Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 29

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Мд холбогдох 2030000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, А.М

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.М нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой тус сумын иргэн Г.Бийг хутгалж, эрүүл мэндэд нь “ зүүн талын тохойн гадна хэсгийн хатгагдсан шарх бүхий ” хөнгөн хохирол  учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.
                
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020.01.04-ний өдөр Т үхэр эрж явна гээд манайд ирсэн. Т миний морь явахгүй болж байна гэхээр нь манайд хоночихоод, морио амраагаад явахгүй юу даа гэж би хэлсэн. Гэтэл Т яах юм бэ? гээд Г.Бэ руу морь аваад ир гэж утсаар залгаад хэлсэн. Удалгүй Г.Бэ морь хөтлөөд ирсэн. Г.Бийг ирэхэд Т бид хоёр 0,5 литрийн шилтэй архи хувааж уугаад сууж байсан. Үүний дараа бид хоёр манай ахын гэр рүү 0,75 литрийн архи аваад явсан. Тэнд очоод хоорондоо муудсан. Г.Бэ намайг хоёр удаа ташуурдахаар нь айлгах гэж бодож байгаад хатгачихсан. Хохирогчтой уулзаад уучлалт гуйсан. Манай ах Цог-Идэр нь Г.Бийн дансанд руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Бийг хатгасан хутга нь манай хутга юм. Хутгаа устгуулъя. Энхбаяр гэдэг хүний малыг малладаг. Сарын 400.000 төгрөгийн цалин авдаг Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Яллагдагч А.Мы хэрэг бүртгэлтэнд өгсөн: Тэнд очоод бас 0.75 нэртэй Улаанбаатар архийг би гаргаж бид хэд хувааж уусан. Б бид хоёр тамхи татах гээд хамт гарсан юм. Гадаа Б морио унаад явлаа гэж надад хэлээд удалгүй эргэж ирж намайг хоёр удаа ташуурдсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гэр рүү буцаж орж гэрээс хутга авч Бийг айлгая гэж бодоод санаандгүй хутгалчихсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-26-27/,

- Хохирогч Г.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Ц” гэх газар Нямсүрэн гэх хүний 160 гаруй тооны адууг маллаж амьдардаг юм. Би 2020  оны 01  дүгээр сарын 02- ны өдөр 15 цагийн үед О нь  над руу залгаж хаана байгаа юм бэ гэж асуухад найз нь Цагаан ухаа доор адуу бөөгнүүлээд явж байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очсон чинь О, М хоёр архи хувааж ууж байсан. Удалгүй найз нь одоо явлаа гэхэд. Хэдүүлээ хойшоо Б ах руу явъя гэж М хэлэхээр нь найз нь явахгүй Оийг аваад харьлаа гэсэнд удахгүйээ оччихоод л ирнэ гээд хамт явсан. Тэгээд М нэг шил архи авдарнаас аваад явсан. Гэрт нь очоод хувааж уучихаад гадаа гараад  тамхи татаад зогсож байхад М гарч ирээд намайг “ чи сумын атаман байсан гэсэн гээ биздээ одоо харуулчих” гэхээр нь би юм хэлээгүй шууд морин дээрээ  мордож байхад араас хөлдүү баас чулуудсан. Тэгээд би яаж байгаа юм гэхэд юм хэлээгүй тэгээд би Мыг хоёр удаа ташуурдсан. Би урагшаа гэр лүүгээ явж байхад араас М намайг дуудахаар нь яваад очтол хутгаар намайг хатгасан, гарын шуу хэсэгт шарх учирсан. Надад гаргах гомдол санал байхгүй, би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч Н.Цийн хэрэг бүртгэлд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед над руу Б залгасан тэгээд би юу болсон бэ гэхэд “танай дүү М нь Бтэй муудаад Бийг хутгалчихлаа гэж надад Б утсаар ярьж хэлсэн. Тэгээд нь би гэрт нь очиход хутгалуулсан Б цусаа гоожуулаад зогсож байсан гэтээд би даавуугаар гарыг нь боож цусыг тогтоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/,

- Гэрч Н.Бы хэрэг бүртгэлд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 02- ны орой 21 цагийн үед М Б бид 3 манайд нэг шил архи хувааж уусан. Удалгүй тамхи татах гээд гарцгаасан. Тэгээд удалгүй энэ хоёр муудаад байхаар нь гадагшаа гарчхарахад  тэр хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би Бийг одоо гэр лүүгээ яв гэж хэлсэн. Тун удалгүй Б Мыг ташуураар  ташуурдсан. Тэгээд би Мыг манайд ороод амарч бай гэхэд М Бийг ална гээд явж байсан удалгүй Б М намайг хутгалчихлаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,         

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Бийн биед зүүн талын тохойн гадна хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 19 х/,

- Мөрдөгчийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ тогтоол/ хх- 05/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хутганы схем зураг.2020.01.03 /хх- 06-07/
- Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/ хохирогч Г.Бийн Түмэнцогт сумын ЭМТ-д хэрэглэсэн эм тариа, зардлын  баримт /хх-ийн 9/

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020.01.07-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт /хх-ийн 28/

-    А.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/

-    А.Мы урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 30/

 - Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай санал /хх-36/ зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч А.М нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “ Шургуу уул “ гэх газарт нутаглах иргэн Н.Бы гэрийн гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч  Г.Бэтэй маргалдаж, түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “зүүн талын тохойн гадна хэсгийн хатгагдсан шарх бүхий” хөнгөн хохирол  учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “  2020.01.04-ний өдөр Т үхэр эрж явна гээд манайд ирсэн. Т нь Г.Бэ руу морь аваад ир гэж утсаар залгаад хэлсэн. Удалгүй Г.Бэ морь хөтлөөд ирсэн. Г.Бийг ирэхэд Т бид хоёр 0,5 литрийн шилтэй архи хувааж уугаад сууж байсан. Үүний дараа бид хоёр манай ахын гэр рүү 0,75 литрийн архи аваад явсан. Тэнд очоод хоорондоо муудсан. Г.Бэ намайг хоёр удаа ташуурдахаар нь айлгах гэж бодож байгаад хатгачихсан “ гэх,
хохирогч Г.Бийн “ 2020  оны 01  дүгээр сарын 02- ны өдөр 15 цагийн үед О нь  над руу залгаж хаана байгаа юм бэ гэж асуухад найз нь Цагаан ухаа доор адуу бөөгнүүлээд явж байна гэж хэлсэн. Тэгээд очсон чинь О, М хоёр архи хувааж ууж байсан. Удалгүй найз нь одоо явлаа гэхэд “ Хэдүүлээ хойшоо Б ах руу явъя “ гэж М хэлэхээр нь “ найз нь явахгүй Оийг аваад харьлаа “ гэсэнд”  удахгүй ээ оччихоод л ирнэ “ гээд хамт явсан. Тэгээд М нэг шил архи авдарнаасаа аваад явсан. Гэрт нь очоод хувааж уучихаад гадаа гараад тамхи татаад зогсож байхад М гарч ирээд намайг “ чи сумын атаман байсан гэсэн гээ биздээ одоо харуулчих” гэхээр нь би юм хэлээгүй шууд морин дээрээ мордож байхад араас хөлдүү баас чулуудсан. Тэгээд би яаж байгаа юм гэхэд юм хэлээгүй, тэгээд би Мыг хоёр удаа ташуурдсан. Би урагшаа гэр лүүгээ явж байхад араас М намайг дуудахаар нь яваад очтол хутгаар намайг хатгасан “ гэх,
гэрч Н.Бы “ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед М Б бид 3 манайд нэг шил архи хувааж уусан. Удалгүй тамхи татах гээд гарцгаасан. Тэгээд удалгүй энэ хоёр муудаад байхаар нь гадагшаа гарч харахад  тэр хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би Бийг одоо гэр лүүгээ яв гэж хэлсэн. Тун удалгүй Б Мыг ташуураар  ташуурдсан. Тэгээд би Мыг манайд ороод амарч бай гэхэд М Бийг ална гээд явж байсан удалгүй Б М намайг хутгалчихлаа гэсэн ”гэх,
гэрч Н.Цийн “ 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед над руу Б залгасан тэгээд би юу болсон бэ гэхэд “танай дүү М нь Бтэй муудаад Бийг хутгалчихлаа гэж надад Б утсаар ярьж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь очиход хутгалуулсан Б цусаа гоожуулаад зогсож байсан тэгээд би даавуугаар гарыг нь боож цусыг тогтоосон ” гэх,
 шинжээчийн 55 дугаартай “ 1. Г.Бийн биед зүүн талын тохойн гадна хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул   хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч А.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Бтэй үл ялих зүйлээр маргаан үүсгэн улмаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдсон хийгээд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

    Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүн рүү хутгаар хатгаснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг хутгалж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
    
    Шүүгдэгч А.Мы, хохирогч Г.Бийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    А.Мы үйлдлийн улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тэрээр эмчилгээний болон бусад зардалд 160.582 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн бөгөөд дээрх хохирол нөхөн төлөгдсөн талаар 2020.01.22-ны өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудсанд “ Надад гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний эмчилгээний зардлыг А.М бүгдийг нь төлсөн ” гэж дурджээ.
    Иймд шүүгдэгч А.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

    Эрүүгийн хариуцлагын талаар:

    Шүүгдэгч А.Мы гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

А.Мы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч А.Мы үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд А.Мд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн “Миний үйлчлүүлэгч А.М нь сар болгон улсаас өгдөг хүүхдийн 20.000 төгрөг болон хүүхэд асарч байгаа эхэд сар бүр олгодог 50.000 төгрөг, хүний адуу малласны хөлс болох 400.000 төгрөгийн орлоготой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн орлого олох боломжийг нь харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү “ гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд А.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувь хүний мал маллаж амьдардаг болох нь түүний “ Би Энхбаяр гэдэг хүний малыг малладаг. Сарын 400.000 төгрөгийн цалин авдаг” гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020.01.07-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдох тул түүний орлого олох энэ боломжит нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
        
    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  24 см урттай, өргөн нь 2 см шар эрээн өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст  даалгахаар шийдвэрлэлээ.

    Шүүгдэгч А.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
    
    
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

    4. Шүүхийн шатанд ялтан А.Мд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

    5. Шүүгдэгч А.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр хохирогч Г.Бэд эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэл зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  24 см урттай, өргөн нь 2 см шар эрээн өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар дахь шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т  даалгасугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 



                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН