| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0028/э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 30
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сад холбогдох 1930003710306 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Г.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.С 2019 оны 07 дугаар сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газраас иргэн Ж.Бгийн зөв талын ташаан дээрээ онги, гэр гуяндаа ширээтэй хас тамгатай халиун саарал гүү, ташаан дээр онги, гэр гуяндаа ширээтэй хас тамгатай хонгор гүү, ташаан дээр онги, гэр гуянд жижиг загасан тамгатай хүрэн халзан гүү буюу 3 тооны адууг иргэн Г.Хын хүрэн зүсмийн их насны морийг ашиглан хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц.Б гэдэг хүн Г.Х ахын дээр адуу авна гээд ирэхээр нь би гурван адуу өгье гэж хэлэхэд “болно, гэхдээ ахад нь одоо нэг адууны л мөнгө байгаа” гэж хэлэхээр нь би тэр гурван адууг хөөж ирээд хашаанд оруулаад барьж өгсөн. Ц.Б ах аймаг явах замаа олохгүй, ахыгаа замд оруулаад өг гэхээр нь би аймаг явах замд оруулж өгсөн. Ж.Бгийн адууг 4-5 километр газраас Г.Х ахын мориор явж хөөж ирсэн. Би Г.Х ахын адууг хариулдаг байсан. Ганцаараа морьтой явсан. Ц.Б нь “Ахад нь одоо нэг адууны мөнгө байна” гээд 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь дараа өгнө гэж хэлсэн боловч, одоог болтол өгөөгүй байгаа. Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Хохирогчид гурван гүү, нэг байдас өгсөн. Өөрийнхөө адуунаас төлсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
1930003710306 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч Г.Сын: Би 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Ө” гэх газарт өөрийн ээжийн төрсөн дүү болох Хын адууг хардаг байсан юм. Тухайн үед Х ахынд Б ах нэг хүний хамт мал авдаг байсан юм. Тус оны 07 дугаар сарын дундуур би Дарьганга сумын нутаг “З” гэх газраас өөрийн 70 гаруй тооны адууг хурааж яваад хээр азаргатай 10 гаруй тооны адууг өөрийн адуутай цуг тууж Хын баруун талын барилган дээр аваачиж хээр азаргатай адууг авчирч Б, М бас нэг танихгүй залуу байсан бид нар хашиж би тэр адуунаас хонгор гүү, хүрэн халзан гүү хоёрыг барьж аваад байж байтал саахалт айлын ах болох М нь энэ ягаан гүүг барьж авах юм уу гэхээр нь би тэгнээ барина гэж хэлээд нийт 3 гүүг Бд өгсөн юм. Би тэр гурван гүүг нэгийг нь 500.000 төгрөгөөр бодож нийт 1.500.000 төгрөг авах байсан юм. Тэгсэн Б тухайн үед надад 500.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Хэд хоногийн дараа Бямбаа нь манайд ирээд чи ахынхаа адууг хүнд өгсөн ба тэрийгээ төлж өг, өгөхгүй бол цагдаад хэлнэ гэхээр нь айсандаа Бямбаа ахад өөрийнхөө адуунаас гурван унагатай гүү, нэг байдас нийт 7 тооны адууг өгч хохиролгүй болгосон юм. Би тэр гурван гүүг хэний адуу гэдгийг анх нь мэдээгүй ба хашаанд оруулаад хашихад Онгин тамгатай байхаар нь Бямбаа ахын адуу гэдгийг мэдсэн юм. Мөн М нь тэр 3 гүүг Бямбаагийн адуу гэдгийг мэдэж байсан юм. Би Б ахыг адуу авна гээд Хын дээр ирэхээр нь уулзаж би танд адуу өгөх гэсэн юм гэж хэлээд тэр гурван адууг ачуулсан юм. Ачуулж дуусаад Б нь надад 500.000 төгрөг өгч үлдсэн мөнгийг нь дараа өгье гэсэн юм. Би тэр мөнгөнөөс Мд өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
- Хохирогч Ж.Бгийн: Би 2019 оны 07 дугаарын 23, 24-ний орчимд Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газраас 3 тооны гүү адуунаасаа хулгайд алдсан юм. Тухайн үед би Наран сум руу “Түмэн адуу”-ны баярт явсан байсан. 2019 оны 07 дугаар сарын 27, 28-ны үед манай адуучин Х.Б зөв талын ташаан дээр онги, гэр гуяндаа ширээтэй хас тамгатай халиун саарал гүү, ташаан дээр онги, гэр гуянд жараахай тамгатай хонгор гүү, ташаан дээр онги, гэр гуянд жижиг загасан тамгатай суман хүрэн халзан гүү 25 хувийн эрлийз барга, нийт 3 гүү алга болсон байна гэж над руу ярьсан. Маргааш нь би эрэлд яваад 3 гүүгээ олоогүй. Гэтэл миний 3 гүүг Г.Сгэдэг хүүхэд хулгайлж Г.Сү, Н.М гэх хүмүүстэй хамжиж Шүрэн хамар Б гэх хүнд зарсан байсан. Адууг ачихдаа Өвдгийн хошуунд Хын хаваржааны хашаанд хийж байгаад ачуулсан байна лээ. Би Сыг 3 гүү төлж өг гэхэд өөрийнхөө адуунаас гурван унагатай гүү, нэг байдсан гүү барьж өгч миний хохирлыг барагдуулсан. Би гурван гүүнийхээ хохирлыг барагдуулсан болохоор одоо миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
- Гэрч Б.Тийн: Би 2019 оны 7 сарын хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Орой нар шингэхийн үед С адуундаа явж байна гээд надтай таарч “адуу ачаад өгөөрэй” гэсэн. Тэгээд би Х ахынд хүлээгээд сууж байхад 30-40 минутын дараа С, Х ахын хойд барилга дээр адуу хөөж ирээд чулуун хашаанд хашсан. Би тухайн үед хашааны аман дээр зогсож өгсөн. С хашаан дотроос 3 тооны адуу бариад шүрэн хамар Б гэж хүний цагаан өнгийн портер 2 маркийн модон өндөрлөгөөтэй машин дээр ачсан. Тухайн үед нь би тамгыг нь хараад өөр тамгатай адуу болохоор Х, С нар хүнээс авсан адуугаа ачиж байна гэж бодож байсан. М, С, шүрэн хамар Б, Б нь 2 танихгүй гадны хүн дагуулж явж байсан. Б ахын машины тэвшин дээр бор зүсмийн даага, зүсийг нь санахгүй байна нэг адуу байсан. Харанхуй байсан болохоор ачсан 3 тооны адууны зүсийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тамга нь өөр байсан. Х ахын адуу “тууран” “X” үсгэн тамгатай байдаг. Тэр 3 адуу тийм тамгагүй байсан. Миний дэргэд мөнгө өгч байгаа харагдаагүй, мэдэхгүй байна. Би Сыг 3 адуу барихаар нь гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
- Гэрч Г.Сүын: Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний үед орой харанхуй болж байх үед гэрээсээ Сэ ахыг Наран сум руу морь ачаад яваад өг гэж гуйхаар нь явж байхад Хын баруун дор байдаг чулуун хашаан дээр Г.С, Н.М, Б.Ть, Б “Шүрэн хамар” Бы машиныг барьж явсан нэрийг нь мэдэхгүй өвгөн нар цагаан өнгийн жижиг оврын ачааны машинд тэвш дүүрэн адуу ачсан байсан. Тэр үед цагаан гэгээ тасраад бүрэнхий болж байсан. Тэгээд Б ах намайг Сын хамт “Майхант” уулын хойгуур аймаг явах замд оруулаад өг гэсэн. Тэгээд би Хын цэнхэр өнгийн мотоциклыг Стай ээлжлэн жолоодож, Быг аймгийн замд оруулж өгөөд шөнө 23 цагийн үед Хынд ирж унтсан. С бид хоёр Б ахыг аймгийн замд оруулж өгчихөөд буцаж байхад замд Азжаргал ах таараад “Сая Шүрэн хамар Б зогсохгүй хажуугаар давхичихлаа. цоохор морийг нь Баас авч үлдэх гэж байсан юм” гэж байсан. Тухайн үед Б гэдэг хүн Эрдэнэцагаан сумаас бас адуу авсан гэж байсан. Машины ачаан дээр 5-6 адуу ачсан байсан. Тэгээд 10 гаран хоногийн дараа би Хынд Стай баруун орон дээр нь унтаж байхад Бямбаа ах, Баяраа гэх адуучинтайгаа ирээд С бид хоёрыг сэрээж худаг дээр уулзъя гэж дагуулж явсан. Тэгээд Бямбаа ах “та 2 миний 3 тооны гүүг хүнд зарсан байна, цагдаа сэргийлэх болох уу эсвэл эндээ тохирох уу” гэхэд С “эндээ учраа олъё” гэсэн. Тэгэхэд Бямбаа ах миний 3 гүүний хүрэн халзан байдас нь 50%-ийн цустай эрлийз гүү, ягаан гүү нь Халхголоос ирсэн хурдны удамтай гүү, гурвуулаа хурдны удамтай гүү байсан. Би гурван гүүгээ мөнгөн дүнгээр 10 сая төгрөгөөр үнэлнэ. Харин ор адуугаар нь төлнө гэвэл гурван унагатай гүү, 1 байдсан гүүгээр үнэлнэ гэж байсан. Чи миний хохирлыг найм хоногийн дотор барагдуулахгүй бол чамайг цагдаад мэдэгдэнэ гэсэн. Тухайн үед би “цагдаагаар шалгуулж учраа олъё. Энэ асуудал надад хамаагүй, би оролцоогүй” гээд гэр лүүгээ харьсан. Тэгээд хэд хоногийн дараа Стай уулзахад Бямбаа ахын хохирлыг барагдуулсан гэж байсан. Гэхдээ Сыг юу юу өгсөн гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш арваад хоногийн дараа С Улаанбаатар хот руу явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Ц.Бы: 2019 оны 7 сарын эхээр Х хөлөө хугалсан гэж надаас 800,000 төгрөг авсан юм. Тэгээд Х “мөнгөнийхөө оронд манай адуунаас 2 тооны адуу аваарай” гэж байсан. Би хэдэн гэдгийг нь санахгүй байна. Хын гэр дунд хөдөөгийн урд дээр буусан байсан. Намайг Хынд очиход М байсан. Дараа нь С малдаа яваад орж ирсэн. Би Хаас адуу авах гэж ирсэн талаараа хэлэхэд С “адуугаа хураагаад ирнэ” гэж яваад 30 гаран тооны адуу хөөж ирээд Хын “X” үсгэн тамгатай халтар үрээ, зүсийг нь санахгүй байна хязаалан адуу ачсан. Тэгээд С надад “та өөр адуу ачих уу, би адуу зармаар байна” гэхээр нь би “адуу авна, миний машин 5 адуунаас дээш орохгүй, 3 бага насны адуу авъя” гэж хэлэхэд С надад тэр адуунаас хүрэн, шаргал бас нэг зүсийг нь санахгүй байна 3 тооны байдас барьж өгсөн. Тухайн үед би тэр 3 тооны адуу өөр тамгатай байсан тул Саас “энэ яагаад ижил буруу тамгатай адуу ачаад байна” гэхэд “хүнээс авсан адуунууд байгаа юм, салж яваад хэцүү” гэж надад хэлж байсан. Би 2019 оны 05 сарын үед Хаас 2 тооны будан адуу нь гэр гуяндаа “X” тамгатай, ташаан дээрээ тууран тамгатай хээр адуу авч байсан. Хын адуу “X” “Тууран” тамгатай байдаг. Би Хын өгсөн адуу бол өөрийнх нь “X” “тууран” тамгатай байсан. Сын өгсөн 3 адууны тамгыг санахгүй байна. Би архины эмчилгээ хийлгэж байсан болохоор их мартамхай болчихоод байгаа. Би энэ хэний адуу юм бэ? гэж асуусан тэгэхэд С “хүнээс авсан адуу юм, энэ хэд салж яваад хэцүү юм” гэж байсан. Би “та нар надад буруу гарын юм өгөөгүй биз дээ” гэхэд тийм байхгүй гэж байсан. Тухайн үед М, С, Тавдахь нар байсан. Би найз хар Жаргалсайхантай явж байсан. Би гарал үүслийн бичиг аваагүй. Аймагт очоод дарваан Зоригоогийн бойнд өгсөн. Нэг гүүг нь 350.000 төгрөгөөр бодож 1.050.000 төгрөг Сад өгөх гэсэн чинь Мд өгчих гээд би Мд нь 1.050.000 төгрөг тоолж өгсөн. Тэр 2 хувааж авсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
-Гэрч Н.Мийн: Би Дарьганга сумын 2 дугаар багийн малчин Г.Хын малыг 2015 оноос эхлэн хардаг болсон. 2019 оны 07 сарын эхээр Б Хынд ачааны машинтай өглөө 10 цагийн үед ирсэн юм. Тэгээд Б Стай машиндаа уулзаж байгаад С адуундаа яваад орой 17 цагийн үед хээр азаргатай адуу хөөж ирээд Хын хаваржааны чулуун хашаанд хийж хүрэн гүү зөв талын ташаан дээр саран тамгатай, бор гүү зөв талын ташаан дээр саран тамгатай, сартай хүрэн гүү тамгыг нь санахгүй байна. Намайг гэрт байхад С хамжаад өг гэж гуйсан. Би тэр 3 гүүг оосорлож өгсөн. Орой харанхуй болж байхад Бы машин дээр ачсан. Тэгээд Б нь Сад май 500.000 төгрөг гэж хэлээд өгсөн чинь С намайг ав гэхээр нь би Бы өгсөн мөнгийг аваад шууд Сад өгсөн. С аваад өмднийхөө халаасанд хийсэн. Б Батхүү гэх хүнтэй явж байсан. Тухайн үед Тавдахь, С бид нар байсан. Тавдахь хашааны гадаа хараад зогсож байсан. Тэр 2 машинд суугаад юм ярьж байгаад С адуунд явсан. Б цагаан өнгийн ачааны машинтай ирсэн. Бы найз Батхүү гэх хүн машиныг нь жолоодож явж байсан. Сад өгсөн мөнгийг дараа нь бид 2 цуг тоолж үзэхэд 500.000 төгрөг байсан. С намайг мөнгө авах уу гэхэд нь би мөнгөнөөс нь аваагүй. Маргааш нь С сумын төв яваад ирэхдээ надад тамхи авчирч өгсөн. Сын адуу галтай саран тамгатай. Хын адуу зөв талын гэр гуяндаа “X” үсгэн тамгатай” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 25/
- 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын үнэлгээ/ 12 дугаар сарын байдлаар/: Зөв талын ташаан дээр тууран тамгатай, хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь, 800.000 төгрөг /хх- 60/
- 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын үнэлгээ /8 сарын байдлаар/: Зөв талын ташаанд онги, гэр гуянд ширээтэй хас тамгатай халиун саарал бүдүүн гүү 1.000.000 төгрөг, зөв талын ташаанд онги, гэр гуянд жараахай тамгатай хонгор бүдүүн гүү 1.000.000 төгрөг, зөв талын ташаанд онги, гэр гуянд жижиг загасан тамгатай эрлийз хүрэн халзан бүдүүн гүү 1.000.000 төгрөг ” /хх-ийн 57/,
- 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын үнэлгээ: Зөв талын ташаанд онги, гэр гуянд ширээтэй хас тамгатай халиун саарал бүдүүн гүү 1.000.000 төгрөг, зөв талын ташаанд онги, гэр гуянд жараахай тамгатай хонгор бүдүүн гүү 1.000.000 төгрөг, зөв талын ташаанд онги, гэр гуянд жижиг загасан тамгатай эрлийз хүрэн халзан бүдүүн гүү 1.000.000” /хх-ийн 57,60/
- Г.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/
- Г.Сын Гэрлэлт бүртгэлгүй тухай 110/000986 дугаартай лавлагаа /хх-ийн 48
- Г.Сын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/
- Г.Сын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/
- Г.Сын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 69/
- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 2020.01.13-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол /хх-ийн 67-68/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх газраас иргэн Ж.Бгийн зөв талын ташаан дээрээ онги, гэр гуяндаа ширээтэй хас тамгатай халиун саарал гүү, ташаан дээр онги, гэр гуяндаа ширээтэй хас тамгатай хонгор гүү, ташаан дээр онги, гэр гуянд жижиг загасан тамгатай хүрэн халзан гүү буюу 3 тооны адууг иргэн Г.Хын хүрэн зүсмийн их насны морийг ашиглан хулгайлж, бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Г.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Ц.Б гэдэг хүн Г.Х ахын дээр адуу авна гээд ирэхээр нь би гурван адуу өгье гэж хэлэхэд “болно, гэхдээ ахад нь одоо нэг адууны л мөнгө байгаа ” гэж хэлэхээр нь би тэр гурван адууг хөөж ирээд хашаанд оруулаад барьж өгсөн. Ж.Бгийн адууг 4-5 километр газраас Г.Х ахын мориор явж хөөж ирсэн. Би Г.Х ахын адууг хариулдаг байсан. Ганцаараа морьтой явсан” гэх мэдүүлэг,
хохирогч Ж.Бгийн “миний 3 гүүг Г.Сгэдэг хүүхэд хулгайлж Г.Сү, Н.М гэх хүмүүстэй хамжиж Шүрэн хамар Б гэх хүнд зарсан байсан. Адууг ачихдаа Өвдгийн хошуунд Хын хаваржааны хашаанд хийж байгаад ачуулсан байна лээ. Би Сыг 3 гүү төлж өг гэхэд өөрийнхөө адуунаас гурван унагатай гүү, нэг байдсан гүү барьж өгч миний хохирлыг барагдуулсан” гэх,
гэрч Б.Тийн “ Би 2019 оны 7 сарын хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Орой нар шингэхийн үед С адуундаа явж байна гээд надтай таарч “адуу ачаад өгөөрэй” гэсэн. Тэгээд би Х ахынд хүлээгээд сууж байхад 30-40 минутын дараа С нь Х ахын хойд барилга дээр адуу хөөж ирээд чулуун хашаанд хашсан. Би тухайн үед хашааны аман дээр зогсож өгсөн. С хашаан дотроос 3 тооны адуу бариад шүрэн хамар Б гэж хүний цагаан өнгийн Портер 2 маркийн модон өндөрлөгөөтэй машин дээр ачсан” гэх,
гэрч Г.Сүын “ Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний үед орой харанхуй болж байх үед гэрээсээ Сэ ахыг Наран сум руу морь ачаад яваад өг гэж гуйхаар нь явж байхад Хын баруун дор байдаг чулуун хашаан дээр Г.С, Н.М, Б.Ть, Б, машиныг барьж явсан нэрийг нь мэдэхгүй өвгөн нар цагаан өнгийн жижиг оврын ачааны машинд тэвш дүүрэн адуу ачсан байсан. 10 гаран хоногийн дараа би Хынд Стай байхад Бямбаа ах, Баяраа гэх адуучинтайгаа ирээд С бид хоёрыг худаг дээр уулзъя гэж дагуулж явсан. Тэгээд Бямбаа ах “та 2 миний 3 тооны гүүг хүнд зарсан байна, цагдаа сэргийлэх болох уу эсвэл эндээ тохирох уу” гэхэд С “эндээ учраа олъё” гэсэн. Тэгэхэд Бямбаа ах миний 3 гүүний хүрэн халзан байдас нь 50%-ийн цустай эрлийз гүү, ягаан гүү нь Халхголоос ирсэн хурдны удамтай гүү, гурвуулаа хурдны удамтай гүү байсан. Би гурван гүүгээ мөнгөн дүнгээр 10 сая төгрөгөөр үнэлнэ. Харин ор адуугаар нь төлнө гэвэл гурван унагатай гүү, 1 байдсан гүүгээр үнэлнэ гэж байсан. Чи миний хохирлыг найм хоногийн дотор барагдуулахгүй бол чамайг цагдаад мэдэгдэнэ гэсэн. Тухайн үед би “цагдаагаар шалгуулж учраа олъё. Энэ асуудал надад хамаагүй, би оролцоогүй” гээд гэр лүүгээ харьсан” гэх,
гэрч Ц.Бы “ 2019 оны 7 сарын эхээр хэдэн гэдгийг нь санахгүй байна. Хын гэр Дунд хөдөөгийн урд дээр буусан байхад очиход М байсан. Дараа нь С малдаа яваад орж ирсэн. Би Хаас адуу авах гэж ирсэн талаараа хэлэхэд С “адуугаа хураагаад ирнэ” гэж яваад 30 гаран тооны адуу хөөж ирээд Хын “X” үсгэн тамгатай халтар үрээ, зүсийг нь санахгүй байна хязаалан адуу ачсан. Тэгээд С надад “та өөр адуу ачих уу, би адуу зармаар байна” гэхээр нь би “адуу авна, миний машин 5 адуунаас дээш орохгүй, 3 бага насны адуу авъя” гэж хэлэхэд С надад тэр адуунаас хүрэн, шаргал бас нэг зүсийг нь санахгүй байна 3 тооны байдас барьж өгсөн. Тухайн үед би тэр 3 тооны адуу өөр тамгатай байсан тул Саас “энэ яагаад ижил буруу тамгатай адуу ачаад байна” гэхэд “хүнээс авсан адуунууд байгаа юм, салж яваад хэцүү” гэж надад хэлж байсан гэх,
гэрч Н.Мийн “ 2019 оны 07 сарын эхээр Б нь Хынд ачааны машинтай өглөө 10 цагийн үед ирсэн. Тэгээд Б Стай машиндаа уулзаж байгаад С адуундаа яваад орой 17 цагийн үед хээр азаргатай адуу хөөж ирээд Хын хаваржааны чулуун хашаанд хийж хүрэн гүү зөв талын ташаан дээр саран тамгатай, бор гүү зөв талын ташаан дээр саран тамгатай, сартай хүрэн гүү барьж өгсөн. Намайг гэрт байхад С хамжаад өг гэж гуйсан. Би тэр 3 гүүг оосорлож өгсөн. Орой харанхуй болж байхад Бы машин дээр ачсан. Тэгээд Б нь Сад май 500.000 төгрөг гэж хэлээд өгсөн чинь С намайг ав гэхээр нь би Бы өгсөн мөнгийг аваад шууд Сад өгсөн. С аваад өмднийхөө халаасанд хийсэн” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын “Зөв талын ташаан дээр тууран тамгатай, хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь, 800.000 төгрөг” гэх үнэлгээ,
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын “ Зөв талын ташаанд онги, гэр гуянд ширээтэй хас тамгатай халиун саарал бүдүүн гүү 1.000.000 төгрөг, зөв талын ташаанд онги, гэр гуянд жараахай тамгатай хонгор бүдүүн гүү 1.000.000 төгрөг, зөв талын ташаанд онги, гэр гуянд жижиг загасан тамгатай эрлийз хүрэн халзан бүдүүн гүү 1.000.000 ” гэх үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Г.С нь зарж борлуулан ашиг олох буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Ж.Бгийн дээрх 3 тооны адууг бэлчээрээс хулгайлж бусдад өгсөн үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Г.Сын бусдын 3 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Г.С нь гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бд учирсан 3 тооны гүүний 3.000.000 төгрөгийн хохирлыг орон адуугаар нөхөн төлсөн, хохирогч хохирлын талаар маргаагүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Малын үнэлгээний комиссын үнэлгээгээр хохирогч Ж.Бгийн 3 тооны гүүг тус бүрийг 1.000.000 төгрөгөөр, нийт 3.000.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч Г.Сын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Г.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ж.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Мөн шүүгдэгчийн хөнгөн хялбар аргаар мөнгө, ашиг олох зорилгоор мал хулгайлсан байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар дээрх тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтооно.
Шүүгдэгч Г.С нь биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, бод малын жин, хэмжээ, тоо ширхэг, биет байдал зэргээс шалтгаалан уналгагүйгээр адууг хөөж, туух боломжгүй учраас иргэн Г.Хын хүрэн зүсмийн их насны морийг ашигласан байх бөгөөд тухайн гэмт хэргийг уналга ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй буюу уналга нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.
Г.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь бусдын эзэмшлийнх байх тул хуульд заасны дагуу уг морины үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл Г.Сын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морь нь дээрх хуульд дурдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарах бөгөөд түүнээс уг морины үнийг гаргуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна ” гэх зохицуулалтанд нийцэх юм.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн малын үнэлгээгээр иргэн Г.Хын зөв талын ташаан дээр тууран тамгатай, хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг 800.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Саас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнийг гаргуулахаар тогтоосон, уг морь бусдын эзэмшлийн, цаашид битүүмжлэх шаардлагагүй байх тул иргэн Г.Хын зөв талын ташаан дээр тууран тамгатай, хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/50 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор тогтоолоо.
Шүүгдэгч Г.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Сыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Сад дээрх тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Саас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Г.Хын хүрэн зүсмийн их насны морины үнэд 800.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Шүүхийн шатанд ялтан Г.Сад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Бд учирсан 3 гүүний 3.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Хэрэгт иргэн Г.Хын зөв талын ташаан дээр тууран тамгатай, хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/50 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН