Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 33

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Мд холбогдох 2030000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ... тоотод /Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Задгай ...  тоотод түр/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.М
 
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвд Б.Бын гэрт иргэн Ч.Зыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун талын эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, 2 хацар, доод эрүүний зулгарсан шарх, хэлэнд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би нэг шил архи уугаад ахындаа очоод сууж байхад ах хүмүүс ирэх гэж байна гар гэж хэлэхээр нь гарсан. Тэгээд хойд талынх нь айлд хүн байхаар нь орсон. Гэтэл ах орж ирээд намайг цохихоор нь зөрүүлээд хоёр удаа цохисон. Гэм буруугаа ойлгож байгаа, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Торгуулийн ялыг хугацаанд нь төлж чадна.Гэмшиж байна...гэв.

- Яллагдагч Ч.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул иргэн юм. 2019 оны 12 дугаар сарын 18-нд би Улаанбаатар хотоос суманд хувийн ажлаар ирсэн юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би найзындаа “Болор” нэртэй архи 2 шилийг найзтайгаа хувааж уусан. Тэгээд 19 цагийн үед би төрсөн ах Зоригтбаатарынд очсон бөгөөд манай ах мөн гэртээ халамцуу сууж байсан. Тэгээд “манайд манай эхнэрийн ажлынхан ирнэ гэнэ, чи архи уусан байна одоо яв” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гарахгүй нэлээн удаан суусан бөгөөд одоо ингэж байгаад явлаа гээд сууж байтал манай ах өөрөө гараад явчихсан. Тэгэхээр нь санаа зовоод гэрээс нь гарахад тэрээр гэрийнхээ хойд талын эгнээнд байдаг Бямбаа гэдэг айлынх руу орсон. Тэгэхээр нь би дагаад ороход манай ах надтай үг ярилгүй аяга барьсан гараар миний хамар руу цохисон. Тэгэхээр би уурлаад түүнийг 2 удаа гараараа толгой руу нь цохиход түүний хамраас цус гарсан. Тэгээд төд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Би хохирогчид эм тариаг нь авч өгсөн. Хохирлын хувьд бид маргаангүй болсон. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Би ахаасаа уучлалт гуйсан. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /хх- 25-26/,

- Хохирогч Ч.Зын: 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ танил 4 дүүгийн хамтаар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг уусан. Тэгээд гэртээ байж байтал 19 цагийн үед манай төрсөн дүү М нь гаднаас нэлээн халамцуу манайд орж ирсэн. Би Мыг халамцуу ороод ирэхээр нь архи уулаа гэж загнахад тэрээр надтай маргалдаад байсан. Тэгээд би гэрээс гараад манай хойд талын эгнээнд байдаг Бямбаа гэдэг айлынд очсон юм. Тэгэхэд М нь мөн дагаад ирсэн байхаар нь би түүнийг эхлээд аягатай гараар нэг удаа хамар руу нь цохисон. Тэгсэн чинь М нь намайг гараараа 2 удаа цохисон. ...Одоо миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.М нь надаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Одоо бидний дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

- Гэрч Б.Бын: 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ сууж байхад Гаднаас Зоригтбаатар нь  нэлээн халамцуу орж ирсэн. Орж ирээд юм яриагүй сууж байтал араас нь дүү нь болох М орж ирсэн бөгөөд Зоригтбаатар нь цай уугаад сууж байсан аягаа бариад түүний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд М нь уурлаад Зоригтбаатарыг зодоод байсан. Мыг манайд орж ирэхэд нь шууд цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 11/,           

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн эмч Р.Эрдэнэсувдын тодорхойлолт /хх- 13/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай: Ч.Зын биед тархи доргилт, баруун талын эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, 2 хацар, доод эрүүний зулгарсан шарх, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/хх-ийн 14/,
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн эмч Р.Эрдэнэсувдын тодорхойлолт /хх- 18/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтэнд: Ч.Мын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэжээ /хх-ийн 19/,

-    Ч.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/

-    Ч.Мын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 30/

-    ХУР системээс авсан иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 31/

-    Ч.Мын байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 32/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 33-34/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаартай санал /хх-38/ зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвд Б.Бын гэрт иргэн Ч.Зыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун талын эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, 2 хацар, доод эрүүний зулгарсан шарх, хэлэнд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь  
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  “ Би нэг шил архи уугаад ахындаа очоод сууж байхад ах хүмүүс ирэх гэж байна гар гэж хэлэхээр нь гарсан. Тэгээд хойд талынх нь айлд хүн байхаар нь орсон. Гэтэл ах орж ирээд намайг цохихоор нь зөрүүлээд хоёр удаа цохисон...“ гэх,
хохирогч Ч.Зын “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ танил 4 дүүгийн хамтаар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг уусан. Тэгээд гэртээ байж байтал 19 цагийн үед манай төрсөн дүү М нь гаднаас нэлээн халамцуу манайд орж ирсэн. Тэгээд Мыг халамцуу ороод ирэхээр нь би архи уулаа гэж загнахад надтай маргалдаад байсан. Тэгээд би гэрээс гараад манай хойд талын эгнээний Бямбаа гэдэг айлынд очсон юм. Тэгэхэд М нь дагаад ирсэн байхаар нь би түүнийг эхлээд аягатай гараар нэг удаа хамар руу нь цохисон. Тэгсэн чинь М нь намайг гараараа 2 удаа цохисон...гэх,
гэрч Б.Бын “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ сууж байхад Гаднаас Зоригтбаатар нь  нэлээн халамцуу орж ирсэн. Зоригтбаатар нь цай уугаад сууж байсан аягаа бариад Мын нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд М нь уурлаад Зоригтбаатарыг зодоод байсан. Мыг манайд орж ирэхэд нь шууд цохисон...” гэх мэдүүлгүүд,           
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн эмч Р.Эрдэнэсувдын тодорхойлолтууд,  
Шинжээчийн 52 дугаартай “ Ч.Зын биед тархи доргилт, баруун талын эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, 2 хацар, доод эрүүний зулгарсан шарх, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хэргийн баримтаар шүүгдэгч Ч.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айлын гэрт төрсөн ах Ч.Зын өөрийнх нь нүүрэнд тус аягаар цохисон үйлдлийн улмаас түүнийг гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ өөрийг нь аягаар цохисон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
    
Шүүгдэгч Ч.Мын, хохирогч Ч.Зыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Ч.Мын үйлдлийн улмаас хохирогч Ч.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.М нь өөрийг нь аягаар цохисон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүнийг цохиж зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Ч.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.

Тухайлбал, шүүгдэгч Ч.Мын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Ч.Мд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
        
Шүүгдэгч Ч.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Мд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ч.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.З хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх гаргаагүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 
            
                  
            
              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН