| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2018/0848/э |
| Дугаар | 968 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2019 11 15 2019/ШЦТ/968
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа, улсын яллагч: П.Ганбаатар, шүүгдэгч: А.Б(өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ёнхон овогт Авирмэдийн Билгүүнд холбогдох эрүүгийн 1909036881070 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эрэл” ХХК-д хяналтын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг 31-1328 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, СЮ85103073 регистерийн дугаартай, Ёнхойн овогт Авирмэдийн Билгүүн. Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр: Яллагдагч А.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрны замын эсрэг талд хохирогч Г.Содбилэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, хаван бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бмэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Содбилэгийн мэдүүлэг /хх-ийн 16/, А.Билгүүний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11726 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, А.Билгүүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-31/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрны замын эсрэг талд Г.Содбилэгийг “хэл амаар доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: хохирогч Г.Содбилэгийн /хх-ийн 16/: “... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед Багшийн дээдийн автобусны буудлаас хойш эргээд 2 дугаар эгнээгээр явж байтал нэг машин 3 дугаар эгнээнээс ямар ч дохиогүйгээр гэнэт орж ирэхээр нь би тоормослоод хүүхэд маань арын суудлаас урагшаа үсрээд ороод ирсэн. Тэгэхээр нь бухимдаад цонхоороо нөгөө машины залууг “дохиогоо өгөөд явж болдоггүй юм уу” гэтэл тоохгүй байхаар нь би бууж очоод дахиад хэлтэл “чи юу гээд байгаа пизда вэ” гэж бууж ирээд бид 2 маргалдсан. Ингээд би нүүр рүү нь гараараа 1 удаа мангасдсан. Тэгтэл нөгөө залуу өөдөөс учир зүггүй цохиод авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр, А.Билгүүний яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20/: “... Тэр залуу эхлээд миний нүүр хэсэгт цохисон. Тэгээд би зөрүүлээд тэр залуугийн толгой хэсэгт нь цохисон. Би Содбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр, Г.Содбилэгийн биед “дээд уруулд язарсан шарх, хавантай” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11732 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан А.Билгүүний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү шүүгдэгч А.Бнь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. Хохирогч Г.Содбилэг “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч А.Билгүүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ёнхойн овогт Авирмэдийн Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Билгүүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч А.Бнь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ