлдөө гэмтэл авсны улмаас 1.500.000 төгрөгөөр 2 удаагийн мэс заслын хагалгаанд орсон. 500.000 төгрөгөөр эм тариа авсан. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлэх 3 сарын хугацааны хоол, унааны зардалд 1.000.000 төгрөгний зардал гарсан. Ингээд надад 3.0 сая төгрөгний хохирол учирсан “ гэх мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийг хангах нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн үйл ажиллагаа болох юм.

    Шүүгдэгч О.Гын зүгээс түүнд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь  хохирогч Б.Шгийн  2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэгтээ өгсөн ба шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдэж ярьсан тэмдэглэлд “хохирогч Б.Ш нь 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнээс Г 1.000.000 төгрөг өгсөн, одоо 2.000.000 төгрөг өгвөл гомдолгүй, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Одоо бүрдүүлсэн баримт байхгүй байна. Баримтаа бүрдүүлээд нэхэмжилнэ” гэх тайлбар, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орлогын мэдүүлэг зэргээр нотлогдоно.
    Иймд хохирогч Б.Ш нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой дээрх 2.000.000 төгрөгийн эмчилгээний болон бусад зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Гаас нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

    Шүүгдэгч О.Г нь хохирогчийн нэхэмжилж буй үлдэгдэл 2.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт “Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би өөрийн зүгээс 1.000.000 төгрөг өгсөн. Би хохирлыг нь барагдуулна. Ах дүү нараасаа аваад төлнө. Шүүх хуралдааны дараа өгнө гэж ярилцсан “ мэдүүлсэн ба түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
 
    Хохирогч Б.Шд хүнд гэмтэл учирсан, бүрэн эдгэрээгүй байгаа ба тэрээр цаашид гарах эмчилгээ болон хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдъя.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Хүдэр нар гэм буруу, хохирлын талаар маргаагүй болно.

    Эрүүгийн хариуцлагын талаар:

    Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

    Тухайлбал, шүүгдэгч О.Гыг газарт буулгасан арматур төмрийг бөөгнүүлэх үед хохирогч Б.Ш нь тухайн газарт байсан лоомыг авахаар машины араас гарч ирэн арматур төмрөнд дарагдсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарах бөгөөд О.Г нь хохирогчийн түүний ажил гүйцэтгэж байсан ажлын талбайд гарч ирэхийг урьдчилсан мэдээгүй, мэдэх боломжгүй байсан ба тухайн хэрэг гарахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.

    Шүүгдэгч О.Гын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        
         
О.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн “Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 1 жилийн хугацаагаар хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн зүгээс хохирол, хор уршигтай холбоотойгоор хэргийн материалд нотлох баримт ирүүлээгүй боловч, О.Гын зүгээс хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн байгаа “ гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.2-т энэ хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд уг зохицуулалтыг хэрэглэх нь хуульд харшлахгүй гэж шүүх үзлээ.

    Учир нь шүүгдэгч О.Гын үйлдсэн хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдсон, тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа, болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 1.000.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, нэхэмжилж буй хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн гэмт хэрэг нь зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хийгээд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гын дугуй ачигчийн оператороор ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхээс тэнссэн дээрх хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.

    Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.23-т “механикжсан тээврийн хэрэгсэл ” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.2-т заасныг ойлгоно гэж заасан ба уг хуулийн 3.1.2-т заасан “ механикжсан тээврийн хэрэгсэл”-гэдэгт мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл хамаарахыг хуульчилжээ.

    Шүүгдэгч О.Г нь дээр дурдсан механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бөгөөд тухайн осол гаргахдаа уг ангиллын тээврийн хэрэгслийг жолоодон ажиллаж байсан нь 01882861 дугаартай тээврийн хэрэгслийн “ улсын дугаар 0013 УБ, Марк-  Ловол, зориулалт- авто ачигч “ гэх гэрчилгээ,  О.Гын 4839 НЭ/9196 дугаартай “ Дугуй ачигчийн оператор”-чийн үнэмлэх, Т ТӨХК-ын захирлын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тушаал, Т ТӨХК-ын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/121 “ О.Г нь 2019.06.05-аас 2019.08.05-ны өдрийг хүртэл Эрдэнэцагаан сумын төвд явган хүний зам тавих ажилд Ковшийн жолоочоор ажиллаж байсан нь үнэн болно”, 122 дугаартай “ О.Г нь тус компанид оператораар ажилладаг бөгөөд тус техник дээр 2018 оны 03 дугаар сараас ажиллаж байгаа болно. Тус компанид 2014 оны 05 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолтуудаар тус тус нотлогдоно.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ “ гэх, 2 дахь хэсэг нь “ Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна ” гэх зохицуулалттай ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “ нэг жил хүртэл хугацаагаар эрх хасах “ ял оногдуулахаар хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх хэм хэмжээнд үндэслэн түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой буюу дугуй ачигчийн оператороор ажиллах эрхийг хасаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ “ гэх зохицуулалтанд нийцнэ.    
    Шүүгдэгч О.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба шүүхийн шатанд түүнд таслан  сэргийлэх арга хэмжээ аваагүйг дурдъя.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Гыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл  мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гын дугуй ачигчийн оператороор ажиллах эрхийг 1/ нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Гт шүүхээс тэнссэн дээрх хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Гт оногдуулсан дугуй ачигчийн оператороор ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг дээрх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч О.Гт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ш нь өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

    7. Шүүгдэгч О.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийн нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ш нь өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид гарах гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН